Ёс суртахуун ба үнэт зүйл

Ёс суртахуун болон үнэт зүйл нь нийгмийн сайн сайхан байдал болон хүмүүс хоорондоо эелдэг, хүндэтгэлтэй, анхаарал халамжтай зэрэгцэн орших үндэс суурь болдог. Хүн бол ёс суртахуунтай,  үнэт зүйлийг өвлөж авсан байх ёстой. Ёс суртахуун нь үнэт зүйлтэй холбогддог, үнэт зүйлийг агуулдаг тул боловсролд ёс суртахууны үнэт зүйл гэж нэрлэгдэх нь элбэг.

Ёс суртахуун гэж юу вэ?

Ёс суртахуун (moral) нь аливаа хувь хүний нийгэм, хүрээлэн буй орчны нөлөөгөөр эзэмшдэг зан чанар юм. Ёс суртахуун нь үнэт зүйлийг тодорхойлдоггүй, харин үнэт зүйлээс бий болж бүрддэг. Ёс суртахуун нь итгэл үнэмшлийн тогтолцоонд хувь нэмэр оруулдаг бөгөөд бидний нийгмээс олж авдаг үнэт зүйл юм (Manisha Kumar. 2009).  

 Ёс суртахуун гэдэг нь аливаа хувь хүний эргэн тойрон дахь буруу, зөвийг шүүн тунгаах боломжийг олгодог зан үйлийн тал (askanydifference.com.2021). Ёс суртахууныг ихэвчлэн нийгмийн хүлээлтийн дагуу боловсруулж, хэрэгжүүлдэг бөгөөд энэ нь нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, аливаа хувь хүнд чухал ач холбогдолтой гэж үздэг зан чанар, итгэл үнэмшлийн тогтолцоо юм. Иймд ёс суртахууныг нийгмийн үнэт зүйл, хүлээн зөвшөөрөгдсөн байдал гэсэн утгаар түлхүү хэрэглэдэг ажээ. Үүнийг мөн ёс суртахууны үнэт зүйл ч гэдэг.

 Ёс суртахууны үнэт зүйлс гэж нэрлэгддэг ёс суртахуун нь үндсэн үнэт зүйлсээс гарч ирдэг итгэл үнэмшлийн тогтолцоо (Jennifer Gunner). Ёс суртахууны үнэт зүйл нь ихэвчлэн бүх нийтийн шинж чанартай байдаг бөгөөд дэлхийн өөр өөр хэсэгт тийм ч их ялгаатай биш байдаг.  Жишээлбэл, та аль ч нийгэм, шашин шүтлэг, нутаг дэвсгэрээс үл хамааран шударга байдал,  эр зориг, итгэл, үнэнч байдал зэрэг ёс суртахууны үнэт зүйлийг бараг хаана ч адилхан хүндэтгэх болно (harappa.education. 2020). 

Хүн нийгмийнхээ ёс суртахууны талаарх ойлголттой төрдөггүй. Харин энэхүү ойлголт нь хүүхдэд өсөж хөгжих явцад нь бий болж, хэрэгждэг. Сэтгэл зүйч Лоуренс Колберги (Kohlberg) хүн ёс суртахууныг хүүхэд наснаасаа эхлэн хэрхэн ахих хандлагатай эзэмшдэгийг шатлан харуулсан байдаг. Энэ тухай дараагийн материалд нийтлэх болно.

Ёс суртахуун нь ёс зүй (Ethika) гэсэн ойлголттой нягт холбогддог.  Ёс зүй гэдэг нь ёс суртахууны үнэт зүйлийг судалж, томьёолж, тайлбарладаг философийн шинжлэх ухаан юм.

Бид юун дээр тулгуурлан шийдвэр гаргадаг вэ?

Хүмүүний амьдралын урсгал бидний өдөр тутам гаргадаг шийдвэрүүдийн дагуу явагддаг. Эдгээр шийдвэр нь бидний үнэт зүйлсээр зохицуулагддаг.  Үнэт зүйлс нь бидний зан үйл, үйлдлийг өдөөж байдаг сэтгэл зүрхний итгэл үнэмшил гэж хэлж болно. Энэ нь биднийг ямар хүн болохыг илэрхийлдэг (harappa.education. 2020).  

Бид ёс суртахууны үнэт зүйлсийг шингээн авснаар өөртөө хамгийн үнэнч, амар амгалан амьдралыг бий болгож чадах билээ. Гэвч хүн бүрийн үнэт зүйлс тэр бүр адилгүй тул хүмүүс нэг ижил асуудлаар өөр өөр шийдвэр гаргадаг. Тэрхүү өөр өөр шийдвэрийн үр дүн, цаашдын үр дагавар нь ч өөр өөр байдаг. Жишээлбэл, хэн нэгэн төрийн албан тушаалтанд таалагдахын тулд буруу бодлого явуулах тохиолдолд магтаж сайшаахаас татгалзах шийдвэр гаргаж болно. Гаргасан шийдвэрийнхээ дагуу тал зассан байр суурийг баримтлахгүй байснаараа тухайн хүний ажил үйлс бүтэмжгүй байх эсвэл урт хугацааны зөрчил тэмцэлд татагдан орох эрсдэлтэй ч тулгарч болно. Ийнхүү итгэл үнэмшилдээ үнэнч байх нь тухайн хүний ёс суртахууны үнэт зүйлийн илрэл юм. Уг нь шарыг харж шарваж, улааныг харж урвахгүй байх нь нийгмийн хөгжил дэвшилд хэрэгтэй. Өөр нэг жишээ, аль нэг бизнес эрхлэгч нь ажлаа түргэн бүтээх, ашиг олох боломжтой л бол авлига өгөх нь зүгээр гэж үзэж болно. Энэ нь тухайн хувь хүнд ёс суртахууны үнэт зүйл дутагдалтай байгаагийн шинж.

Халстэд ёс суртахууны үнэт зүйлс гэж зан үйлийн ерөнхий чиглүүлэгч буюу шийдвэр гаргахад жишиг болдог зарчим, үндсэн үзэл баримтлал, итгэл үнэмшил, хүсэл тэмүүлэл, хэм хэмжээ, амьдралын байр суурь (Halstead. 1996:5; 2000:85) гэжээ. Анхаарал халамж, сэтгэлийн амар амгалан, шударга байдал, хүлээцтэй байдал, хариуцлага, үнэнч зан, тусч байдал гэх мэт ёс суртахууны олон үнэт зүйлийг нэрлэж болно.

Ёс суртахуун ба үнэт зүйл нь хоорондоо ямар ялгаатай вэ? 

Ёс суртахуун болон үнэт зүйл нь хоорондоо зохицолдон хүний зан үйл, ажил, амьдралын сайн, сайханд чиглүүлэг болж байдаг. Эдгээр нь хоорондоо төгс ялгаа байхгүй ч хувь хүний хөгжил төлөвшилд ёс суртахуун нь гаднаас, нийгмээс нөлөөлдөг; үнэт зүйл нь тухайн хувь хүний дотоод сэтгэлээс нөлөөлдөг хүчин зүйл юм. Манайхаар бол арга, билгийн талууд гэж харж байна. Үүгээрээ бие биеэс зарим бага зэргийн ялгааг агуулдаг. Ялгааг дараах хүснэгтэд харууллаа.

Ёс суртахуун

Үнэт зүйл

Ёс суртахууныг хувь хүнд гаднаас буюу нийгмээс эзэмшүүлдэг

Үнэт зүйл нь хүний дотоод зүрх сэтгэлээс бий болдог

Тодорхой хэм хэмжээ, ёс заншил байдлаар үйлчилдэг хүчин зүйл

Хийсвэр томьёололтой бөгөөд хувь хүний  зөн билэг, итгэл үнэмшил байдлаар үйлчилдэг хүчин зүйл

Нийгмээс хувь хүнд хүлээлгэдэг үүрэг хариуцлага

Хувь хүний тэмүүлж буй зорилго, өөрийгөө сайжруулах сэдлийн эх үүсвэр

Аливаа зан үйл, үйлдлийн зөв, бурууг тодорхойлох итгэл үнэмшлийн тогтолцоо

Аливаа зан үйл, үйлдэлд шийдвэр гаргахад хэрэглэгддэг; сайн руу тэмүүлэхэд чиглүүлдэг үндсэн зарчим

Ёс суртахууныг хувь хүн урт удаан хугацаанд шат дараатай эзэмшдэг

Үнэт зүйлийг хувь хүн маш бага наснаасаа эхлэн өвлөн авдаг

Хувь хүний амьдарч буй нийгэм, хүрээлэн буй орчин өөрчлөгдөхөд өөрчлөгдөх магадлалтай

Төрөлхийн зан төлөвтэй холбоотой бөгөөд хувь хүний амьдралд удаан хугацаагаар хэвээр хадгалагдах хандлагатай  

 

Н.Норжхорлоо

 

Эх сурвалж:

1. Manisha Kumar. 2009. Difference Between Morals and Values. http://www.differencebetween.net/miscellaneous/difference-between-morals-and-values/

2. askanydifference.com.2021. Difference Between Moral and Values (With Table). https://askanydifference.com/difference-between-moral-and-values/

3. Jennifer Gunner. What's the Difference Between Ethics, Morals and Values? https://examples.yourdictionary.com/difference-between-ethics-morals-and-values.html

4. harappa.education. 2020. What Are Values? The Importance Of Moral Values In Decision-Making.  https://harappa.education/harappa-diaries/what-are-values/

 

Нүүр зураг: by Sergiy N. http://www.healthofchildren.com/M/Moral-Development.html