Умардаас гялалзах од: Финляндын боловсролын тогтолцоо
ФИНЛЯНДААС АВАХ СУРГАМЖ
Финлянд улсын цомхон хэмжээ, соёлын харьцангуй нэгдмэл байдал, эдийн засгийн хүчин чадал (ойрын жилүүдэд олсон)-ын ил харагдах бүхий л давуу талыг авч үзэхдээ дараах хоёр баримтыг эргэн санах нь чухал юм. 1970-аад онд насанд хүрсэн финчүүдийн зөвхөн 30 хувь нь ахлах дунд сургууль дүүргэж байжээ. Мөн 1993 онд тус улс эдийн засгийн хувьд нурж унахад ойрхон байв. Харин Финлянд боловсролын амжилтаар тэргүүлэх эгнээнд дэвшсэн нь содон үйл явдал байсан юм. Энэ нь удаан хугацааны туршид ул суурьтай, бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн, тогтвортой цогц бодлого шийдвэрийн үр дүн байв. Үүнийг тус орны боловсролд нөлөөлсөн өвөрмөгц соёл, түүхийн хүчин зүйлтэй нь адил хэмжээнд авч үзэж болох юм.
Боловсрол ба хүүхдийн төлөө үүрэг хариуцлага
Боловсрол ба хүүхдийн сайн сайхны төлөө үүрэг хариуцлага хүлээх нь Финляндын соёлд гүнзгий үндэстэй бөгөөд тус улсад суурь боловсролын цогц сургуулийн төлөөх хөдөлгөөн өрнөх хөрс суурь болжээ. Финляндын шинэчлэлийн түүхэнд анхаарал татсан нэг зүйл нь хүүхдүүд нийтлэг цогц сургуулийн тогтолцоонд хамтдаа боловсрол эзэмших ёстой гэсэн улс төрийн зөвшилцөл нь засгийн газар удаа дараа солигдсон 50 жилийн туршид ч хэвээр хадгалагдсан явдал юм.
Бүх нийтийн өндөр амжилт ба соёлын дэмжлэг
Суурь боловсролын цогц сургууль байгуулсны цаана бүх хүүхдээс өндөр түвшний сурлагын амжилт хүлээнэ, гэр бүлийн байдал ба орон нутгийн онцлог хүүхдийн өмнө нээлттэй боловсролын боломжийг хязгаарлах ёсгүй гэсэн суурь итгэл үнэмшил оршиж байв. Гэвч финчүүд “сурлагын өндөр амжилт” гэдгийг хоёр, гурван хичээлийн стандарт шалгалтын гүйцэтгэлээр бус, харин илүү ач холбогдолтой өргөн хүрээнд тодорхойлжээ. Финчүүд бүх сурагч, тэдний дотор ахлах дунд боловсролын түвшинд техник мэргэжлийн боловсролын зам сонгож буй сурагчдад өргөн хүрээний, баялаг сургалтын хөтөлбөр санал болгодог хэмээн өөрөөрөө бахархадаг байна.
Багш, захиралын чанар
Олон оронд чанартай багшлах боловсон хүчин бэлдэж, ажлын байранд нь тогтоохын ач холбогдлыг ярьдаг боловч амьдрал дээр биелэлээ олдоггүй билээ. Харин Финлянд зэрэг цөөн улс энэ зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байна. Финлянд улс багш болоход мэргэжлийн өндөр босго тогтоож, багшид илүү бие даасан байдал, сурагчдаа хянах эрх олгож, ажиллах нөхцөлийг нь сайжруулснаар багш нь залуу финчүүдийн хамгийн их хүсдэг ганц мэргэжил болжээ. Үүний үр дүнд багш нь Финляндад маш их өрсөлдөөнийг дамжин эзэмшдэг ажил мэргэжил болж, өндөр ур чадвартай багш нар улс орны өнцөг булан бүрт ажиллах болов. Багшлах боловсон хүчний чанар нь Финий сургуулиудын өндөр түвшний жигд сурлагын амжилтын гол хүчин зүйл байх магадлалтай юм.
Саяхныг хүртэл Финлянд нь захиралыг ажилд авч, сургаж, тасралтгүй хөгжүүлэхэд дээрхтэй ижил хэмжээнд анхаарал хандуулдаггүй байсан мэт харагддаг. Гэвч Финий сургуулиуд чадварлаг удирдлагагүйгээр, ялангуяа тэд бие даасан эрх эдэлж буй өнөөгийн нөхцөлд энэ өндөр амжилтыг үзүүлсэн гэж итгэхэд бэрх ажээ.
Хариуцлага
Финляндад хариуцлага чухал гэдэг нь тодорхой юм. Гэвч энэ нь бараг бүхэлдээ мэргэжлийн хариуцлагын загвар ажээ. Хариуцлагын хамгийн хүчтэй илрэл Финий сургуулиуд сурах бэрхшээлтэй сурагчдын төлөө хамтын хариуцлага хүлээх хэр зэрэг зохион байгуулалттай вэ гэдгээс нь харагддаг. Фин багш нарыг бэрхшээлтэй хүүхдүүдийг таниж, тэдгээр хүүхдүүд няцах, ангийн сурагчдаасаа сурлагаар хоцрохоос сэргийлэн арга хэмжээ авахад сургадаг байна. Сургууль бүр тусгайлан сургасан мэргэжилтэн буюу тусгай багштай байдаг нь сурагчийг дэмжихэд энгийн ангийн багшид илүү хялбар, бэрхшээлтэй тулгарсан сурагчийг анзааралгүй орхих явдал хамаагүй бага гэсэн үг юм. Финляндын сургуулиуд хэмжээгээр жижиг байдаг нь сурагч асрах бүлэг өөрт буй нөөц бололцоог шуурхай зохион байгуулдагтай адил энд чухал хүчин зүйл юм. Дахин өгүүлэхэд дээрх элментүүд Финляндад дээгүүр, доогуур сурлагын амжилт үзүүлж буй сургуулиуд, сурагчдын хоорондын ялгаа бусад бүх үндэстэнтэй харьцуулахад яагаад бага байдгийг тайлбарлахад дөхөм болж байна.
Хэр их мөнгө зарцуулдаг вэ?
Финлянд нь OECD-ийн орнууд дундаа сургуульд хамгийн их хөрөнгө зарцуулдаг улс биш юм. Иймд мөнгө Финляндын амжилтыг тайлбарлах чухал хүчин зүйл биш ажээ. Багшийн цалингийн хэмжээ нь Европын орнуудын дундаж түвшинд байна. Сургуулиуд нь хэмжээгээр жижиг. Гэхдээ тэдний удирдлагын тогтмол зардал ч хамгийн бага хэмжээнд байх ажээ. Түүгээр зогсохгүй том сургуулиудад захирал нь өөрөө хичээл заах хэрэгтэй бөгөөд сургуулийн нөөц бололцоог анги танхимын сургалт руу ихээр төвлөрүүлдэг байна. Тусгай боловсрол шаардлагатай сурагчдыг аль болох энгийн ангид сургадаг тул тусгай боловсролд зарцуулах зардал нь тэдгээр сурагчдыг тусгаарлан сургахад үлэмж анхаардаг улсуудаас хамаагүй доогуур ажээ.
Заалтын практик
Гучин жилийн өмнө багш бэлтгэх сургалтыг их сургуульд шилжүүлэх, сургалтын шаардлагыг дээшлүүлж, хугацааг нь уртасгах шийдвэр гаргасан нь суурь боловсролын цогц сургуульд чадвар, арга барилын хувьд янз бүр суралцагчдын хэрэгцээг хангахад оршиж байв. Дээр өгүүлсэнчлэн энэхүү сорилтын нэг хэсэг нь сурах бэрхшээлийг оношилж, цаг алдалгүй арга хэмжээ авахад багш нарыг сургах байв. Гэхдээ, ялангуяа 1989 онд сурагчдыг чадвараар нь ялгах тогтолцоог бүрэн халсны дараа гарч ирсэн илүү том сорилт нь чадвар, арга барилын хувьд янз бүр нэг ангид заалтаа хангалттай хэмжээнд хувилбаржуулахад багш нарт туслах байсан юм. Финий багш боловсролын хөтөлбөрүүд нь багшийн дээрх чадваруудыг хөгжүүлэх, ялангуяа их сургуулийн загвар сургуульд мастер багшийн удирдлага дор өргөтгөсөн дадлагаар дамжуулан хөгжүүлэхэд анхаарлаа чиглүүлдэг байна.
Сургуулийн зохион байгуулалт
Мэдээж хэрэг энэ нь өнгөрсөн хэдэн арван жилийн хугацаанд Финляндын шинэчлэлийн агендаг чиглүүлж буй үндсэн санаа байсан юм. Үндсэндээ бүх ажиглагч, Финий бодлого гаргагчдын үзэж буйгаар 1917 онд Финлянд тусгаар тогтнолоо олж авснаас хойш боловсролын талаар гаргасан бодлогын хамгийн чухал ганц шийдвэр нь нийгмийн бүх анги давхаргын сурагчдад үйлчлэх нийтлэг, чадвараар нь ялгадаггүй, нэгдмэл сургуулийн тогтолцоог бий болгох байсан юм.
Өнгөрсөн арван жилийн хугацаанд олон улсад боловсролын манлайлагчийн байр сууринд хүрч очсон Финляндын гайхалтай ахиц дэвшилд хавсран нөлөөлсөн бусад бүх бодлого шийдвэр нь дээрх суурь шийдвэрээс урган гарсан ажээ. Суурь боловсролын цогц сургуулийн тогтолцоо бий болгосон нь дангаараа ахиц дэвшлийн баталгаа биш байсан гэдэг нь тодорхой билээ. Харин фин сурагчид гайхалтай өндөр, жигд амжилт гаргахад нөлөөлсөн бас нэг хүчин зүйл нь шинэ бүтцийг хэрэгжүүлэх тогтвортой, ихээхэн бодож боловсруулсан арга зам ажээ. Ялангуяа суурь боловсролын цогц сургууль суурилж буй үнэт зүйлийн төлөө хариуцлага хүлээсэн, энэ сургуулийн хоорондоо ялгаатай суралцагчдын хэрэгцээнд нийцэх чадвартай багшлах боловсон хүчнийг элсүүлэн авч, хөгжүүлэхэд хөрөнгө оруулсан явлыг цохон тэмдэглэх хэрэгтэй юм.
Шинэчлэлийн үр дүн эдийн засгийн хөгжилд
Финляндын тухай олон талаар хамгийн онцгой, сэтгэл хөдөлгөм зүйл нь түүний боловсролын тогтолцоо эдийн засаг, нийгмийн бүтэцтэйгээ нягт зохицон хөгжиж ирсэнд байгаа юм. Дээр өгүүлсэнчлэн Финляндын боловсролын шинэчлэлийн хөгжлийн түүхийг 1960, 1970-аад оны төрийн халамжийн хөгжил ба сүүлийн хорин жилд хөгжсөн өндөр технологи, мэдлэгт суурилсан эдийн засагтай нь холбон авч үзэхгүйгээр ярих аргагүй. Тус илтгэлийн эхний бүлэгт Финлянд нь боловсролын хэмжүүрээр дээд үзүүлэлтүүдийг хангасан гэдгийг өгүүлсэн билээ. Инноваци ба судалгаа, хөгжилд оруулах тасралтгүй хөрөнгө оруулалт нь тус улсын эдийн засгийг чиглүүлэн авч явдаг. Фин багш нарыг ахлах дунд сургууль төгсөгчдийн шилэг дөрөвний нэгээс шилж авна. Багш нар нь мэргэжлийн өндөр мэдлэгтэй ажилчин бөгөөд нийгэмд энэ хэрээр байр суурь эзлэх ажээ. Хяналтын албыг татан буулгасан ба хөндлөнгийн үнэлгээ байдаггүй гэдгээс үзвэл хариуцлага нь бараг бүхэлдээ мэргэжлийн хүрээнд байх ажээ. Финляндын сургалтын хөтөлбөрийн аргазүй, заалтын удирдамж нь асуулт, эрэл хайгуулд суурилсан суралцахуйн аргыг дэмжих зориулалттай билээ.
Мэдлэгийн эдийн засгийн зан үйлд сургах нь
Фин сургуулиуд залуу хүмүүст шинийг санаачлагчдад байдаг дараах оюуны чанар, зуршлыг суулгахаар ажилладаг байна: бүтээлч сэтгэлгээ, хөрвөх чадвар, санаачлага, эрсдлээс үл эмээх чанар, шинэ нөхцөлд мэдлэгээ ашиглах чадвар. Зарим шүүмжлэгч Финляндын PISA үнэлгээн дэх тогтмол өндөр гүйцэтгэлийг ямар нэг байдлаар PISA үнэлгээний шалгуурын дагуу заах сургах явдал болон Финий боловсролын тогтолцооны үнэт зүйлс, зорилгууд хоорондоо зохицож буйтай холбон үздэг. Зарим талаар энэ нь үнэн юм. Гэвч үүнийг Финий тогтолцооны талаарх шүүмжлэл гэхэд хэцүү ажээ. Финчүүд хөгжил, дэвшлийг нь үргэлжлүүлэн чиглүүлж авч явах инноваци ба шинэ бизнес бүхий эдийн засагт зориулан хүмүүсээ бэлдэж буйд огт харамсахгүй байна.
Орчуулсан эх сурвалжийн тухай: http://gashuun.mn/84