Умардаас гялалзах од: Финляндын боловсролын тогтолцоо

 

Гэвч тодорхой хугацааны дараа, их сургуульд суурилсан багш боловсролын шинэ хөтөлбөрүүдийг хөгжүүлж боловсруулах явцад дээрх айдас арилсан юм. Үнэн хэрэгтээ их сургуульд суурилсан багш боловсролын хөтөлбөрүүд нь өнөө цагт элсэлтийн өндөр шалгууртай болсон бөгөөд их сургуулийн факультетийн багш боловсролын нэгж нь элсэлтийн үйл явцад бие даан шийдвэр гаргах эрхтэй болсон ажээ.

2010 онд багш бэлтгэдэг 8 их сургуульд бага ангийн багшийн хөтөлбөрийн 660 хуваарь дээр 6600 хүн өрсөлдсөн байна. Финляндад багшийн хөтөлбөрийн элсэлт хоёр үе шаттай ажээ. Эхний шат нь их сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнд суурилсан бичгийн шалгалт юм. Энэ шалгалтыг давсан өрсөлдөгчид практик гүйцэтгэлд суурилсан шалгалт өгөх ёстой. Үүгээр харилцааны чадварыг үнэлэхийн тулд тэдний багшлах үйл ажиллагааг ажиглаж, эцэст нь хэр зэрэг багшлах сэдэлтэй вэ гэдгийг нь үнэлэх ярилцлага авна.

Ирээдүйн бага, ахлах ангийн багш нарт зориулсан багш боловсролын хөтөлбөрүүд бүтцийн хувьд тодорхой ялгаатай боловч бүгд өндөр шалгууртай юм. Бага ангийн багш нар боловсрол судлалаар мэргэжих боловч наад тал нь бага ангийн сургалтын хөтөлбөрт багтдаг хоёр хичээл нэмж судлах ёстой. Жишээлбэл, энэ нь тэд их сургуулийн боловсролын тэнхимд бус, харин математикийн тэнхимд математик судална гэсэн үг ажээ. Ахлах ангийн багш нар заах хичээлээрээ мэргэждэг байна. Гэхдээ тэд боловсрол судлалыг интеграцчилсан таван жилийн хөтөлбөрөөр, эсвэл (5 дахь жилдээ) өөрийн мэргэжлийн сургалтыг дүүргэсний дараах нэг жилд дагнасан сургалтаар дамжуулан судалдаг ажээ. Мөн магистрын зэрэгтэй хүн албан ёсны багшлах гэрчилгээ авахын тулд боловсролын факультетэд нэг жил сурган хүмүүжүүлэх ухаан судлах боломжтой.

Финляндын багш боловсрол наад тал нь бусдаас ялгарах дараах дөрвөн чанартай:

  • Судалгаа суурьтай. Багш кандидатууд боловсрол ба хүний хөгжлийн талаар суурь мэдлэг эзэмших ёстой төдийгүй магистрын зэрэх авах эцсийн шатны шаардлагын хувиар судалгаа-диссертаци бичих шаардлагатай. Ахлах ангийн багш судалгаа хийх сэдвээ өөрөө сонгодог бол бага ангийн багш сурган хүмүүжүүлэх ухааны зарим асуудлыг судалж хэвшжээ. Судалгаанд суурилсан диссертаци шаарддаг үндэслэл нь багш нар өөрийн ажиллах бүх хугацаанд хичээлийн анги танхимд эрэл хайгуул, судалгаа хийх ёстой гэдэгт байгаа юм.
  • Сурган хүмүүжүүлэх ухааны мэдлэгийг хөгжүүлэхэд онцгой анхаарах. Уламжлалт багш бэлтгэх хөтөлбөрүүд нь сурган хүмүүжүүлэх ухааныг бүх судлагдахууны хувьд ижил, ерөнхий ухаан гэж үздэг байв. Жишээлбэл, сайн асуулт тавих чадварыг бүх төрлийн хичээлд адилхан хэрэглэж болно гэж үздэг байв. Финляндад багш боловсрол нь багшийн боловсролын факультет ба академик судлагдахууны факультет хоорондын хамтын үүрэг хариуцлага учраас ирээдүйн бага болон ахлах сургуулийн багш нарт судлагдахуун бүрт суурилсан тусгай сурган хүмүүжүүлэх ухаан зааж сургахад ихээхэн анхаарал хандуулах болжээ.
  • Бүх фин багшийг сурах бэрхшээлтэй сурагчдыг оношлох, сурагчдын янз бүрийн сурах хэрэгцээнд заалтаа тохируулахад сайтар сургадаг байна.
  • Маш хүчирхэг практик. Багшийн боловсролоор мэргэшсэн АНУ-ын тэргүүлэх эрдэмтэн Линда Дарлинг-Хаммонд Финий багш боловсролын энэ талыг ингэж тодорхойлжээ: “Багш бэлтгэх сургалт нь хэрхэн зааж сургах тухай сэдвээр, ингэхдээ өнөөгийн түвшний практикийн талаарх судалгааг ашиглахад чухал ач холбогдол өгсөн томоохон курсын ажил ба их сургуультай хамтран ажилладаг сургуульд наад зах нь бүтэн жил хийх туршилт-дадлагыг багтаана. Эдгээр загвар сургуулиуд нь шинэ практикийг хөгжүүлж загварчлах, мөн суралцахуй ба заалтын талаарх судалгааг дэмжих зорилготой юм... Эдгээр загвар сургуулиудад оюутан багш нар фин сургуулийн нийтлэг онцлог болох асуудал шийдвэрлэх бүлгийн үйл ажиллагаанд оролцоно. Асуудал шийдвэрлэх бүлгүүд төлөвлөх, хийх, үнэлэх гэсэн давтамжит үйл ажиллагаанд өөрсдөө оролцдог байна. Энэ үйл ажиллагааг багш боловсролын хөтөлбөрийн бүхий л явцад анхаарч ирсэн. Үнэндээ энэ загвар нь багш нар үүнтэй ижил төрлийн судалгаа, эрэл хайгуул хийх ёстой ирээдүйн сурагчиддаа зориулсан төлөвлөгөө гаргах зориулалттай юм.”

 

Дээрхийг хураангуйлбал, багшлах ажилд мэргэжлийн өндөр босго тогтоосон нь багшийг өмнөхөөс ч илүү нэр хүндтэй ажил мэргэжил болгож, дунд сургууль төгсөгчдийн шилдэг дөрөвний нэгээс сонгож, багш бэлтгэх хөтөлбөрт элсүүлэх боломжтой болжээ. Багш бэлтгэх сургалтыг мэдэгдэхүйц уртасгаж, бэхжүүлснээр багш нар мэргэжлийн хувьд илүү бие даасан байдалтай болж, засгийн газраас хяналтын үүргийг багш нарт шилжүүлэн өгөхөд хүргэв. Багш нарын эдэлж буй бие даасан байдал, итгэлцэл нь нийгэм дэх тэдний байр суурийг дээшлүүлж, ингэснээр багш бэлдэх хөтөлбөрүүд авъяастай, тэмүүлэлтэй залуусын тогтвортой урсгалыг өөрт татах явдлыг баталжээ.

 

Фин багш нар: бие даасан байдал, чанарын баталгаа, хариуцлага           

Финий сургуулиудын талаарх хамгийн гайхалтай нэг баримт нь фин сурагчид OECD-ийн бусад аль ч орны сурагчдаас цөөн цагаар хичээл үздэг гэдэгт байгаа юм. Өөрөөр хэлбэл, фин багш нар бусад орны мэргэжил нэгтнүүдээс цөөн цагийн хичээл заадаг. Жишээлбэл, суурь боловсролын дунд сургуульд фин багш нар жилд 600 цагийн хичээл буюу тус бүр 45 минутаар 800 нэгж хичээл, өөрөөр хэлбэл өдөрт 4 цагийн хичээл заадаг байна. Үүний эсэргээр АНУ-ын дунд сургуулийн багш нар жилд 1080 цагийн хичээл, өөрөөр хэлбэл өдөрт 50 минутаар зургаан хичээл заадаг ажээ. Нэг өдөрт ногдох хичээлийн цаг тухайн сургуулийн багшийн тооноос тодорхой хэмжээгээр хамаарах бөгөөд цагийн ачаалал нь олгож буй боловсролын түвшнээс хамаараад ялгаатай байна. Ямар боловч хичээлийн цаг нь бусад олон орноос ерөнхийдөө цөөн ажээ. Нийтэд нь тооцож үзвэл 15 настай фин сурагчид бусад үндэстний сурагчдаас сургуульд гурван жилээр дутуу сурдаг, гэвч тэд яагаад бусдаас илүү амжилт үзүүлж байна вэ? Гэхдээ энэ чухал асуултыг энд хойш тавья. Харин одоо тавих асуулт бол “фин багш нар ангид хичээл заагаагүй үедээ юу хийдэг вэ?”.

Фин багш нарын эдэлдэг мэргэжлийн эрх чөлөөтэй цуг үлэмж хариуцлага ирдэг байна. Түүнээс гол чухал нь сургалтын хөтөлбөр ба үнэлгээ юм. Дээр өгүүлсэнчлэн үндэсний цөм сургалтын хөтөлбөр нь замын зураг гэхээсээ илүү удирдамж, аргазүйн хүрээ юм. Түүгээр багш нарт тэрхүү аргазүйг тайлбарлах, өөрийн сурах бичиг, хөтөлбөрийн бусад материалыг сонгох, улмаар ихээхэн цаг хугацаа зарцуулан өөрийн хичээлийг боловсруулах үлэмж эрх чөлөө өгдөг байна. Зарим сургуульд багш нар багаар хамтран хөтөлбөрөө боловсруулдаг бол харьцангуй жижиг сургуулиудад энэ үүргийг багш бүр ганцаарчлан үүрнэ.

2004 оны Үндэсний цөм сургалтын хөтөлбөр сурагчийг үнэлэх илүү өргөн хүрээний шалгуурыг зохих хэмжээнд санал болгож байна. Гэвч сурагчдын ахицыг тасралтгүй үнэлэх тогтолцооны гол үүргийг багш үүрнэ. Багш нар эцэг, эхтэй ойр харилцаатай байх хэрэгтэй бөгөөд олон тооны сургуульд сургуулийн амьдралын янз бүрийн асуудлыг хариуцах комиссуудын нарийн бүтэц байх ажээ. Хэдийгээр онолын хувьд хичээлгүй үед сургуулиа орхин гарахыг фин багш нарт зөвшөөрөх боловч тэдний хувьд багшлах нь тогтмол цагийн ажил юм.

Багшийн мэргэжил дээшлүүлэх тал дээр Финляндад нөхцөл байдал нэлээд ялгаатай ажээ. Энэ нь Финляндын сургуулиудыг тодорхой хэмжээнд орон нутгаас санхүүждэг ба орон нутгийн эрх баригчид мэргэжил дээшлүүлэхэд янз бүрийн түвшний ач холбогдол өгдөг гэдэгтэй нэлээд холбоотой юм. Орон нутгуудаас зайлшгүй мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаанд зориулж багш бүрт жилд гурван өдрийн санхүүжилт олгохыг шаарддаг байна. Гэхдээ зарим орон нутаг шаардсанаас илүүг хийдэг. Фин багш нар өөрийн цагийг оролцуулаад мэргэжил дээшлүүлэхэд жилд дундажаар долоо хоног зарцуулдаг гэж мэдээлж байна. Зарим томоохон орон нутаг өөрийн бүх сургуульд зориулж мэргэжил дээшлүүлэх нэгдсэн үйл ажиллагаа зохион байгуулдаг бол бусад нь өөрийн хөтөлбөр боловсруулах боломжийг сургууль бүрт олгодог байна.

Олли Лууккайнений хэлснээр мэргэжил дээшлүүлэх тал дээр орон нутаг хоорондоо их ялгаатай байгаа нь Финий тогтолцооны нэг сул тал юм:

“Багш нарыг тасралтгүй боловсруулж, мэргэжил дээшлүүлэх манай тогтолцоо хангалтай сайн биш. Энэ нь улс орны нэг хэсгээс нөгөөг хүртэл, нэг бүлэг багшаас нөгөө бүлэг хүртэл хэтэрхий их ялгаатай байна. Жишээ нь, техник мэргэжлийн сургуулийн багш нар бага ангийн багш нараас хамаагүй илүүтэйгээр тасралтгүй боловсроход зориулсан дэмжлэг хүртэж байна.”

Гэвч саяхнаас багш нарын эвлэл, яам болон бусад түншүүд мэргэжил дээшлүүлэхэд илүү тэгш боломж олгохын тулд үндэсний хөтөлбөр боловсруулахаар хамтран ажиллах болжээ. Хөтөлбөрийг дэмжихийн тулд яам 2010 онд 20 сая еврогийн төсөв хуваарилсан байна.