Үнэт зүйлээ хадгалах нь: Японы боловсролын тогтолцоо

 

Хичээлийн урт цаг ба нэмэлт сургалт                             

Цаг бол япон сурагчид өндөр амжилт үзүүлж буйн чухал хүчин зүйл юм. Саяхныг болтол Японы нийтийн сургуулийн сурагчид долоо хоногийн зургаан өдөрт нь сургуульдаа явдаг байв. Үүнээс гадна Японы сургуулийн хүүхдүүд өдөрт хэдэн цагийн гэрийн даалгавар хийдэг. Тэдний зуны амралт зургаан долоо хоног байдаг нь дэлхийн бусад газрынхаас богино юм. Амралтаараа сурагчид өөрийн судалгааг хийнэ. Японы ихэнх сурагчид хичээл тарсны дараа янз бүрийн хувийн сургалтад багаггүй цаг зарцуулдаг байна. Тэдгээр хувийн сургуулиуд нь хоцрогдолтой сурагчдад туслахаас эхлээд нийтийн сургуульд заадгаас илүү гүнзгий сургалт, хичээлээс гадуурх үйл ажиллагаа болон эдгээрийг зарим талаар нэгтгэсэн ганцаарчилсан буюу жижиг бүлгийн сургалт хүртэл санал болгоно.

Эдгээр нэмэлт сургалтуудын үр нөлөөг нийлүүлбэл япон сурагчид ахлах сургууль төгсөх үедээ, тухайлбал жирийн америк сурагчдаас хичээл, сургалтанд хэдэн жил илүү зарцуулсан байдаг ажээ. Зуны амралт нь богино тул япон сурагчид дараагийн хичээлийн жил эхлэхэд өмнө нь сурсан үлэмж зүйлийг мартаагүй байдаг.

Гэвч энэ бүхэн япон сурагчдын хувьд бүхэлдээ завгүй хөдөлмөр биш юм. Энэ бүх нэмэлт цагийг хичээлд суухад зориулдаггүй байна. Шинжээчдийн итгэж буйгаар ангид япон сурагчид бусад олон орны сурагчдаас илүү идвэхтэй оролцоотой байдаг нэг шалтгаан нь тэдэнд илүү их завсарлага өгдөг явдал юм. Сурагчид өдөрт хэдэн удаа гадаа гарч, тоглож, дасгал хийж, сэтгэл санаагаа ихээр амраадаг байна.

 

Багшийн чанар                     

Японы боловсролын чанарын хамгийн чухал нэг түлхүүр нь маргаангүй багшийн чанар билээ. Аж үйлдвэржсэн олон улс оронд багшийн ажил нь цагаан ба хөх захтны ажлын заагт оршдог. Гэр бүлийн хэн нэгэн багш байх нь тухайн гэр бүл дундаж ангийн доод хэсгээс жинхэнэ дундаж ангид шилжин орох чухал үе шат юм.

Японд Мейжийн шинэчлэлийг явуулж, төрөөс боловсролын тогтолцоог орчин үеийн загвараар хөгжүүлэх үед багш нарын ихэнх нь Японы дээд анги болох самурайн сургуулийн самурай багш нар байв. Күнзийн ёсны уламжлалаар багш нар үлэмж нэр хүнд хүлээж байв. Орчин үеийн эрин эхэлж, Японд анх удаа анги давхаргаар ялгадаггүй сургуулиуд байгуулагдах үед тэдгээр сургуульд дээд давхаргынхан багшаар ажилласан бөгөөд энэ үеэс хойш Японд багш нь хүсүүштэй ажил мэргэжил болсон байна.

Тус тайланд зориулан ярилцсан Тэйчи Сатогийн хэлснээр “Дэлхийн 2-р дайны дараа улс орон даяар орлого нэмэгдэж эхлэх үед засгийн газар багш нарт үзүүлэх хүндлэл буурч мэднэ гэдэгт зовиносон байна. Ерөнхий сайд Танака суурь боловсролын сургуулийн багшийн цалинг бусад төрийн албан хаагчдаас 30 хувиар илүү нэмэх шийдвэр гаргажээ. Яваандаа энэ [ялгаа] арилснаар одоо багшийн цалин бусад төрийн албан хаагчдынхтай тэнцүү юм. Энэ нь багшийн чанарт урь өмнө байгаагүй ялгаа буй болгосон байна.” Хуулиар багш нар Японы хамгийн өндөр цалинтай төрийн албан хаагчдын тоонд багтаг байна. Тэд шинээр ажилд орох үедээ шинэ инжнертэй ижил цалин авдаг ажээ. Гэвч чадварлаг залуу хүмүүсийг багшийн ажилд татдаг нь ганц цалин биш юм. Үнэндээ энэ нь гол төлөв багшийн ажлын нэр хүнд билээ. Багшлах нь маш их үнэ хүндтэй ажил: Японд багшийн ажлын нэг орон тоон дээр долоон хүн өрсөлддөг байна.

Багш болохын тулд сурагч яамнаас зөвшөөрөн баталсан их сургууль буюу коллежийн багш боловсролын хөтөлбөрт элсэн суралцах ёстой. Японд шинэ багш нарыг сургахад туслан дэмжих зориулалттай загвар бага, дунд сургууль бүхий багш бэлтгэх үндэсний их сургуулиуд бий. Багшлах дадлага нь багш боловсролын бүх хөтөлбөрийн нийтлэг хэсэг юм.

Япон дахь бусад ажил олгогчдын адилаар мужууд нь амжилт гаргахад зайлшгүй хэрэгтэй чадварыг шинэ багш нарт эзэмшүүлэхийн тулд гол төлөв тэдэнд хөрөнгө оруулдаг байна. Шинээр ажилд орогчоос зайлшгүй түвшний оюуны чадамж шаардах ба харин ажлын чадварыг зайлшгүй зүйл болгон шаарддаггүй. Бусад ажил олгогчидтой адилаар мужууд нь шинэ ажилтныг тогтмол орон тооны багшаар авахын өмнө эхлээд туршлагатай мастер багш нарыг дагалдан дадлагжих тогтвортой боломжоор хангах үүрэг хүлээнэ. Дагалдан сурах хугацаа бүтэн нэг жил үргэлжлэх ба мастер багш дадлага удирдахын тулд багшлах ажлаасаа жилийн хугацаанд чөлөөлөгддөг ажээ. Багш нар нэгэнт тогтмол орон тооны ажилтан болсны дараа хуулийн дагуу нэмэлт сургалтад суух шаардлагатай (10 жил ажилласны дараа). Мөн багш нар төгсөлтийн дараах шатны сургуульд магистрантурт сурахын тулд цалинтай чөлөө хүсч болно. Яамны зүгээс мужийн багш нарт зориулан өөрийн үндэсний төвд янз бүрийн сургалтын хөтөлбөр санал болгодог байна.

Багшийн хөгжлийн хамгийн сонирхолтой үе ажиллах явцад тохионо. Японд хичээлийн дизайн, аргазүй боловсруулах нь үндсэн ач холбогдолтой байхын сацуу “хичээлийн судалгаа” хэмээх нь багшийн хөгжилд бас амин чухал ажээ.

“[Ажлын гараагаа эхэлснээс төгсгөх хүртэлх хугацаанд Японы багш нарын өмнө] бусад багштай хамтран заах аргаа төгөлдөржүүлэх шаардлага тавигддаг... Туршлагатай [багш нар] өөрийн залуу хамтрагчдад зөвлөн заах үүрэг хүлээнэ. Ахлах багш нар [захиралууд] заалтын арга техникийг хэлэлцэх уулзалт зохион байгуулдаг... Сургууль бүрт зохион байгуулах уулзалтад хичээл судлах дүүргийн хэмжээний албан бус бүлгүүд нэмэгдэн оролцоно. [Хичээлийн төлөвлөгөө боловсруулахдаа багш нар хамтран ажиллана.] Төлөвлөж гүйцсэний дараа бүлгийн нэг багш өөрийн сурагчдад хичээл зааж, бусад багш нар хичээлийг ажиглана. Үүний дараа бүлэг уулзаж, багшийн заалтыг үнэлэх ба сайжруулах талаар зөвлөгөө өгнө. Бусад сургуулийн багш нарыг тус сургуульд зочлон хичээлд суулгахаар урьдаг байна. Зочид хичээлд оноо өгөх ба хичээлээ хамгийн шилдэг заасан багшийг ялагчаар зарлана.”

Энэ туршлага хувийн үйлдвэрт багаар ажиллах арга замтай бүх талаар ижил юм. Туршлага мөн япончууд ажил хийхдээ бүлгийн хамтын ажиллагаанд найддаг гэдгийн тусгал болно. Энэ нь багшийн ажлын практикт хүчтэй нөлөө үзүүлдэг байна. Мэдээж хэрэг багшлах дадлагыг тасралтгүй, тогтвортой сайжруулах нь багшийн хөгжлийн хамгийн итгэлтэй арга зам билээ. Энэ туршлага ангийн хаалттай хаалга ба хувь хүний цаана нуугдаж буй багшийн ажлыг ил гаргаж, хамтран зүтгэгчдийнх нь хяналт, шүүмжийн өмнө аваачиж буй хэрэг. Японд багшийн хариуцлага маш өндөр юм. Гэхдээ энэ нь хүнд суртлын аппаратын өмнө хүлээх албан ёсны хариуцлагын хэлбэр бус, харин хамтран зүтгэгчдийнхээ өмнө хүлээх ойр дотно, жинхэнэ хариуцлага юм. Багш нар бүлгийн амжилтаас доош чангаахгүйн тулд юунаас ч илүү хичээлийн төлөвлөгөө боловсруулж, түүнийгээ сайн зааж, дараа ээлжинд нөхөд нь эргээд тэдэнд зориулан нээлттэй хичээл заахад хэрэгтэй үндэслэл сайтай шүүмжээр хангахын тулд зүтгэл гарган хөдөлмөрлөдөг байна.