Уурласан хүүхдээ тайтгаруулах 5 өгүүлбэр

Бага насны хүүхдийн уурлах шалтгааныг  Сибуилле  Гренц (Sibylle Grenz. 2021) дараах хоёр зүйлээр тодорхойлжээ. Нийтлэг нэг шалтгаан нь хүүхдийн тархи төлөвлөсөн зүйлд нь өөрчлөлт ороход түүнд зохицон уян хатан байж чаддаггүйд оршино. Жишээлбэл, хүүхэд тавган дээр байгаа нэг бүтэн жигнэмэг хараад түүнийг иднэ гэж бодно. Гэтэл тэр жигнэмэг гэнэт хагарч, бүтнээр нь идэх гэсэн төлөвлөгөө нь нурна. Тэгээд уур нь хүрнэ.  Бас нэг түгээмэл шалтгаан нь тэдний биеэ даасан байдлыг хүсэмжлэх. Тэгээд эрх мэдлийн төлөө тэмцэнэ. Энэ үеийг та хүүхдээ буруутгахгүйгээр, тэсвэртэйгээр тэвчиж өнгөрөөхийг хичээгээрэй. Хүүхэд 3-5 насандаа аажмаар бусдын хүсэл сонирхлыг хүлээж авахад суралцдаг байна.

Хүүхэд уурлаж хашхичих нь хэцүү. Эцэг эхчүүддээ энэ байдлаас гарахад тань зориулж Чаролине Бауер (Charoline Bauer. 2018)-ын  “Уурласан хүүхдээ тайтгаруулах 5 өгүүлбэр” гэсэн нэгэн зөвлөгөөг орчуулан хүргэж байна.

Хүүхэд заримдаа төвөгтэй байдаг. Гэхдээ хүүхэд хэр зэрэг ядаргаа зүдэргээтэй байх нь та тэдэнтэй хэрхэн харилцахаас ихээхэн шалтгаална. Та хүнд хэцүү нөхцөл байдал үүсэхэд хүүхдийнхээ харааны түвшинд очоод, ярилцаад үзээрэй.  Хүүхдээ тайвшруулахад тань зориулсан 5 өгүүлбэр:

1. “Битгий хашхираад бай л даа!” гэхийн оронд  “Уурлах бол байж болох л зүйл. Тайвширч сайхан болоход чинь чамд яаж тусламаар байна?” гэж асуугаад үзээрэй.

Бидний сэтгэл хөдлөлийг бусад хүн хүндээр тусгаж авахгүй байх нь асуудалгүй гэдгийг та өөр дээрээ ч мэддэг байх. Харин хашхирч орилж буй хүүхдээс зүгээр л хашгирахаа болихыг шаардах нь эсрэгээрээ: Таны шаардлага хүүхдэд тань ойлгомжгүй бөгөөд өөрийгөө улам бүр чанга сонсгохыг хичээх ба энэ нь ялангуяа зөрүүдлэх насанд олон тохиолдоно. Ийм нөхцөлд  та хүүхдийнхээ мэдрэмж рүү ойртож, яагаад тийм байдалд байгааг нь мэдэрч ойлгохыг хичээх хэрэгтэй. Ингэснээр сэтгэл санааг нь тайвшруулах арга замыг хамтдаа олж болно.

2. “Ах\дүүгээ цохиж зодож болохгүй” гэхийн оронд “Чи ууртай байгаа нь ОК. Гэхдээ цохих нь тус болохгүй, энэ чинь бусад хүнийг гомдоож гунигтай болгодог гэж хэлэх.

Хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг хүлээн зөвшөөрч, уурлаж болно оо гэдгийг хэлээрэй. Гэхдээ бусдыг цохих нь буруу бөгөөд бусдыг өвтгөж гэмтээдэг гэдгийг түүнд тайлбарлана уу. Тэрхүү үйлдэл нь муу үр дагавар дагуулдаг бөгөөд бусдыг гомдоодог болохыг хүүхдэдээ учирлаарай. Ингэснээр та хүүхдийнхээ бусдыг мэдэрч ойлгох чадварыг дэмжинэ.

3. “Хэчнээн их гогинодог юм, одоо боль!” гэхийн оронд “Би чамайг ойлгож байна. Чамд үүнийг өөрөөр хийж болох санаа байна уу? гэх.

Ийм байдлаар та хүүхдээ сонсдогоо харуулж, тэдний санаа бодол танд чухал гэдгийг хүүхдэдээ ойлгуулахаас гадна өөрийнхөө нөхцөл байдалд хариуцлагатай хандахад сургана.

4. “Би чамд хэдэн удаа хэлэх гэсэн юм? гэснээс  “Чи миний хэлснийг анзаараагүй юм шиг байна. Тэгэхээр чи миний хэлснийг нэг давтаад хэлээдэх дээ? Ингэснээр хоёулаа ижилхэн ойлголттой болно” гэх.

Хэлсэн зүйлээ хүүхдээрээ давтан хэлүүлснээр таны мэдээллийг тогтооход тус болно. Давтан хэлсэн өгүүлбэрээр та хоёр хоёулаа нэг талдаа гарах байх бөгөөд хүүхдийг ганцааранг нь буруутгахгүй байгааг түүнд мэдрүүлнэ.

5. “Би одоо ерөөсөө чамтай ярилцах сонирхол алга! гэхийн оронд “Бүх юм давхацчихлаа. Би одоо буйдан дээр таван минут суугаад энэ бүх тэнэг зүйлийг алга болгохыг хичээе. Чи хамтрах уу?" гээд үзээрэй.

Ингэснээр та хүүхдэдээ мэдрэмжийнхээ талаар чөлөөтэй ярилцаж байх, үүнд хэсэг хугацааны завсарлага авах шаардлагатайг зааж сургана. Та энэ завсарлагадаа хүүхдээ хамруулснаар асуудлыг аятай байдлаар шийдэх боломж олно.  

 

Н.Хорлоо

 

Ашигласан материал:

  1. Sibylle Grenz. (2021). Wut: So reagierst du angemessen auf den Wutanfall deines Kleinkindes. https://www.babelli.de/wutanfall-wie-reagieren/. www.babelli.de
  2. Charoline Bauer. (2018).  Fuenf Saetze, um ein wuetendes Kind zu beruhigen. https://www.familie.de/schulkind/entwicklung-beziehung/fuenf-saetze-um-ein-wuetendes-kind-zu-beruhigen/. www.familie.de