“Могой шоо”-гоор тоглонгоо хөгжих боломж

Бид 2015-2016 оны хичээлийн жилд Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цэцэрлэг дээрээ “Хүүхэд бүр могой шоогоор тоглонгоо хөгжих боломж”-ийг судалж, арга замуудыг эрэлхийлэн бүтээлчээр ажилласан нь үр дүнгээ өгсөн.  

Тавигдсан асуултууд

Бид энэхүү ажлаа цэцэрлэгийн сургалтын хөтөлбөртөө хичээлийн жилийн туршид бэлтгэл бүлэгт явуулахаар тусгасан. Ингээд хүүхдийн сонирхол дээр тулгуурлан, тэдний хөгжлийн онцлогт нийцүүлж, хөнгөнөөс хүндрүүлэх зарчмаар ажилласан. Үйл ажиллагааны явцад дараах асуултууд тавигдсан бөгөөд бид эдгээрт хариулт олохыг эрмэлзсэн. Үүнд:

  1. Хүүхэд бүр Могой шоо тоглоомоор тоглонгоо хөгжих ямар арга зам байна вэ?
  2. “Могой шоо” тоглоомын арга зүйг цэцэрлэгийнхээ үзэл баримтлалтай хэрхэн холбох вэ?
  3. Хүүхдийн сонирхол хэрэгцээнд нийцсэн ямар сэдвүүдийн хүрээнд хүүхэд ямар ямар дүрсүүд үүсгэж сурах вэ?
  4. Могой шоо сургалтын арга зүйн боловсруулалтыг яаж хийх вэ?
  5. Могой шоо хүүхдийн хөгжилд хэр нөлөөлөх вэ?
  6. Могой шоогоор тоглох явцад хүүхэд бүрийн хөгжлийг үнэлэх ямар боломж байна вэ?
  7. Сургалтыг хэрхэн зохион байгуулах вэ? Хэдий үед Могой шоогоор тоглуулбал тохиромжтой вэ?

 

Үе шат, хэрэгжүүлэлт

Могой шоогоор хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагаа дараах үе шатаар цэцэрлэгийн өдрийн дэглэм дэх чөлөөт цагаар голдуу явагдаж ирсэн.

1. Хичээлийн жилийн эхний саруудад (2015 оны 9 сараас 11 сар хүртэл). Хүүхдүүд эхлээд могой шооны өнгө, хэлбэр, бүтэц, хаашаа эргэх, яаж эргүүлэх зэрэг зүй тогтлыг эзэмшсэн. Энэ явцад хүүхдүүд шоог барьж үзэж, түүгээр тоглонгоо гар хурууны чөлөөт дасгалыг хийж байв.

2. Хичээлийн жилийн дунд үеийн эхэнд (2015 оны 11 сараас 12 сар хүртэл). Могой шоогоор дугуй, дөрвөлжин, олон өнцөгт дүрс үүсгэж, түүнийгээ олон удаа давтаж, үүсгэсэн дүрсүүдээ математикийн болон бусад хөгжүүлэх үйл ажиллагаанд ашигладаг болсон. Энэ үед хүүхдүүдийг уралдуулахгүй байхад анхаарсан.

Хүүхдүүд шоогоор хамтарч дүрс бүтээгээд ярилцдаг.

3. Хичээлийн жилийн дунд үед (2015 оны12 сараас 2016 оны 2 сар хүртэл). Хүүхдүүд зургаар илэрхийлсэн цөөн хэсэгтэй амьтны дүрсийг багшийг дагаж, мөн зураг харж үүсгэж сурсан. Үүсгэсэн дүрсүүдээ хөгжөөн баясгах ажил болон бусад сургалтын явцад ярилцах, дуулах, хөдөлгөөнт тоглоом тоглох зэрэгт ашигладаг болсон.

 

Сонирхолтой, баяртай, хөгжилтэй, хүүхдүүд бүхий л чадлаа дайчлан оролцдог.

4. Хичээлийн жилийн сүүлийн саруудад (2016 оны 3 сараас 6 сар хүртэл). Хүүхэд төрөл бүрийн дүрс бүхий зургийн дагуу бие даан дүрс үүсгэж, түүнийгээ өөрийн сонголтоор ямар ч үйл ажиллагаандаа ашигладаг болсон. Цаашдаа хүүхэд өөрөө бие даан шинэ дүрсүүд зохиох чадвартай болсон. Энэ үеэс элсэн цаг ашиглан  дасгал, даалгаврыг хурдтайгаар гүйцэтгэх үйлд шилжсэн.

 

Хийсэн бүтээлээрээ бахархаж, бие биедээ танилцуулдаг.

Хүүхдэд гарсан ахиц өөрчлөлт

“Могой шоо”-гоор тоглох явцад хүүхэд бүрийн хөгжилд ямар нэг ахиц өөрчлөлт гарч байсан бөгөөд бид түүнийг нь ажиглаж, хүүхдээ үнэлж ирсэн. 

Хүүхэд биеийн хөдөлгөөнөө удирдахад гарсан өөрчлөлт

  1. Шоогоор бөмбөг, саваа мод зэргийг дүрслэн сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглаж, бөмбөгийг шидэх, тойрч мөлхөх, давж харайх, дамжуулах, унагаахгүй барьж авах зэрэг  дасгал хөдөлгөөн хийж, тасалгаан дотор хурдаа тохируулж гүйж чаддаг болсон.
  2. Шоогоор дүрс хийхдээ хурдаа нэмэгдүүлэн, бусдын өгсөн дохионы дагуу хөдөлгөөнөө эхэлж, дуусгадаг болсон.

 

Хүүхэд бүтээсэн дүрсээ ашиглан шинэ дасгал, даалгавар гүйцэтгэдэг.

Хүүхдийн зан чанар, сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх, бусадтай харилцах чадварт гарсан өөрчлөлт

  1. Шоогоор хийх шинэ дасгал, даалгаврыг хийж үзэхдээ итгэлтэй болсон.
  2. Шоогоор өөрийн хийх зүйлээ сонгодог болсон.
  3. Шоогоор хийж чадах зүйлээ бие даан гүйцэтгэдэг.
  4. Шоогоор хийж, бүтээсэн зүйлдээ баярладаг.      
  5. Шоогоор дүрс бүтээсний дараа тухайн нөхцөл байдалд тохирсон сэтгэл хөдлөлийг үзүүлж чаддаг болсон.
  6. Бусдыг мэдэрч, зохицон харилцдаг болсон. (Жишээ нь: Найздаа шоогоо өгч тоглуулах, түүнд туслах гэх мэт.)
  7. Бусдын баяр баясгаланг хуваалцдаг. 
  8. Бусдын шоо болон тоглоом, эд зүйлсийг хэрэглэхдээ зөвшөөрөл авдаг.
  9. Чөлөөт цагаараа хүүхдүүд шоогоор бие даан тоглодог.
  10. Тэвчээртэй байж, эхэлснээ дуусгадаг болсон.
  11. Хүүхэд шоогоор тоглохдоо дуртай, сонирхолтой, баяртай, хөгжилтэй, бүхий л чадлаа дайчлан, бүтээлчээр суралцаж байгаа нь судалгаагаар нотлогдсон.

 

Хүүхдийн авхаалж самбаа, хурд нэмэгдсэн.

Хүүхдийн сонсох, ойлгох, ярих, унших чадварт гарсан өөрчлөлт

  1. Шоогоор хийсэн үлгэрийн баатруудаа ашиглан үлгэр ярьдаг, оньсого таалцдаг.
  2. Шооны зургийг хараад тайлбарлаж ярьдаг, зургийн дагуу бие даан дүрс бүтээдэг.
  3. Хүүхдийн авхаалж самбаа, үйлийг гүйцэтгэх хурд нэмэгдсэн.
  4. Хөвгүүд охидоос илүү зохион бүтээх сэтгэлгээтэй нь ажиглагдсан.

 

Үлгэр ярихдаа шоогоор хийсэн үлгэрийн баатруудаа ашигладаг.  

Хүүхдийн эд юмсыг шинжлэн судлах, орчинтойгоо харьцахад гарсан өөрчлөлт

  1. Шооны сайн, муу шинж чанарыг ялгадаг болсон. (Жишээ нь: Зурагтай шоо эвдэрдэггүй гэх мэт.)
  2. Шоогоороо тоглосны дараа буцааж байранд нь хураадаг.
  3. Шоогоо хайрлаж, гамтай хэрэглэдэг, хаяж гээгдүүлэхгүйг хичээдэг болсон.

Хүүхдийн тоолох, хэмжих чадварт гарсан өөрчлөлт

  1. Шоог оноон тоолж, дүн тоог хэлдэг болсон.
  2. Шоог нэмэгдүүлж, хорогдуулж тоолдог.
  3. Шоогоор биет ба хавтгай дүрс хийдэг. (дугуй, бөөрөнхий, дөрвөлжин, гурвалжин, ам дөрвөлжин, шоо гэх мэт.)
  4. Зүй тогтлыг олдог, байрлал тодорхойлж хэлдэг болсон.

Хүүхдийн урлах чадварт гарсан өөрчлөлт

  1. Хүүхэд шоогоор тоглох дуртай болсон.
  2.  Шоогоор хүн, амьтан, эд зүйлсийн онцлогийг илэрхийлэн дүрсэлдэг болсон.

Хүүхдийн дуулах чадварт гарсан өөрчлөлт

  1. Хүүхэд шоогоор хийсэн үлгэрийн баатруудын дуу авиаг дуурайн дуугарч, аялгуу хэмнэлд тохируулан үгийг зөв хуваарилан дуулдаг болсон. (Жишээ нь: Өнхрүүш үлгэр)

Ийнхүү бид Могой шоог ашигласнаар хүүхдийн хөдөлгөөн, нийгэмшихүй, хэл яриа, орчны талаарх ойлголт, математик, хөгжим, дүрслэн урлах зэрэг бүх талын хөгжлийг нэгэн зэрэг дэмжих боломжтой юм байна гэж дүгнэж байна.

Багш, эцэг эхэд үзүүлсэн нөлөөлөл

Багшид:

  1. Багшийн арга зүйд шинэлэг, бүтээлч санаанууд нэмэгдсэн.
  2. Багш шоог сургалтын хэрэглэгдэхүүн болгон олон янзаар ашигладаг.   
  3. Багш шоог үнэлгээний хэрэглэгдэхүүн болгон, хүүхдийн хөгжлийн ахицыг үнэлэхэд ашигладаг болсон.
  4. Хүүхэдтэй илүү ойр дотно, хамтарч ажилладаг болсон.
  5. Багш өдөр бүр хүүхэд юу хийж байгааг ажиглаж тэмдэглэл хөтөлдөг болсон.

 

Эцэг эх-хүүхэд-багшийн хамтын ажиллагаанд:

  1. Хүүхэд аав ээж, ах эгч, дүү болон бусадтай шоогоороо тоглох, тэдэнд зааж байхдаа өөртөө итгэлтэй байдаг болсон.
  2. Эцэг эх хүүхдийн бүтээлч үйлийг дэмждэг, шоогоор туслахдаа дуртай байдаг.
  3. Хүүхдээ сонсдог, ярилцдаг.
  4. Хүүхдэд өгсөн амлалтаа биелүүлдэг.
  5. Шоогоор тоглох явцыг нь үзэж сонирхдог, урам өгдөг, талархдаг болсон.
  6. Багш–хүүхдийн хоорондын харилцаанд эерэг өөрчлөлт гарч, сонирхолтой, хөгжилтэй, баяр баясгалантайгаар хамтдаа хөгжиж байна. 

 

Эцэг эх хүүхдийнхээ бүтээлч үйлийг дэмждэг, урам өгдөг, талархдаг.

 

Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар цэцэрлэгийн

                  Эрхлэгч Т.Тогтохбаяр

                               Арга зүйч Б.Ууганзаяа

                               Багш Б.Янжин, Н.Тамжид