“Памферс”- ач тустай ч...

Манай хүргэн, хүүгийнх хоёулаа ойролцоохон нэг нэг хүүтэй болцгоосон. Одоо хүүхдүүд нь хоёр нас өнгөрч байгаа. Охин, хүргэн хоёр өөрсдийнхөө амрыг хараад хүүхдэдээ байнга памферс хэрэглэдэг. Харин бэр, хүү хоёр маань хүүхдэдээ памферс хэрэглээд  байдаггүй, хааяа л гадагш гарахдаа хэрэглэдэг бололтой юм билээ. Надад хүргэний маань хүү маш жижигхэн, харин хүүгийн маань хүү нэлээд том “боов”-той нь ажиглагдсан. Би үүнийг памферсын үр дагавар л гэж ойлгож байгаа. (... цэцэрлэгийн эрхлэгч С... эмээгийн ярианаас)

Энэхүү эмээгийн дүгнэлт шинжлэх ухааны үүднээс батлагдаагүй зүйл. Гэхдээ л судлууштай асуудал.

Памферс ч үнэхээр ач тустай эд шүү. Шөнө хуурайлна гэхгүй, охинд маан ч, надад ч их амар, бүтэн нойртой хонодог. Хүүхдийн бөгс улайж нурна гэж үгүй. (нэгэн ээжийн ярианаас)

Одоо ч памперсын ач тусаар нялх хүүхдийнхээ даавуу угаана гэхгүй амар болж. Төрөхөөс нь эхлээд л памперс хийчихэж байгаа юм чинь. (нэгэн аавын ярианаас)

Хүү маань 3 нас өнгөрч байгаа. Бид хоёрт нэг л шийдвэрлэж чадахгүй асуудал байгаа даа. Одоо болтол хөтөвчинд сууж сураагүй. (нэгэн ээжийн ярианаас)

Эдгээрээс үзэхэд памферс тун хэрэгтэй, ид шидтэй зүйл мэт боловч бас бодууштай асуудал байна аа...

Эмзэг арьсыг арчлах

Нялх хүүхдийн арьс их эмзэг. Тэдний арьс том хүнийхтэй харьцуулахад арав дахин нимгэн, хөлөрч арьсаараа дулаанаа зохицуулна гэж үгүй,  арьсыг хамгаалдаг төрөлхийн хүчиллэг бүрхүүл үүсч бий болоогүй байна. Иймээс шээс, өтгөндөө удвал төдөлгүй хүүхдийн бөгс, цавь улайж цочирно. Ялангуяа нярай, нялх хүүхэд шингэн зүйлээр хооллодог учраас шингэнээр баадаг. Тэгэхээр хүүхдийг ойр ойрхон хуурайлах эсвэл шингэнийг сайн шингээдэг живх-памферс хэрэглэх шаардлагатай. Мөн халуун, хүйтэнд цочрох, зарим даавуу тохирохгүй байх, тос зузаан түрхэх  зэргээс хүүхдийн бөгс улайх, биржийх тохиолдол бий.

Памферс бий болсон нь

АНУ-ын химич инженер Виктор Миллс (Victor Mills, 1897-1997) 1950-аад оны үед ач/зээ нар дээрээ туршин анхны нэг хэрэглээний живхийг бий болгожээ. Ингээд 1961 онд түүний ажиллаж байсан компани (Procter & Gamble Co.) уг живхийг улам сайжруулж, 1970-аад оноос янз бүрийн хэмжээтэйгээр үйлдвэрлэн гаргах болсон (1). Анхны живх нь хүнд, том, үсэрхэг хиймэл материалаар хийгдсэн, будаг гардаг боловч гадна тал руугаа чийг нэвтрүүлдэггүй байжээ. Он жил өнгөрөх тутам памферсийн хэв загвар, материал шинэчлэгдэж боловсронгуй болсоор ирсэн байна. 1980-аад оны үед памферс хөнгөн, нимгэн, хийсэн материал нь хүүхдийн бөгсийг байнга хуурай байлгах боломжтой, хүүхдийн биенд илүү эвтэйхэн байх болжээ.

Орчин үеийн памферс бол жижгээсээ том руу 1-ээс 7 хүртэл хэмжээтэй, агаар нэвтэрдэг, хөнгөн нимгэн, хүүхдийн арьсийг хамгаалдаг  төрөлхийн хүчиллэг бүрхүүл (pH-Wert)  үүсч бий болоход нөлөөлдөг чийглэг алчуур бүхий зөөлөн дотортой, харшил-тууралт өгдөггүй, тал тал руугаа сунадаг тул хөдөлгөөнд саадгүй, хүүхдэд нэн тааламжтай. “DryMax-Technology”-оор хийгдсэн памферс ийм байдаг ажээ.

Ийнхүү дэлхий даяар эцэг эхчүүд хүүхдэдээ памферс хэрэглэдэг болжээ. Жишээлбэл, ХБНГУ-д гэхэд ээж, аав нар нэг хүүхэд өсгөхөд дунджаар 6000 ширхэг памферс хэрэглэж, 800-гаас доошгүй евро зарцуулдаг байна (2).

Памферс хэрэглэхдээ

-       Хэмжээ нь хүүхдийн биенд тохирсон байх. Тоо нь нэмэгдэх тутам памферсын хэмжээ томроно.

-       Эрэгтэй, эмэгтэй хүүхдийн памферс ялгаатай байдгийг анзаарах. Эрэгтэй хүүхдийн памферсын гадна боодол голдуу хөх, цэнхэр өнгөтэй эсвэл “Boy” гэсэн бичигтэй, эмэгтэй хүүхдийн памферс ягаан өнгөтэй эсвэл “Girl” гэсэн тэмдэглэгээтэй байна. Сайн ажиглаваас памферсд бас эмзэг (sensitive), нярай (new baby), шөнийн (overnight) гэх мэт ялгаа бий.

-       Памферс хэрэглэхийн сөрөг үр дагаварыг нарийн судалж тогтоогоогүй тул түүнд шимтэн өдөр, шөнөгүй байнга хэрэглэхгүй байх. Шөнө унтуулах, аялал, айлчлалаар явах зэрэг зайлшгүй шаардлагатай үед хэрэглэх.

-       Хүүхдийг багаас нь (4-5 сартайгаас) тосоод шээлгээд сургачихдаг ардын арга байдгийг санахад илүүдэхгүй. (Хүүхдийнхээ нурууг гэдсээрээ тулж өвөр дээрээ цааш нь харуулж суулгаад хүүхдийн өвдөг, тахимыг хагас атган эрхий хуруугаараа хоёр өвдгийг нь имэрнэ) Ингэснээр хүүхдэд рефлекс маягийн зүйл тогтож, яваандаа өөрийгөө мэдэрч, хянаж сурна. Ээж аав нарт эдийн засгийн хувьд ч ач тустай.

Памферс цаг, зав хэмнэнэ, түүний ач тус их. Гэхдээ үүнийг хэр удаан, өөрөөр хэлбэл хэдэн нас хүртэл, хэр давтамжтай хэрэглэх вэ гэдэг асуултыг нээлттэй орхилоо. Ээж аав нар маань мэргэн ухаандаа болгоогоорой.

Ном зүй:

  1. http://www.thecutekid.com/parenting/pampers.php
  2. http://www.eltern.de/baby/pflege-und-ausstattung/zahl-der-woche-windeln.html

 

Н.Хорлоо