Хүүхэд хазаж, маажаад байвал яах вэ?

“Охин маань удахгүй 2 ой хүрнэ. Цэцэрлэг дээрээ хүүхэд хазаад болохгүй юм. Гэртээ хүн хазахгүй хэрнээ “битгий хүүхэд хазаарай” гэхээр “за” гээд ойлгосон юм шиг хэрнээ дахиад л хазна. Цэцэрлэгийн багш юм уу, туршлагатай ээж нар зөвлөлгөө өгч тус болооч” гэсэн асуулт иржээ.  

Хариулт:  Одооноос хүний хүүхэд хазаад энэ маань ёстой нэг хэцүү амьтан гарах нь дээ гэж та битгий санаа зовоорой. Мөн хүний үг, шаардлага сонсохгүй дуулгаваргүй нэгэн болох нь гэж бүр ч санаа зовсны хэрэггүй. Хүүхэд тань энэ насандаа “за” гэчихээд маргааш нь цэцэрлэгтээ очоод биелүүлэх байтугай, цаашаа эргээд л таны болон өөрийнхөө хэлснийг мартана.

Хүүхэд яагаад хазаж, мааждаг вэ?

Хоёр орчим настай хүүхдүүдэд хазах, маажих, чимхэх тохиолдол цөөнгүй ажиглагддаг. Энэ нь тэдний хөгжлийн онцлогтой холбоотой. Гэхдээ хүүхэд болгон л бусдыг хазаад, маажаад байдаггүй.  Балчир хүүхдэд аав ээж, цэцэрлэг болон  гадаа тааралдах бүх хүн өөрөөс нь том харагдана. Тэрээр “би” гэж нэг хүн байна гэж өөрийгөө мэдэрсний үндсэн дээр тэднээс нэг их хамааралтай биш байхыг хүснэ. Тэд сайн ярьж чадахгүй, харин бусад хүмүүс бол миний бодол, хүслийг хараад мэднэ гэж бодно.

Гэтэл ялангуяа цэцэрлэгт хажуунаас нь барьж байсан тоглоомыг нь булаагаад авна, эсвэл түүнийг түлхэнэ... Тэгээд өөрт бодогдож, мэдрэгдэж байгаа зүйлээ хүүхэд үгээр тайлбарлан ойлгуулж чадахгүй болохоор гомдлоо бусдыг хазах, маажих, цохиж авах зэргээр илэрхийлнэ. Хэл ярианы хөгжил тааруухан хүүхдэд ийм байдал илүү ажиглагддаг байна.

 

Ийнхүү түрэмгий зан байдал гаргах нь өөрийгөө хянах чадвараар зохицуулагдах

бөгөөд энэ насанд тэд ийм чадварыг хараахан эзэмшээгүй байдаг.

 

Балчир хүүхдийн орон зайн мэдрэмж тааруухан байдаг. Иймд тэд заримдаа олон хүүхдийн дунд байхдаа өөртөө зай талбай гаргахын тулд бусдыг хазах, цохиж авах тал байдаг. Мөн хүүхэд заримдаа ядрах, өлсөх, урам хугарах эсвэл орчноосоо хэтэрхий их цочрол (олон жижиг хүүхдийн уйлаан шуугиан) авах тохиолдолд өөрийгөө удирдах чадвар дутмагаас дээрх авир үйлийг гаргах нь бий.

Хэрэв энэ зан байдлыг нь засах оролдлого үр дүнгээ өгөхгүй байвал хүүхдийн түрэмгий үйлдэл бас өөр шалтгаантай байж болно. Хүүхэд харшлын эсрэг эм хэрэглэх, гэрийнхэн нь хэрүүл маргаан, зөрчилтэй байх, амьдралын нөхцөл байдал өөрчлөгдөх (байр сууц нь өөрчлөгдөх, дүүтэй болох гэх мэт)  зэрэг нөхцөлд мөн иймэрхүү зан авир илрэх талтай. 

 

Эцэг эхийн хийж болох зүйлс          

Хүүхдийнхээ хаздаг зан авирыг өөрчлөхийн тулд та дараах аргыг хэрэглээд үзээрэй.

Эхлээд хазуулсан хүүхдэд нь анхаарал тавь. Хазуулсан хүүхдийг энхрийл, аргад. Өөрийг нь нэг их тоохгүй бай. Ингэснээр хүүхэд тань миний хазах ч нэг их сайн зүйл биш гэдгийг мэдэрнэ.

“Болохгүй” гэдгийг хэл. Хазсан тохиолдол бүрт нь хариу үйлдэл үзүүл. Хүүхдээ холдуулаад тур зуур тайвшрах хугацаа олго. Тэгээд хүүхдийнхээ харааны түвшинд очиж явган суугаад “Хазаж болохгүй”, “Хазах нь бусад хүүхдийг өвтгөдөг” гэсэн цөөхөн үгийг тууштай бөгөөд хатуухан өнгө аястайгаар хэлж бай. Хазмаар байвал үүнийг хаз гээд тоглоом, алчуур өгөөд хазуулж үз.

“Дахиад хазаж болохгүй” гэдгийг давтан хэлж бай. Энэ нь эхний үедээ үр дүнгүй байж болно. Гэхдээ яваандаа хүүхэд үүнд анхаардаг болно.

Хүүхдэдээ ашигтай бус байлга. Хүүхэд тань бусдыг хазах арга замаар асуудлаа шийдэж байвал эсрэг арга хэмжээ авч бай. Жишээлбэл, хүүхдийг хазаад тоглоомоо олж авсан бол тоглоомыг нь хазуулсан хүүхдэд нь буцааж өгөх гэх мэт.

Хүүхдээ хараандаа байлга. (Хүүхэд тань цэцэрлэг дээрээ бусдыг хазаад байгаа болохоор багш, туслах багшид нь захиж, хүсэхээс өөр аргагүй байх) Хүүхдийг хараандаа байлгаж, түүнтэй ойрхон байвал дахиад хазах үйлээс нь сэргийлж болно.

Өөр зүйлд анхаарлыг нь хандуул. Тоглоомоо булаацалдсанаас болж гэх мэт үйлдлээс хазсан бол өөр сонирхолтой тоглоом үзүүлж, түүнийг авахыг санал болгох арга хэрэглээд үзээрэй. Ингэснээр хүүхэд өөр хувилбарыг сонгоход суралцана.

Чөлөөтэй, зайтай байлга. Бачуу өрөөнд олон жижиг хүүхэд байхад тэдэнд тааламжгүй. Тэгэхээр цэцэрлэг дээрээ хүүхдүүдээ аль болох бие биенээсээ зайтай, чөлөөтэй байлгахыг багшаас нь хүсэх.

Зөв харьцахад сургах. Сайн байсан тохиолдлууд тухайлбал, тоглоомоо бусдад өгсөн, ээлжилсэн гэх мэт үйлдлийг магтах.

Хаздаг хүүхдийг уурлаж, зодож хашраана гэж байхгүй. Тэгээд ч хүүхэд хорон санаалж, хүмүүжилгүйдээ хазаж байгаа хэрэг биш, өөрийгөө илэрхийлж буй байдал нь тэр юм. Тэгэхээр аль болох аядуу зөөлөн хандаж, тэдэнд яавал “сайн” үйл байж болох вэ гэдгийг мэдрүүлж, өөрийгөө илэрхийлэх өөр арга замаа олоход туслах нь чухал. Цаашдаа гайгүй болох байлгүй дээ гээд зөнд нь орхивол хэрэгцээгээ хангахын тулд “ингэж бас болдог юм байна” гэсэн ойлголт авч болзошгүй.

 

Н.Норжхорлоо