Европын хөдөлгүүр: Германы боловсролын тогтолцоо

 

Гурвалсан тогтолцоонд хувиралт гарсан нь: 1960-1970-аад он

1960-1970-аад онд Германы эдийн засгийн үсрэлттэй зэрэгцэн тус улсад ажиллах хүчний хомсдол үүсэв. Тус улс энэ асуудлыг орлого багатай орнуудын иргэдийг урьж аваачин герман хүмүүс ажиллахыг хүсдэггүй ажлын байранд ажиллуулах замаар шийджээ. Тэдгээр хүмүүсийн олон нь Германтай харьцуулахад боловсролын түвшин доогуур Турк ба бусад орнуудаас ирж байв. Эхэндээ тэдгээр “зочин ажилчид” богино хугацаанд ажиллаад буцаж явна гэж үзэж байжээ. Гэвч ирэх, буцах явдал ээлжилсээр байлаа. Улмаар тэд Германд сууршиж, гэр бүл үүсгэх болжээ. Тэдний хүүхдүүд буюу дараагийн үе өсөж томроод гэр бүл, хүүхэдтэй болов. Тэгвэл одоо тэдний хүүхдүүд ч өөрсдөө хүүхэдтэй болжээ. Гэвч тэдний герман хэл тун тааруу ажээ.

Энэ үед өндөр чадвартай ажилчдын эрэлт аажмаар нэмэгдэж, харин чадвар багатай ажилчдынх буурчээ. Энэ нь Гимназид элсэн суралцах хэрэгцээ шаардлагыг нэмэгдүүлсэн байна. Гэхдээ доогуур статустай дунд сургуульд элсэн суралцаад хос тогтолцоогоор дамжин шууд хөдөлмөрийн зах зээлд гарсан сурагчид Гимназ, их сургуульд суралцагсадтай харьцуулахад эхэн үедээ илүү орлого олдог гэдэг нь яах аргагүй үнэн билээ. Энэ бол хос тогтолцоонд татагддаг гол хүчин зүйл юм.

Илүү олон сурагч Гимнзид явж, Абитурын шалгалтыг давах болсонтой зэрэгцэн их сургуульд элсэхээсээ өмнө хос тогтолцоонд хамрагдан мэргэжлийн ур чадвар эзэмшиж, урьдаар ажлын байрны баталгаатай болох гэсэн сурагчийн тоо бас өссөн ажээ. Өмнө нь Хаупцчүлд элсэн суралцаж буй сурагчид одоо сайн ажил олгогчийн дадлага-сургалтад хамрагдах боломжийг илүү олгодог Реалсчүлд элсэхийн тулд нэмэлт хүчин чармайлт гаргах болжээ. Гэвч өмнө нь зөвхөн Реалсчүлээс сурагчдыг авдаг байсан хамгийн шилдэг ажил олгогчид аль хэдийн Абитурын шалгалт өгөөд тэдний хаалгыг тогшиж буй Гимназын сурагчдын урсгалыг хүлээж эхлэв. Мөн өмнө нь Хаупцчүлээс элсэлт авдаг байсан ажил олгогчид Реалсчүлээс илүү сайн элсэгчдийг авч болно гэдгийг мэддэг болжээ. Ингээд аажимдаа Хаупцчүл нь ирээдгүй, хаашаа ч явах замгүй сурагчдыг байлгаж буй аварга том сав болж хувирчээ. Олон нийт энэ үйл явдлыг харснаар дунд ба ажилчин ангийн хүүхдүүд Хаупцчүлээс татгалзаж, үүний оронд Реалсчүл төдийгүй Гимназид ч элсэн орох чигтэй болсон юм.

Ийнхүү хуучны гурвалсан тогтолцоо дээрх байдлаар нэлээд хувирч өөрчлөгдсөн юм. Өнгөрсөнд Хаупцчүлийн ихэнх төгсөгчид дадлага-сургалтад явж, сэтгэл хангалуун ажил, сайн албан тушаалд очдог байлаа. Энэ хувиралтын дараа тус улсын зарим газарт Хаупцчүл нь аль нэг мэргэжлийн шаардлага хангаагүй сурагчид (цагаачид ба Германы доод анги давхаргын гэр бүлийн хүүхдүүд)-ын орхигдон хаягддаг газар болжээ.

PISA (Сурагчийн үнэлгээний олон улсын хөтөлбөр)-ийн тайлан мэдээ мэргэжлийн шаардлага хангахгүй байгаагийн хамгийн чухал урьдач нөхцөл нь тухайн сурагчийн нийгэм-эдийн засгийн статус гэдгийг харуулжээ. Үүний дараа буюу хоёр дахь хамгийн нөлөөтэй урьдач нөхцөл нь хэл ажээ. Та цагаач уу, уугуул герман хүн үү гэдгээс үл хамааран хэрэв таны герман хэл таны бага насанд тааруу байсан бол герман хэлийг бүрэн дүүрэн эзэмшихэд институцийн зүгээс ямар нэг дэмжлэг тун бага бөгөөд герман хэлийг бүрэн эзэмшихгүйгээр сургуульд сурахад их хүндрэл туулах хандлагатай байв. Гуравдахь хамгийн чухал нөхцөл нь цагаач гэсэн статус ажээ (гэхдээ ингэж ерөнхийчлөх нь том ялгааг халхалж бүрхэгдүүлдэг: тухайлбал, грек цагаачдын хүүхдүүд ихэнх нь Гимназид явдаг бол турк цагаачдын хүүхдүүдээс цөөнх нь тус сургуульд явдаг байна).

Германы эдийн засгийн хөгжил удаашрах үед ажилгүй зарим уугуул герман иргэдийн зүгээс цагаачид ажлын байрыг нь өрсөн эзэлж байгааг эсэргүүцэх болжээ. Германы бага сургуулиуд герман хэл бүрэн дүүрэн сураагүй сурагчдын асуудалд хангалттай анхаарал тавьж чаддаггүй ажээ. Цагаач хүн ам өмнөдөөс илүү хойд Германы хот, сууринд хурдацтайгаар нэмэгдэж байна. Үндэсний хэмжээнд харвал цагаачид тус улсын насанд хүрсэн хүн амын 10 хувь, сургуульд явдаг хүн амын 25-аас илүү хувийг тус тус эзэлжээ. Гэхдээ хойд Германы зарим хотуудад цагаач хүн ам бага сургуулийн сурагчдын тал буюу түүнээс дээш хувийг эзэлж байна.

Баруун, Зүүн Германыг зааглаж байсан Берлиний хана нурж, өмнө нь хуваагдмал байсан германчууд нэгдэх үед гурвалсан тогтолцоог өөрчөх бас нэг боломж бий болсон билээ.

БНАГУ (Зүүн Герман)-д болж бүтэхгүй зүйл олон байлаа. Гэвч энэ улсын боловсролын тогтолцоо үүнд хамаагүй ганц зүйл байсан юм. БНАГУ байгуулагдаж, ЗХУ-ын дагуул болсноор тус улсын удирдагчид дунд сургуулиудын хооронд байсан ялгааг арилгасан бөгөөд БНАГУ-ын бүх дунд сургууль ижил төрлийн бүрэн дунд сургуулиуд болсон юм.

Өнөө үед ихэнх боловсролын шинжээчид хоёр Германыг заагласан Берлиний ханы зүүн талд байсан тэрхүү боловсролын тогтолцоо Зүүн Германы зүй ёсны бахархал нь байжээ гэдэгтэй санал нэгддэг юм. Гэвч 1989 онд энэ ханыг нураах үед хуучнаар зүүн германчууд өөрийн гэсэн бүхнийг аль болох хурдан хаяж, харин Барууныхаа бүх юмыг зээлдэж авахаар яарчээ. Харин Баруун Германы консервативууд нэгэн цагт оршин тогтнож байсан коммунист засгийн газартай холбоотой зүйлсээс юуг нь ч авах сонирхолгүй байв.

OECD (Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага)-ийн орнуудын PISA-ийн судалгааны ахлагч Андреас Шлейчерийн хэлснээр “Баруун Германы тогтолцоог Зүүнд хэрэгжүүлсэн. Гэтэл Зүүн Герман илүү тэгш боломж олгодог өөрийн боловсролын тогтолцоог бага насны хүүхдийн шилдэг тогтолцоотой нь цуг алдсан юм”

BIBB-ийн дарга асан Германн Шмидт Германы дахин нэгдлийн комиссын боловсрол хариуцсан гишүүн байжээ. Тэрээр зүүн германчууд нь Абитурын шалгалт ба ажилчны үнэмлэхийг хамтатгасан ахлах сургуулийн хөтөлбөрөөсөө салж болохгүй гэж Зүүн Германы муж улсуудын боловсрлын сайд нартай үр дүнгүй маргаж байснаа дурссан юм. Харин хожим тэдгээр сайд нарын зарим нь аймшигт алдаа хийснээ одоо ойлгож байна гэж Шмидтэд хэлсэн ажээ. Гэхдээ зарим муж улсууд нь гурвалсан тогтолцооноос буцаж, түүнийг дахин хоёр хэсэг болгосон юм. Үүнийг нэг нь уламжлалт Гимназ, нөгөө нь Хаупсчүл, Реалсчүлийг нэгтгэсэн загвар болно. Шинжээчидтэй хийсэн ярилцлагаас үзэхэд өмнөх бүтцээ зарим талаар хадгалж үлдсэн хуучны Зүүн Германы муж улсууд шинэ мянганы эхний жилүүдэд хуучны Баруун Германы ихэнх муж улсаас сурлагын амжилтаар илүү гарч байжээ.

Шмидтийн хэлснээр Төмөр хөшигний хоёр талд байсан германчууд аль аль нь дэлхийн нийттэй адилаар Баруун Герман нь дэлхийн хамгийн шилдэг амжилт үзүүлдэг боловсролын тогтолцоотой орон хэмээн итгэж байжээ. Гэвч тэд бусад үндэстэнтэй харьцуулсан өнцгөөс өөрсдийгөө олж хараагүй л байв. Тухайн үед тус тогтолцооны хамгийн дээд хэсэг буюу Гимназууд, тэдгээрт ажиллах сурган хүмүүжүүлэгчид, мөн муж улсуудын боловсролын гол албан тушаалтнууд л бүхэл бүтэн тогтолцооны нүүр царай нь болж байлаа. Тэд бүгд Гумболдтын анх томьёолсон Билдунгэд тодорхойлсноор боловсролыг хардаг байсан юм. Энэ харалтын дагуу боловсролын хамгийн чухал зүйл болох гоо сайханд тэмүүлэх зорилго, эрх чөлөө ба үнэний эрэл хайгуул, түүх судлалд бахархан шимтэх зэрэг нь ердөө л ямар нэг үзүүлэлтээр хэмжих аргагүй зүйл байсан юм. Тухайн үед үндэсний засгийн газар сурагчдын сурлагын амжилт, ахицыг шалгах хуулийн эрхгүй байсан ба багш нар ингэхийг эсэргүүцэж, муж улсууд ч эдгээрийг сонирхохгүй байжээ.