Хаздаг хүүхэд, халагдсан багш

Хичээлийн жил эхлэнгүүд нийслэлийн 26 дугаар цэцэрлэг болон Дархан-Уул аймгийн “Бамбарууш” цэцэрлэгийн багш 2 настанд гар хүрсэн дуулиан дэгдэв. Дархан-Уул аймгийн цэцэрлэгээс “хоёр настай А хичээлийн шинэ жил эхэлснээс хойш гурван ч хүүхдийг хазсан. Дөрөв дэх хүүхэд хазсан үйлдэл давтаж гаргасан тул багш уцаарлахдаа тусгаарлах гэсэн” (eguur.mn) гэжээ.

Хүүхэд яагаад хазаж, мааждаг вэ?

Хоёр орчим настай хүүхдүүдэд хазах, маажих, чимхэх тохиолдол цөөнгүй ажиглагддаг. Энэ нь тэдний хөгжлийн онцлогтой холбоотой. Гэхдээ хүүхэд болгон л бусдыг хазаад, маажаад байдаггүй.  Балчир хүүхдэд аав ээж, цэцэрлэг болон  гадаа тааралдах бүх хүн өөрөөс нь том харагдана. Тэрээр “би” гэж нэг хүн байна гэж өөрийгөө мэдэрсний үндсэн дээр тэднээс нэг их хамааралтай биш байхыг хүснэ. Тэд сайн ярьж чадахгүй, харин бусад хүмүүс бол миний бодол, хүслийг хараад мэднэ гэж бодно.

Гэтэл ялангуяа цэцэрлэгт хажуунаас нь барьж байсан тоглоомыг нь булаагаад авна, эсвэл түүнийг түлхэнэ... Тэгээд өөрт бодогдож, мэдрэгдэж байгаа зүйлээ хүүхэд үгээр тайлбарлан ойлгуулж чадахгүй болохоор гомдлоо бусдыг хазах, маажих, цохиж авах зэргээр илэрхийлнэ. Хэл ярианы хөгжил тааруухан хүүхдэд ийм байдал илүү ажиглагддаг байна.

 Ийнхүү түрэмгий зан байдал гаргах нь өөрийгөө хянах чадвараар зохицуулагдах

бөгөөд энэ насанд тэд ийм чадварыг хараахан эзэмшээгүй байдаг.

 Балчир хүүхдийн орон зайн мэдрэмж тааруухан байдаг. Иймд тэд заримдаа олон хүүхдийн дунд байхдаа өөртөө зай талбай гаргахын тулд бусдыг хазах, цохиж авах тал байдаг. Мөн хүүхэд заримдаа ядрах, өлсөх, урам хугарах эсвэл орчноосоо хэтэрхий их цочрол (олон жижиг хүүхдийн уйлаан шуугиан) авах тохиолдолд өөрийгөө удирдах чадвар дутмагаас дээрх авир үйлийг гаргах нь бий.

Хэрэв энэ зан байдлыг нь засах оролдлого үр дүнгээ өгөхгүй байвал хүүхдийн түрэмгий үйлдэл бас өөр шалтгаантай байж болно. Хүүхэд харшлын эсрэг эм хэрэглэх, гэрийнхэн нь хэрүүл маргаан, зөрчилтэй байх, амьдралын нөхцөл байдал өөрчлөгдөх (байр сууц нь өөрчлөгдөх, дүүтэй болох гэх мэт)  зэрэг нөхцөлд мөн иймэрхүү зан авир илрэх талтай. 

 Эцэг эхийн хийж болох зүйлс          

Одооноос хүний хүүхэд хазаад энэ маань ёстой нэг хэцүү амьтан гарах нь дээ гэж та битгий санаа зовоорой. Хүүхдийнхээ хаздаг зан авирыг өөрчлөхийн тулд та дараах аргыг хэрэглээд үзээрэй.

Эхлээд хазуулсан хүүхдэд нь анхаарал тавь. Хазуулсан хүүхдийг энхрийл, аргад. Өөрийг нь нэг их тоохгүй бай. Ингэснээр хүүхэд тань миний хазах ч нэг их сайн зүйл биш гэдгийг мэдэрнэ.

“Болохгүй” гэдгийг хэл. Хазсан тохиолдол бүрт нь хариу үйлдэл үзүүл. Хүүхдээ холдуулаад тур зуур тайвшрах хугацаа олго. Тэгээд хүүхдийнхээ харааны түвшинд очиж явган суугаад “Хазаж болохгүй”, “Хазах нь бусад хүүхдийг өвтгөдөг” гэсэн цөөхөн үгийг тууштай бөгөөд хатуухан өнгө аястайгаар хэлж бай. Хазмаар байвал үүнийг хаз гээд тоглоом, алчуур өгөөд хазуулж үз.

“Дахиад хазаж болохгүй” гэдгийг давтан хэлж бай. Энэ нь эхний үедээ үр дүнгүй байж болно. Гэхдээ яваандаа хүүхэд үүнд анхаардаг болно.

Хүүхдэдээ ашигтай бус байлга. Хүүхэд тань бусдыг хазах арга замаар асуудлаа шийдэж байвал эсрэг арга хэмжээ авч бай. Жишээлбэл, хүүхдийг хазаад тоглоомоо олж авсан бол тоглоомыг нь хазуулсан хүүхдэд нь буцааж өгөх гэх мэт.

Хүүхдээ хараандаа байлга. (Хүүхэд тань цэцэрлэг дээрээ бусдыг хазаад байгаа болохоор багш, туслах багшид нь захиж, хүсэхээс өөр аргагүй байх) Хүүхдийг хараандаа байлгаж, түүнтэй ойрхон байвал дахиад хазах үйлээс нь сэргийлж болно.

Өөр зүйлд анхаарлыг нь хандуул. Тоглоомоо булаацалдсанаас болж гэх мэт үйлдлээс хазсан бол өөр сонирхолтой тоглоом үзүүлж, түүнийг авахыг санал болгох арга хэрэглээд үзээрэй. Ингэснээр хүүхэд өөр хувилбарыг сонгоход суралцана.

Чөлөөтэй, зайтай байлга. Бачуу өрөөнд олон жижиг хүүхэд байхад тэдэнд тааламжгүй. Тэгэхээр цэцэрлэг дээрээ хүүхдүүдээ аль болох бие биенээсээ зайтай, чөлөөтэй байлгахыг багшаас нь хүсэх.

Зөв харьцахад сургах. Сайн байсан тохиолдлууд тухайлбал, тоглоомоо бусдад өгсөн, ээлжилсэн гэх мэт үйлдлийг магтах.

Хаздаг хүүхдийг уурлаж, зодож хашраана гэж байхгүй. Тэгээд ч хүүхэд хорон санаалж, хүмүүжилгүйдээ хазаж байгаа хэрэг биш, өөрийгөө илэрхийлж буй байдал нь тэр юм. Тэгэхээр аль болох аядуу зөөлөн хандаж, тэдэнд яавал “сайн” үйл байж болох вэ гэдгийг мэдрүүлж, өөрийгөө илэрхийлэх өөр арга замаа олоход туслах нь чухал. Цаашдаа гайгүй болох байлгүй дээ гээд зөнд нь орхивол хэрэгцээгээ хангахын тулд “ингэж бас болдог юм байна” гэсэн ойлголт авч болзошгүй.

 Боловсролын байгууллагаас анхаарах зүйл

Хоёр настнууд бол сэтгэлийн хөдөлгөөнөө хянах чадвар султайгаас инээх, уйлах нь зэрэгцдэг, бие даах чадвар тааруу, эсэргүүцэл султайгаасаа болоод амархан өвддөг. Өөрөөр хэлбэл тэд бусад настнуудаас илүү асаргаа, хамгаалал, анхаарал шаарддаг. Гэхдээ энэ насанд тэдний тархи маш хурдацтай хөгждөг, орчин нөхцөл нь бүрдсэн тохиолдолд маш ихийг сурах чадвартай. Иймд манайд 2 настнууд нэг ангид буюу нэг багшид хэд ногдож байвал тэдний эрэлт хэрэгцээ, ая тохитой байдал хангагдахын зэрэгцээ багшид ээлтэй байх вэ гэдгийг бодлого боловсруулагчдаас эхлэн бодох, холбогдох арга хэмжээ авах шаардлага байна.  Үүнийг хоёр настанд ногдох хувьсах зардлыг нэмэх эсвэл эцэг эхээс бага зэрэг төлбөр нэмж авах зэрэг янз бүрийн арга замаар шийдэж болох юм. Энэ асуудалтай холбогдуулан улс орнуудад нэг багшид хэдэн 2 настан ногдож байвал зохистой гэж үздэгийг харъя.

Тайлбар: Сингапурт хүүхэд 18-30 сартай бол нэг багшид 8 хүүхэд, 30-36 сартай бол нэг багшид 12 хүүхэд ногддог байна.

Хүснэгтээс харахад нэг багшид 5-6 хоёр настан ногдож байвал хамгийн зохистой байдаг ажээ. Нэг багшид хэдий чинээ цөөн хүүхэд ногдоно төдий чинээгээр хүүхэд болон багшид ээлтэй бөгөөд хүүхдэд чанартай үйлчилгээ үзүүлж, эрүүл өсөн бойжих, хөгжиж төлөвшихөд нь хамгийн сайнаар нөлөөлөх боломж бүрддэг байна.

 

Н.Норжхорлоо

 

Эх сурвалж:

1. "Бамбаруушхан" цэцэрлэг: Багш, эрхлэгч халагдсан. 2 настай А дөрвөн хүүхэд хазсан тул багш уцаарласан. https://eguur.mn/434548/

 

2. Bertelsmann Stiftung. 2013. Betreuung in Krippen und Kindergärten: Eine Erzieherin, neun Kinder. https://www.sueddeutsche.de/bildung/betreuung-in-krippen-und-kindergaerten-eine-erzieherin-neun-kinder-1.1712247

 

3. JoBeth Williams. 2019. Teacher-Child Ratios in Singapore Preschools: What Do They Mean and What Is An Optimal Number? https://www.mindchamps.org/blog/singapore-preschool-teacher-child-ratio/

 

4. The National Quality Framework. 2016. Educator to child ratios. Australia. https://www.acecqa.gov.au/nqf/educator-to-child-ratios

 

5. U.S. Department of Health and Human Services. Administration for Children and Families. Ratios and Group Sizes. Washington, DC. https://www.childcare.gov/index.php/consumer-education/ratios-and-group-sizes