Фриедрих Фребел (Үргэлжлэл)

Фриедрих Фребел

(Үргэлжлэл)

Тоглоомын материалууд (Spielgaben)

Фребел удирдан чиглүүлж тоглуулах тоглоомын материал гэдэгтээ биеэрээ гүйцэтгэх (өрж байгуулах модон тоглоом), хавтгай болон цэгэн хэлбэр (эвлүүлэх дүрс, жижиг бөөрөнхий дүрсүүд)-ийн материалуудыг зохиож бий болгожээ. Сурвалжлан олсон энэхүү тоглоомын материал болон түүний тоглоомын зааврыг өнөөгийн цаг үест хэрэглэх үү, үгүй юу гэсэн асуудлаар цэцэрлэгийн сургалтад нэлээд маргаантай хэлэлцүүлэг явагдсан. Энэ явцад мөн түүний бүхий л бүтээлүүдийн үнэ цэнийг авч хэлэлцэж байв. Хүүхдүүд тоглоом наадгайн давлагаан дунд хөвж байгаа өнөөгийн цаг үеэс харахад Фребелийн тоглоомын материал нь хүүхдийн танин мэдэхүй болон бүтээлч чадварыг хөгжүүлэхэд тохиромжгүй гэж байгаа боловч бид ямар шалгуураар тоглоом наадгайг сайн гэж үзэж байгаагаа нягтлан харах шаардлагатай.

Тоглоом наадгай нь юуны өмнө олон янзын хэлбэр дүрс болон янз бүрийн үйл ажиллагааны нэгдлийг агуулсан байх бөгөөд хүүхэд түүнийг судлах, түүнтэй бүтээлчээр ажиллах боломжтой байх шаардлагатай. Түүнчлэн тоглоом наадгай нь хүүхдийн гүйцэтгэх үйл, хэл яриа хийгээд дүрслэн бодож түүнийгээ тайлбарлахад нөлөөлөхүйц, хүүхэд, томчууд болон хүүхэд хоорондын яриа-мэтгэлцээнийг өдөөж, өргөжүүлэхүйц байх шаардлагатай. Энэ шалгуурыг Фребелийн тоглоомын материалууд хангаж байгаа болно. Тэдгээр нь бага насны хүүхдийн өөрийн үйл ажиллагааг өдөөн бий болгож байдгаараа сургалтын хэрэглэгдэхүүн гэж үзэх боломжтой.

Тэрээр өөрийнхөө математик-байгалийн шинжлэх ухааны ойлголтоо энэхүү тоглоомын материал, түүнийг ашиглан тоглох үйлээр хүүхдэд зориулан “орчуулсан” бөгөөд түүгээр хүүхдийн биет дүрс ба талбайн тухай төсөөллөх чадварыг өргөжүүлэхийг зорьж байсан. Хүүхэд хүмүүжүүлэгчийн дэмжлэгтэйгээр тоглохдоо тэдгээр тоглоомын материалд агуулагдсан зүй тогтлын дагуу анхны, гэхдээ ухамсарт бусаар орон зай, цаг хугацааны талаарх ойлголт, түүнчлэн эрэгцүүлэн бодох чадвартай болно гэж үзэж түүнийгээ Фребел “мэдлэгийн хэлбэрүүд” хэмээн нэрлэж байв. Хүүхэд эдгээр хийсвэр ухагдахууныг тэр бүр ойлгохгүй ч өөрийн хийж буй үйлийнхээ явцад ач холбогдлыг нь ойлгодог болно. Хүүхдийн энэхүү ухамсарт бус мэдлэг нь тэднийг амьдралд зүг чигээ олоход залах бөгөөд бурханлаг хүн болох, бүхий л амьдралын гоё сайхныг мэдрэхэд уриалан дуудна. Түүнчлэн биеийн болон гарын жижиг булчингуудын үйл ажиллагааг сайжруулж, хүртэхүй ба тэнцвэрийн мэдрэмжийг дасгалжуулна гэж үзэж байв. 

Мэдлэг- амьдрал-сайн сайхны дүрслэлүүд

Түүний хамгийн анхны тоглоомын материал нь энгийн биет болох бөмбөг. Хоёрдахь тоглоомын материал нь бөөрөнхий дүрс, шоо, цлиндр. Бөөрөнхий дүрс нь хөдөлгөөнийг, шоо нь бат бөх тогтвортой байдлыг, харин цлиндр нь хоёулангийнх нь шинж чанарыг билэгдэж байв. Ийнхүү бөөрөнхий дүрс, шоо, цлиндр нь тоглоомын материалын үндсэн дүрсүүд бөгөөд тэдгээрээс тус бүр гурваас зургаан ширхэг байна. Үүнээс шоог янз бүрийн хэсэгт хувааж, өрж байгуулах тоглоомын иж бүрдлийг бий болгоно. Өрж байгуулах тоглоомын иж бүрдэл буюу нэг хайрцагт шоо, шоог янз бүрээр хуваасан дөрвөлжин, дөрвөлжингөө уртааш нь зүсэж үүсгэсэн гонзгой дөрвөлжин, хөндлөн зүсэж бий болгосон гурвалжин (призм) дүрсүүд байна. Үүгээр өрж байгуулах мод бүр бүхэл бүтэн зүйлийн нэг хэсэг гэдгийг билэгдэн хүүхдэд мэдрүүлнэ. 

Дагалдуулан гаргасан зааварчилга  болон чулуун барын хэвлэлээрээ Фребел тоглоомын материалынхаа сургалтын ач холбогдлыг тайлбарлаж, мөн томчуудыг энэхүү материалтай өөрсдөө харьцаж, түүнд агуулагдаж буй мэдлэг-амьдрал-сайн сайхны дүрслэлүүдийг өөрсдөө бүтээж нээн олохыг шаарддаг байсан. Энэхүү “нээлтийн аялалд”  Фребел тусгай туслалцаа буюу техникийн зөвлөлгөө өгдөг байв. Мэдлэг олгох хэлбэр  нь математик-геометрийн үндсэн дүрсүүдтэй танилцуулах уу, эсвэл логик сэтгэлгээ (дээр байсан зүйл нь доор байж болохгүй гэх мэт)-нд чиглэж байна уу гэдгээр авч үздэг байсан ба амьдралын дүрслэлүүд гэдгээ тэрээр өдөр тутмын амьдралд байдаг эд зүйлсийг тоглоомын материалаараа дүрслэхийг хэлж байв.

Сайн сайхны дүрслэлүүд гэдэгтээ тэрээр тоглоомын хэрэгслүүдийг талбай, шулуун зураас, цэгүүдээр хээлэн зурсан зургуудыг багтаан ойлгож байсан бөгөөд тэрхүү зургууд тэгш хэмтэй дүрслэгдсэн байдаг нь сайн сайхны нэгдмэл шинжийг илтгэнэ гэж үзэж байв.

Өнөөдөр бид цэцэрлэгийн сурган хүмүүжүүлэх ухаанд Фребелийн үүсгэн хөгжүүлсэн арга техникийг нь зөвхөн мэддэг болохоос биш түүний хүүхэд тоглох явцдаа өөрөө суралцан амжилт гаргадаг гэдэгт ач холбогдол өгснийг тэр бүр анзаарахгүй, тайлбарлахгүй өнгөрдөг.

Тоглоомыг дэмжих-Хүмүүжүүлэгчийн үүрэг

Фребелийн тоглоомын материалуудаар тоглох тоглоомыг удирдан чиглүүлэх тоглоом гэдэг. Тийм ч учраас “тоглоомын материал” хэмээн нэрлэсэн бөгөөд хүмүүжүүлэгч тэрхүү материалуудыг хүүхдэд өгөөд тэдэнтэй юу хийх, яаж эвлүүлж нийлүүлэх, задлах, барьж бүтээх, турших, тайлбарлах талаар ярилцаж, энэ явцдаа сургалтын зорилгоо хэрэгжүүлнэ. Гэхдээ Фребел сургалтын зорилго гэдгийг сургуулийн сургалтын хөтөлбөр дэх сургалтын зорилготой адилтган үзээгүй бөгөөд үүнийг хүүхдийн унаган төрхөөрөө хөгжих хөгжил, тэдний өөртөө итгэх итгэлийг дэмжих хүрээний баримжаа авах мэдлэг гэж байв. Юмсын хэлбэр дүрс, үүрэг зориулалт зохицон орших тохиолдолд хүүхэд тоглоомын материалтай ажиллах явцдаа математик-физикийн уялдаа холбоо, юмсын харилцан хамаарлыг аятай байдлаар тусгаж, өөртөө баримжаа авах мэдлэгийг олж авна. Гэхдээ хүүхэд, хүмүүжүүлэгчийн хооронд харилцан яриа, мэтгэлцээн явагдаж, хүүхдийн өөрөө суралцах үйлийг дэмжиж, чиглүүлсэн тохиолдолд тоглоомын сургах нөлөөлөл бий болно. Хүмүүжүүлэгч хүүхдэд шууд удирдамж заавар өгөхгүй бөгөөд харин холбогдох асуулт тавих, зөвлөж сургамжлах, тоглоомд нь саад болохооргүйгээр санаа бодлоо хэлэх зэргээр тоглох үйл явцыг чиглүүлнэ. “Тоглоомыг дэмжигчийн” энэхүү үүргийг Фребел болон өнөөгийн хүмүүжүүлэгчид “тоглоомыг дэмжих” гэж нэрлэдэг.

Дэмжлэг ба чиглүүлэлт. Хүүхдийг тоглоход үзүүлэх дэмжлэг нь сургахуйн үүрэгтэй гэж байсан боловч Фребел түүнийг хичээлтэй адилтган үзээгүй. Тэрээр үндэслэлийг нь тодорхойлоогүй ч цэцэрлэг болон сургуулийн хүүхдийг тус тусад нь авч үзэхгүй байв. Гэвч тэрээр хүүхдийн хөгжлийн энэхүү хоёр үе шатанд ялгавартайгаар хандан тухайн үе шатанд хүүхэд яаж суралцдаг вэ гэдэгт тулгуурлан түүнд нь зохицсон ялгавартай арга барилыг сонгон дэмжиж, нөлөөлж байв.

Тоглоомын дэмжлэгийг

хичээлтэй адилган үзэж болохгүй

Сургуулийн сургалтыг тэрээр хүүхэд сэтгэн бодож сурах, мэдлэг эзэмшихэд нь тус дэм үзүүлэхэд чиглэсэн удирдан явуулдаг, багшаас үйл явцыг нь хянадаг тодорхой дидактик бүхий сургалтын хэлбэр бөгөөд энэ нь бодит дүрслэлээс хийсвэрлэл рүү улам бүр шилждэг хэмээн үзэж байв. Үүний эсрэгээр бага насны хүүхдийн сургалтад хүүхдийн өөрийнх нь идэвхтэй үйл ажиллагаа зонхилно. Мөн тэрээр цэцэрлэгийн хүүхдийн хувьд тоглоом ба суралцах үйлийг хооронд нь зааглан салгаж үзэхгүй байсан бөгөөд энэ насанд хүүхэд өөрийнх нь зохиосон тоглоомын материалаар тоглох явцдаа ерөнхийлөх, төсөөлөх байдлаар л хийсвэрлэнэ гэж байв. Тоглох явцад тэдний амьдралд ач холбогдол бүхий орон зай, цаг хугацааны ойлголт, сэтгэн бодох чадвар, түүнчлэн ёс суртахууны талаарх мэдлэг бий болж хөгжинө. Тоглоомын явц дахь хүүхдийн энэхүү өөрөө суралцах үйл нь хүмүүжүүлэгчээс мэдрэмж, сэтгэлийн уян хатан холбоо, харилцааг шаардана. Үүгээр хүмүүжүүлэгч хүүхдийн цаашдын төлөв байдал (Perspektive)-ыг мэдэх ба хүүхэдтэй ярилцах, өдөөж мэтгэлцэх явцдаа шинэ гарцууд, хараагаа нээнэ. Үүний тулд хүмүүжүүлэгч юуны өмнө салбарын хүрээний тусгай сурган хүмүүжүүлэх мэдлэг эзэмших шаардлагатай.

Фребел хүүхэд өөрийнхөө гүйцэтгэж буй үйлийн явцад өөрөө суралцдаг гэж үзсэн.

Нийгэмшихүй-сэтгэл хөдлөл хоорондын харилцан уялдаа, логик холбоо хамаарал хийгээд орон зай, цаг хугацааны хийсвэр ойлголтыг дорвитой эзэмшихийн тулд хүүхэд тэдгээрийг мэдрэхүй ба хөдөлгөөнөөрөө хүртэж мэдрэх ёстой гэсэн таалаглал Фребелийн бага насны хүүхдийн сурган хүмүүжүүлэх ухааны үндсэн зарчимд багтдаг. Ийм байдлаар мэдлэг эзэмших тохиолдолд хүүхэд туршлагаа гүнзгийрүүлэх, учрыг нь олох, системтэйгээр эзэмшихэд бэлэн байх бөгөөд дараа нь тэрхүү мэдлэгийнхээ тусламжтайгаар анхны тохиолдлоо сэргээн санаж, дараагийн шатны танин мэдэхүйн шинэ түвшинд хүрнэ. Тоглоомын явцад хүүхдийг “залж”, тэдэнтэй хамтран тоглоомын материалыг судалж анхаарлыг нь төвлөрүүлэн суралцахуйн энэхүү нандин зангилааг арга зүйн үүднээс хамгаалах нь хүмүүжүүлэгчийн үүрэг. Хүмүүжүүлэгч хүүхдийн хийж буй үйлийг ажиглах, баримтжуулахыг Фребел тоглоомын дэмжлэг гэдэгтээ багтаан харж байв. Ажиглалт, баримтжуулалт нь бага насны хүүхдийн сургалтын үйл явцыг сурган хүмүүжүүлэх үүднээс дэмжих аргууд юм.

Тоглоомын дэмжлэг гэгч нь зөвхөн дидактикийн үндэс суурь төдийгүй Фребелийн цэцэрлэгт зориулан бий болгож хөгжүүлсэн өргөн хүрээтэй сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалын нэг хэсэг билээ. 

Фребел орчин үед хэр зохицох вэ?

Цэцэрлэгүүдэд олон янзын сурган хүмүүжүүлэх урсгал гарч ирж байгаатай холбон авч үзэхэд ер нь Фребелээс юу нь өнөө үед үлдэж хоцорсон бэ гэсэн асуулт гарна.  Түүнээс үлдсэн зүйл бол цэцэрлэгийн сурган хүмүүжүүлэх ухааны сургах-хүмүүжүүлэх-асарч хамгаалах үүрэг салшгүй нэгдмэл байна гэсэн түүний үзэл баримтлал юм. Монтессори, Вальдорф эсвэл Рижжиогийн цэцэрлэг түүнчлэн үйл явцад тулгуурласан, хөгжмийн эсвэл экологийн урсгалуудын алинд ч Фребелийн анх томъёолсон “хүүхдийг хэрхэн харах вэ” гэсэн асуудал тавигдана. Хүүхэд бол идэвхтэй, судлагч, бусадтай хамтран мэдлэг, дэг журам эзэмшигч сувьект. Хүүхэд бол өөрийн гэсэн онцлогтой, тоглоомын явцад өөрийгөө хөгжүүлдэг үйлийн эзэн, өөрийнхөө хөгжлийг зохион бүтээгч гэж үзэхийн зэрэгцээ хүүхдийн цаашдын төлөв байдал (хүрэх түвшин)-ыг харгалзах, хүмүүжүүлэгч, эцэг эх түншлэн ажиллах шаардлагатай гэсэн Фребелийн цэцэрлэгийн сурган хүмүүжүүлэх ухаан дахь үзэл санаа нь өнөө цагт мөн хэрэглэж байна. Ийнхүү цэцэрлэгийн сургалт-хүмүүжлийн үзэл баримтлалыг өөрчлөн шинэчлэхээр хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөрүүд нь цогц байдлаар дэмжиж туслах зарчимд суурилж байна.

Фребел хүүхдэд эзэмшүүлэх агуулгыг нэг их авч үзэхгүй байсан нь илэрхий бөгөөд сургах-суралцах үйлтэй холбогдох ухагдахуун (ялангуяа хүүхдийн математик-байгалийн шинжлэх ухааны сургалтад чиглэсэн)-ыг ойр дөхөм болгон тоглоомын дэмжлэг гэдэгтээ хүмүүжүүлэгчийн сургахуйн үүргийг шингээж байсан. Фребелд хүүхэд дэлхий ертөнц (амьдрал) рүү хэрхэн нэвтрэн орох, тэдний оролцоо, өөрийнхөө үйл ажиллагаагаар өөрөө суралцах, өөрөө туршлага хуримтлуулах үйл нэн чухал байлаа. Математик-байгалийн шинжлэх ухааны сургалтын агуулгыг багтаасан, хүүхдийн өөрөө суралцах дээрх үйлд дэм үзүүлэх зорилгоор зохион бүтээсэн Фребелийн тоглоомын материал нь математикт (ялангуяа геометр)-т суурилж байсан бөгөөд энэ нь түүний хувьд амьдралын шинжлэх ухаан мэт байж түүнийхээ туслалцаатайгаар тэрээр дэлхий ертөнц ба хүн төрлөхтний тухай төсөөллөө шашны гүн ухааны үүднээс тайлбарлаж, тодотгосон билээ.

Дүгнэлт

  • Хүүхэд дэлхий ертөнц (амьдрал), өөрийнхөө тухай мэдлэгийг өөрийн үйл ажиллагаа болох тоглоомын явцад өөрөө эзэмшдэг гэсэн нь Фребелийн сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалын цөм юм.
  • Фребел хүүхдийг өөрийнхөө үйлийн тусламжтайгаар өөрөө мэдлэг эзэмшдэг идэвхтэй, судлагч субект гэж үзсэн нь түүний дараагийн үеийн бүх сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалуудад эргэлт хийсэн, хувьсгалч үзэл санаа байв.
  • Фребел бол хүүхдээс асран-харилцагч хүн (том) рүү хандах сэтгэлийн нандин холбооны хамаарал ба тэрхүү сэтгэл хөдлөл бүхий харилцаа нь бага насны хүүхдийн сургалтын үйл явцад ач холбогдол үзүүлдэгт анхаарал хандуулсан анхдагч сурган хүмүүжүүлэгч байв.
  • Фребел анх удаа цэцэрлэгт хүүхдийн хүмүүжил, сургалт, асаргааг хариуцан ажилладаг хүмүүжүүлэгчид мэргэжил эзэмшүүлэх үзэл баримтлалыг бий болгож хөгжүүлсэн.
  • Хүүхдийг өөрийн гэсэн онцлогтой, тоглоомын явцад өөрийгөө хөгжүүлдэг үйлийн эзэн, өөрийнхөө хөгжлийг зохион бүтээгч гэж үзэхийн зэрэгцээ хүүхдийн цаашдын төлөв байдал (хүрэх түвшин)-ыг харгалзах, мөн хүүхдийг хүмүүжүүлэхдээ эцэг эхтэй түншлэн хамтран ажиллах шаардлагатай гэсэн Фребелийн сурган хүмүүжүүлэх ухааны үзэл санаа нь өнөө үед хэрэглэгдэж байна.

 

Ном зүй:

 

Sigrid Ebert, Friedrich Froebel,

Kindergarten Heute, spezial, Paedagogische Handlungskonzepte von Froebel bis zum Situationsansatz, , s.12-15, Verlag Herder, Freiburg

Орчуулсан:    Н.Норжхорлоо