Улс орнуудын хүүхдэдээ эзэмшүүлдэг үнэт зүйл

2021.02.09.

Хөгжиж буй ихэнх оронд эвдэн сүйтгэх, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх зэргээс эхлээд залхуурал, шударга бус байдал, төсвийн хөрөнгийг шамшигдуулалт, авлига гэх мэт  ёс суртахуунгүй зан үйл бодитоор оршин байгаа нь үндэстнүүдийн хөгжилд ямар нэгэн байдлаар саад болж буй учраас  ёс суртахууны үнэт зүйлийг сургалттай уялдуулах шаардлагыг бий болгож байна (Hamdun I. Sulayman. 2014). Дэлхийн шилжилт хөдөлгөөн, дүрвэлтийн нөлөөгөөр ялгаатай соёл, шашин шүтлэгтэй, өөр өөр итгэл үнэмшил, үнэт зүйл, амьдралын хэв маягтай хүмүүс хамтдаа амьдрах болсноор хөгжингүй орнуудад ч зарим бэрхшээлийг дагуулж байна. Олон сонголттой, ардчилсан нийгэмд эрх чөлөөний зэрэгцээ замбараагүй байдал бас нэмэгддэг. Тиймээс “олон сонголттой нийгэм”-д хүүхэд залуучуудад зориулсан үнэт зүйлийг хөгжүүлэх удирдамж бий болгохыг урьдаас илүү шаардаж байна (Brenner.S,  Demmler.K. 2017).

Хүүхэд, залуучуудад эзэмшүүлэх үнэт зүйлсийг олон улсын байгууллагаас хэрхэн тодорхойлсон, зарим улс орон үндэсний сургалтын хөтөлбөртөө хэрхэн тусгасантай танилцана уу. 

 

1. Олон улсын байгууллагуудаас хүүхэд, залуучуудад эзэмшүүлэх үнэт зүйлсийг тодорхойлсон нь

Өмнөх “Үнэт зүйлд суурилсан боловсрол” хэмээх нийтлэлд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-аас боловсролын ирээдүйн чиг хандлагын хүрээг тодорхойлсон “Сургалтын Луужин 2030” хэмээх баримт бичиг гаргасныг дурдсан. Энэхүү баримт бичигт тухайн хүний хувьд хэн болох, утга учиртай амьдралыг хэрхэн тодорхойлж, жолоодох, зорилгодоо хэрхэн хүрэхтэй холбоотой хувь хүний (Personal), хүмүүс хоорондын харилцааны чанарт нөлөөлдөг зарчим, итгэл үнэмшлийг агуулдаг харилцааны (Social), нийгмийн дэг журам, байгууллагын амьдралыг хамарсан нийтлэг зарчим, удирдамж бүхий соёл, нийгмийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлдог нийгмийн (Societal), үндэстэн болон соёлын хүрээнд нийтлэг байдлаар тодорхойлогддог, нийт хүн төрөлхтөний сайн сайхан байдалд хамаатай хүмүүний (Human) үнэт зүйлс (OECD. 2019)-ийг авч үзсэнийг дэлгэрүүлэн харна уу.

Европын холбоо (ЕХ) гишүүн улсуудынхаа иргэдийн үнэт зүйлд ардчилал, хүлээцтэй байдал (tolerance), үндэсний ба олон улсын чиг баримжаалал гэсэн гурван үнэт зүйлийг авч үзсэн байна. Ардчилалын үнэт зүйлд хамт олон, нийгэм, улс төрийн үйл ажиллагаан дахь оролцоо, ярилцлага, зөвшилцөл, зөвшилцөлд хүрэх хүсэл эрмэлзлийг; хүлээцтэй байдлын үнэт зүйлд хувь хүний ялгаатай байдал болон нийгэм, соёлын гарал үүслээрээ ялгаатай бүлгүүдийг хүлээн зөвшөөрч хүлээцтэй хандах, тэгш бус болон шударга бус байдал, гадуурхлыг даван туулахыг хичээх зэргийг; үндэсний ба олон улсын чиг баримжааны үнэт зүйлд өөрийн үндэстэн, түүний харьяалагдах том байгууллага (ЕХ гэх мэт) түүнчлэн дэлхий нийттэй хэрхэн харьцахыг багтаан тодорхойлжээ (European Parliament. 2017)

 

2. Зарим улсын үндэсний сургалтын хөтөлбөрт тусгагдсан үнэт зүйлс

Сингапур

Чадварлаг хүн, Өөрийгөө удирдан чиглүүлдэг суралцагч, Идэвхтэй хувь нэмэр оруулагч, Сэтгэлээ зориулагч иргэн бий болгохын тулд хүндэтгэл, хариуцлага, сэтгэлийн хат, шударга зан, халамж, эв нэгдэл (Ministry of Education. 2021)-ийг  үндэсний сургалтын хөтөлбөртөө цөм үнэт зүйлсээр нэрлэж, дараах байдлаар тодорхойлжээ.

  1. Хүндэтгэл: Манай суралцагчид өөрсдийн үнэ цэнэ, хүмүүсийн өөрийн гэсэн үнэ цэнд итгэх тохиолдолд хүндэтгэл үзүүлнэ.
  1. Хариуцлага: Суралцагчид өөрийнхөө, гэр бүл, хамт олон, үндэстэн, дэлхийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, үүрэг хариуцлагаа хайр, чармайлтаар биелүүлэх тохиолдолд хариуцлагатай байна.
  1. Сэтгэлийн хат: Суралцагчид маань бэрхшээлтэй тулгарахад тэсвэр тэвчээр гаргаснаар сэтгэлийн хаттай болдог. Тэд эр зориг, өөдрөг үзэл, дасан зохицох чадвар, авхаалж самбааг харуулна.
  1. Шударга зан: Суралцагчид ёс зүйн зарчмуудыг баримталж, ёс суртахууны зоригтой байх тохиолдолд зөв зүйлийн төлөө зогсоно.  
  1. Халамж: Суралцагчид сайхан сэтгэл, энэрэнгүй сэтгэлээр хандаж, нийгэм, дэлхийн сайн сайхан байдалд хувь нэмрээ оруулахдаа анхаарал халамж тавина.
  1. Эв нэгдэл: Суралцагчид нийгмийн эв нэгдлийг дэмжиж, олон соёлт нийгмийн нэгдмэл байдал, олон талыг талархан үнэлснээр эв нэгдлийг эрхэмлэнэ.

 

Финлянд

Финланд улс үндэсний сургалтын хөтөлбөрийнхөө үнэт зүйлийг дараах утгаар тодорхойлсон байна (Jenna Lähdemäki. 2018).

  1. Суралцагч бүрийн өвөрмөц байдал, өндөр чанартай боловсрол нь тэдний үндсэн эрх мөн.
  2. Тогтвортой амьдралын хэв маягийн хэрэгцээ шаардлага.
  3. Хүнлэг чанар, соёл ба иргэншил, тэгш байдал ба ардчилал.
  4. Соёлын өөр өөр байдал нь баялаг юм.

 

Австрали

Австрали улс сургуулийн боловсролын үндсэн хүрээндээ дараах 9 үнэт зүйлийг тодорхойлсон байна (Australian Government. 2005). Үүнд:

  1. Халамж, энэрэл

                           Өөртөө болон бусдад анхаарал тавих.

  1. Бүх хүчээ дайчлан ажиллах

Үнэ цэнэтэй, бахархмаар зүйл хийхийг эрмэлзэх, дээд амжилтад хүрэхийг хичээх.         

           Шударга байх           

Бүх хүн шударга нийгэм бий болгохын төлөө ажиллаж, нийтийн сайн сайхныг дагаж мөрдөх, хамгаалах.

  1. Эрх чөлөө

Шаардлагагүй хөндлөнгийн оролцоо, хяналтаас ангид байж, Австралийн иргэний бүх эрх, давуу эрх эдлэх, бусдын эрхийг хамгаалах.

  1. Үнэнч байдал, итгэлцэл

                      Үнэнч, чин сэтгэлээсээ ханддаг байх, үнэнийг эрэлхийлэх.

  1. Ёс суртахуунтай байх

Ёс суртахуун ба ёс зүйн зарчмуудын дагуу үйл ажиллагаа явуулж, үг ба үйлдлийн уялдааг хангах.

  1. Хүндэтгэл

                     Бусдад анхаарал хандуулж, хүндэтгэлтэй хандах, өөр хүний үзэл бодлыг 

                     хүндэтгэх.

  1. Хариуцлага

Өөрийн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх, зөрчлийг бүтээлчээр, хүчирхийлэлгүй, тайван замаар арилгах, нийгэм, иргэдийн амьдралд хувь нэмэр оруулах, хүрээлэн буй орчиндоо анхаарал тавьж арчлах.

  1. Ойлголцол, хүлээцтэй байдал ба хамруулалт

Бусдыг болон тэдний соёлыг мэддэг байх, бусад ард түмний олон янз байдлыг багтаасан ардчилсан нийгмийг хүлээн зөвшөөрөх, тэднийг хамруулах.

Ийнхүү улс орнууд 21 дүгээр зуунд өөрийн орон цаашилбал хүн төрлөхтний ирээдүйн тогтвортой, эв найрамдалтай хөгжлийг хангахын тулд үндэсний сургалтын хөтөлбөртөө суралцагчиддаа эзэмшүүлэх үнэт зүйлсийг тодорхойлж, тусган хэрэгжүүлж байна.

Фото зургийг maamuu.mn вэбсайтаас

Үргэлжлэл бий.

 

Н.Норжхорлоо

 

Ном зүй:

Hamdun I. Sulayman. 2014. Values-Based Curriculum Model: A Practical Application of Integrated ‘Maqasid Al-Sharia' for Wholeness Development of Mankind. Procedia - Social and Behavioral Sciences 123 ( 2014 ) 477 – 484. https://www.sciencedirect.com/science/article/pii/S1877042814014852

Brenner.S,  Demmler.K. 2017.Leitlinien für die Wertebildung von Kindern und Jugendlichen. Bertelsmann Stiftung.pdf

OECD. (2019). Attitudes and values for 2030. OECD. Future of Education and Skills 2030. Conceptual learning framework. pdf.

European Parliament. 2017. Research for CULT Committee-Teaching Common Values in Europe. Study. Directorate-general for Internal Policies. pdf. 

Ministry of Education, Singapore. 2021. 21st Century Competencies. https://www.moe.gov.sg/education-in-sg/21st-century-competencies/

Jenna Lähdemäki. 2018. Case Study: The Finnish National Curriculum 2016—A Co-created National Education Policy https://link.springer.com/chapter/10.1007%2F978-3-319-78580-6_13

Australian Government. 2005. National Framework for Values Education in Australian Schools. Australian Government. Department  of Education, Science and Training. framework_pdf_version_for_the_web.pdf