Хүмүүжил үү, эсвэл хүмүүнжил үү?

Бид хүүхдийг “хүмүүжүүлэх” гэж ярьж, бичиж заншсан. Энэ үг нь цаанаа л нэг захиран тушаасан шинжтэй хатуу үг. Яагаад “хатуу” гэж байна вэ гэвэл энэ үгэнд хүч хэрэглэх гэсэн, тушаасан өнгө аяс агуулагдаж байгаа юм. Үүнтэй уялдаатай бидний хэрэглэдэг “Сурган хүмүүжүүлэх ухаан” гэсэн үг нь нийт хүүхдэд сургалтын үйл ажиллагаа явуулахын хажуугаар сахилгын шийтгэл хүлээлгэх гэсэн нэгэн далд санаа агуулаад байна уу даа гэлтэй.

Хүмүүжил

“Хүмүүжил” гэдэг нь хоёр утгыг агуулж, нэг талаас хөгжил төлөвшил, нөгөө талаас шийтгэл талаас ойлгогддог. Харин “хүмүүнжил” гэдэг үгийг хэрэглэвэл хүн рүүгээ ойртсон, “хүн” болж төлөвших ойлголтыг агуулна.   

Хүмүүжих. Хууль ёс зөрчин шорон гянданд хоригдсон хүнийг хүмүүжих газар очсон гэх буюу хүмүүжигч, түүнийг харгалзан хянагч нарыг хүмүүжүүлэгч буюу шоронгийн хуяг гэдэг. Нэгэн цагт Улаабаатар хот дахь төв шоронг “Төв засан хүмүүжүүлэх газар” гэж нэрлэж байсан гэдэг. Ийнхүү ёс бус үйлдэл гаргасныхаа төлөө хариуцлага хүлээж, хуулийн дагуу шийтгэгдсэн хүнийг хүмүүжигч гэх нь түгээмэл ойлголт.

Тэгвэл бид сургууль, цэцэрлэгийнхээ бяцхан хүүхдийг хүмүүжигч гэж, өөрсдийгөө “хүмүүжүүлэгч хэмээн нэрлэх нь тийм ч оновчтой үг хэллэг биш юм.

 Хүмүүнжил

Хүмүүн: Хүн, хүмүүн төрөлхтөн, хүн төрөлхтөн, оюун ухаантан (1. 1576-р тал, Б.Баярсайхан Монгол хэл, тайлбар толь)

Жих: өөрөөс доошх үе

Жил: жил сар  жил, жил болж ирэв үү гэсэн /удаан/ удахын нэр юм.

“Хүмүүнжих” гэдэг нь хүн өөрөөс доошх үеиийг сурган төлөвшүүлж, чадваржуулах гэсэн ойлголт. Ийнхүү нийтлэг утгаараа хүмүүнжүүлэх гэж нэрлэн хэрэглэх нь хамгийн тохиромжтой үг хэмээн үзэж байна.

Хүмүүнлэг”-  Хүнлэг энэрэнгүй ёсны ухаан (1. 1576-р тал, Б.Баярсайхан Монгол хэл, тайлбар толь)

Хүмүүнжүүлэх  гэдэг нь ХҮН гэсэн үгнээс гаралтай бөгөөд хүмүүн гэсэн олон тоог заасан үг. Нийт олон, даяар олон гэсэн утгыг агуулахын дээр хүнээр хүн хийх гэсэн ухагдахууныг мөн агуулна.

Сурган хүмүүжүүлэх ухаан

 Сурган хүмүүнжүүлэх ухаан нь хүүхдийг багаас хүнлэг энэрэнгүй, эв найртай, уян зөөлөн, төлөв даруу, эрдэм боловсролтой, үнэнч шударга, сэргэлэн цовоо, чих зөөлөнтэй, ажилч хичээнгүй болгож зөв төлөвшүүлэх гэсэн санаа. Өөрөөр хэлбэл, хүнээр хүн хийх гэсэн утга санаанд бүрэн нийцнэ. Иймд сурган хүмүүнжүүлэх гэж нэрлэхэд үгийн утга алдагдахгүй бөгөөд харин ч утга аялгуу төгөлдөржсөн, зөөлөн дуудлагатай зөв үг хэллэг болно.

Бид хүмүүнлэгийн тусламж, хүмүүн бичиг, хүмүүн төрөлхтөн, хүмүүн заяа, хүмүүнлэгийн их сургууль хэмээн ярьдаг. Хүмүүнжил нэр нь үгийн хувиргалтаар утга санаа нь алдагдахгүй. Жишээлбэл,  сурган хүмүүнжүүлэгч, хүмүүнжүүлэгчид ээ, зөв хүмүүнжсэн, хүний хүмүүнжил, хүн хүмүүнжих, хүнийг хүмүүнжүүлэх, хүн хүмүүнжихүй, хүмүүнжилтэй хүн гэх мэтээр хэрэглэж болно.

 

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын цэцэрлэгийн арга зүйч Х.Ивансан