Умардаас гялалзах од: Финляндын боловсролын тогтолцоо

 

 

Ахицыг үнэлэх нь                                              

Тогтсон хугацаанд түүвэр авч явуулдаг Боловсролын үндэсний зөвлөлийн үнэлгээнээс өөрөөр сургуулиудын гүйцэтгэлийг хянадаг үндэсний механизм байдаггүй байна. Үндэсний үнэлгээний зөвлөл бий боловч энэ нь сургуулиудын гүйцэтгэлээс илүүтэйгээр үндэсний бодлогыг үнэлэхэд анхаардаг ажээ. Сурагчид ахлах сургууль дүүргэх үед Үндэсний элсэлтийн шалгалт өгдөг байна. Гэвч үүгээр сургуулийн чанарыг үнэлэх бус, харин сурагчийн мэдлэгийг үнэлсэн гэрчилгээ олгодог ажээ. Иймд “Жил бүр хөндлөнгийн үнэлгээ авч, гаднаас хяналт тавихгүйгээр бүх сургуулийн бүх сурагчдад чанартай боловсрол хэрхэн баталгаатай эзэмшүүлж байна вэ?” гэх асуултыг Финий бодлого гаргачдаас хамгийн олон асуудаг байж болох юм. Илүү жигд үр дүн гаргахын тулд хөндлөнгийн хариуцлагын тогтолцоонд хүч хаяж анхаардаг АНУ, Их Британи гэх мэт улсын зочдын зүгээс энэхүү асуултыг ихээр тавьдаг ажээ. Хэдийгээр тэд ийнхүү хөндлөнгийн үнэлгээнд ихээр анхаардаг боловч Финий тогтолцоотой харьцуулахад илүү үр дүнтэй байж чаддаггүй байна.

Чанарын баталгааны тухай дээрх асуултад хариулах тодорхой, ганц хариулт энд алга. Сургууль хооронд болон дотроо маш бага ялгаатайгаар өндөр амжилт гаргаж буй фин сургуулийн чадавхи нь энэ бүлэгт өгүүлэн буй соёл, боловсролын хүчин зүйлсийн хамтын нөлөөллийн үр дүн юм. Аалтио захирлын дурдсан нэг хүчин зүйл нь Финляндад сурагчийн үнэлгээг үлэмж чухалчилдаг явдал юм. Финчүүд хариуцлагын зорилгоор сургуулийг үнэлдэггүй боловч ангийн түвшинд оношлох буюу форматив үнэлгээг үлэмж их явуулдаг байна. Тухайн ангийн сурагчид сайн сурч байгаа гэдгийг хэрхэн мэддэг вэ гэж Аалтио захиралаас асуухад үнэлгээний мэдээлэл түүнд хүссэн хэмжээгээр бий, иймд багш өөрийн сурагчдад зааж чадаагүй эсэхийг мэдэхгүй гэх явдалгүй гэж тэрээр хариулсан юм. Тэрээр мөн түүний сургуульд эцэг, эхчүүд хүүхдүүд нь ахиц гаргаж буй эсэхийг хянадаг бөгөөд хэрэв асуудал гарвал тэд түүнд анхааруулдаг гэж хэлсэн юм. Дээр өгүүлсэнчлэн, ангийн хэмжээнд болон хувь сурагчид бэрхшээл тулгарсан эсэхийг мэдэхийн тулд асрах бүлэг сард хоёр удаа уулзалт зохион байгуулдаг ажээ.

 

Хариуцлагын шугам 

Финляндын тогтолцоонд хариуцлага доороос дээш чиглэлтэй ажээ. Багш кандидатуудыг ёс суртахуун, хүмүүнлэг ёс болон иргэн, үр ашгийн төлөө дэвшүүлсэн Финляндын нийтийн боловсролын эрхэм зорилгын талаар өөрийн итгэл үнэмшлийг хэр зэрэг ойлгуулан харуулж чадаж байна вэ гэдгийг тодорхой хэмжээнд харгалзан сонгодог байна. Финляндын багш бэлтгэх сургалт нь ирээдүйн багш нарт өөрийн халамжилж буй бүх сурагчийн суралцахуй ба сайн сайхны өмнө бие даан хариуцлага хүлээх гүнзгий мэдрэмж, ухамсар суулгахад чиглэсэн ажээ.

Хариуцлагын дараагийн түвшин нь сургууль болно. Энэ түвшинд орон нутаг сургуульд хэр зэрэг итгэж байна вэ гэдэг нь чухлаар тавигддаг байна. Орон нутгийн итгэл нь сурагч бүрийн амжилтын төлөөх хамтын хариуцлагын хүчирхэг мэдрэмж үүсгэж буй шалтгаан болж харагддаг. Финляндын дунд сургуулиуд орон нутгийн эрх баригчдын өмнө үр дүнгээ илтгэдэг байна.

Орон нутгийн эрх баригчид сургуулиудад тавих хяналтын чанар, хэмжээгээр хоорондоо ихээхэн ялгаатай ажээ. Орон нутгийн захиргаа 6-7 жилийн гэрээгээр сургуулийн захиралыг ажилд авах ажлыг хариуцдаг байна. Гэхдээ багш нар сурагчдынхаа ахицыг өөрсдөө хариуцан үнэлдэгийн адил сургуулийн өдөр тутмын ажлыг сургуулийн мэргэжилтнүүд хариуцаж хийнэ.

Сургуулиуд нь ихээхэн бие даасан байдалтай гэдгээс үзвэл Финляндын тогтолцоонд захиралуудыг багштай адилаар өндөр түвшинд сургаж, ажиллуулахад анхаардаг байх гэж бодмоор. Гэвч энэ талаар хэлэх зүйл бага байна. Финляндын PISA үнэлгээний үр дүнгийн шинжилгээний ахлах судлаач, Живаскила их сургуулийн профессор Жоуни Валижарвийн үзэж буйгаар бусад олон орны адилаар Финляндад захиралын үүрэг өөрчлөгдөж байгаа, гэвч Финляндын багш нар мэргэжлийн үлэмж эрх чөлөө эдэлдэг нь зарим онцгой сорилтыг бий болгож байгаа ажээ. Тэр ингэж хэлсэн юм:

“Түүхээс харвал Финляндад захирал нь зүгээр л нэг ахлах багш, өөрөөр хэлбэл багш нарыг нийгэмд төлөөлөх үүрэг нэмж хүлээсэн багшлах боловсрон хүчний нэг гишүүн байж ирсэн. Харин сургууль илүү төвлөрсөн бус төсөвтэй болох тусам энэ ажил илүү их мэдлэг, чадвар шаардаж байгаа юм. Одоо захиралууд сурагчдаа асарч, сайн сайхан байлгах хариуцлагаас гадна санхүүгийн хариуцлага нэмж үүрч байна.

Финляндын багш нар өндөр боловсролтой, ангиа бүрэн хянаж дадсан учраас захирал өөрийн сургуульд заалтын чанар ямар буйг хянахаар ангиудаа идвэхтэй эргэж тойрдог уламжлал бидэнд байхгүй. Үнэндээ сургуулийн хэмжээ жижиг тул ихэнх захирал долоо хоногт наад зах нь хэдэн цагийн хичээл өөрөө заадаг, иймд тэдний үүрэг холимог юм. Үүнийг ойлгоход түвэгтэй, заримдаа шаардлага нь зөрчилддөг.”

Зарим их сургууль, түүний дотор Валижарви их сургууль одоо захиралуудад зориулсан мэргэжлийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ажээ. Гэхдээ үүнийг Финляндад гол асуудал буюу хэрэгцээ гэж харахгүй байгаа бололтой.

 

ФИНИЙ БОЛОВСРОЛЫН ИРЭЭДҮЙН СОРИЛТ

Өндөр амжилт гаргаж буй өнөөгийн бодлого, практикууд хурдтай хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн ертөнцөд түүнийгээ хадгалах уу, үгүй юу гэдэг нь өндөр амжилт үзүүлж буй тогтолцоонуудын өмнө тавигдсан нэг том асуулт болжээ. Финляндын хувьд энэ асуулт онцгойлон сонирхол татаж байна. Өнөөгийн Финляндын амжилтыг бий болгосон гэж ихэнх ажигдагчдын итгэдэг томоохон бодлогын шилжилт нь 40 жилийн өмнө тохиожээ. Финлянд нь өндөр амжилт үзүүлж буй бусад олон улс оронтой адилгүй юм. Финляндын шинэчлэлүүд хэдэн арван жилийн хугацаанд аажмаар, болгоомжтой явагдаж, засгийн газрууд нь олон удаа солигдовч өргөн хүрээний, тогтвортой улс төрийн дэмжлэг хүлээж ирсэн ба тэдгээр нь соёлын хүчин зүйлстэй нягт уялдсанаар сургуулиудын өдөр тутмын амьдралын хэв маяг нь бат бөх институтчлэгджээ. Тэдгээр шинэчлэл аль нэг засгийн газар, эсвэл хэн нэг улс төрийн удирдагчийн зоригтой шинэ бодлого буюу томоохон программын санаачлагын үр дүн биш байсан юм.

Энэхүү түүхэн бөгөөд хөгжлийн замд Финляндын боловсролын тогтолцоо ирээдүйд ямар сорилттой тулгарч магадгүй вэ? Энд юуны түрүүнд улам нэмэгдэж буй цагаачдын хүүхдүүдийг сургуульд амжилттай хамруулан сургах сорилт тулгарч байгаа юм.  Финляндын хувьд энэ нь онцгой зүйл биш ажээ. Энэ нь Европын олон үндэстний өмнө тулгарсан асуудал бөгөөд зарим нь асуудлыг бусдаасаа илүү амжилттай шийдэж байна. Хэдийгээр цагаачдын хүүхдүүд Финляндын сурагчдын 3 хувийг эзлэх боловч энэ хувь өсч байна. Дээр өгүүлсэнчлэн Хелсинкийн зарим сургуульд сурагчдын бараг тэн хагас нь цагаач сурагч болжээ. Өнөөг хүртэл Финлянд улс цагаачдын хүүхдүүдэд эх хэлээрээ үргэлжлэн боловсрол эзэмших сонголтыг олгох, бүх цагаач хүүхдүүдэд эх хэлийг нь зааж сургах үүрэг хариуцлага үүрч байна. Гэвч Жоуни Валижарвийн ажиглаж бугаар энэ практик цаашид улам бүр асуудал болж байна. Тэрээр ингэж өгүүллээ:

“Цагаачдын хүүхдүүд өөрийн хэлээр суралцахад ач холбогдол өгч ирсэн уламжлал бидэнд бий. Бид Шведийн нэг хэсэг байхдаа фин хэлээр сурах эрх хүсдэг байсан өөрийн түүхийг санадаг. Энэ шалтгаанаар бид үүнийг хийж ирсэн. Түүгээр зогсохгүй манай хүн амын зөвхөн 5 хувь нь швед хэлээр ярьдаг боловч тэд бидэнтэй адил өөрийн хэлээр сурах ижил эрхтэй болсон. Гэвч таны хувьд хэлний тоо улам олшрох үед өөрийн хэлээр сурах эрхийг дээрх шиг үргэлжлүүлэн олгоод байх боломжгүй байж магадгүй шүү дээ. Иймд Финий нийгэмд амьдрахын тулд эх хэлээ хадгалах явдлыг фин хэл сурахтай хэрхэн тэнцвэржүүлэх вэ гэсэн илүү том асуулт гарч байна. Шинээр ирэгсэдийг Шведийн нийгэмлэгт нэгдэх ёстой хэмээн шведүүд өөрийхөөрөө зүтгэж буйд бид шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэхдээ бүх цагаач хүүхдэд тэдний хэлээр зааж сургах багш олоход их хэмжээний зардал болон бэрхшээл тулгарч байгаа учраас бид энэ чиглэлийг баримтлахад хүрч байна.”

Финляндын ирээдүйн талаар асууж магадгүй хоёр дахь асуулт нь тус тогтолцоо сургууль төгсөгчдийн хамгийн чадварлаг хэсгээс багш нарыг сонгож ирсэн өөрийн чадавхид асар ихээр найддагтай нь холбоотой юм. Багшийн ажилд фин залуус татагдахаа байж мэдэх тийм нөхцөл үүснэ гэж төсөөлж болох уу? Ажил мэргэжлүүдийн хувьд нийгэмд эзлэх байр суурь нь унаж, дээшлэх давтамж байдаг билээ. Дараах тохиолдлыг бодож үзье. Зарим ажиглагчдын түгшиж байгаагаар Финляндад боловсролыг илүү төвлөрсөн удирдлагатай болгох тал руу жингийн туухай хазайж эхэлжээ. Хэрэв бусад орнууд PISA үнэлгээнд Финляндыг орхиж эхэлбэл Финляндын боловсролыг хүчтэй гараар удирдан чиглүүлэх арга хэмжээ авахыг яамнаасаа шаардах болов уу? Хэрэв ийм явдал тохиолдвол залуус багшийн ажилд үргэлжлэн татагдсаар байх уу?

Гуравдахь асуулт нь ахлах ангийн түвшинд ерөнхий ба техник мэргэжлийн боловсролын хооронд буй ялгаатай холбоотой юм. Ахлах дунд боловсролыг хооронд нь зааглахыг дэмжих нийгмийн зөвшилцөл хүчтэй байгаа харагдавч хүндэтгэл хүлээсэн, арвин туршлагатай боловсролын түшмэл асан нэгэн ерөнхий суурь боловсролын сургуулийн захиралыг хэзээ нэг өдөр ахлах дунд боловсролын түвшинд ажиллуулж болох уу гэдгийг асууж байна.

Жоуни Валижарвийн өгүүлснээр сүүлийн үед фин сурагчид суурь боловсролын сургууль төгссөний дараа техник мэргэжлийн ахлах сургуульд элсэн орох явдал нэмэгдэх болсноос үүдэн ерөнхий боловсролын ахлах сургуулийн сурагчдын тоо цөөрөх хандлагатай болжээ. Хэрэв байдал хэвээр үргэлжилвэл ахлах сургуулиуд сурагчаа алдаж, улмаар олон тооны ерөнхий боловсролын ахлах сургуулийг татан буулгах аюул нүүрлэх юм.   

Өнөөгийн боловсролын бодлого сурагчдад илүү өргөн хүрээний, уян хатан сурах сонголт бий болгохын тулд ахлах боловсролын хоёр хэв шинж хоорондын хамтын ажиллагааг хүчтэй дэмжиж байна. Жоуни Валижарвийн итгэж буйгаар залуусын дунд техник мэргэжлийн боловсролын нэр хүнд өсөж байгаа нь орон нутгийн түвшинд хоёр төрлийн сургууль хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх шахалт шаардлагыг үүсгэх төлөвтэй байна.