Үнэт зүйлээ хадгалах нь: Японы боловсролын тогтолцоо

 

ӨНӨӨ ҮЕИЙН СОРИЛТЫГ ДАВАХЫН ТУЛД ТОГТОЛЦОО ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА ВЭ?                            

Аль ч орны боловсролын тогтолцоо удаан хугацааны туршид өөрчлөлтийг тойрч гарсан нь үгүй юм. Сүүлийн хорин жилийн хугацаанд Японы боловсролын тогтолцооны талаар, ялангуяа бүтээлч сэтгэлгээ ба шинэлэг санаа дутагдаж буйд, мөн Япон олон улсын лигийн сурлагын амжилтын харьцуулалтад тэргүүлэх байраа хадгалж чадах уу гэдэгт санаа тавьсан шүүмжлэгчдийн эгнээ улам өргөжих болжээ. Нөгөө талаар ёс суртахуун ба хамтын үнэт зүйлсээс илэрхий хөндийрч буйд гол төлөв санаа зовогчид ч шүүмжлэл өрнүүлж байна.

 

Бүтээлч байдал, “бүлэг” “хувь хүний” эсрэг   

1995 онд TIMSS судалгаанд Япон нь шинжлэх ухааны сургалтын амжилтаар тэргүүлэгч Зүүн Азийн үндэстнүүдийн нэг гэдэг нь харагдсаны дараахан Барууны орнуудын олон шинжээч Японд зочлов. Барууны шинжээчид энэ амжилтаас ихийг сурч авах зорилго тээж иржээ. Гэвч Япон улс энэ амжилт амьдралд, бизнесийн салбарт бодит үр дүн өгөхгүй байж магадгүй гэдэгт санаа зовж байв. Япончууд асууж байлаа: Манай Нобелийн шагналтнууд хаана, юу хийж байна вэ? Шинэ Microsoft, Apple, түүгээр зогсохгүй урьд өмнө байгаагүй цоо шинэ аж үйлдвэрүүдийг бий болгох дэвшилтэт санаа өвөртөлсөн манай хүмүүс хаана байна вэ? Үүнээс үүдэн япончууд Барууны үндэстнүүд бүтээлч сэтгэлгээг хэрхэн зааж сургадаг талаар олж мэдэх хэрэгтэй юу гэдэг асуултын өмнө тулжээ.

Гэвч Япон ба Барууны үндэстнүүдийн хоорондын ялгаа нь тэд бүтээлч сэтгэлгээг заадаг уу, тийм бол яаж гэдэгт биш юм. Барууны үндэстнүүд хувь хүнийг бүлгээс илүү үнэлдэгээрээ Японоос ялгаатай ажээ.

Хувь хүнийг чухалчлах нь Барууны бүтээлч сэтгэлгээний шалтгаан болдог гэх санаа олон азичуудын хувьд таатай санагдахгүй байж болох юм. Тэд хамтын дэг журмыг өндөрт өргөн үнэлэх ба Барууны олон оронд тохиох гэмт хэргийн өндөр гаралт, нийгмийн эмх замбараагүй байдлыг хэзээ ч хүлээн авч болшгүй зүйл гэж харна. Нэг талаар хэрэв азичуудын сурлагын өндөр амжилт нь өөрийн “хувийн эрх чөлөө”-нөөс татгалзах гэдэгтэй дүйцэх утгыг илэрхийлж байгаа бол Барууны ертөнцийн олон хүмүүсийн хувьд амжилт гаргахын тулд ийм төлөөс төлөх хүсэл үгүй юм.            

Гэвч дээрх анализ хэт хялбарчилсан, өрөөсгөл байх боломжтой. Азичууд шинэ дэвшил гаргаж, өөрийн аж үйлдвэрлэлд цоо шинэ зам мөр татуулж, түүгээр зогсохгүй шинэ аж үйлдвэр байгуулахдаа барууны орны хүмүүсээс илүү гарч байгаагүй гэдэг нь үнэн байж болох юм. Азичууд ахмад хүмүүс, дээд тушаалтны бодол зөв эсэх талаар өөрийн хувийн шүүлттэй хэдий ч тэдэнд нийтээрээ хүндэтгэн найр тавьдаг, дээд хүмүүс нь орон зайгаа үлдээн явсны дараа л өөрийн цаг ирэхийг хүлээдэг, бусдыг олны өмнө шүүмжлэх дургүй, өөрийн амжилтыг гайхуулахаас илүүтэй даруу төлөв байхыг илүүд үздэг, ганцаарчилсан амжилт гаргахаас илүүтэйгээр өөрийн хувь нэмрийг бүлэгтээ оруулахыг чухалчилдаг тул дээрх маягаар харьцуулдаг байж мэднэ. Азид “урт хумсыг авдаг” гэсэн зүйр үг бий.

Ямар боловч Япон нь дэлхийд хамгийн боловсролтой, хамгийн хөрвөх чадвартай, хамгийн хурдан сурдаг, нийтээрээ өндөр ур чадвартай ажиллах хүчний нэгийг төрүүлжээ. Энэ үндэстэн бүтээгдэхүүн, түүний процессыг тасралтгүй сайжруулж, маш өндөр чанартай бүтээгдэхүүнийг их хэмжээгээр үйлдвэрлэх чадавхитай билээ. Үе үе гэнэт дэвшил гаргах, эсвэл бараг бүхий л талаар тасралтгүй сайжруулах хоёрын аль нь чухал вэ?

Ингээд Японд бүтээлч сэтгэлгээ ба шинэ санаа дутагддаг гэсэн төсөөллийг бүгдээрээ бага зэрэг лавшруулан шалгаж үзье. Тэгвэл энэ бүхний дараа бид Япон нь Дэлхийн инновацийн индексээр маш дээгүүр эрэмблэгдэж зөвхөн Өмнөд Корэй ба АНУ-ын дараа оржээ гэдгийг хамгийн сүүлийн мэдээллээс олж мэдэх болно.

Ямартай ч Япон нь PISA зэрэг үнэлгээнд өндөр амжилт гаргаж, бүтээлч сэтгэлгээ, инновацийн чадавхид илүү анхаарах шаардлагыг гарган тавьснаар шүүмжлэлд хариу арга хэмжээ авч байна.

 

Нийгмийн бүтэц ба сурагчийн сэдлийг хадгалж үлдэх нь

Япончуудын бодлоор сүүлийн жилүүдэд тулгарч буй боловсролын сорилт нь дан ганц бүтээлч сэтгэлгээний асуудал биш юм. Гэр бүл ба хамтын үнэт зүйлсийн ач холбогдол буурч буй шинж тэмдэг бас нэг санаа зовоосон асуудал болжээ. Тэдгээрийн заримыг дор өгүүлье:

“Нийгмээ үл тоох чиг хандлага залуусын дунд нэмэгдэж байна. Энэ хандлага залуу хүмүүс нийгэмтэй холбоо харилцаагаа сулруулж буйтай огт холбоогүй биш юм. Үүнийг зарим талаар хувийн эрх чөлөө, эрхийг хэт чухалчлах нийгмийн хандлагад хамаатуулж болно... Хүүхдүүд гэртээ хувийн өрөөтэй байх болсон бөгөөд... гар утас болон бусад мэдээллийн хэрэгсэл гэр бүлийн гишүүдийн дотно харилцаанаас тэднийг хөндийрүүлж байна... Гадуур найз нөхөд хамтдаа цагийг өнгөрөөх явдал улам бүр багасаж, гэртээ компьютер тоглоом тоглоход илүү их цаг зарцуулж буй байдал ажиглагдаж байна. Хүүхдүүдийн нийгэмшил саарч буй үзэгдэл нь залуу хүмүүсийн дүрэм журам, сайн үлгэр жишээг хүндэтгэх мэдрэмж буурч, нийгмийг үл тоох чиг хандлагыг даамжруулан “би ганцаараа ертөнцөд” ухран ороход хүргэж байна.” (БСШУТЯ, 2002)

Эдгээрийн зэрэгцээ гэр бүлийн боловсролын функцууд уналтад орсон нь нэгнээ дээрлэхэх, ангид эмх замбараагүй байдал бий болох, сурагчид хичээл таслах, түүгээр зогсохгүй сургууль дээр хүчирхийлэл гарахад хүргэж буй түгшүүрийн дохио мөн гэж үзэж байна. Сурагчийн зан үйлд илэрч буй энэ төрлийн хэрэг явдлууд Барууны олон улсуудтай харьцуулахад цөөн боловч тэдгээр нь Японд улам нэмэгдэж буйг тэмдэглэх хэрэгтэй.

Бусад асуудлыг БСШУТЯ-д тайлан илтгэлд ингэж өгүүлжээ:

“Эгалитарианизм (тэгшитгэх үзэл)-ийг хэтрүүлсэн болон цээжилж тогтоох мэдлэгээр хүүхдийг хэт их дарсанаас үүдэн боловсролын стандартчлал нь хувь хүн ба хүүхдүүдийн чадавхид илүү зохицсон боловсролыг орхигдуулах хандлагатай болж, ингэснээр хичээлийг хурдан ойлгодог сурагчдад уйтгартай, харин удаан ойлгодог сурагчдад хэцүү болгон хувиргаж байна.”

Эцэст нь япончууд дэвшилтэт технологи бүтээж, хэрэглээнд нэвтрүүлах тал дээр байнгын давамгайллаа алдаж магадгүй гэсэн аюулын дохиог харж байна. Тэд япон сурагчид математик, шинжлэх ухааны сурлагын амжилтын талаарх олон улсын харьцуулалтад сайн гүйцэтгэлтэй гэдгээ харуулж байгаа боловч сурагчид нь анги ахих тусам ижил төстэй орнуудын сурагчидтай харьцуулахад шинжлэх ухаанд илүү дургүй болж байгааг анхаарч тэмдэглэх болжээ.