Умардаас гялалзах од: Финляндын боловсролын тогтолцоо

 

ТАЙЛБАР: Одоогоос дөч гаруй жилийн өмнө Европ тивийн хамгийн хоцрогдсон үндэстний нэг нь финчүүд байв. Тухайн үед Финлянд ой мод гэх мэт түүхий эдийн экспортоос хамаарсан хөдөө аж ахуйн орон байжээ. Харин өнөөдөр Финлянд мэдлэгийн эдийн засаг, технологиор Европт тэргүүлэгч 5 улсын нэг юм. Мөн энэ улс сүүлийн 10 гаруй жилийн турш дэлхий дахины өрсөлдөөний индексээр тэргүүлэгч орны эгнээнд тогтмол бичигджээ. Тэгвэл финчүүдийн үсрэнгүй хөгжлийн нууц юу байв?  

Финляндын хөгжлийн нэг нууц нь маргаангүй финчүүдийн боловсрол юм. 2012 онд Финлянд Пирсон фирмийн үнэлгээгээр дэлхийд хамгийн шилдэг боловсролтой орноор шалгарчээ. Ингээд энэ улсын боловсролын амжилт бусад хөгжингүй орнуудын хувьд бас нэг нууц болсон юм. Харин монголчуудын хувьд Финляндын боловсролын тогтолцоо бүр ч хачирхалтай байж магадгүй. Энэ нь 20-иод жилийн өмнө монголчууд хоцрогдолын үндэс хэмээн итгээд эвдэж орхисон ЗХУ-ын үеийн тогтолцоог тэр чигээр нь хуулсан мэт ажээ.   

Финчүүд бүх шатанд (СӨБ, бага, дунд, дээд боловсрол) үнэ төлбөргүй боловсрол эзэмшдэг байна. Хэдийгээр хувийн сургууль байгуулан ажиллуулах боломжтой боловч ийм сургууль сургалтын төлбөр авах ёсгүй ба хэрэгтэй бүх зардлыг улсаас олгоно. Энэ нь хэрэг дээрээ Финляндад хувийн сургууль байхгүй гэсэн үг юм. Финляндад бүх сургууль, түүний дотоор “хувийн” гэгдэх сургуулиуд улсаас тогтоосон нэгдмэл сургалтын хөтөлбөрийг баримтлах ёстой ба хөтөлбөрийг дураар өөрчилж үл болно.

Финляндад сургуульд элсэн орох нас 7-8 бөгөөд энэ наснаас өмнө сургуульд элсэхийг зөвшөөрдөггүй. Энэ улсад бага, дунд сургууль цугтаа байх бөгөөд бага, дунд шатны сургуулийг 9 жилийн бүрэн дунд сургууль гэнэ. Сурагчид анги дэвшихдээ сургалтын агуулгыг зохих түвшинд заавал эзэмших ёстой ба шаардлагатай гэж үзвэл анги дэвшилгүй улирч, хичээлээ дахин судалдаг байна.   

Сурагчид суурь боловсролын сургууль төгссөний дараа хоёр сургуулийн нэгийг сонгодог байна. Нэг нь ТМС буюу техник мэргэжлийн сургууль бөгөөд сурагчид ТМС-д 3 жил сурсны дараа ажлын талбарт гарах, эсвэл политехникийн дээд сургуульд элсэж, дээд боловсрол эзэмших бүрэн боломжтой. Нөгөө нь ерөнхий боловсролын ахлах сургууль бөгөөд энэ сургуулийг төгсөгчид их сургууль буюу политехникийн дээд сургуульд элсэх боломжтой юм. Фин сурагчид дунд сургууль дүүргээд ТМС-д элсэх үү, ЕБС-д элсэх үү гэдгээ сурлагын амжилт бус, харин сайн дурын үндсэн дээр шийднэ.

Финляндын их, дээд сургуулиуд төлбөргүй боловч янз бүрийн глобал рейнтингийн компаний үнэлгээгээр дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын эрэмбэ өөд өгссөөр байна. Өнөө үед тус улсын их сургуулиудаас дэлхийн шилдэг 100 их суруулийн тоонд орох болжээ. Финляндын их, дээд сургуулиуд өнөөгийн Финляндын шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн хүчирхэг хөдөлгүүр нэгэнт болсон байна.

Финляндын боловсролын тогтолцооны өнөөгийн хөгжлийн эх үндэс юу вэ? Фин судлаачдын хувьд тус улсын боловсролын хөгжлийн хамгийн чухал алхам нь 1970-аад онд эхэлсэн боловсролын нүсэр шинэчлэл юм. 1970-аад оноос өмнө Финляндын боловсролын тогтолцоо тус улсыг үсрэнгүй хөгжилд хөтлөх чадамжгүй байжээ.

Хуудаснууд