Бага насныханд эзэмшүүлэх үнэт зүйлс

2021.03.12

Өмнөх нийтлэлүүдэд үнэт зүйл гэж юу болох, боловсролыг үнэт зүйлд суурилан шинэчлэх шаардлага, улс орнууд хүүхэд, залуучууддаа ямар үнэт зүйлсийг эзэмшүүлэхийг чухалчилж байгааг мөн боловсролоор суралцагчдад олгох үнэт зүйлийг бид “Үнэт зүйл бол хувийн болон нийгмийн амьдралын бүхий л салбарт шийдвэр гаргахдаа баримталдаг итгэл үнэмшилд тулгуурласан хүнийг чиглүүлдэг зарчим юм” (Haste, H. 2018) гэсэн өнцгөөс авч үзэх нь зүйтэйг дурдсан билээ. Энд үнэт зүйлийг хүүхдэд хэдийнээс эзэмшүүлж болох, сургуулийн өмнөх насныханд ямар үнэт зүйлсийг чухал гэж үзэж байгааг авч үзье.

Хүүхдийг сургуульд элсэн суралцахаас өмнө, бүр балчир нас (3 хүртэлх)-нд ч хүүхдэд үнэт зүйлийн мэдрэмж, төсөөлөл олгож болохыг судлаачдын бүтээлээс харж болно. Жишээлбэл, Энэхүү ажлаараа балчир насныхны насанд хүрэгчдийн оролцоотой хамтдаа тоглосон тоглоомын жишээг задлан шинжилсний үндсэн дээр ёс суртахууны төсөөлөл нь хэрхэн хамтарсан тоглоомыг эхлүүлэх, явуулах боломж  олгодог, мөн насанд хүрэгчдийн оролцоог хэрхэн шинэчлэхийг  тогтоосон”  гэжээ (L.Li, A.Ridgway, G.Quiñones. 2020)

ЮНЕСКО болон Амьдралын үнэт зүйлс (Living Values) Боловсролын хөтөлбөр хамтран 2000 онд "Integrating Values in Early Childhood Programmes/Services" семинарыг  зохион байгуулсан. Олон улс орон, олон улсын байгууллага оролцсон энэхүү томоохон арга хэмжээнээс “Бага насны хүүхдэд үнэт зүйлийн боловсрол олгох үйл ажиллагааны хүрээ” (Framework for Action on Values Education in Early Childhood)-г гаргасан бөгөөд оролцогч байгууллага, улс орнууд дараах ойлголтыг бэхжүүлэхийн тулд үйл ажиллагааны хамтарсан тогтолцоонд ажиллахаар тохиролцсон байдаг (UNESCO. 2002).

  1. Бага насны хүүхдэд "уян хатан, бүтээлч, мэдээлэл солилцоо сайтай, дэмжлэг үзүүлэхүйц" сургалтын орчин хэрэгтэй.
  2. Бүтээлч, харилцааны чадвараа илэрхийлж чадахуйц үнэт зүйл дээр суурилсан хүүхдэд ээлтэй сургалтын орчин хүүхэд бүрд нөлөөтэй.
  3. Хүүхдийг бага наснаас нь хүн төрлөхтний үндсэн үнэт зүйлс бүхий орчноор хүрээлэх нь ач холбогдолтой.
  4. Бага насны хүүхдийн харилцаа, сэтгэл хөдлөл, эрдэм ном, оюун санааны илүү сайн хөгжлийг хангах үнэт зүйлд суурилсан арга замууд чухал.

 

Дээрх баримт бичгийн зорилгоор дараах асуудлуудыг тодорхойлсон байна.

  1. Гишүүн улсууд бага насны хүүхдийн үнэт зүйлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх талаар сурган хүмүүжүүлэгчид, гэр бүл, эцэг эхэд тодорхой үйл ажиллагааны удирдамж гаргах.
  2. Бага насны хүүхдийн бие бялдар, нийгэмшихүй-сэтгэл хөдлөл, оюун санааны ерөнхий хөгжилд хувь нэмэр оруулах үнэт зүйлд суурилсан орчныг бүрдүүлэх.
  3. Байгууллагууд болон хувь хүмүүст бага насны хүүхдийн хөтөлбөрт үнэт зүйлийг нэвтрүүлэх, уялдуулах, хэрэгжүүлэх арга замын талаар ярилцах, суралцах, илүү сайн ойлголцох боломжийг бий болгох.

 

Үнэт зүйлсийн боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн олон улсын байгууллага (Association for Living Values Education International)-аас 3-7 нас болон 8-14 насны хүүхдэд эзэмшүүлэх үнэт зүйлс, тэдгээрийн доторх агуулгыг хүүхдийн насны үечлэл бүрд ойлгомжтойгоор тодорхойлж, зурагт хуудас (poster) байдлаар гаргасан нь цэцэрлэг, сургуулийн багш нар, эцэг эхчүүдэд ихээхэн тустай юм. Тус байгууллагаас гаргасан 3-7 настнуудад эзэмшүүлэх үнэт зүйлстэй танилцана уу (Living Values Education. 2019) .

 

Үргэлжлэл бий.

Н.Норжхорлоо (Ph.D)

 

Ашигласан материал

1. Haste, H. (2018), Attitudes and Values and the OECD Learning Framework 2030: A critical review of definitions, concepts and data. OECD. https://www.oecd.org/education/2030- project/contact/Draft_Papers_supporting_the_OECD_Learning_Framework_2030.pdf.  

2. Liang Li, Avis Ridgway, Gloria Quiñones. (2020). Moral imagination: Creating affective values through toddlers' joint play. https://www.sciencedirect.com/science/article/abs/pii/S2210656120301069.

3. UNESCO (2002). Framework for action on values education in early childhood. Unesdoc. Digital library.  https://unesdoc.unesco.org/ark:/48223/pf0000128712\

4. Living Values Education. (2019) http://livingvalues.net/children-ages-3-7/