Умардаас гялалзах од: Финляндын боловсролын тогтолцоо

Товчоор хэлбэл, тухайн үеийн Финляндын боловсролын нөхцөл байдал зарим талаар өнөөгийн Монголтой нэлээд төстэй байв. Боловсрол нийгмийг бүхэлд нь боловсруулан хөгжүүлэх цогц тогтолцоо бус, харин хувийн сургуулиуд буюу гимназуудад голдуу түшсэн эрэмдэг тогтолцоо байжээ. Энэ үед ахлах сургуулиудын гуравны хоёр нь хувийн эзэмшилд байсан гэдэг. Улсын хэмжээнд сургалтын хөтөлбөрийн цэгцтэй бодлого ч гэж байсангүй. Энэ бүхний үр дагавар боловсрол нийгмийн зарим бүлэг буюу мөнгөтэй хүмүүст үйлчилж байснаар илэрчээ. Улмаар энэ тогтолцоо фин хүн бүр боловсролтой болж, улс нь хөгжихөд саад болж байв.

Ингээд Финлянд улс ард түмнээ боловсролын тэгш боломжоор хангах, үүнд зориулж багш боловсрол,  сургалтын хөтөлбөрөө үндсээр нь шинэчлэхэд чиглэсэн бодлогод эрс шийдвэртэй шилжин орсон юм. Энэ нь юуны өмнө замбараагүй олон хувийн дунд сургуулиудыг татан буулгаж, улсын сургуульд нэгтгэх арга хэмжээгээр эхэлсэн байна. Шинэчлэлийн эрс, цогц бодлогын үр дүнд финчүүд баян, ядуу, эсвэл нийгмийн гаралаас үл хамааран бүх нийтээрээ боловсролын бүх түвшинд тэгш боломжоор хангагдаж, нийтээрээ чанартай боловсрол эзэмшсэн ба энэ нь мэдлэгийн эдийн засгийн хөгжлийн тулгуур болсон юм.

Гэхдээ финляндын судлаачид тус улсын боловсролын амжилт нь боловсролын бодлогод финчүүдийн соёлын хүчин зүйлийг харгалзаж байсантай их холбоотой гэж үзэж байна. Финляндын эрдэмтэн Сахлбергийн онцолсноор “баруун талаараа аварга хаант улс (Швед), зүүн талаараа бүр ч том эзэнт гүрэн (Орос)-ий хооронд шахагдсан” финчүүд үндэстний сонирхолыг тэргүүнд тавьж, харин боловсролын бодлогоо аль нэг үзэлд сохроор шүтсэн улс төрийн золиос болгоогүйн ач тус ажээ.

 

ОРШИЛ

2001 онд анхны PISA үнэлгээний үр дүнг мэдээлснээс хойш Финлянд олон улсад боловсролын гол манлайлагч улс гэгдэх болжээ. Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд тус улс PISA-ийн бүх үнэлгээнд хамгийн тэргүүний эгнээнд тогтмол эрэмблэгдэж ирэв. Ялангуяа сургуулиуд нь гайхалтай жигд амжилт үзүүлсэн нь тус улсын гүйцэтгэлийн талаар цохон тэмдэглэх зүйл болж байна. Сургуулиудын хооронд амжилтын ялгаа маш өчүүхэн ийм орон Финляндаас өөр байхгүй билээ. Мөн нэг сургуульд хамгийн дээгүүр ба доогуур амжилт гаргаж буй сурагчдын ялгаа гайхалтай бага ажээ. Ажваас фин сургуулиуд гэр бүлийн байдал, нийгэм-эдийн засгийн байр сууриас нь үл хамааран бүх сурагчдад сайн хүрч үйлчилдэг ажээ. Эдгээр шалтгааны улмаас фин сургуулиуд нэг төрлийн жуулчдын зорьдог газар болж хувирчээ. Жил бүр зуу зуун сурган хүмүүжүүлэгч, бодлого боловсруулагч нар финчүүдийн амжилтын нууцаас суралцахаар Хелсинки рүү аялдаг байна.

2000 оноос өмнө Финлянд нь дэлхийн хамгийн шилдэг боловсролын тогтолцооны талаар өгүүлэх хэн нэгний жагсаалтад ховорхон харагддаг байв. Зарим талаар үүнийг Финлянд олон улсын унших, бичих чадварын үнэлгээнд үргэлж сайн амжилт үзүүлдэг, харин 1962-1999 оны хооронд явуулсан математик, шинжлэх ухааны олон улсын таван өөр үнэлгээнд хэзээ ч дундажаас дээш гарч байгаагүй гэдэгтэй нь холбон тайлбарладаг. Гэвч энэ үл анзаарагдам байдал нь Финлянд сүүлийн дөч гаруй жилийн хугацаанд аажим, тогтвортой ахиц дэвшил гарган боловсролоо шинэчилж, сайжруулж байсантай холбоотой ажээ. Тус улсын өнөөгийн амжилт нь ямар нэг удирдагч буюу улс төрийн намын явуулсан огцом шинэчлэлийн үр дүн гэхээс илүү тогтвортой үйл явцаас шалтгаалсан байна.