Үнэт зүйлээ хадгалах нь: Японы боловсролын тогтолцоо
Хөрөнгө санхүүг нягт нямбай төлөвлөх нь
Япончууд боловсролын салбартаа OECD-ийн бусад орнуудаас бага хөрөнгө зарцуулдаг байна (Энэ салбарт зарцуулах хөрөнгө Японы ДНБ-ийн 3.4%-тай тэнцүү бол OECD-ийн дундаж 5.2% байна. Энэ нь Японы засгийн газрын нийт зардлын 9.4% бөгөөд OECD-ийн дундаж нь 13.3% ажээ.) Үүний нэг шалтгаан нь тэд мөнгийг өөрөөр зарцуулдагт байгаа юм. Японы сургуулийн барилгыг яамнаас баталсан загварын дагуу барьдаг бөгөөд тэдгээр нь ашиглалтын хувьд төгс шийдэлтэй, гэхдээ маш энгийн загвартай ажээ. Тэдгээр нь орон нутгийн бахархалыг илтгэх архитектурын бэлгэ тэмдэг болохгүй бөгөөд аж үйлдвэржсэн бусад хөгжингүй орнуудад байдаг шиг онцлог тэдэнд байдаггүй байна. Сургуулийн захиргаанд захирал, орлогч захирал, нэг жижүүр, нэг асрагч харъяалагдана. Сургуулийн байранд цайны газрын заал байхгүй бөгөөд сурагчид хоолыг төв гал тогооноос багш болон ангийнхандаа хүргэж өгнө. Мөн сурагчид ангийнхаа цэвэрлэгээг өөрсдөө хариуцдаг байна. Өмнө өгүүлсэнчлэн нимгэн хавтастай сурах бичгийг маш хямд зардлаар хэвлэх ба тэдгээр нь бусад аж үйлдвэржсэн олон орнуудтай харьцуулахад хэмжээгээр жижиг юм. Аль ч талаар авч үзсэн япончууд хүүхдүүдээ боловсруулахаар зарцуулж буй мөнгийг аль болох багш нар болон заалтыг хөгжүүлэхэд ихээр зарцуулах чиглэлийг хатуу баримталдаг байна. Иймд бусад орнуудын жишээтэй харьцуулахад нийт санхүүжилтийн ихэнх хэсгийг эдгээр хүчин зүйлст зарцуулдаг гэдэгт гайхах зүйл үгүй юм.
Тэгш боломжоор хангахад анхаарах нь
Японы сургуулиудад сурагчдыг чадвараар нь ялгадаггүй, нэг анги чадварын хувьд янз бүрийн сурагчдаас бүрддэг, сурагчдыг чадвараар нь анги дэвшүүлэх буюу улираадаггүй гэдгийг дээр цохон тэмдэглэсэн билээ. Цаашилбал, бүх сурагч нэг сургалтын хөтөлбөрийг бүрэн эзэмших ёстой. Үр дүнгийн хувьд энэ нь хүчирхэг томьёолол юм. Хүрэх үр дүнг тооцох арга замын тухайд онцгойлон гайхшруулсан нэг зүйл нь хүлээгдэж буй үр дүнг байх ёстой хамгийн доод түвшинд бус, харин дэлхий даяар илэрч буй үр дүнгийн хамгийн дээд хэмжүүрээр тогтоодог явдал ажээ.
Дээрх бодлого хамгийн их, хамгийн сайн үр дүнд хүргэх ба үүнийг баталж болно гэсэн өргөн хүрээний хамтын итгэл үнэмшил Японд буй. Ийм тогтолцоо байгуулснаар амжилттай сайн сурч буй сурагчид бүлэг, анги, сургуулийн хүрээнд сурлагаар тааруу сурагчдад тусалж чадна. Баримт бичгийн судалгаануудад харуулснаар үеийхэндээ зааж тусалдаг сурагч бусдад заах явцад заалгаж буй сурагчтай ижил буюу ойролцоо хэмжээнд шинэ зүйл дахин сурч авдаг тул энэ арга бүх сурагчид ач тусаа өгдөг ажээ. Энэ арга барил Японы үнэт зүйлстэй нийцэн зохицох бөгөөд Японы өндөр түвшний ололт амжилтад ихээхэн хувь нэмэр оруулж байна.
Японд муж нь багш, захирлуудыг өөр сургуульд тогтмол дахин томилж шилжүүлдэг байна. Үүнд янз бүрийн шалтгаан бий боловч гол нь хамгийн чадвартай багш нарыг сургуулиудад шударга, жигд хуваарилах явдлыг баталж буй хэрэг юм. Ярилцлагынхаа явцад Роберт Фиш “багш ба захиргааны ажилтнуудыг цөөн хэдэн жил тутамд тогтмол шилжүүдэг, иймд нэг хүн нэг сургуульд байнга байдаггүй. Энэ нь сургуулиудын хувьд тэгш байдлыг ихээр хангадаг.”
Сургуулийн санхүүжилтийг оролцуулаад эдгээр болон бусад олон хүчин зүйлс Японы боловсролд тэгш байдлыг өндөр хэмжээнд хангах боломжийг буй болгожээ.
Хариуцлага ба үнэлгээг өөрөөр харах нь
Япончуудад Өрнөдийн албан хариуцлагын тогтолцоонд илрэх гадаад хэлбэрүүдийн аль нь ч байхгүй бөгөөд тэдэнд энэ хэрэггүй. БСШУТЯ-ны зөвлөх Риёо Ватанабэ хэдхэн жилийн өмнө Японд үндэсний хэмжээний үнэлгээ байгаагүй гэж тайлбарлалаа. Япон нь боловсролын амжилтаар корэйчүүд ба хятадуудад гүйцэгдэх боломжтой болсон гэдэгт санаа тавих болсноор зургаа ба есдүгээр ангийн сурагч бүрийг үндэсний хэмжээнд үнэлэх үнэлгээг бий болгожээ. Гэвч япончууд тогтолцооны амжилтыг хянахдаа зөвхөн сурагчдыг түүвэрлэн авч үнэлэхээр шийджээ.
Японд үндэсний хэмжээний ганц үнэлгээ нь ахлах сургууль, их сургуулийн элсэлтийн шалгалт юм. Бүх зүйл эдгээр шалгалтын гүйцэтгэлээс хамаарна. Сонинуудад шалгалтын үр дүнг тогтмол нийтэлдэг учраас хүн бүр өөрийн хүүхдүүдийг ахлах сургууль, их сургуульд оруулахдаа тэдгээр байгууллагын эрэмбэ, дунд сургууль бүрийн амжилтын талаар мэдэж авдаг байна. Сонинууд дэлхийн алдартай спорт багуудын статистикийг нийтэлдэг шиг сургууль бүрийн тухай статистик мэдээллээр дүүрдэг ажээ. Сэтгүүлийн өгүүлэлүүдэд сургуулиудын эрэмбэ дэх өөрчлөлт болон энэ нь юу хэлж буй, ийм зүйл яагаад тохиолдсон талаар бичдэг байна. Бусад өгүүлэлүүдэд хэдийгээр нөхцөл бололцоо бүх талаар дутмаг байсан ч шалгалтад амжилт гаргасан сурагчид болон амжилт гаргаагүй бусдынх нь талаар бичнэ.
Гэвч дээр өгүүлсэн бүхэн юмны зөвхөн нэг тал юм. Өмнө өгүүлсэнчлэн Японы нийгэмд сурагчийн хувь заяаны ачааны заримыг гэр бүл, багш нар, түүгээр зогсохгүй ангийн нөхөд нь үүрэлцэнэ. Багш нарын нэр хүнд сурагчдынх нь амжилтаас хамаардаг. Энэ талаараа Японыг Өрнөдийн олон оронтой адилтган үзэх аргагүй юм.
Ангийн багшийн тогтолцоо нь хариуцлагын өөр нэг түвшинг бий болгожээ. Эдгээр багш нар анги дэвшсэн сурагчдаа үргэлжлэн хариуцаж, сургуулийн гадна ч сурагчдынхаа амьдралд оролцож, эцэг, эхтэй тогтмол харилцаатай байдаг учраас эцэг, эхийн өмнө хосгүй өвөрмөгц хариуцлага үүрнэ. Үүнийг багш нар нь анги дэвшсэн сурагчдаа хариуцдаггүй, зөвхөн нэг буюу цөөн тооны субъектийн өмнө хариуцлага хүлээдэг улс орнуудад хуулбарлан хэрэглэх боломжгүй юм.
Тус тайлангийн ярилцлагын явцад Жим Стиглер “Энэ нь сурагчид юу сурч, юун дээр санаа нийлж, өөрсдийн хийж буй зүйлийн үйл явцыг утга учиртай үнэлж цэгнэхэд оролцсоноор өөртөө болон өөр хоорондоо ямар хариуцлага хүлээх тухай юм” гэж хэллээ. Энэ бол үлэмж хариуцлага бүхий тогтолцоо, гэхдээ захиргааны хариуцлагын тогтолцоо биш юм.
Зарим орнууд сургуульд хүнд хичээл үзэж, хичээн суралцах сэдлийг сурагчддаа төрүүлэхэд онцгой анхаардаг бол бусад орнууд ингэж анхаардаггүй. Харин олон улс орон энэ хоёр хязгаарын хооронд хаа нэгтэй байх ажээ. Япон нь эхний орнуудын манлайлагч бөгөөд ихэнх шинжээчид үүнийг олон улсын боловсролын харьцуулалт дахь Японы эрэмбэд нөлөөлж гол хүчин зүйл гэдэгт итгэж байна.
Японы тогтолцоо нь сурагчийн сурлагын амжилтыг үнэлэх ойлгомжтой, хүчирхэг, нүдэнд шууд харагдахуйц урамшууллыг бий болгожээ. Богино хугацааны урамшуулал эцэг, эхийн зүгээс ирнэ. Дунд хугацаанд сурагч болон түүнд ойр дотно хэн бүхэнд хамгийн чухал үйл явдал болох хүссэн ахлах сургууль буюу их сургуульдаа элсэн орох хэлбэрээр илэрч гарна. Эцэст нь урамшуулал дээд зэргээр меритэд суурилсан Японы нийгэмд сурлагын амжилтыг нь үнэлэх ажил олгогчдын ба нийгмийн үнэлэмжээр илэрнэ.
Мэдээж хэрэг энэ бүхэн Японы залуу хүмүүс хэзээ ямагт шалгалтаар дамждаг үргэлжийн дарамт буюу “шалгалтын там” гэгчид үлэмж нэмэр болж буй. Шалгалтын там туулж буй япон залуус олноор амиа хоролдог гэсэн төсөөлөл дэлхийн хаа газрын хүмүүст байдаг тул тэд ийм дарамтад орохгүй хэмээн өөртөө тангаргалах ажээ. Япончууд ч өөрсдөө шалгалтын тамд дургүй, иймд үүнийг зогсоох хүсэлтэй гэдгээ хэлдэг байна.
Хэдий тийм боловч ахлах сургуулийн сурагчдын амиа хорлолт АНУ-д Японоос мэдэгдэхүйц өндөр хувьтай байжээ. Мөн OECD-ийн орнуудын сурагчдын талаарх судалгаанд япон сурагчид сургуульд явахдаа бусад OECD-ийн орнуудын сурагчдаас илүү баяр хөөртэй гэж хариулсан байна. Үр дүнд хүрэхийн тулд үргэлжийн дарамт туулж, энэ үйл явцад хүүхэд насаа ямар нэг байдлаар дээрэмдүүлж буй япон сурагчдын тухай дэлхийн нийтийн түгээмэл төсөөлөл нь япон сурагчдын өөрсдийнх нь үзэл бодолтой ийнхүү зөрчилддөг ажээ. Иймд сурагчид нь сургуулийн баяр баясгалангаас хөндийрөлгүйгээр сургуульдаа амжилт гаргах өндөр сэдэл тэмүүлэлтэй байж болох тогтолцоо байгуулах боломжтой мэт харагдаж байна.