Сурлагын амжилтын төлөө: Канадын боловсролын тогтолцоо

 

Эдийн засаг, социологийн экшион онол: Шийтгэл ба өрсөлдөөний эсрэг сэдэлжилт, итгэл, хүндлэл                                

Онтарио мужийн стратеги нь хариуцлагын шийтгэх хэлбэр, гүйцэтгэлийн төлбөр, сургуулиудын хоорондын өрсөлдөөн байхгүйгээрээ бусад шинэчлэлийн оролдлогууд, ялангуяа АНУ дахь шинэчлэлээс ялгаатай юм. Маш өргөн утгаар хэлбэл тус шинэчлэл “homo economicus” шинэчлэлийн үзлээс илүүтэйгээр “homo sociologicus”-ийн үзлийг илүү баримталсан бололтой. Шинэчлэлийг боловсруулагчид эдийн засагчдаас илүү Петер Дракер, Эдвард Деминг нарын онолыг ашиглажээ. Энэ үзлээр харвал асуудал хүсэл зориг дутсанаас бус, харин мэдлэг дутсанаас үүдэлтэй бөгөөд сэдэлжүүлэх түлхүүр ганц эдийн засгийн тооцоололд бус харин амжилттай сайжирч буй сургууль, байгууллагуудын хэсэг болохын хувьд тохиох санамсаргүй тохиолдолд байгаа юм. Энэ нь дээрх гол санаанууд хариуцлага, сэдэл гэх мэт “хатуу” ухагдахуунаас илүү соёл, манлайлал, хамтын зорилго зэрэг “зөөлөн” ухагдахууны тухай утгыг илэрхийлж байна. Чухам энэ үед шинэчлэлийн гол сорилт нь системтэйгээр сайжруулахад зориулагдсан байгууллагуудын үе давхаргыг бий болгох байлаа. Онтариогийн стратеги нь “хүмүүсийг илүү сайн болго” гэдэгт ач холбогдол бага өгч, харин үүний оронд та өөрт байгаа зүйлээ гарган ажиллаж, хүмүүсийн чадварыг дээшлүүл гэсэн санааг агуулжээ. Энэ нь бүх талаараа Онтариогийн стратеги нь зах зээлд суурилсан шинэчлэлийн онолыг сөрсөн гэдгийг харуулав.

Онтариогийн стратеги нь мэргэжилд суурилсан тогтолцооны өөрчлөлтийн дэлхийд тэргүүлэх жишээ байж болох юм. Онтариогийн стратеги нь итгэлцэл, харилцан хүндэтгэсэн уур амьсгалд, гэхдээ төвөөс үзүүлэх өндөр хүлээлт бүхий даралт шахалтыг өргөн хүрээний чадавхи бэхжүүлэх арга хэмжээтэй хослуулан хэрэглэснээрээ тогтолцоонд хөдөлмөрийн энх тайван, ёс суртахууныг хадгалахын сацуу зорьсон гол үзүүлэлтүүдээр ахиц дэвшил гаргаж чадсан юм.                        

 

ОНТАРИО МУЖААС АВАХ СУРГАМЖ

Боловсол ба хүүхдийн өмнө хүлээх үүрэг

Хэдийгээр боловсролд нь үндэсний засгийн газрын шууд үүрэг байдаггүй боловч боловсролын өмнө өндөр хариуцлага үүрэх соёл нь Канад даяар үзүүлж буй сурлагын амжилтыг тайлбарлахад тус болох чухал үндэсний тулгуур үнэт зүйл гэж харагдаж байна. Канадын нийгмийн хамгааллын хүчирхэг сүлжээгээр илрэх хүүхдийн сайн сайхны төлөө хүлээх үүрэг нь яагаад Канадын сурлагын амжилтын зөрүү АНУ-аас хамаагүй бага байгааг тайлбарлахад тус болж байна.

Универсиал амжилтыг дэмжих соёл                 

Канадад ирсэн цагаач хүүхдүүдийн сурлагын онцгой амжилт нь цагаач гэр бүлүүд хүүхдүүдээсээ ихийг хүлээдэг, энэ хүлээлт сурган хүмүүжүүлэгчдэд ч байдаг гэдгийн томоохон тусгал юм. Канад нь түүхэн туршид цагаачдыг тус улсын зогсолтгүй хөгжлийн нэн чухал хүч гэж үздэг, тус улсын цагаачлалын бодлого нь түүний үнэ цэнийг тусгадаг учраас сургуулиуд нь тэдгээр хүүхдүүдийг аль болох түргэн хугацаанд өөрийн үндсэн соёлд нэгтгэх явдлыг өөрийн үүрэг гэж үздэг.

Тогтолцооны уялдаа холбоо, эмх цэгц  

Энэ нь Онтариогийн шинэчлэлийн нэг том сургамж юм. Хэдийгээр зарим ажиглагчид Мак Квинтийн засгийн газрын бүхий л санаачлагын талаар хэдэн жилийн хугацаанд гомдоллосон боловч Онтариогийн шинэчлэлийн бодлогыг боловсруулагчид өвлөгдөж хуримтлагдсан асуудал, сорилтуудын эсрэг системтэй хариу арга хэмжээ авахын тулд ихээхэн чармайлт гарган ажиллажээ. Тогтолцооны залгамж холбоог хангахад анзааралгүй үл тоодог, гэхдээ үргэлж тохиолддог нэг том саад бол тогтолцооны асуудлыг засгийн газрын удирдагчид хэрхэн харж байгаа болон асуудалд хариу арга хэмжээ авахын тулд боловсруулсан бодлого, хөтөлбөрийнх нь цаана ямар үндэслэл байгаа талаар үндсэн оролцогч талуудын дунд харилцан ойлголцол дутдаг явдал юм. Мак Квинтийн засгийн газар гол оролцогч бүлгүүдийн дунд харилцан ойлголцол, нэгдмэл зорилго бий болгохын тулд цуцалтгүй ажиллаж, үүний үр дүнд Бичиг үсэг ба тооны боловсролын удирдах газар болон Сурагчийн амжилтын стратеги нь олон нийтийн дунд харилцан ойлголцол бий болгож, тэдний дэмжлэгийг хүртжээ.

Багш, сургуулийн захиралын чанар

Онтариогийн шинэчлэл нь мужийн багшлах боловсон хүчний чанарт итгэх засгийн газрын итгэл дээр ихээр тогтож байжээ. Төвөөс үүрэгдэх Англи загварыг дагах бус, харин үүний оронд Бичиг үсэг, тооны боловсролын удирдах газраас орон нутагт туршилт, инновацийг урамшуулах хөрөнгийг газар дээр нь шууд олгох шийдвэр гаргасан нь унших ба математикийн гүйцэтгэлийг сайжруулахад дээрээс оноосон шийдлээс илүү багш нарын өөрийн гаргасан шийдэл амжилттай байна гэсэн сануулгыг өгчээ. Багшийн ажил Канадад хүндлэл хүлээсэн мэргэжил байсаар ирсэн бөгөөд өнөө үед ч дунд сургууль төгсөгчдийн шилдэг гуравны нэгээс энэ мэргэжлийн хүмүүсийг сонгож байна гэдэг нь засгийн газар багшийн боловсон хүчиндээ итгэх баттай суурь болж өгчээ. Өмнөх засгийн газар багш нартай ширүүн сөргөлдөж байсантай харьцуулахад багшлах боловсон хүчний чадавхи, мэргэжлийн чадварт итгэж буйгаа харуулсан нь мэргэжлийнхэн ба засгийн газрын хооронд үүссэн ан цавыг засах амин чухал жор болов.

Онтарио муж манлайлал, ялангуяа сургуулийн захиралуудын манлайллыг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулжээ. 2008 онд засгийн газар үр дүнтэй удирдагчдын чадвар, мэдлэг, шинжийг тунхагласан Онтариогийн манлайллын стратегийг санаачилсан байна. Стратегийн элментүүд дундаас зөвлөн дадлагжуулах хөтөлбөрт өнөөгийн байдлаар 4500 сургуулийн захирал, дэд захирал, мужийн хэмжээний үнэлгээний хөтөлбөрт сургуулийн манлайлагчид  хамрагджээ.  

Хийх эрх мэдэл, зүй ёсны эрх бүхий ганц чадварлаг төв удирдлага

Онтариогийн түүх бол тухайн газарт нь чадавхийг бэхжүүлж, итгэлцэл бий болгоход голлон чиглэсэн хөрөнгө оруулалтыг хүчирхэг төв манлайлалтай хамтатгасан түүх юм. Захирагчийн чадварлаг, тогтвортой улс төрийн манлайлал, чадварлаг сайд нарын залгамж халаа болон Боловсролын орлогч сайдын маш хүчирхэг мэргэжлийн манлайллын нэгдэл нь Онтариогийн амжилтын үлэмж хэсгийг тайлбарладаг. Төрийн хүнд суртлаас ангид ажиллах Бичиг үсэг, тооны боловсролын удирдах газрыг байгуулахаар гаргасан эхний шийдвэр улс төрийн манлайлагч нь яам ийм амбицтай, анхаарал татсан санаачлагыг хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаагүй гэдгийг сануулахын сацуу Боловсролын орлогч сайд нь яамыг газар дээр нь илүү анхаарал хандуулдаг, хариу арга хэмжээ авч чаддаг болгох зорилго тавьж ажиллсан юм. Иймд бүхий л талаар тэр болон түүний залгамжлагчид ахиц дэвшил гаргаж чаджээ.

Мэргэжлийн хариуцлага

Онтарио муж захиргааны болон мэргэжлийн хариуцлагыг гайхалтай тэнцвэржүүлж чаджээ. Мак Квинтийн засгийн газар өмнөх засгийн газрын хэрэгжүүлсэн үнэлгээний дэгийг үгүй болгох, эсвэл сулруулах оролдлого хийгээгүй ба энэ нь мужийн үнэлгээгээр илэрсэн үр дүнд дүүрэг болон олон нийтийн анхаарлыг тогтвортой хандуулах үүрэгтэй болжээ. Гэвч тааруу гүйцэтгэлийн эсрэг авсан хариу үйлдэл нь буруутгах, шийтгэх бус, харин сайжруулах арга хэмжээ авах, дэмжих байсан юм. Үүний эхний жилүүдийн нэгэн амжилт нь тааруу гүйцэтгэлтэй сургуулиудыг хааж аюул учруулах замаар (АНУ шиг) бус, харин мэргэжил-аргазүйн туслалцаа ихээр үзүүлэх замаар тэдний тоог огцом цөөрүүлсэн явдал байв. Онтарио мужийн манлайлагчдын суурь болгож буй баримтлал нь дараах утгыг илэрхийлдэг бололтой: багш нар зөв зүйл хийхээр хичээж буй мэргэжилтнүүд бөгөөд гүйцэтгэлийн асуудал нь сэдэлжилтээс илүүтэйгээр мэдлэг дутсанаас үүдэх гээд байна.  Үүнээс үүдэн багш нар нь хариуцлагыг хөндлөнгөөс шийтгэж оноодог улсуудад үргэлж ажиглагддаг шиг бус, харин түүнээс илүүтэйгээр гүйцэтгэлийг сайжруулахын төлөө зүтгэж хариуцлага үүрдэг бололтой.                        

 

КАНАД БОЛОВСРОЛЫН ХЭМЖҮҮРИЙН ХААНА НЬ БАЙНА ВЭ?

Канад бол сонирхолтой жишээ юм. Тус улс олон тооны аж үйлдвэржсэн хөгжингүй орнуудтай харьцуулахад өргөн хэрэглээний эд бараа, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд илүү түшдэг ажээ. Гэхдээ энэ улсыг, ялангуяа тус улсын хамгийн их хүн амтай дөрвөн мужыг хамгийн дэвшилтэт аж үйлдвэржсэн үндэстнүүдийн тоонд оруулж тооцдог байна. Тус улс ихэнх аж үйлдвэржсэн орнуудтай харьцуулахад илүү их байгалийн баялагтай боловч ирээдүйн эдийн засагт амин чухал зүйл бол хүн бүрийн өндөр түвшний боловсрол гэсэн өөрийн хатуу итгэл үнэмшлээр гайхшруулдаг ажээ. Эдийн засгийн байдлаар өөр боловч дээрх харалтаараа Финлянд, Сингапур улстай маш төстэй.

Хүний нөөцөд найддаг тус улс боловсролыг өөрийн хөгжил цэцэглэлтэд зориулж байна. Тус улсад багш нарыг сурагчдын шилдэг гуравны нэгээс шалгаруулж авдаг. Наад зах нь Онтариогийн жишээнээс харахад тус улс шинэчлэлийг дээрээс доош, доороос дээш явуулахдаа тэнцвэрийг нь сайхан олж байгаа бололтой. Тус улс бусад улсуудтай адилаар багш нартаа итгэж, тэднийг мэргэжилтнүүд хэмээн үздэг болох чиглэл рүү явж байгаа нь тодорхой байна. Сургуулиуд ижил хэмжээний бие даасан байдалтай байхын сацуу мужийн хэмжээний стандарт, үнэлгээ, хариуцлагад захирагдан ажилладаг. Зарим талаар тогтолцоо нь нэлээд уламжлалт байдлаар зохион байгуулагджээ. Сурагчдыг чадвараар нь өөр өөр хөтөлбөрт хуваарилдаг. Гэвч хичээлээс хоцрох хамгийн эрсдэлтэй сурагчдад ихээхэн анхаарал хандуулж байна. Ялангуяа энэ нь “Сурагчийн амжилтын санаачлага”-аас тодорхой харагддаг. Энэ утгаар авч үзвэл Канад улс бүх сурагчид  нь өндөр түвшинд гүйцэтгэж, сурагчдын энэ үр дүнг баталгаажуулах бодлого боловсруулахгүй бол тус улсын ирээдүй батлгаатай биш гэсэн үзлийг авч баримлах болжээ. Одоогоор Канад нь дунд сургуулийн дараах шатны сургуулийн элсэлтээр OECD-ийн нийгэмлэгт хамгийн өндөр хувьтай байна. Энэ нь ахлах сургуулийн дараах шатны боловсрол мэдлэгт суурилсан эдийн засагт илүү чухал болж байна гэдгийн тодорхой тусгал юм.                                      

 

Орчуулсан эх сурвалжийн тухай дэлгэрэнгүй: http://gashuun.mn/10000082

- See more at: http://gashuun.mn/125#sthash.Do00V1fz.dpuf

 

Хуудаснууд