Европын хөдөлгүүр: Германы боловсролын тогтолцоо

20-р зууны Германы нийтийн боловсрол   

19-р зууны төгсгөл, 20-р зууны эхээр Герман улс 6-10 насны бүх хүүхдэд 4 жилийн бага боловсол заавал эзэмшүүлэх нэгэн загварын бага сургуулиудтай болжээ. Энэ нь суурь боловсролын тогтолцоог ажиллуулах үүргийг Германы төр нь хариуцан үүрэх болсныг илтгэдэг.

Бага сургууль дүүргэсний дараа сурагчид дараах гурван төрлийн сургуулийн аль нэгт хуваарилагддаг байв. Үүнд:

Волксчүл: Чадвараар доод түвшинд ангилагдсан сурагчид (ихэнх хэсэг) Волксчүл (хожим Үндсэн сургууль буюу Хаупцчүл хэмээгдэх болсон Ардын сургууль)-д хуваарилагдаж байв. Энэ сургуульд тэд цөөн жил сураад Германы ажилчин ангийн ажлыг эрхлэх мэргэжлийн сургалтад элсэн ороход шаарддаг түвшний боловсрол эзэмшинэ.

Реалсчүл: Дээрхээс илүү түвшний чадвартай сурагчид Реалсчүлд хуваарилагдаж байв. Реалсчүлд сурснаар тэд худалдааны газрын ажилтан, техникийн ажилтан, доод тушаалын төрийн албан хаагч гэх мэт илүү нэр хүндтэй ажил мэргэжилд зориулсан сургалтад элсэн орохоор бэлддэг байжээ.

Гимназ: Чадвараар хамгийн дээд түвшинд эрэмблэгдсэн сурагчид Гимназид элсэн орно. Гимназид тэд хүмүүнлэгийн ухааны хичээлүүдийг өргөн хүрээнд судлах ба багш, дээд тушаалын төрийн албан хаагч болох цорын ганц хаалгыг нээж өгдөг Абитурын шалгалтад бэлддэг байв.

Сургуулиудын хооронд буй эдгээр ялгаа нь үнэндээ өөрийн онцлог бүхий феодалын нийгэмт Германы нийгмийн ялгаа заагт яг нийцэн тохирч байжээ. Гимназ нь язгууртан ба дунд ангийн доторх дээд хэсгийхэн, өөрөөр хэлбэл аж үйлдвэрийн хувьсгалын явцад төрөн гарсан бизнесийнхэн, дээд, дунд тушаалын төрийн албан хаагчид, уран бүтээлчид гэх мэт хүмүүсийн хөвгүүд, охидод зориулагдаж байв. Реалсчүл нь дунд ангийн доод хэсгийн хөрөнгөтнүүдийн хөвгүүд, охидын сургууль байсан бол Волксчүл буюу хожим Хаупцчүл хэмээгдэх болсон сургууль нь Германы ажилчин анги буюу ардад зориулагджээ. Үүнээс шалтгаалан хүн бүрт зориулсан цөөн жилийн суурь боловсролын сургуулиас гадна нийгмийн анги бүр өөрийн дунд сургуулиудтай болжээ. Гэхдээ 1918 он хүртэл тэдгээр дунд сургуулиудыг зайлшгүй эзэмших боловсролын үе шат гэж үздэггүй байсан юм. Германы сургуулиудтай ижил тогтолцоо Хойд Европын бусад улсуудад бас бий болжээ. Гэхдээ хожим тэдгээр улсууд энэ тогтолцоог халсан бол Герман хадгалж үлдсэн юм.

Гитлерийн Гуравдугаар Рейхийг эс тооцвол Германы муж улсууд өөрсдөө бие даан боловсролын тогтолцооныхоо загварыг бий болгож, үйл ажиллагааг нь явуулж байв. Хэдийгээр холбооны засгийн газар өөрөө гардан явуулаагүй боловч ажлын байр ба мэргэжлийг зохицуулах зорилгоор бас нэг тогтолцоог удирдан чиглүүлж хөгжүүлжээ. Үнэндээ үүгээр бүх ажлын байр ба мэргэжлийг төрөөс зохицуулсан байна. Тэдгээр нь тус бүртээ бичиг ба практик гүйцэтгэлийн шалгалт өгснөөр элсэж орох цогц шалгууртай бөгөөд шалгуур даваагүй, шалгалтад тэнцээгүй хүмүүсийг тэдгээр ажилд авахыг хуулиар хориглож байлаа. Дэлхийн 1-р дайны дараах жилүүдэд үндэсний засгийн газар үүнд зориулж стандарт тогтоосон ба ажил олгогчдын зүгээс төлөвлөсөн ажлын байруудыг зохицуулж байжээ. Засгийн газар үүгээр ажлын байранд хийх үйлдвэрлэлийн дадлагад зайлшгүй зориулах ёстой өдрийг сургуулиудад нэвтрүүлсэн. Харин үйлдвэрчний эвлэл, холбоод зарим талаар дээрх зохицуулалтад үл хамаарч байсан тул энэ хэрэгт оролцдоггүй байв.

1969 оноос холбооны засгийн газар нь ажил олгогч ба үйлдвэрчний эвлэлтэй хамтран ажлын байрны шалгуур, стандартыг тогтоох болжээ. Ингэхдээ засгийн газар өөрийн ажиглалт дор тэдэнтэй уулзан тохирсны үндсэн дээр ажлын байрны шалгуур, стандартыг баталгаажуулан хэвлэж гаргадаг байна. Холбооны засгийн газар, ажил олгогч, үйлдвэрчний эвлэл стандартыг хоорондоо хэлэлцэн тохирдог газар нь мэргэжлийн боловсол, сургалтын холбооны холбооны институт (BIBB) юм. Мөн тус институт холбооны муж улсуудтай хамтран хосолмол тогтолцоон дахь сургууль дангаар хариуцах сургалтын хөтөлбөрийг нь зохицуулдаг байна.

Георг Керсенштэйнер сургууль ба хөдөлмөр эрхлэлт гэсэн хоёр тусдаа тогтолцоог жинхэнэ утгаар нь хамтатгасан юм. Түүний санаа энгийн байв. Тэрээр эртнээс уламжилж ирсэн цехэд суурилсан дагалдан сургалтыг л өргөжүүлжээ. Цехийн дагалдан сургалт гэдэг нь ажил хайж буй суралцагч эхлээд өөрийн сонгосон чиглэлээр мастерыг дагалдаж, шинэ мэдлэг заалгаж буй сурагч, дадлагжигч гэдгээрээ ажилчнаас бага хөлсөөр (зарим үед зөвхөн өрөө, байрны хөлсөөр) түүнд ажиллах юм. Энэ сургалтын төгсгөлд шалгалт авах ба түүнийг давсан залуу ажилчин илүү өндөр цалинтайгаар тухайн салбарт ажиллах эрх бүхий албан ёсны “ажилчин” болно. Гэхдээ ажилчин эхлээд матсер бололгүйгээр бусдыг ажилд авах эрхгүй бөгөөд мастер болохын тулд хамаагүй өндөр шалгуур бүхий шалгалтыг давах ёстой.

Керсенштэйнер дадлага-сургалтын дээрх санааг бүхэлд нь шинэчлэн боловсронгуй болгож, тухайн үедээ ихээхэн хөгжин давхраажсан Германы боловсролын тогтолцоонд хамтатгажээ. Германд пүүсүүд нь дунд сургууль төгсөгчдийг засгийн газрын зохицуулалтаар үндэсний түвшинд тогтоосон хөдөлмөрийн хөлс бүхий дадлагжигчийн сургалтад урьдаг байна. Дадлагжигчийн хувиар ажил хийхэд зарцуулсан хугацааг хэдийгээр Гимназаас түвшин хамаагүй доогуур боловч онол, дадлага хослуулсан тусгай “мэргэжлийн сургуульд үргэлжлүүлэн сурсан” хугацаа гэж боловсрол эзэмшсэн жилд нэмж тооцно.

Боловсролын хосолмол тогтолцоог удирдан зохицуулж буй үндэсний хууль тогтоомж нь тухайн сурагчийг ямар нэг тусгайлсан дунд сургуулиар дамжин хос тогтолцоонд шилжин орж ирэхийг шаарддаггүй. Гэхдээ энэ тогтолцоонд орж, түүнийг хамтран ажиллуулж буй ажил олгогч дадлага хийх санал тавиагүй бол тухайн сурагч тус тогтолцоонд хамрагдах боломжгүй юм. Саяхан болтол ихэнх ажил олгогчдын хувьд дадлагжигч авахаар ханддаг гол эх сурвалж нь Хаупцчүл байв. Гэхдээ мэргэжлээс доогуур түвшний цагаан захт ажилчин хайж буй зарим ажил олгогчид дадлагжигчдаа ихэвчлэн Реалсчүлээс авдаг ажээ. Мөн их сургуулийн элсэлтэд зориулан сургалт явуулдаг Гимназаас цөөний тооны дадлагжигч ирдэг байна.

Гэхдээ Дэлхийн 2-р дайны дараах жилүүдээс Германд суурилан үйл ажиллагаа явлуулдаг глобал компаниудын захирал, удирдах зөвлөлийн дарга нар Гимназ, их сургууль гэхээс илүү Хаупцчүл болон хосолмол тогтолцооноос төрөн гарах нь тийм ч ховор үзэгдэл биш болсон ажээ. 20-р зууны эхний хагасын туршид хосолмол тогтолцоо үргэлжлэн боловсронгуй болсоор байв. Энэ үед Хаупцчүл болон хосолмол тогтолцоогоор дамжуулан ухаан сийрэг, шийдмэг залуусыг хүлээн авч байсан компаниуд тус тогтолцоогоор дамжуулан тэдэнд хөрөнгө оруулжээ. Харин уламжлалт их сургуулийн зэрэгцээ шинэ технологийн их сургуулиуд бий болох үед хосолмол тогтолцоо нь Реалсчүл төдийгүй бүр Хаупцчүл төгсөгчдийг ч их сургуульд сургах боломжтой тогтолцоо болж шинэчлэгджээ.

Иель их сургуулийн социолгийн профессор Карл Улрих Майер Германы боловсролын тухай тус тайланд зориулан ярилцлага өгөхдөө сургалтаа амжилттай дүүргэж, мастер болдог энгийн нэг дадлагжигч бол Германы ажиллах хүчин ба өрсөлдөөн дэх түүний давуу байдлын тулгуур юм гэж цохон тэмдэглэжээ. Түүний хэлснээр техникийн ноу-хоу ба ажлын туршлагаар өөрийгөө өвч зэвсэглэсэн дадлагжигч асан хүн бүтээгдэхүүнийг сурталчлахын зэрэгцээ борлуулж, засах чадвартай юм. Бусад улс оронд техникийн ба борлуулалтын ажилтнууд тусдаа байдаг бол Германд энэ зааг байдаггүй. Германд ерөнхий боловсролыг тэлсэн боловч энэ нь Франц, Их Британитай адилаар мэргэжлийн дадлага-сургалтын үүргийг ердөө ч бууруулаагүй юм.

Эдгээр сэдвүүдийг дараагийн хэсгүүдэд дахин дэлгэрэнгүй авч үзэх болно. Харин одоо энд онцолж буй санаа гэвэл нэг талаас боловсролын маш хүмүүнлэг, хүнийг хэрэгсэл болгохын эсрэг үзэлт Романтик, Идеалист фиолософчидын, нөгөө талаас яг үүний эсэргээр мэргэжилтэн, ажиллах хүчин бэлтгэхэд зориулсан боловсролыг төвд тавьсан хоёр өөр хандлага тэнцвэртэй бөгөөд бат бөх, удаан оршин тогтнож, Германы боловсролын тогтолцооны тулгуур болсоор байна гэдэгт байгаа юм.

20-р зууны эхэн үед дунд сургуулийн гурвалсан тогтолцоо (Гимназ, Хаупцчүл, Реалсчүл) нь зөвхөн Германд байдаг хосгүй зүйл биш байв. Нийгмийн анги, давхаргаас шалтгаалан дунд сургуулиуд тусдаа байх энэ тогтолцоо Умард Европт өргөн ашиглагдаж байжээ. Хосолмол боловсролын тогтолцоо зарим хэлбэрээр Дани, Герман, Швейцарь, Австрид ашиглагдаж байлаа. Харин 20-р зууны эхний хагаст Умард Европын ихэнх орнууд 10 настнуудыг өөр төрлийн дунд сургуулиудад хуваарилан оруулдаг санаанаас татгалзсан байна. Тэдгээр орнууд амьдралынхаа туршид ямар ажил хийж, нийгэмд ямар байр суурь эзлэхийг бага насанд нь хүүхдүүдийн өмнөөс шийдэх нь сайн санааа биш гэж үзсэн ажээ. Мөн энэ нь боломжийг нийгмийн ангийн бүтэц дэх ялгаагаар нь хуваарилдаг феодалын тогтолцоо тухайн орнуудад оршиж байсантай холбоотой юм. Харин тэдгээр орнуудад улс төрийн бодит ардчилал хөгжиж, дэвшилтэт аж үйлдвэрийн нийгмийн шаардлагыг ойлгон хүлээн авах болсноор тэд хүн ам нь урд өмнөхөөс илүү сайн боловсрол, чадвартай байх хэрэгтэй гэсэн үзэлд хүрчээ.

Германчууд Дэлхийн 2-р дайнд хөтөлсөн үйл явдал ба дайнд ялагдсанаас шалтгаалан дээрхтэй ижил арга хэмжээг авч хэрэгжүүлж болох байсан гэж харж болох юм. Харин тухайн үед сургуулийн бүтцийг өөрчлөх нь тун их эсэргүүцэлтэй тулгарсан юм. Зөвшилцлийг онцгойлон шаарддаг байсан засаглалынх нь бүтэц ийм өөрчлөлтийн эсрэг хандлагыг илүү хүчтэй болгосон ажээ.