Үнэт зүйлээ хадгалах нь: Японы боловсролын тогтолцоо

 

Энэ орчинд хувь хүн нь бүлгийн үнэлдэг тэр зүйлийг хийснээр өөрийн үнэт зүйлийг олж авна: хэрэв хэн нэгний үйл хөдлөл хамтын эв зохицолд аюул учруулахаар бол түүнд оноох хамтын шийтгэл нь маш өргөн хүрээнд үр дагавартай ажээ. Хэрэв хэн нэгэн бүлэг дотроо хүндлэлгүй болсон бол бусад бүлэгтэй “ва” үүсгэх бүр ч хэцүү байх болно. Соёлын энэ хүчин зүйл япон хүн өөрийн харъяалагдах бүлэгтэй тогтоосон сайн харилцааг үргэлж хадгалахын тулд яагаад хичээн хөдөлмөрлөдөг болохыг тайлбарладаг юм. Энэ нь мөн Японы сурагчдын сурлагын өндөр амжилтын цаад шалтгаан болно.

Японд сургуулийн нэр хүнд сурагчдынх нь сурлагын амжилт ба хүмүүжил, зан үйлээс хамаардаг байна. Японы нийгэм нь сурлагын амжилт ба хүмүүжил аль алиныг нь хариуцах үүргийг сургуульд хүлээлгэдэгээрээ Өрнөдийн ертөнцтэй адилгүй. Жишээ нь, сурагч хууль зөрчвөл хууль хэрэгжүүлэх эрх бүхий субъект сурагчийн ангийн багш, ээж, мөн бусад багш нарыг сурагчийн өмнөөс уучлал гуйхыг шаарддаг. Иймд япон сурагчид багш нарынхаа өмнө үүрэг харицулага хүлээх хүчтэй мэдрэмж өөрт хөгжүүлдэг бөгөөд сурлагын амжилт гаргаж, сургуулиас гадуур явсан ч хууль, дүрэм мөрдөхийг хичээдэг ажээ. Мэдээж хэрэг энэ санаа сургуульд сурагчдын хоорондын харилцаанд ч хэрэгждэг байна. Хэн нэг нь алдаа гаргавал энэ нь бүлгийн амжилтыг доош чангаана. Иймд нийгмийн ихэнх гишүүд хамаг бололцооныхоо хэрээр хөдөлмөрлөх бөгөөд илүү том зорилгын төлөө явдаг. Яагаад гэвэл энэ нь өөрийн байр сууриа олж авч хүлээн зөвшөөрүүлэх арга зам юм.

Дээрхтэй ижил үнэлэмж ажлын байранд үйлчилнэ. Японд хүмүүс хамтрагчдынхаа хүндлэл, магтаалыг ихээр олохын тулд маш их хөдөлмөрлөнө. Тэд өөрөө бусдаас онцгойрохын тулд бус, харин бүлгээрээ сайн байхын төлөө ажилладаг байна. Японд ажилчид тэдний дарга бус, харин хамтрагчид ба доогуур тушаалын ажилчид нь тэднийг харж байгаа учраас эрч хүчээ сулруулдаггүй ажээ. Хэрэв ажилчин өөрийн чадах бүхнээ пүүстээ зориулах юм бол пүүс нь түүнд гэр бүл мэт хандах ёстой. Японы пүүсүүд ажилчиддаа урамшууллын багц болгон орон байр, аялал, боловсрол, түүгээр зогсохгүй оршуулгын зардал олгодог байна.

Олон тооны шинжээчдийн ажигласнаар Японы илүү тогтвортой бат бөх меритократ нийгэм нь танилын хобоо сүлбээ, ураг төрлөөс албан тушаал нь хамаардаг бусад олон нийгэмтэй адилгүй ажээ. Статистикийн хувьд баян гэр бүлийн хүүхдүүд өндөр цалинтай ажилд орох магадлал илүү өндөр бол Японд энэ нь нийгмийн холбоо сүлбээнээс илүүтэйгээр хүүхдийнхээ боловсрол санхүүгийн хөрөнгө оруулалт хэр хийсэн эсэхээс илүү шалтгаалдаг бололтой. Хэдийгээр нөхцөл байдал өөрчлөгдөж эхэлж байгаа боловч хүмүүс сургууль буюу их сургууль төгсөөд л ажилд орсон тэр пүүстээ насан туршдаа ажилладаг ажээ. Ямар нэг пүүст ажилд орох нь түүний ажиллахаасаа өмнө суралцсан ахлах сургууль буюу их сургуулиас хамаардаг байна. Ийм явдал хаа ч түгээмэл бус юм. Харин тухайн хүний суралцсан ахлах сургууль буюу их сургууль нь элсэлтийн шалгалтаа хэр зэрэг өгсөнөөс хамаарна.

Эхийг хүүхдийнхээ боловсролыг хэр зэрэг дэмжсэн бэ гэдэг амжилтаар нь үнэлнэ. Амьдрал дээр эхийн амжилтыг эхлээд түүний хүү буюу охин суралцсан ахлах сургуулиар, дараа нь түүний хүүхэд элсэн орсон их сургуулиар үнэлдэг байна. Хэдийгээр энэ чиг хандлага өөрчлөгдөж байгаа боловч цөөн тооны япон эхчүүд л Өрнөдийн орнуудад байдаг шиг гэрээсээ гадуур ажил эрхэлдэг ажээ. Социологичид нийгэм нь япон эхчүүдээс хүүхдүүдийнхээ төлөө өөрийгөө золиослохыг, эргээд тэдний хүүхдүүдээс сургуульд сайн сурахыг хэрхэн шаарддаг талаар тодорхойлсоор байна.

Ийнхүү Японд албан тушаал дэвших нь мерит тогтолцоо ба шалгалтаар тодорхойлогддог ажээ. Гэхдээ Японы шалгалтууд олон чухал чадварыг хэмжилгүй орхигдуулдаг учраас дээрх нь заавал үйлчлэх албагүй юм. Японы шалгалтууд аналитик сэтгэлгээ, бүтээлч байдал, шинэ санаа гаргах чадвараас илүүтэйгээр факт цээжлэх, өгөгдсөн зүйлийг ягштал гүйцэтгэх процедурыг чухалчилдаг ажээ. Гэвч эцсийн эцэст Японы ажил олгогчид ихэвчлэн дараах гурван зүйлийг сонирхдог учраас шалгалтууд үүргээ гүйцэтгэсээр байна. Тэдгээр нь оюун ухаанаа хэрэглэх чадвар, сурах чадавхи, бэршээлтэй тулгарсан ч хөдөлмөрлөх, тэвчээртэй байх чадавхи ажээ.

Японы пүүсүүд ерөнхийдөө хүмүүсийг удаан хугацаагаар ажиллуулна гэсэн итгэлтэй байдаг тул ажилчдаа үргэлжлүүлэн боловсруулж, сургахад хөрөнгө ихээр оруулах эрмэлзэлтэй ажээ. Японы пүүсийн хувьд их сургууль төгсөгчдөөс шалгаруулж авсан шинэ ажилчдаа гадаадад төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрт хамруулах буюу гадаадын үйлдвэрт дадлага хийлгэхээр илгээх нь тийм ч ховор зүйл биш юм. Судалгаанд хамруулснаар Японы пүүсүүд оюуны ухааны хувьд өндөр төдийгүй хэрэгцээтэй бүгдийг сурахад бэлэн нэр дэвшигчдийг үнэлдэг байна.

Японы ажил олгогчид нэр дэвшигч нь ухаантай төдийгүй оюун ухаанаа ашиглан ямар нэг зүйл хийж чаддаг эсэхийг мэдэхийг хүсдэг. Ажил олгогчид оюун ухааны хэрэглээг сонирхдог байна. Японы шалгалтууд нь сурагч оюун ухааны хэрэглээгээ хэр зэрэг харуулж байна вэ, тэд үнэ цэнэтэй ямар нэг зүйл хийхдээ оюун ухаанаа хэр зэрэг ашиглаж байна вэ гэдгийг олж тогтоох зориулалтай. Удаан хугацааны туршид шамдалгүйгээр шалгалтуудыг амжилттай өгөх боломжгүй юм. Үүнд давтлага сургалт, тэсвэр тэвчээр орно. Олон оронд “сурахыг сурах” тухай ярьдаг. Харин Япон ярихаас илүү хийжээ. Тус улс чухам үүний тулд л боловсролын тогтолцоогоо  байгуулсан байна.

Дээрх бүгдийг хураангуйлбал Японы боловсролын байдлыг зураглан харахад тус болох гурван санаа түүх ба нийгмийн хөрс сууриас нь урган гарч ирж байна:

-Үргэлжийн меритократ Японы нийгэмд ахлах сургууль ба их сургуулийн шалгалт нь нийгэмд байр сууриа олох гарцыг илтгэдэг.

-Энэ шалгалтыг амжилттай өгөх нь төрөлхийн оюун ухаанаас илүүтэйгээр хөдөлмөрийг шаарддаг.

-Шалгалтын амжилт зөвхөн тухайн хүний төдийгүй түүний ээж, гэр бүлийн бусад гишүүд, багш нарын амжилтын толь юм. Тэд мөн сурагч амжилт гаргаагүй бол хариуцлагаа хуваалцах бөгөөд энэ нь эргээд амжилтад хүрэх дарамт шахалтыг бий болгоно.