Европын хөдөлгүүр: Германы боловсролын тогтолцоо

 

Сурлагын амжилтад нөлөөлж буй нийгэм-эдийн засгийн хүчин зүйлийг багасгахын тулд сургуулийн бүтцийг өөрчилсөн нь   

Бусад хөгжингүй ямар ч оронтой харьцуулахад Германд сурагчдын сурлагын амжилт ба гэр бүлийн нийгэм-эдийн засгийн байдлын хооронд илүү өндөр харилцан хамаарал оршиж байв. Германы олон тооны боловсролын шинжээчид хэдэн арван жилийн турш энэ асуудалд ихээхэн санаа тавьж ирсэн бөгөөд үүнийг Германы дунд сургуулийн гурвалсан тогтолцоотой холбон үзсэн юм.

Шлейчерийн онцолж хэлснээр судалгаа хэдийгээр хүүхдүүд сурлагын амжилтаараа шаардлага хангаж байвч эцэг, эх нь Хаупцчүл төгссөн бага сургуулийн сурагчид Гимназид сурсан эцэг, эхтэй хүүхдүүдтэй харьцуулахад Гимназид явах нь гурав дахин цөөн байх магадлалтай гэдгийг харуулжээ.     

Энэ нь ямар дунд сургууль сонгох вэ гэдэг нь зөвхөн бага сургуулийн сурлагаас хамаарна гэдэг Германы сурган хүмүүжүүлэгчдийн бодол ташаа болохыг харуулжээ. Энэ нь тогтолцоо шударга бус гэдгийг тодорхой харуулж байна. Тодорхой тооны шалтгааны улмаас тус тогтолцоо доод ангиас гаралтай эцэг, эхчүүдтэй сурагчдын боломжийг үгүйсгэдэг. Үүнд өөр бас нэг хүчин зүйл байсан нь сурагчдыг тусгайлсан дунд сургуульд явуулах шийдвэрийг маш эрт буюу хүүхэд дөнгөж 10 настай байхад гаргадаг явдал юм.

Муж улсууд дээрх бэрхшээлийн эсрэг янз бүрийн хариу арга хэмжээ авчээ. Үүнд:

  • Цөөн тооны муж улс гурвалсан тогтолцоонд шилжүүлэх насыг 10 бус, харин 12 нас болгон хойшлуулсан.
  • Илүү олон тооны муж улс Реалсчүл ба Хаупцчүлийг нэг сургууль болгон нэгтгэх замыг сонгожээ.
  • Зарим муж улс гурван төрлийн дунд сургуулийн бүх сурагчдад гурван төрлийн ахлах дунд сургуулийн алинд нь ч өөрийн дураар элсэн орж болохыг зөвшөөрчээ. Энэ нь хэдийгээр сурагчдыг ялган хуваарилдаг явдлыг бүр мөсөн арилгаагүй боловч их хэмжээгээр багасгаж чаджээ. Олон дунд сургуулиуд сурагчдыг авьяас чадвараар нь ялган хуваарилдаг өөрийн гэсэн тогтолцоотой тул үүнийг бүр мөсөн арилгах хэцүү.
  • Зарим муж улс ямар ч хүүхдэд нээлттэй, дунд боловсролын бүх түвшний үнэмлэх олгодог бүрэн дунд сургуулийн загвар нэвтрүүлэх буюу дахин сэргээн нэвтрүүлжээ. Гэхдээ энэ сонголтыг бүх улс даяар санал болгохгүй, зөвхөн дээрх сонголтуудтай хослуулах байдлаар хэрэгжүүлэх боломжтой ажээ. Үүнд нөлөөлж буй нэг саад нь 1970-аад онд тааруухан байдлаар нэвтрүүлснээс үүдэн эдгээр сургуулийн нэр хүнд унасанд буй.
  • Зарим муж улс дээрх сонголтуудаас хэд хэдийг зэрэг сонгохыг зөвшөөрсөн.   

 

2008-2009 оны хичээлийн жилийн эцсээр 4283 Хаупцчүл, 2625 Реалсчүл, 3070 Гимназ, Хаупцчүл ба Реалсчүлийн хичээлийг аль алийг нь санал болгож буй 1363 сургууль байжээ (Хүснэгт 1). Мөн 705 бүрэн дунд ахлах сургууль ажиллаж байв (Хүснэгт 1). Зарим ажиглагчид ирэх 10 жилд Хаупцчүл ба Реалсчүл тусдаа байхаа болино гэдэгт итгэж байна.

 

Хүснэгт 1: Германы боловсролын тогтолцоо

 

Хэлний асуудалд анхаарах нь       

Судалгаа бага сургуульд элсэн орж буй хүүхдүүдийн герман хэлний чадвар ба тэдний сурлагын амжилтын хооронд маш өндөр харилцан хамаарал байгааг харуулжээ. СӨБ-ын үйлчилгээ тогтолцооны хэсэг биш учраас холбооны засгийн газар нь энэ чиглэлд хөндлөнгөөс оролцохыг Үндсэн хуулиар зөвшөөрдөг байна. Холбооны засгийн газар гэртээ герман хэлээр чөлөөтэй ярьдаггүй гэр бүлийн хүүхдүүдэд зориулж зохион байгуулалттай, сайн чанартай, боломжийн төлбөртэй хэлний сургалтыг нэмэгдүүлэхийн тулд муж улсуудын удирдан чиглүүлэг дор засаг захиргааны нэгжүүд буюу нийгэмлэгүүд хэрэгжүүлэх хөтөлбөрийг нэвтрүүлжээ. Хэлний энэ сургалтыг цэцэрлэгийн түвшинд санал болгодог бөгөөд хүүхдүүд бага сургуульд элсэн орох үедээ уугуул герман хүний адил чөлөөтэй ярьдаг байна.

Мөн судалгаагаар ядуу, цөөнхийн, цагаач эцэг, эхтэй хүүхдүүдэд СӨБ маш хэрэгтэй боловч тэд үүнд хамрагдах магадлал хамгийн тааруу байна гэдэг нь харагджээ. Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг боловсролын чухал үйлчилгээ гэж үзэхээс илүү хүүхдийн асаргаа гэдэг утгаар санал болгодог бөгөөд хүүхэд асрагчдын бэлтгэл тааруу байна. Ядуу, цөөнхийн, цагаач хүүхдүүдийн эхчүүд бусад эхчүүдийг бодвол гэрээсээ гарч ажил хийх хандлагатай учраас боломжийн төлбөртэй чанартай хүүхдийн асаргаа, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ дутагддаг. Энэ нь тэдний хүүхдүүд зургаан насанд сургуульд орох үед тэдэнд амин чухал хэрэгтэй чадвар дутахад ихээхэн нөлөөлдөг ажээ. Германд цэцэрлэг нь СӨБ-ын уламжлалт хэлбэр юм. Дараалсан хуулийн арга хэмжээ авснаар Германд гурван наснаас бага сургуульд орох хүртэл хүүхэд бүр цэцэрлэгт явах эрхтэй болсон. Мөн бусад хуулийн зохицуулалтаар гурваас доош насны хүүхдүүд СӨБ-д хамрагдах боломж нэмэгдсэн байна. Цаашилбал муж улс бусад субъекттэй хамтран СӨБ-ын хөтөлбөрийн боловсролын агуулгад хэл, бичиг, харилцаа, математик, байгалийн шинжлэх ухаан, мэдээллийн технологи, дүрслэх урлаг болон бусад хичээлийг оруулан түүнийг сайжруулахаар чармайж байна. Гэхдээ эдгээр санаачлагыг өргөн хүрээнд хэрэгжүүлээгүй байна.