Сэдвийн боловсруулалтыг хэрхэн хийх вэ?

Алхам бүрийг тодруулъя.

  1. Сонирхолтой сэдэв сонгох

Та сэдэв сонгохоос эхэлдэг үү эсвэл  өөрийн болон хүүхдээс гарсан санаанаас эхэлдэг үү?

Та хүүхдүүдийнхээ сонирхлоос эхлээд үзээрэй. Танай хүүхдүүд сүүлийн үед юуг ихээр сонирхож байгаа талаар бод доо. Хэтэрхий нарийн бодох хэрэггүй зүгээр л хүүхдүүдийнхээ өдөр бүрийн яриаг нь эргэн санаарай. Хүүхдүүдийн байнга ярьдаг харилцан яриануудаас та маш сонирхолтой санаа бүхий сэдвийг гаргаж ирэхийг хичээгээрэй. Энэ бол нэг арга зам.

  1. Санааг цаасан дээр буулгах

Томоохон цаас гарга. Түүнийхээ дунд нь санааныхаа нэрийг бичнэ.

Шинэ санаануудаа цаасныхаа эргэн тойронд нь бичнэ. Түүнийгээ сургалтын чиглэл, төвөөр ялгаж салгах шаардлагагүй. Хэрвээ сургалтын энэ чиглэлээр юу хийх вэ гээд бодоод эхэлбэл таны сэтгэлгээ хязгаарлагдах болно. Нэг санаа нь таны ангийн хэд хэдэн өөр хэсэгт буюу үйл ажиллагаанд ашиглагдах магадлалтай. Бид тэдгээрийг дараагийн алхамдаа ангилах болно.

  1. Санаануудаа ангилах

Энэ шатанд та санаануудаа сургалтын чиглэлүүдээр ангилаад жагсааж бичнэ. Чиглэл тус бүрээр бичсэн санаануудаа алийг нь зориуд зохион байгуулах сургалтаар, алийг нь сургалтын төвийн үйл ажиллагаагаар явуулахаа бодож, дотор нь 2 хуваана. Ингэхдээ сургалтын чиглэл, төв болгонд өнгө эсвэл хэлбэр дүрс оноогоод ангилж болно. Эсвэл өөр өөр өнгөөр дугуйлан зурж ангилсан ч болно.

  1. ​​Сэдвийн зорилгыг томьёолох

Сургалтын чиглэл тус бүрээр явуулах үйл ажиллагаануудаар хүүхдийн мэдлэг, чадвар, төлөвшилд ямар хувь нэмэр оруулахыг бодно, бичнэ.

  1. Үйл ажиллагаануудаа төлөвлөх, боловсруулах

Эхлээд 3 дугаар алхмаас та өөрийнхөө ангилсан санаануудаа авч төлөвлөлтөндөө тусгана. Хоёр өөр сургалтын төвд ашиглагдаж болох үйл ажиллагаа байж болно гэдгийг санах хэрэгтэй. Жишээ нь: тоглоомон дөрвөлжин зөөлөн блокууд нь хүүхдүүдийн зөөлөн самбарт (чимэглэлийн юм уу дүрслэх урлалын үйл ажиллагаанд) болон математикийн үйл ажиллагаанд давхар ашиглагдах боломжтой гэх мэт.

Төлөвлөлтийн явцад үлдсэн болон шинээр гарч ирсэн үйл ажиллагаа бүрийг тохирох зохион байгуулалтын хэлбэр (хөгжөөн баясгах ажил, зугаалга гэх мэт)-т тусгана. Хэрвээ нэг үйл ажиллагаа нь янз бүрийн хэлбэрээр эсвэл хэд хэдэн өөр аргаар ашиглагдах боломжтой бол тэдгээрийг бүгдийг нь тусган төлөвлөж болно. Үйл ажиллагаа бүр хэрхэн явагдах тодорхой аргачлалтай байна.

  1. Сэдвээ баяжуулах

Таныг хүүхдүүдтэйгээ ажиллаж байх явцад танд өөрт тань шинэ санаанууд орж ирэх, мөн бусад багш, туслах багш өөр шинэ санааг гаргаж ирэх магадлалтай. Шинэ санаа гарч ирээд байвал түүнийг нэмээд л байх хэрэгтэй. Ийнхүү таны сэдэв улам бүрэн болсоор байна.

Үйл явц дундаа орох үеэс дараа дараагийн ажлууд таниас бага цаг хугацаа шаардах болно. Гэхдээ үйл явц хэрхэн өрнөж явагдаж байгаа нь хамгийн чухал.

Хэрвээ та өөрийнхөөрөө шинээр сэтгэж, бүтээлч байдал гаргахгүй бол таны  төлөвлөлт нэг хэвийн, явагдаж байгаа үйл ажиллагаанууд жилийн жилд ижилхэн байсаар  байх болно.

Та үйл ажиллагааны төлөвлөлт, боловсруулалт хийхдээ хэдий чинээ өөрөө түүндээ сонирхолтой байж, сэтгэл хөдлөлтэйгээр хандвал төдий чинээ таны үйл ажиллагаа сонирхолтой явагдах болно.

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн “Басархан” цэцэрлэгийн эрхлэгч Ж.Наран