Сурлагын амжилтын төлөө: Канадын боловсролын тогтолцоо
Орон нутгийн сургуулийн зөвлөлүүдийг сонгодог байна. Тэд ажилтнуудыг ажилд авч, захирал ба ахлах ажилтнуудыг томилдог. Мөн зөвлөлүүд нь жил бүрийн төсвийг тогтоож, зарим хөтөлбөрийн талаар шийдвэр гаргадаг байна. Цаг хугацаа өнгөрөх тусам нэгдэх үйл явцаар дамжин дүүргүүдийн тоо цөөрч байгаа ажээ. Тухайлбал, Алберта түүхэндээ 5000-аас олон дүүрэгтэй байсан бол 20-р зууны төгсгөлд тэдгээрийн тоо 70-аас цөөн болсон байна. Канадад муж ба дүүргийн хооронд зохицуулах засаг захиргааны түвшин байхгүй бөгөөд мужийн хэмжээнд санаачлага гарвал муж ба дүүрэг нэг нэгэнтэйгээ шууд харьцдаг.
Канадад багш нар эвлэлдэн нэддэг бөгөөд хамтын хэлэлцээрийн нэгжүүд нь мужуудад харилцан адилгүй: зарим хэлэлцээр орон нутгийн түвшинд, зарим нь мужийн түвшинд, зарим нь холимог байна. Хэдийгээр гэрчилгээ олгох стандартыг уламжлал ёсоор мужууд тогтоодог боловч багшийн сургалтыг их сургууль дээр явуулдаг. 1989 онд Британы Колумб нь Британы Колумбын багшийн коллежид элсэлт, сургалтын чиглэл, багшийн мэргэжлийн хөгжлийг өөрөө мэдэж зохицуулах онцгой үүрэг хариуцлага оноосноор багш нар өөрийн удирдлагатай болсон анхны муж болжээ. 1996 онд Онтарио муж Британы Колумбын жишгээр дээхтэй ижил үйл ажиллагаа явуулах эрх бүхий Онтариогийн багшийн коллежийг байгуулав. Тус коллежийн удирдах зөвлөлийн 31 гишүүний 17 нь коллежоос сонгогдсон багш нар, 14 нь Онтариогийн Боловсролын сайдын томилсон хүмүүс байна. Аль аль тохиолдолд цалин хөлс гэх мэтийн уламжлалт асуудлууд хамтын хэлэлцээрийн асуудал болох бөгөөд энэ нь дээр дурдсан өөрийн удирдлагад хамаарахгүй юм.
Мөн Канадын тогтолцоо нь хэлний ялгаа, шашин шүтлэгт хүндэтгэлтэй хандах байдлыг мужийн хэмжээний боловсролын зорилтуудаар дамжуулан тэнцвэржүүлэх хүчин чармайлт гаргадагаараа олон улсад онцлог юм. Шашны хувьд 1867 оны Үндсэн хуулийн 93-р хэсэгт санхүүжилт ба багш нарыг нь мужаас хянадаг улсын санхүүжилттэй протестант, католик сургуульд хүүхдүүдээ явуулахад нь эцэг, эхийн эрхийг хамгаалахыг зорьжээ. Энэ бүтэц нь тэдгээр сургуулиуд ба сургуулийн зөвлөлүүд хувийн салбарт бус, харин төрийн сургуулийн тогтолцоонд харъяалагдаж, Боловсролын яамны хэсэгчилсэн хяналтад байдаг гэсэн үг юм. Тэдгээр сургуулийг Канадын баруун хэсэгт “тусгаар сургууль”, зүүн хэсэгт нь “тэрслүү сургууль” гэж нэрлэдэг. Эдгээр зохион байгуулалт яг ямар замаар хөгжсөн нь мужуудад ялгаатай: Алберта, Онтарио, Саскатчеван зэрэг зарим мужид тусгаар буюу эсэргүү сургуулиуд байдаг бол Манитоба, Британий Колумб гэх мэт зарим мужид хүүхдүүддээ католик буюу протестант боловсрол эзэмшүүлэхээр зорьж буй эцэг эхчүүд улсаас зарим нэг санхүүжилт авдаг хувийн сургуульд хүүхдүүдээ явуулах хэрэгтэй болдог.
Канадад эхэн үед зөрчил тэмцэл нь шашны шинжтэй байсан бол сүүлийн жилүүдэд хэл илүү их анхаарал татаж байна. Канадын хүний эрх ба эрх чөлөөний чартерын 23-р хэсэг нь цөөнхийн хэл (англи, франц)-ээр ярьдаг эцэг, эхийг хамгаалж, бага, дунд сургуульд эх хэлээрээ сурах эрхийг тэдний хүүхдүүдэд өгч, хэрэв хангалттай тооны иргэд хүсэх юм бол “цөөнхийн хэлний боловсролын дэд бүтэц” байгуулахыг зөвшөөрдөг ажээ. Энэ эрхийг эдлэхэд цөөнхийн хэлээр ярьдаг хэдэн сурагч шаардлагатай вэ гэдэг дээр зарим маргаан гардаг: Квибект энэ тоог зөвхөн нэгээр тооцон тайлбарладаг бол Нова Скотиад франц хэлт сургууль байгуулахад 50 сурагч хэтэрхий цөөн гэж үздэг. Зарим хүний хувьд “цөөнхийн хэлний боловсролын дэд бүтэц” гэдгийг сургуулийн хүрээнд тусдаа франц хэлт хөтөлбөр байна гэж хардаг бол зарим нь үүнийг тусдаа франц хэлний сургууль байгуулах шаардлага мөн гэж үздэг байна. Гэхдээ “цөөнхийн хэлний боловсролын дэд бүтэц” гэдэг нь чухам ямар утгатай болохыг шүүхээс тогтоож өгөх хэрэг гарсаар байна.
Канадад сурагчдыг АНУ-тай тун ижил арга хэрэглэн чадвараар нь ангилдаг байна. Бага сургуулийн насны хүүхдүүдийг чадвараар бүлэглэн янз бүрийн ангид хуваарилна. Дунд сургуулийн сурагчдыг тухайн үед тогтоосон чадварын түвшнийг нь үндэслэн хөтөлбөрүүдэд хуваарилна. Ихэнх ахлах сургууль ерөнхий, ахисан түвшний, мэргэжлийн, их сургуулийн элсэлтийн гэх мэт тусгайлсан хөтөлбөрүүдтэй ажээ. Сургалтын энэ практик өнөө үед доод түвшний хөтөлбөрт ангилагдсан сурагчдыг хангалттай шамдуулж сургадаггүй, зөвхөн тухайн үед ажиглагдсан чадвараар нь ангилж ялгадаг хэмээн шүүмжлэгдэж байна.
Дайны дараах үеийн Канадын боловсролын шинэчлэлийн товч түүх АНУ ба бусад аж үйлдвэржсэн ертөнцтэй их нийтлэг юм. 1950, 1960-аад онд эдийн засгийн их өсөлт нь сургууль боловсролын өсөн нэмэгдэж буй шаардлагатай хамтаар 1950-иас 1970-аад оны хооронд сургуульд зарцуулах санхүүжилтийг түргэн хугацаанд нэмэгдүүлэхэд хүргэжээ. Энэ үед сургууль байгуулах, багш нарын тоог нэмэгдүүлэхэд их хүчин чармайлт гаргасан байна. Багшийн эрэлт нэмэгдсэнээс багшийн цалин хөлс тухайн үед нэлээд нэмэгдсэн ажээ. Сургууль, багш нарт юу заах вэ гэдэг дээр илүү бие даасан байдлыг олгож, мужийн сайд нарын хянах үүргийг хязгаарлах буюу үгүй хийв. Үүнтэй зэрэгцэн мужууд сургуулийг санхүүжүүлэхэд илүү их үүрэг хариуцлага үүрэх болсон: 1950 онд орон нутаг сургуулийн зардлын 64 хувь, муж 36 хувийг гаргаж байсан бол 1970-аад онд энэ харьцаа ихээхэн өөрчлөгдөж муж 60 хувийг, орон нутаг 40 хувийг нь гаргах болжээ. 1997 он гэхэд 10 мужаас 8 нь сургуулийг санхүүжүүлэх бүрэн үүрэг хариуцлага үүрэх болжээ. Канадын боловсролын тогтолцооны бүтэц нь цомхон, жигд юм (Зураг 1).
1950-1960 оны дайны дараах өсөлт нь 1970-аад онд эдийн засагт хүндрэл учруулсан ба 20-р зууны сүүлийн 30 жилд Канад нь боловсролын үр өгөөжөө нэмэгдүүлэхийн зэрэгцээ зардлаа бууруулахыг зорих болжээ. Глобалчлагдаж, мэдлэгийн эдийн засаг бий болсноор сургууль боловсрол нь эдийн засгийн өрсөлдөөний асуудал болж ач холбогдол нь нэмэгдэв. Үр ашигт анхаардаг неолиберал үзэл боловсролын тогтолцоонд давамгайлснаар илүү олон сонголт бий болгох явдлыг, хувийн сургуулийг дэмжиж, төрийг илүү их хариуцлагатай болгох нь гол чухал болжээ.
1980-аад онд тэргүүлэх дөрвөн муж төвлөрсөн шалгалт, сургалтын хөтөлбөрийн төлөвлөлтийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлсэн бол тэдгээрийн зарим хүчин чармайлт нь сургуулийг сайжруулах “чангалах-суллах” философийн дагуу илүү төвлөрсөн үүрэг хариуцлагыг сургуулийн түвшний хяналттай хослуулан нэгтгэсэн байна. Канадад шалгалтын ач холбогдол Европын ихэнх тогтолцоотой харьцуулахад өндөр, харин АНУ-аас бага юм.
(Зураг: Канадын боловсролын тогтолцоо)
21-р зууны эхний арван жил нь 1980, 1990-ээд оны түрүү үеийн шинэчлэлийн онцлогийг давхар хадгалж, төвлөрсөн стандарт ба үнэлгээнд ач холбогдол өгсөн боловсролын цогц шинэчлэлийн үе байв. Гэхдээ шинэ шинэчлэл нь багш нарын чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн их чармайлтыг агуулжээ. Эхэн үеийн үнэлгээний стратеги нь боловсролын чанарт эргэлзэх эргэлзээ ба ерөнхийдөө засгийн газарт илүү үл итгэх хандлагаас урган гарсан бол шинэ стратеги нь энэ үл итгэлцэлийг үндсэн бэрхшээл болгон харж, шинэчлэлийг үргэлжлүүлэн явуулах илүү нөөц бололцоог бий болгохуйц өндөр түвшний итгэлцэлд чиглэсэн шинэчлэлийн шилдэг давтамж бий болгохоор зорьж байна. Энэ стратегийг Онтариогийн жишээн дээр нарийвчлан өгүүлэх болно. Гэхдээ бид эхлээд Канадын амжилтын цаадах хүчин зүйл, ялангуяа цагаачдын хүүхдүүдэд амжилттай боловсрол олгож байгаа талаар авч үзнэ.