Умардаас гялалзах од: Финляндын боловсролын тогтолцоо

 

Боловсролоос гадна өөр үйлчилгээ үзүүлдэг тогтолцоо  

Тэмдэглэх хамгийн эхний зүйл нь тэдгээр сургууль дан боловсролоос илүүг санал болгодог. Тэд бүрэн үйлчилгээтэй сургуулиуд юм. Тэд өдөр тутам сурагч бүрт халуун хоолоор үйлчилдэг байна. Тэд эрүүл мэнд болон шүдний эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг. Тэд зааварчилгаа, сэтгэлзүйн зөвлөгөө, сэтгэцийн эрүүл мэндийн өргөн хүрээний үйлчилгээ болон тусламж хэрэгтэй сурагч, гэр бүлд зориулсан бусад үйлчилгээг санал болгоно. Эдгээр үйлчилээний аль нь ч орлогын мэдүүлэг шаардахгүй. Бүгдэд зориулсан эдгээр үйлчилгээ бүх хүүхдийн сайн сайхны төлөө хүлээсэн нийгмийн гүнзгий үүргийг илтгэнэ.

 

Тусгай хэрэгцээтэй хүүхдэд зориулсан дэмжлэг

Хоёр дахь онцлог нь “тусгай багш”-ийн гүйцэтгэх үүрэг юм. Финлянд тусгай боловсрол шаардлагатай сурагчдыг энгийн сурагчидтай хамт сургах үүрэг өөрт хүлээдгээрээ бахархадаг ажээ. Финляндын хүүхдүүдийн 8 хувьд тусгай боровсрол шаардлагатай гэж үздэг бол тэдгээрийн зөвхөн тэн хагас нь тусгай сургуульд хуваарилагдаж, нөгөө хагас нь энгийн сургуульд явдаг байна. Фин сурган хүмүүжүүлэгчид хэрэв сургуулиуд эхэн үеийн оношлогоо, арга хэмжээнд анхаарвал ихэнх сурагчдад энгийн ангид амжилт гаргахад нь тусалж чадна гэдэгт итгэдэг ажээ. Бэрхшээлтэй тулгарч буй сурагчдыг ихээхэн хугацаа зарцуулан дэмжих гол механизм нь тусгайлан сургасан “тусгай багш” юм. Бүх сургууль тусгай багштай. Тэд нэмэлт тусламж хэрэгтэй сурагчдыг олж танихын тулд ангийн багштай ойр ажиллаж, ангийн бусад сурагчдаас хоцрохгүй байхад нь тэдэнд нэмэлт тусламж, дэмжлэг үзүүлэх ба ингэхдээ тэдэнтэй ганцаарчлан буюу жижиг бүлгээр ажилладаг байна.

Цаашилбал, бэрхшээлийг мэдэж, тусгай багшид мэдэгдэх нь зөвхөн энгийн ангийн багш ганцаар мэдэж хийдэг зүйл биш юм. Хелсинкийн ойролцоох Керавагийн 360 сурагчтай бага сургуулийн захирал Рийта Аалтиогийн хэлснээр суурь боловсролын сургууль бүрт янз бүрийн мэргэжлтнээс бүрдсэн, сурагчдыг асрах бүлэг бий. Бүлэг наад зах нь сард нэг удаа хоёр цагийн уулзалт хийнэ. Бүлэг нь захирал, тусгай боловсролын багш, сургуулийн асрагч, сургуулийн сэтгэл судлаач, нийгмийн ажилтан, асуудалтай эсэх талаар яригдаж буй сурагчдын ангийн багшаас бүрддэг байна. Хэлэлцэж буй бүх сурагчийн эцэг, эх уулзахаасаа өмнө холбоо барих ёстой бөгөөд зарим үед тэднийг уулзалтад хүрэлцэн ирэхийг хүснэ. Аалтио захирал бүлгийн үүргийн талаар ингэж хэлсэн юм:

“Уулзалт бүрт бид аливаа “хүндэрсэн тохиолдол”-ыг оролцуулаад хоёр ангийн хүүхдүүдийн талаар ангийн багштай нь хэлэлцдэг. Нэгдүгээрт, бид ангийн тухай болон ангид байдал ерөнхийдөө ямар байгааг ярилцдаг. Хэрэв ямар нэг анхаарал татсан зүйлс-сурахуй, заалт, нийгмийн уур амьсгал-, эсвэл хувь сурагчтай холбоотой асуудал байвал бидний зүгээс ямар төрлийн дэмжлэг үзүүлж чадах вэ гэдгээ шийддэг. Хэрэв сургуульд бидний үзүүлж чаддагаас хэтэрсэн хэмжээний мэргэжлийн туслалцаа сурагчид хэрэгтэй гэж үзвэл тэр нь эмнэлгийн, сэтгэлзүйн, эсвэл нийгмийн тусламж уу гэдгийг мэдэж, авахад гэр бүлд тусалдаг.

Боловсролтой адил эрүүл мэндийн халамж Финляндад үнэгүй учраас нийгмийн байр сууриас үл хамааран эдгээр арга хэмжээ бүх сурагчдад нээлттэй. Энэ практик дэмжлэгийн тогтолцоо манай боловсролын тогтолцооны чухал хэсэг юм. Энэ нь яагаад сурлагын амжилтын зөрүү бидэнд ийм бага буйг тайлбарлахад тусалдаг.”

 

Багш, сурагчийн үүрэг хариуцлагыг чухалчлах нь                                                           

Ангийн багш (1-6-р анги) ба бие даасан судлагдахуун заадаг багш (7-9-р анги) нар мэргэжлийн бие даасан байдал, эрх чөлөөг ихээр эдэлдэг байна. Финлянд улс үндэсний цөм сургалтын хөтөлбөртэй бөгөөд энэ нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд илүү товч, удирдамж маягтай болсон байна. Энэ нь юу юунаас илүүтэй онол, аргазүйн хүрээ бөгөөд боловсрол олгогч, багш нар хөтөлбөрийн хүрээнд юуг, хэрхэн заахыг өөрөө шийдэх эрх чөлөөтэй ажээ. Жишээлбэл, багш нар сурах бичиг болон сургалтын материалаа өөрсдөө сонгодог байна. Дунд сургуулиас авдаг цорын ганц хөндлөнгийн үнэлгээ нь түүвэрт суурилсан бөгөөд тогтолцоо бүхэлдээ хэрхэн ажиллаж буй талаар мэдээлэл өгөх зориулалттай тул Финий сургуулиудад үнэлгээг ангийн түвшинд хариуцна. Багш нар үндэсний цөм хөтөлбөр ба сурах бичиг дэх үнэлгээний удирдамжийг ашиглан өөрийн сурагчдыг тогтмол үнэлэх үүрэгтэй. Гэхдээ үүний зэрэгцээ Финий анги танхимд хандуулдаг гол анхаарал нь хэрхэн сурч буйгаа өөрөө үнэлэхэд нь сурагчдад туслах ажээ. Аалтио захиралын сургуульд  сурагчийг нэгдүгээр ангид байх үеэс л энэ талаар анхаардаг байна.