Ээж нарт ажлаа хөнгөвчлөх 15 зөвлөгөө

Гэртээ хүүхдүүдтэйгээ хамт байх сайхан. Гэвч бага насны хүүхдээ гэртээ байнга хардаг ээжүүдэд бас ч амаргүй, заримдаа ядаргаатай, бухимдах үе ч тохиолддог. Иймд энд бичсэн практик зөвлөгөөнүүд өдөр тутмын амьдралаа хөнгөн аятайхан, илүү тайван зохицуулахад танд тусалж мэднэ. Та уншаад заримаас нь туршаад үзээрэй.

1.    Хүн бүрийн өнгө  
Ээж алаг, аав хөх, Батаа ногоон, Оогий шар.  Энэ нь шүдний сойз, нүүр гарын алчуур, ... ын өнгө. Ингэхэд хэнийх нь юу хаана байгаа нь тодорхой.

2.    Эмх цэгц
Тоглоом, эд зүйлсээ хураах, эмх цэгцтэй байхад хаана юу байх ёстой нь хүүхдэд тодорхой байх. Сагсанд зөөлөн тогмоомууд, хайрцганд өрж байгуулах моднууд, номнууд тавиур дээр, угаах хувцаснууд үүдний сагсанд гэх мэт. Мөн хүүхдийн өндөрт тохирсон олон өлгүүр-дэгээнүүд байвал энд тэнд юмнууд хөглөрөхгүй.

3.    Зочидтойгоо  хамтаараа
Төрсөн өдөр зэрэг хүүхдэд зориулсан баяр тэмдэглэхэд бүгдийг өөрөө урьдчилан бэлтгэх гэж тэвдэх биш, зочид (хүүхдүүд)-тойгоо салад, нарийн боов зэргийг хамтдаа хийж болно. Ингэхэд хүүхдүүд бүтээлчээр ажиллаад тэдэнд сонирхолтой, мөн амттай. Мөн зочидтойгоо хамт зурах, урлах, тоглох...

4.    Хүүхдийн урлагийн бүтээл
Хүүхдүүд  зурж, нааж байнга л “бүтээл” түүрвидаг.  Ээж аав түүнд нь ач холбогдол өгвөл тэд дуртай. Бүтээлийг нь хананд  бичгийн хэрэгслийн зүүгээр, мөн юм хатаадаг хэцэн дээр хавчаараар тогтоосон ч болно.

5.    Өрсөлдөөн
Хэн аяга, тавгаа сайхан угаасан?, Хэн хоолоо дуустал нь сайн идсэн? Хэн хувцсаа эмх цэгцтэй байлгасан? ... гэхэд  ах/эгч, дүүсийн хоорондын өрсөлдөөн тустай. 

6.    Чухал бүтээлэг
Хүүхэд бага байх тутам тааралдсанаа халтартуулах нь их. Иймд буйдан, зөөлөн сандал гэх мэт хамгаалах шаардлагатай зүйлээ бүтээлгээр бүтээсэн нь дээр. Бохирдсон бүтээлгээ аваад л угаалгын машин руу хийчихнэ.

7.    Гэр бүлийн санамж
Үүд хавьд жижигхэн самбар байх.  Жижиг цаасан дээр чухал ажил төрлийн цаг хугацааг бичээд тогтооно. 5/IX-нд 10.30 – Сараа шүдний эмчид, 18/Х-ны 18.00-эцэг эхийн хуралтай гэх мэт.  Шууд  дээр нь бичдэг самбар байсан ч болно.

8.    Хэрэгцээтэй үед л гэрэл
Коридор, зарим өрөөнд хөдөлгөөн мэдэрдэг гэрэл тавихад  “гэрлээ унтраагаач” гэсэн асуудал үүсэхгүй.  Тэр хавиар дөхөж очиход асна, дараа нь өөрөө унтарна. Шөнө хэн хаашаа явна түүнд ч бас тустай.

9.    Ханатлаа унтах
Долоо хоногийн сүүлээр амралтын өдрүүдэд ээлжлэн ээж аавын нэг нь ханатлаа унтаж, нөгөө нь өглөөнийхөө ажлуудыг амжуулах.

10.    Долоо хоногийн хүнс
Долоо хоногтоо ямар ямар хоол хийхээ урьдчилан товлох. Үүнд хүүхдийнхээ саналыг бас авна. Ингэснээр дэлгүүрээс авах хүнсний зүйлсээ нэг мөр авч бэлтгэх боломжтой.  “Өнөөдөр ямар хоол хийх вэ?” гэх, мөн зарим зүйл нь дутагдаж, байн байн дэлгүүр гүйхгүй болно.

11.    Анхны тусламж
Бүдэрч унах, гар, хуруугаа цохих, хавчуулах гээд  хүнд үе багачуулд бишгүй тохиолддог. Энэ үед таны бодож олсон “шидэт үгс” зарим шархыг дорхноо эмчилчихнэ.  Мөн диван, орон дээр тавтайхан хэвтүүлчихвэл төдөлгүй босоод л давхих вий.

12.    Адал явдал  
Сардаа нэг удаа сонин үйл явдлыг сэддэг уламжлалтай байвал хүүхэд гэлтгүй аав ээжүүдэд ч  сонирхолтой. Ууланд авирах, голын усанд орох, тагтан дээр унтах, гэрт байдаг бол зуны улиралд гадаа унтах гэх мэт юуг ч сэдэж болно.

13.    Ээжийн оронд магнетфон
Ээж уурлаж, үглэхгүй харин түүний оронд магнетфон.  Өглөө: “Босоорой, босоорой...”, тоглосны дараа:  “Тоглоомоо хураагааарай, тоглоомоо хураагаарай...” гэж давтан хэлэх.

14.    Хоолны ээлж
Найз ээж аав нар хааяа хоолоо ээлжлэн хийж, нэгнийдээ хоолловол нэг гэр бүл нь хоол хийхээс чөлөөлөгдөнө. Түүнээс гадна “айлын хоол амттай”. 

15.    Сайхан  боломж
Долоо хоногтоо нэг  удаа, наад зах нь хагас цагийн хугацаагаар аав юм уу ээж нь хүүхэд тус  бүрийн мэдэлд байх. Энэ хугацаанд хүүхэд аав/ээжтэйгээ юу хийх эсвэл яаж тоглохоо өөрөө шийднэ.

П.Жаргал