Умардаас гялалзах од: Финляндын боловсролын тогтолцоо

 

Мөн Финий нийгэм нэг талаар цомхон хэмжээ, соёлын харьцангуй нэгдмэл байдлаас үүдэлтэй, нөгөө талаар үндэсний сэтгэлзүйн онцлогийг нь тусгах нэгдэл нягтрал болон засгийн газартаа итгэх итгэлээрээ онцлог юм. Нийгмийн нэгдэл нягтрал ба итгэлцэл бол ялган салгаж, тоогоор хэмжихэд хэцүү хүчин зүйлс авч яагаад Финляндад багшийн ажил нь наад зах нь анагаах ухаан, хууль шиг авъяаслаг залуу хүмүүсийг татсан ийм хүндтэй мэргэжил болсны шалтгааныг тодорхой хэмжээгээр тайлбарладаг нь ойлгомжтой билээ. Финий бага ангийн багш бэлтгэх хөтөлбөр нь нэг хуваарь дээр 10 өрсөлдөгчийг татаж чаддаг ажээ. Финий багш нарын холбооны Ерөнхийлөгч Олли Лууккайнэн Финляндад багшийн ажлын нийгэмд эзлэх байр суурийн тухай ярилцахдаа итгэлцлийн хүчин зүйлийн талаар ингэж сануулсан юм:

“Финляндад багш нар маш бие даасан байдаг. Тэд бараг бүгдийг шийдэж чадна: хичээлээ хэрхэн заах, суурь (үндэсний) сургалтын хөтөлбөрөөс юуг нь сонгох, тусгайлсан сэдвийг хэдийд заах эсэхийг. Багш нар бие даасан байдалтай байж, хүндлэл хүлээдэг нь залуу хүмүүст тэд их суруульд ямар хөтөлбөр судлахаа өөрсдөө шийддэж байгаа мэт их нөлөө үзүүлдэг байна. Хэрэв тэд багш боловсролыг сонговол тус орны ирээдүйг бүтээхэд чухал үүрэгтэй, нийгэмд өргөн итгэл, хүндлэл хүлээсэн мэргэжилтэй болно гэдгээ мэддэг юм.

 

Багшийн гойд сайн чанар                                                          

Финий нийгэмд багш нар баяр хөөр эдэлдэг гэсэн итгэл үнэмшил нь маш чанартай сургалтын үр дүн, тусгал юм. Жишээлбэл, ангиа удирдаж, амжилттай суралцахад нь бараг бүх сурагчдад туслахын төлөө ажиллаж чаддаг гэсэн мэргэжлийн эрх чөлөө, үнэлэмжээрээ фин багш нар эцэг, эх болон нийгмийн өргөн хүрээллийн итгэлийг олжээ.

Багш болон багшийн ажлын чанар нь Финляндын боловсролын амжилтын зүрх бөгөөд тийм чанар бий болгоход нөлөөлсөн хүчин зүйлсийг соёл ба бодлогын хоорондын огтлолцолоос олж харж болох ажээ. Бодлогын нэг тал нь багшийг их сургуулийн түвшинд бэлтгэж, сургалтыг нь илүү шаардлага өндөртэй болгох 1979 оны шийдвэр байв. Нөгөөх нь боловсролын эрх мэдэл ба хариуцлагын түвшнийг Боловсролын яамнаас орон нутаг, сургуулиудад аажим нэмэгдүүлэх 1980-аад оны засгийн газрын шийдвэр байжээ. Энэ хөдөлгөөн Барууны ертөнц дэх төв засгийн газрын үүрэг, тухайн газарт юу хамгийн сайн ажиллах вэ гэдгийг мэдэх түүний чадварт улам бүр эргэлзэх болсон үзэл суртлын илрэл байсан юм. Гэвч эдгээр шийдвэрийн үр нөлөө эцэстээ сургуулийн багш нарт л илүү их хариуцлага, итгэл хүлээлгэхэд хүргэжээ.

Дээрх арга хэмжээнээс өмнө төв засаг захиргаанд боловсролын чанарыг зохицуулах хоёр гол зэмсэг байв: үндэсний цөм сургалтын хөтөлбөр, сургуулийн үндэсний шалгалтын алба. Дээр өгүүлсэнчлэн үндэсний цөм хөтөлбөр хавьгүй товч болсон байна. Тухайлбал, өнөө үед суурь боловсролын сургуулийн математикийн хөтөлбөр зөвхөн 10 хуудас хэмжээтэй болжээ. Түүгээр зогсохгүй хяналтын албыг татан буулгасан байна. Өнөө үед сургуулийн чанарыг үнэлэх, хянах захиргааны төв байгууллагын арга зам нь тогтсон хугацаанд түүврээр дамжуулан 6, 9-р ангийн сургалтыг үнэлэх юм. Гэхдээ орон нутаг өөрийн сургуулиудын олгож буй боловсролыг үнэлэх үүрэг хуулиар хүлээсэн гэдгийг энд тэмдэглэн хэлэх нь зүйтэй.

Финляндад суурь боловсролын 9 жилийн дунд сургууль байгуулсны дараагаас шинэчлэлийн загвар боловсруулагчид дор дурдсантай ижил үндэслэлийг баримтлах хандлагатай байна:

“Хэрэв бид ямар нэг байдлаар үлэмж авъяаслаг залуу хүмүүсийг багш бэлтгэх хөтөлбөрт элсүүлж, ингэхдээ заалтаа хувилбаржуулан баяжуулах, сурах бэрхшээлийг оношлох, сурагчдын ахицыг үнэлэх аргазүйгээр ирээдүйн бүх багшийг хангах хөтөлбөрийг дахин боловсруулж чадвал; хэрэв бид сурагчдын хэрэгцээнд тохирсон сургалтын материал, заах аргыг өөрөө сонгох мэргэжлийн шүүлт, эрх чөлөө эдлэх боломжийг багш нарт олгох нөхцөлийг сургуулиудад бий болговол; хэрэв бид сурагчдынхаа суралцахуй болон сайн сайхны өмнө багш нар хамтын хариуцлага хүлээх сургуулийн соёл бий болгож чадвал; хэрэв бид тусламж дэмжлэг хамгийн их шаардлагатай хүүхдүүд, гэр бүлүүдэд нэмэлт дэмжлэг туслалцаа үзүүлэх механизмыг сургууль бүрт бий болгож чадвал бараг бүх сургуулийн бүх хүүхэд цэцэглэн хөгжинө гэдэгт бид гүн бат итгэлтэй байж чадах юм.”

Өөрчлөлтийн тухай энэ онол багшлах хүчний чанараас асар их хамааралтай учраас Финлянд дахь багшийн сургалтын үүргийг одоо бүгдээрээ авч үзье.

 

Багш элсүүлж, бэлтгэх фин туршлага

Финляндад багш нь урт удаан хугацаанд нэр хүндтэй ажил байсаар иржээ. Гэвч багш боловсролыг шинэчлэх 1979 оны акт хүртэл багш нарыг ахисан түвшинд бэлтгэх шаардлагатай гэдэгт нэг их анхаардаггүй байв. Ахлах дунд сургууль төгссөний дараа ирээдүйн багш нар ихэвчлэн 2-3 жилийн практик сургалт бүхий семинарт (багшийн коллеж) элсэн орж, улмаар шууд багшлах талбарт гардаг байжээ. Багш бэлтгэх энэ загвар Финляндын хувьд шинэ зүйл бараг биш юм. Үүний гол санаа сурагчид ахлах дунд сургуулиас судлагдахууны мэдлэгийн сайтар суурьтай төгсөх тул тэднийг сайн багш болгохын тулд 2-3 жилийн хугацаанд сурган хүмүүжүүлэх ухаан, хүүхдийн хөгжил, ангийн менежмент заахад болно гэдэгт байв. Семинарууд нь тэдгээрт элсэхээр өрсөлдөгчдөд багш болоход зайлшгүй байх ёстой характер, бие хүний чанарууд байгаа эсэхийг урьдчлан тогтоох шалгалт авдаг байжээ. Гэхдээ тэдний элсэлтийн шалгуур их сургуулиас хамаагүй сул байлаа.

Багш боловсролыг багшийн коллежоос их сургуульд шилжүүлэх хөдөлгөөн, ялангуяа багшлах гэрчилгээ авахаасаа өмнө магистрын зэрэгтэй байхыг бага сургуулийн багшаас хүртэл шаардах шийдвэр гарснаар энэ бүхэн өөрчлөгдсөн юм. Энэ шийдвэр 9 жилийн суурь боловсролын сургууль байгуулахад тохиолдож байсантай адил маргааныг тойрч гарсангүй. Их сургуулийн удирдагчид багшийн ажил нь коллежийн түвшний мэргэжлээс илүү ямар нэг зүйл гэх санааг эхэндээ эсэргүүцсэн бөгөөд цаашилбал үүний адилаар сувилагч, нийгмийн ажилтан гэх мэт мэргэжлүүдийг их сургуулийн түвшний хөтөлбөрөөр олгодог болохыг дэмжигчид нь шаардна гэхээс айжээ. Гэхдээ тэдний жинхэнэ айдас багш бэлтгэдэг сургуульд өрсөлдөгчдийг элсүүлж авснаар академик стандарт суларч, үүний улмаас их сургуулиуд байр сууриа алдана гэдэгт байсан юм.