Сурлагын амжилтын төлөө: Канадын боловсролын тогтолцоо

 

ЦАГААЧ ХҮҮХДҮҮДИЙН БОЛОВСРОЛД ОЛСОН КАНАДЫН АМЖИЛТ        

Канадын амжилтын хамгийн гайхалтай зүйлсийн нэг бол цагаач хүүхдүүдийн талаар олсон амжилт юм. Зарим тооцоогоор Канад нь нэг хүнд ногдох цагаачлалын тоогоор дэлхийд тэргүүлэгч орон ажээ. Ерөнхий сайд асан Вилльям Лион Мак Кензие Кинг  “Хэрэв зарим улс хэт их түүхтэй бол бидэнд хэт их газарзүй байна” гэсэн алдарт үгээ хэлсэн билээ. Тэр үүгээрээ Канад нь бүх дэлхийн цагаачдаас бүрдсэн харьцангуй залуу үндэстэн гэдгийг сануулсан хэрэг ажээ. Канад нь жилд 250 000 цагаач хүлээн авдаг (Тус ойролцоогоор 34 сая оршин суугчидтай). Газар нутгийн хэмжээ том, хүн амын суурьшил сийрэг, төрөлтийн тоо цөөн гэдгээс үүдэн Канадад цагаачдыг чухал, хэрэгцээтэй нөөц гэж хардаг ажээ. Гол улс төрийн намууд бүгд цагаачдын тоог тогтвортой байлгах, эсвэл нэмэгдүүлэхийг дэмжиж байна: цагаачлалыг хязгаарлах нь олон нийтийн дэмжлэгийг хүлээдэггүй.

Цагаачлалын хэв маяг цаг хугацааны явцад өөрчлөгдөж байна. 1970-аад он хүртэл ихэнх цагаачид Европоос ирж байв. Харин сүүлийн 40 жилд ихэнх цагаачид Ази ба хөгжиж буй орнуудаас иржээ. 2007 онд Канадад хамгийн их цагаачлагч хүн амтай орнууд нь Хятад, Энэтхэг (тус бүр 28 000), Филиппин (20 000), Пакистан (10 000) байв. Харин арай цөөн тооны цаагчид Алжир, Колумб, Франц, Иран, Румын, Орос, Өмнөд Корэй, Шри Ланк, Нэгдсэн Вант Улс, АНУ-аас иржээ. Эдгээр улс жилд 3500-аас цөөнгүй цагаач илгээдэг байна. Нийтэд нь авч үзвэл цагаачлалын үр дүнд төрийн сургуулиуд жил бүр 40 000 сурагч шинээр хүлээн авдаг: сурагчдын 80 хувь нь англи хэлээр ярьдаггүй бөгөөд 90 хувь нь Монтреал, Торонто, Ванкуверын сургуулиудад явдаг ажээ.

Канадад цагаачдыг гурван анги болгон зохион байгуулдаг: дүрвэгч хүн ам (2008 онд 22 000 байсан), гэр бүл (65 000), Канадын эдийн засагт ажиллах хүчний дутагдалыг нөхөх ажилчид (150 000). Цагаачдын 60 хувийг эдийн засагт хувь нэмэр оруулахуйц чадвараар нь сонгодог учраас өндөр боловсролтой цагаач хүн амын анги бүрэлдэн бий болжээ. 2008 оны байдлаар ажилчдын 23 хувь нь гадаад улсад төрсөн байснаас 49 хувь нь докторын зэрэгтэй, 40 хувь нь магистрын зэрэгтэй байв.

PISA-ийн судалгаа цагаачид Канадад ирснээс хойш 3 жилийн дотор л PISA үнэлгээнд 500 оноо авдаг гэдгийг сануулж байна. Энэ нь олон улсын жишгээр өндөр оноо юм. 2006 оны PISA-ийн унших чадварын үнэлгээнд Канадын нэгдүгээр үеийн цагаачид дундажаар 520 оноо авсан нь АНУ-д 490, Францад 340-өөс бага байсантай харьцуулахад тун өндөр үзүүлэлт ажээ. Мөн Канад нь PISA үнэлгээнд цагаач ба уугуул сурагчдын хооронд ялгаа байхгүй тун цөөн орны нэг юм (Үүний эсэргээр онооны зөрүү АНУ-д 22, Франц, Германд 60 орчим байна). Хоёрдугаар үеийн канадууд нэгдүгээр үеийнхнээсээ мэдэгдэхүйц илүү гүйцэтгэлтэй байгаа нь цаг хугацаа өнгөрөх тусам сурагчид ахиц дэвшил гаргаж буй гэдгийг сануулж байна. Эцэст нь хэлэхэд Канад нь хичээл заадаг хэлээр гэртээ ярьдаггүй ба ярьдаг сурагчдын хооронд онооны ялгаа байдаггүй цөөн орны нэг билээ.

Канад улс цагаач сурагчдад боловсрол олгохдоо яагаад сайн байна вэ? Энэ талаар ярилцсан хүмүүсийн хариултыг гурван хүчин зүйл болгон хувааж болохоор байна. Нэгдүгээрт, хамгийн чухал нь ихэнх цагаачдыг эдийн засагт нь хувь нэмэрээ оруулж чадахуйц чадварын үндсэн дээр сонгодог учраас олон цагаач хүүхэд өндөр боловсролтой ээж, аавтай юм. 2006 оны OECD (Эдийн засаг, хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага)-ийн тайланд дундажаар канад сурагчдын нэгдүгээр үе нь канадын уугуул сурагчдын эцэг, эхтэй ижил буюу тэднээс ч олон жилийн боловсролтой эцэг, эхтэй байсан гэдгийг олж тогтоожээ. Эцэг, эхийн боловсрол ба нийгэм эдийн засгийн байр суурьт буй эдгээр давуу тал сургуулийн ч нөөц бололцоо болж хувирдаг: тус судалгаанд өгүүснээр Канад нь цагаач сурагчид уугуул сурагчидтай ижил хэмжээнд, эсвэл илүү хэмжээний нөөцөөр хангагддаг цөөн орны нэг ажээ. Ялангуяа уугуул сурагчидтай харьцуулахад багш, сурагчийн харьцаа, материаллаг бааз, ангийн орчин, багш нарын ёс суртахуун дундажаар цагаач сурагчдын хувьд илүү байна.

Хоёрдугаарт, Канадын олон соёлын үзэл нь цагаачдад өөрийн онцлог бүхий Канад иргэний үзэл суулгахын сацуу тухайн хүмүүсийн уугуул соёлын ач холбогдолыг хүндэтгэхэд чиглэсэн онцлог философийг хөгжүүлжээ. Практикт энэ нь ихэнхдээ цагаач сурагчдыг англи, франц хэлт уугуул сурагчдын байр суурьт аваачиж байна гэсэн үг юм: англи, франц хэлний сургалтыг сургуулиас гадуур ихэвчлэн ашгийн бус байгууллагууд болон бусад газруудад явуулдаг.

Гуравдугаарт, цагаачид хамгийн олноор ирдэг зарим мужид тэдгээр сурагчдыг амжилт гаргахад нь дэмжих бодлого хэрэгжүүлдэг байна. Тухайлбал, Британий Колумбид сурагчид энгийн сургалтын хөтөлбөрт хамрагдахын зэрэгцээ хэрэв тодорхой тооны шалгуурыг хангах юм бол яамнаас хэлний тал дээр нэмэлт дэмжлэг үзүүлэх санхүүжилт тэдэнд олгодог. Тэдгээр нь дараах шалгуур болно: i) сурагч хэлний чадвар дутаж буй бөгөөд нэмэлт дэмжлэг зайлшгүй шаардлагатай, ii) тухайн сурагчийн хэрэгцээнд нийцэх жил тутмын сургалтын төлөвлөгөө бэлэн, iii) заах мэргэжилтэн нь төлөвлөгөөг боловсруулж, хянахад оролцсон, iv) сургууль тухайн сурагчид сургуульд болон сургуулийн гадна дэмжлэг үзүүлж, мөн багш нарыг чадварыг сайжруулах сургалт явуулж, дэмжинэ.

Бүхэлд нь авч үзвэл Канад нь цагаачлал болон цагаач хүүхдүүдэд боловсрол олгох талаар ач холбогдол өгдөг, эерэг байр суурь баримталдаг шатандаа явж байна. Тус улс цагаачдын цувааг өөрт татдаг орон бөгөөд цагаачдыг Канадын соёлын өмнө үүрэг хүлээгч, эдийн засгийн зайлшгүй хэрэгцээнийхээ нэг хэсгийн хувиар хүлээн авдаг юм. Тус оронд ирж буй цагаачдын ихэнх нь эдийн засгийн хэрэгцээг нь хангахаар сонгогдог болно. Энэ нь тэднийг аюул буюу ажлын байрны төлөөх өрсөлдөгч бус гэдгээр харж, тэдэнд зориулсан улс төрийн дэмжлэг нэмэгдэж байна гэдгийг харуулж байна. Цагаач сурагчид нийгмийн нэг бүлэг болохын хувьд эцэг, эхийн боловсрол, нийгэм-эдийн засгийн байр суурийн тал дээр уугуул сурагчидтай адил давуу байдал эдэлж, бүхий л хэмжүүрээр ижил тэгш нөхцөлд сурч боловсорч байна. Философийн хувьд тэднийг олон соёлын үзлийн өмнө хүлээх Канадын үүргийн нэг хэсэг гэдгээр хүлээн авч, сурагчид англи, франц хэл сурахад нэмэлт дэмжлэг болох зарим хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Бүхэлд нь харвал дээрх хүчин зүйлсийн энэ нэгдэл нь харьцангуй давуу байдалтай цагаачдыг урьж авч ирэх орчинг бий болгосон бөгөөд бидний харсанчлан тэдгээр цагаачид олон улсын жишгээр авч үзвэл туйлын сайн түвшинд ахиц гаргасан ажээ.

 

ОНТАРИО МУЖИЙН ТУРШЛАГА                                                                

 

Боловсролын тогтолцоо ба шинэчлэлийн хөрс суурь                           

2003-2010 онд Онтарио муж мэргэжилд суурилсан боловсролын тогтолцооны шинэчлэлийн тогтвортой стратегиэр дэлхийн шилдэг нь байв. Мужийн захирагч Далтон Мак Гвинти 2003 онд сонгогдсоныхоо дараа Онтарио мужийн стратегийг санаачлан эхлүүлжээ. Онтариогийн стратеги бага сургуулийн сурагчдын унших, бичих, тоо бодох чадварыг дээшлүүлэхэд, сургууль төгсөгчдийн тоог нэмэгдүүлэхэд, сурлагын амжилт тааруу сургуулийн тоог бууруулахад өргөн хүрээний эерэг үр дүнд хүрсэн байна. Энэ стратегийг хэрэгжих боломж олгосон элментүүдийг дор өгүүлэв.

Онтарио нь 400 000 км миль газар нутаг, нийт канадчуудын 40 хувь нь болох 13 сая хүн амтай Канадын хамгийн том муж юм. Хүн амын ялгааны хувьд Онтариогийн сурагчдын 27 хувь нь Канадаас өөр улсад төрсөн бөгөөд 20 хувь нь хүн амын цөөнх байна. Онтариогийн гол хот Торонто нь дэлхийн хамгийн олон үндэстэн, соёл бүхий хотуудын нэг юм.

Онтарио мужийн боловсролын удирдлагыг дунд сургуулийн түвшинд боловсрол хариуцдаг Онтариогийн боловсролын яам, мэргэжлийн болон дээд боловсролыг хариуцдаг Мэргэжлийн сургалт, коллеж, их сургуулийн яам эрхлэн явуулна.

Сургуулийн түвшинд хэл, шашны цөөнхийг төрөөс дэмжих шаардлагад нийцүүлэн Онтариод орон нутгаас сонгодог дөрвөн төрлийн сургуулийн зөвлөл бий:

-Англи хэлт сургуулийн зөвлөлүүд 1.4 сая орчим сурагчдад үйлчилдэг.

-Англи хэлт католик сургуулийн зөвлөлүүд 590 000 сурагчдад үйлчилдэг.

-Франц хэлт католик сургуулийн зөвлөлүүд 70 000 сурагчдад зориулан үйл ажиллагаа явуулдаг.

-Франц хэлт улсын сургуулийн зөвлөлүүд 23 000 сурагчид үйлчилдэг.

Энэ нь мужийн аль ч хэсэгт тогтолцооны сонголтыг тодорхой хэмжээнд бий болгож буй дөрвөн төрлийн сургуулийн зөвлөл ажилладаг гэсэн үг юм. Төрийн сургуулийн тогтолцоонд 5000 орчим сургууль багтдаг бол хувийн сургуулийг төрөөс санхүүжүүлдэггүй.