Ковид-19: Хөл хориог үр дүнтэй өнгөрөөх 10 зөвлөмж

Хөл хорио тогтоох нь ажил төрлөө хийж чадахгүй байх, орлого хомсдох зэрэг сөрөг талтай ч нөгөө талаас цаг завгүй ажилтай олон хүнд сайн боломжуудыг олгож байна. Энэ үеийг үр дүнтэй өнгөрөөж болох зарим зөвлөмжийг хүргэе.

1. Уншаагүй номоо унших

Гэрийн номын сангийн номнуудаасаа та нэлээдийг нь уншаагүй л байгаа болов уу. Номнуудаа нягтлан үзэж, сонирхолтойгоос нь барьж авах боломжтой цаг үе.  

2. Дасгал хөдөлгөөн хийх

Дасгал, хөдөлгөөн хийснээр бие махбод төдийгүй оюун санаагаа сэргээж, сайн сайхан байдлаа нэмэгдүүлэх боломжтой. Йог, дасгал хөдөлгөөн хийх нь биеийн дарлааг дэмжиж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлнэ. Магадгүй энэ нь урт хугацааны туршид үргэлжлэх сайн дадал зуршил болж ч мэдэх юм.

3. Гэрээ цэвэрлэх, эмхэлж цэгцлэх

Гэрээ цэвэрлэж, цэвэр цэмцгэр болгоход сэтгэл санаа өөдрөг, сайхан болдог. Номын сан, хувцас, гал тогооны шүүгээгээ уудалж үзэхэд удаан хугацаанд хэрэглээгүй зүйлс олон тааралдах бий. Тэгвэл хэрэгцээгүй зүйлээ ангилан хаях, бусдыг нь эмхлэн зай талбай гаргах боломжтой цаг.

4. Дурсамжуудаа эргэн санах

Бүх зүйл тодорхой хугацаанд болж өнгөрдөг. Цар тахал ч мөн тийм байх болно. Коронагийн тусгаарлалт үе нь хамтаараа гэрэл зургийн цомгоо үзэж, хуучин дурсамжаа санаж инээж баясах нэгэн боломж.

5. Хүүхдэдээ цаг гаргах

Хамгийн хайртай, эрхэм хүмүүс болох хүүхдүүдтэйгээ ярилцах, ном унших, тоглож наадах сайхан боломж.

6. Зурах, урлах, оёх, нэхэх

Зурах, урлах, оёх, нэхэх, хувцас, эд зүйлсээ засаж шинэчлэх зэргээр дуртай зүйлээ хийх нь тархи оюуныг амраахаас гадна, хийж бүтээсэн зүйлээ харан баясах таатай боломж.

7. Өдрийн тэмдэглэл бичих

Коронагийн хямралтай нөхцөл байдалд бид амьдралын мөн чанар, сайн, мууг эргэцүүлэн бодох,  өөрийгөө сонсох, “дотоод хүн”-тэйгээ ярилцах боломжтой.

8. Засварлах, тохижуулах

Гэрт эвдэрсэн, засаж сайжруулах зүйл гарсаар байдаг. Засаж янзлахыг хүсэвч өдөр тутмын амьдралд цаг зав байдаггүй. Гэртээ байх энэхүү цаг хугацааг ашиглан бүх жижиг сажиг засвар үйлчилгээгээ хийж болно.

9. Сайхан хоол хийх

Тусгаарлалтын үе нь цаг хугацаа шаардсан сайхан хоол хийх эсвэл шинэ хоол хийж сурах боломжтой цаг хугацаа. Гарын сайхан хоол нь гэр бүлийн уур амьсгалд сайнаар нөлөөлнө. Гал тогоонд тархсан сайхан үнэр нь найдвартай байдал, таатай мэдрэмжийг төрүүлнэ.

10. Зүгээр л сайхан амрах

Компьютер дээр ажиллахгүй, утас шагайхгүй, юу ч бодохгүй зүгээр л сайхан амарч, хангалттай сайн унтаж ажлын ядаргаагаа тайлж, бие, сэтгэлээ амраагаарай.

 

П.Жаргал

 

Ашигласан материал:

Corona-Isolation: Mit diesen 12 Tipps bekommt ihr die Zeit allein zu Hause rum, https://www.tip-berlin.de/familie/corona-isolation-vorschlaege-zeit-zuhause-beschaeftigung/

In Quarantäne wegen Coronavirus? 10 Dinge, mit denen wir das Beste draus machen

https://www.rtl.de/cms/quarantaene-wegen-coronavirus-10-ideen-wie-wir-das-beste-aus-der-zeit-zu-hause-machen-4503205.html