Европын хөдөлгүүр: Германы боловсролын тогтолцоо

 

ГЕРМАНЫ БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ                                            

Германы боловсролд байж болшгүй мэт анхааруулах дохио 1995 онд Герман улс TIMSS (Математик, ШУ-ны сургалтын олон улсын чиг хандлага) хэмээх судалгаанд анх оролцож, сайнгүй үнэлгээ авах үед жингнэн дуугарав. Гэхдээ Германы тэргүүлэх зэргийн сэтгүүлч Томас Керстаны хэлснээр Германы хэвлэл мэдээлэл үүнийг нэг их анзаараагүй ажээ.

Гэсэн хэдий ч холбооны засгийн газрын зарим гишүүд Германы боловсрол нь бодож байснаас үр дүн муутай байж магадгүй гэж санаа зовжээ. 1997 онд ХБНГУ-ын муж улсуудын Боловсрол, соёлын асуудал хариуцсан сайд нарын Байнгын бага хурал (хойшид Сайд нарын зөвлөл гэж товчилно) сурагчдын сурлагын амжилтын олон улсын харьцуулсан судалгаанд цаашид Герман улсыг идвэхтэй оролцогч болгохоор ажиллаж эхэлжээ. Тэд шинэ PISA үнэлгээг боловсруулсан байна.

2000 онд явуулсан анхны PISA үнэлгээний судалгаа нь хэлний чадвар байв. Үнэлгээний үр дүн  Германы ард түмнийг цочоов. Керстаны  өгүүлснээр “15 настай герман хүүхдүүдийн дөрөвний нэг нь чөлөөтэй уншиж чаддаггүй гэж хэн ч төсөөлөөгүй ажээ. Гэхдээ үүнээс ч илүү муу дүн байв. Үнэлгээний үр дүнд Герман хамгийн муу гүйцэтгэлтэй орнуудын нэг болох эрсдэлтэй нүүр тулжээ гэдэг нь харагдсан юм.” Герман тус үнэлгээнд оролцсон нийт орнуудын дундажаас доогуур эрэмблэгджээ. Герман сурагчдын нэлээд хэсгийн оноо бүр Мексикээс доогуур байв. Герман математик, шинэлэх ухаан дээр ч хэлнээс илүү дээр байж чадсангүй. Харин бусад OECD-ын орнуудтай харьцуулбал герман сурагчдын гүйцэтгэл тэдний нийгэм-эдийн засгийн статустай харилцан хамааралтай байв.

Хэдийгээр TIMSS-ийн үр дүнг нэг их мэдээлээгүй боловч гол сонин хэвлэлүүд нь PISA-ийн үр дүнгийн талаар мэдээлэхдээ дөрөв, тав, зургаа дахь нүүрний тусгай хэсгүүдийг зориулжээ. Дээрх үр дүнгийн талаарх мэдээ, хэлэлцүүлэг бүхий л радио, телевизээр явав. Герман тааруухан үнэлэгдсэн нь Финлянд улс PISA үнэлгээг тэргүүлсэн гэж Финляндад мэдээлснээс ч хамаагүй илүү шуугиантай үйл явдал болсон юм.

Дээрх гэнэтийн явдлаас үүдэн герман сурган хүмүүжүүлэгчид боловсролын хамгийн чухал зүйлийг хэмжиж болдоггүй юм гэсэн байр сууриа үргэлж хадгалаад байж чадахгүйд хүрчээ. Хэрэв Герман улс сургалтын хөтөлбөрийн чухал салбар бүрт хоцорсон юм бол, хэрэв Германы боловсролын стандарт бусад хөгжингүй орнуудаас ерөнхийдөө хоцорсон юм бол, хэрэв Герман улс урт удаан хугацаанд явж ирсэн шигээ дэлхийн дээрх хамгийн тэгш хүрээмжтэй боловсролын тогтолцооны нэг гэсэн байр сууриа хадгалж чадаагүй юм бол үүний төлөө ямар нэг зүйлийг хийх л хэрэгтэй байв.

Яг энэ үед улс төрийн зүүний жигүүрийн намууд өмнө нь тэдний хувьд удаан хугацааны туршид хийж хэрэгжүүлэх боломжгүй байсан саналуудаа сэргээн дэвшүүлж эхэлжээ. Тухайн үед Германы Боловсролын сайд байсан Эделгард Булман дунд сургуулийн гурвалсан тогтолцоо нь зөвхөн маш цөөн тооны өндөр түвшинд бэлтгэгдсэн хүмүүс, бас цөөн тооны дунд зэргээр боловсорсон хүмүүс, тэгээд үлдсэн хэсэг нь суурь боловсролтой байхыг шаарддаг феодалын тогтолцооны тусгал юм гэсэн үзэл баримталж байсан юм. Түүний үзлээр “орчин үеийн мэдлэгт суурилсан эдийн засагт ихэвчлэн маш өндөр түвшний боловсролтой ажиллах хүчнийг нийгмийн бүхий л анги давхаргаас бүрдүүлэх хэрэгтэй байв.”

Эделгард Булман ба бусад зүтгэгчид дээрх санаанд суурилсан хөтөлбөрийг удаан хугацааны туршид хэрэгжүүлж байсан юм. Тэд 1970-аад онд Германы цөөн хэдэн муж улсад хөтөлбөрөө ажил хэрэг болгон эхлүүлэхэд амжилт олсон байдаг юм. Тэдний хөтөлбөрт хүүхдэд зориулсан илүү сайн асаргаа, илүү үр дүнтэй СӨБ-ыг дэмжин тэтгэх заалтууд багтжээ. Тэд сургууль үдийн хоолны цаг тааруулж  хүүхдүүдээ тарааснаар сургуулийн өдрийг дуусгадаг цагт баригдсан практикийг халах хүсэлтэй байв. Мөн тэд дунд сургуулийн гурвалсан тогтолцоон дахь ялгаа заагийг арилгаж, ядуу ба цагаач гэр бүлийн хүүхдүүдэд ижил тэгш боломж олгохыг хүссэн юм. Хоёр Герман нэгдсэний дараа тэд хуучнаар Зүүн Германы мужуудын зарим туршлагыг нэвтрүүлж, гурван өөр хэв шинжийн дунд сургуулиас наад зах нь хоёрыг нь нэгтгэн илүү тэгш боломж бүхий тогтолцоо бий болгохоор ажиллаж эхлээд байв. Гэвч тэд үүнээс цааш явж чадаагүй юм.

Хэдийгээр тэд 1970, 1980-аад онд өөрсдийн хөтөлбөрийн зарим хэсгийг хэрэгжүүлэх тал дээр зарим муж улсад амжилт олсон боловч уламжлалт үзлийг баримталсан эсэргүүцэлтэй тулгарав. Хөтөлбөрийн хэрэгжилт цааш үргэлжлээгүй ба сургуулиудын санхүүжилт бүхэлдээ зогсжээ. Андреас Шлейчерийн тэмдэглэснээр дэлхий дахинд Германы бараа, үйлчилгээний эрэлт өндөр байснаас үүдэлтэй экспортод суурилсан эдийн засгийн хувьд тухайн үеийн боловсролын тогтолцоог өөрчлөх шаардага хүчтэй тавигдаагүй ажээ. Германы авто машины эрэлт өндөр хэвээр, үүнээс гадна Германы бизнес манлайлагчид өөрт хэрэгтэй чадварлаг ажиллах хүчнийг Германаас олохгүй юм гэхэд өөр газраас олж авч чадах байв.

Гэвч одоо тэрхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд урьд өмнө байгаагүй сайхан нөхцөл бүрджээ. Санаачлага гагцхүү муж улсуудад бий. Муж улсууд Германд ихээхэн үүрэгтэй юм. Дэлхийн 2-р дайны дараа холбоотнууд Германыг захирч байх үед тэд Германы үндсэн хуулийг дахин бичсэн ба үүгээр Германд төв засгийн газар нь боловсролын хэргийг хэзээ ч урьд өмнөх шигээ хүчтэйгээр удирдаж чадахгүй болсон юм. Шинэ үндсэн хуулиар боловсрол дахь холбооны засгийн газрын оролцоо АНУ-ынхаас ч бага болсон ажээ.

Харин муж улсууд Сайд нарын зөвлөлөөрөө дамжуулан ажиллаж, боловсролын талаарх анхны үндэсний хэмжээний илтгэлийг өөрсдөө боловсруулж аль хэдийн бэлэн болгосон нь азтай хэрэг юм. Энэ нь холбооны засгийн газар ба муж улс хүч чармайлтаа нэгтгэх ёстой гэдгийг илтгэж байна. Сайд Булман өдрийн цагаар ажилладаг бүх сургуульд зориулсан хөтөлбөрт 4 тэрбум еврогийн хөрөнгө оруулах санаачлага гаргасан. Тэрээр мөн үндэсний боловсролын стандарт боловсруулж, боловсролын талаар шинэ үндэсний илтгэл бэлтгэх санаачлага гаргажээ. Энэхүү хөтөлбөрийн талаарх зөвшилцөл амар байгаагүй боловч 2003 онд өдрийн сургуулийн хөтөлбөрийн талаар, 2004 онд үндэсний боловсролын стандартын  талаар ойлголцолд хүрсэн байна. Мөн муж улстай боловсролын шинэ үндэсний илтгэлийн талаар тохиролцсон ажээ.

Энэ удаа улс төрийн байдал өмнөхөөс өөр болсон тул бүхий л боловсролын хөтөлбөрийн талаар санал нэгдэх боломжтой юм. PISA судалгаанаас гарсан үр дүнд анхааран ажиллах хэрэгтэй бөгөөд үүнийг анхаарлын гадна дараад өнгөрч болохгүй. Зүүний намын хөтөлбөр нь үндэсний стандарт боловсруулахад, цэцэрлэгийн хүчин чадавхийг нэмэгдүүлэхэд, герман хэлээр сайн ярьж чаддаггүй хүүхдүүд, гэр бүлүүдэд зориулсан тусгай хэлний хөтөлбөрт илүү их хөрөнгө зарахад, багшийн сургалтад илүү их хөрөнгө зарахад, сургуулийн хуучин феодалын бүтцийг сууриар нь шинэчлэхэд зориулагджээ. Харин барууны хүчнийхэн сурган хүмүүжүүлэгчид нь ажлаа өөрөө хариуцаж хийхийг, орчин үеийн менежментийн онолын дагуу сургуулийг удирдахыг хүсч байгаа бөгөөд өөрөө бие даан хариуцлага үүрдэг болсноор сургуулийн ажилтнууд илүү бие даана гэж үзэж байгаа юм. Хөтөлбөрийн энэ хэсэг зүүнийхэн дэмжлэгийг мөн олсон байна.

Дээрх талууд удаан хугацааны туршид боловсролын бодлогыг өөрчлөхөд чагт тавин нэг нэгнээ амжилттай хориглож иржээ. Гэвч “PISA-ийн цочрол” бүгдийг өөрчлөв. Одоо анх удаа гайхалтай өргөн хүрээнд бодит өөрчлөлт хийх боломжтой болсон байна. Хэвлэлд гарсан шуугиан нь PISA-ийн үр дүн олон нийтийн дунд маш хүчтэй нөлөөлснийг тусган харуулсан юм. Энэ үед үүнийг үл тоосон улс төрчид улс төрийн замналаа ч эрсдэлд оруулах нөхцөл байдал үүссэн байдаг.

Эцэстээ холбооны засгийн газрын санаачлага нь түүний эрх мэдлийн хэмжээнээс шалтгаалан хязгаарлагдмал хүрээтэй байсан боловч муж улсууд нь Сайд нарын зөвлөлөөр дамжуулан шинэчлэлд нэг нэгнээ үлгэрлэн дагуулсан юм. Баруун ба зүүний намууд хөтөлбөрөө хамтатгасан нь урьд өмнө тохиож байгаагүй, гэхдээ  улс төрийн нам гэдэгт үл баригдан муж улсуудаар дамжуулан ямар нэг хэмжээнд нийтлэг хөтөлбөртэй болж чадсан үйл явдал болжээ. Энэ нь Германы тааруухан гүйцэтгэлийн цаад шалтгаан гэж үзэж буй асуудлуудад дор дурдсан тодорхой тооны хариу үйлдлүүдийг үзүүлэхэд хүргэсэн юм.