ХБНГУ-д цэцэрлэгийн багшийг хэрхэн бэлтгэдэг вэ?
ХБНГУ нь 16 холбооны улстай (муж улс), холбооны улс тус бүр боловсролынхоо асуудлыг өөрсдөө шийддэг. Тэгэхээр холбооны улс бүр дор бүрдээ өөрсдийн бодлогоор цэцэрлэгийн багшаа бэлтгэдэг, өөрөөр хэлбэл багш бэлтгэж буй ажлын арга, хэлбэр нь 16 өөр өнгө төрхтэй гэж хэлж болно. Энд Бавар болон Захсений холбооны улсад цэцэрлэгийн багшийг хэрхэн бэлтгэдэг талаар авч үзлээ.
Баварын холбооны улсад цэцэрлэгийн багш бэлтгэдэг тухай
Цэцэрлэгийн багш бэлтгэх сургуульд дунд сургууль (тэднийхээр 10 дугаар анги) төгссөн сурагчид элсэн суралцдаг. Цэцэрлэгийн багшийн сургалт нийтдээ 5 жил үргэлжилнэ. Эхний хоёр жилд дадлага хийнэ. Дадлага хийхдээ долоо хоногийн 1 өдөр нь хичээлдээ яваад үлдсэн өдрүүдэд нь цэцэрлэг дээр хүүхэд асрагч (манайхаар “туслах багш”)-аар ажиллана. Ийнхүү нэг жил аль нэг цэцэрлэг дээр дадлага хийсэн дадлагажигч дараа жил нь өөр цэцэрлэг эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн байгууллага, сургуулийн өдөр өнжүүлэх бүлэг зэрэг аль нэг нийгмийн үйлчилгээний байгууллагад дадлага хийнэ. Энэхүү 2 жилийн дадлага хийхдээ дадлагажигч 300 Еврогийн цалинтай ажилладаг.
Хоёр жилийн дадлагын хугацаа дууссаны дараа мэргэжлийн сургуульд 2 жил суралцана. Сургалтынхаа төгсгөлд төгсөлтийн шалгалт өгнө. Ингээд дараагийн жил нь “улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүжүүлэгч багш” болохын тулд дахин 1 жил дадлага хийнэ. Сүүлийн жилийн дадлагын хугацаанд 4 долоо хоног сургууль дээрээ очиж, бичсэн илтгэлээ тавьж хэлэлцүүлнэ. Энэ нь манайхаар дипломын ажилтай ойролцоо. Хэдийд сургууль дээрээ очихоо сургуультайгаа тохирно. Оюутны тавих илтгэлийн сэдэв нь хүүхэдтэй ажиллах аль нэг үзэл баримтлалын асуудал байна. Сүүлчийн жилийн дадлагын хугацаанд оюутан 500 Еврогийн цалинтай ажилладаг аж.
Цэцэрлэгийн багш бэлтгэх сургуулиудын үүсгэн байгуулагч нь янз бүр. Цэцэрлэгийн багш бэлтгэх сургуулийн төлбөр мөн харилцан адилгүй. Жишээлбэл, Эвангелишийн шашны байгууллагын цэцэрлэгийн багш бэлтгэх сургуульд суралцагчид сардаа 39 Еврогийн төлбөр төлдөг байна.
Захсений холбооны улсад цэцэрлэгийн багшийг хэрхэн бэлтгэдэг вэ?
Бид аялалынхаа явцад цэцэрлэгийн багш бэлтгэх 100 жилийн түүхтэй Лейпциг хотын Хенрийтте-Гольдшмидт сургууль (Henriette-Goldschmidt-Schule )-аар орж, тус сургуулийн захирал доктор Ульмтай уулзаж, түүнээс тус холбооны улсад цэцэрлэгийн багшийг хэрхэн бэлтгэдэг тухай асууж тодруулсан юм.
Цэцэрлэгийн багшийн сургуульд элсэгчдэд тавигддаг шаардлага
Цэцэрлэгийн багшийн сургуульд элсэгчид хоёр янзын арга замаар тус сургуульд элсэх болзлыг хангадаг байна.
1. Нийгмийн үйлчилгээний чиглэлээр анхан шатны мэргэжил эзэмших (Sozialfachschule) сургуульд 2 жил суралцаж төгссөн байна. Тухайлбал, нийгмийн ажилтан, хүүхэд асрагч гэх мэт мэргэжлээр.
2. Аль нэг мэргэжлийн сургууль (манайхаар Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв)-д ямар нэг мэргэжлээр (мужаан, цахилгаанчин гэх мэт) суралцаж төгсөөд, тэр мэргэжлээрээ 2–оос доошгүй жил ажилласан байна.
Др.Ульмын ярьснаар хоёр дахь шугамаар тус сургуульд элсэх болзлыг хангасан хүмүүсийг элсүүлэн сургахад эрэгтэйчүүд орж ирэх магадлал өндөртэй байдаг байна. Эрэгтэйчүүд хүмүүжүүлэгч багш (манайхаар цэцэрлэгийн багш)-аар бэлтгэгдэн гарч, цэцэрлэгт ажиллах нь олон талын ач холбогдолтой. Тухайлбал, мужааны мэргэжилтэй хүн цэцэрлэгийн багшаар ажиллахад эмэгтэйчүүдийн хийж чаддаггүй олон зүйлийг хийж чаддаг, мөн тэд найрсаг хамт олон бүрдүүлэхэд багагүй хувь нэмрээ оруулдаг аж.
Нөгөө нэг ач холбогдол нь сүүлийн жилүүдэд гэр бүл салалт ихсэж, аавгүй хүүхдүүд олширч байгаатай холбоотой. Цэцэрлэгт эрэгтэй багш ажиллах нь хүүхэд, ялангуяа эцэггүй хүүхдүүд багаасаа эмэгтэй, эрэгтэй хүнтэй аль алинтай нь харилцаж сурах, эрэгтэйчүүдийг ойр дотны хүн, хүмүүжүүлэгч гэдгээр хүлээн зөвшөөрөхөд тустай. Иймд эрэгтэйчүүдийг цэцэрлэгт ажиллуулах бодлогыг дэмжиж байгаа гэнэ.
Сургалтын явц, дадлага
Захсений холбооны улсад цэцэрлэгийн багшийн мэргэжлээр суралцагчид 3 жил суралцаж төгсдөг. Сургалтын төлбөр харьцангуй хямд. Жишээлбэл, бидний очиж танилцсан Хенрийтте-Гольдшмидт сургууль улсын сургууль учраас сургалт нь үнэ төлбөргүй.
Сургалтын явцад танхимын сургалт болон цэцэрлэг дээрх дадлага хослон явагдана.
• Анхны жилдээ 13 долоо хоногийн дадлагыг аль нэг цэцэрлэг дээр
• 2 дахь жилдээ 12 долоо хоногийн дадлагыг өөр нэг цэцэрлэг дээр
• 3 дахь жилдээ мөн 14 долоо хоногийн дадлага хийдэг
3 дахь жилдээ 3 дугаар сард төгсөлтийн улсын шалгалтыг амаар болон бичгээр өгдөг.
Дадлагад гарсан оюутнууд тодорхой хугацаанд сургууль дээрээ ирж, дадлага хийсэн ангийнхаа хүүхдүүдийн юуг нь хэрхэн ажигласан, цаашид юуг анхаарах, яаж ажиллах талаар ярилцлага хийдэг.
(зурагт: Хенрийтте-Гольдшмидт сургуулийн захирал Доктор Ульм (баруун гар талаас), манай төлөөлөгч Б.Оюунгэрэл, Ц.Наранцэцэг)
Цэцэрлэгийн багш бэлтгэх сургуулийн дадлага удирддаг багш нар нь оюутнууд дээрээ дадлагын хугацаанд 1 удаа очиж зөвлөн тусалдаг. Дадлагад гарч буй оюутнууд хийх ажлын төлөвлөгөөгөөндөө дараах зүйлсийг тусгадаг.
• Ангид хийх анализ (ямар насны хүүхдүүдтэй ажиллаж байгаа, хүүхдийн хөгжлийн түвшин ямар байгаа, хүүхдийн хөгжилд ямар нэгэн бэрхшээл тохиолдож буй эсэх гэх мэт)
• Эцэг эхчүүдийн харилцаанд хийх ажиглалт
• Анализ-ажиглалт дээрээ тулгуурлан хүүхдийн түвшинд тохирсон ямар үйл ажиллагаа явуулах, түүнийгээ хэрхэн хэрэгжүүлэхээ төлөвлөнө.
Сүүлийн үед хүүхдүүдийн хэл ярианы хөгжил сул, мөн харилцааны доголдол багагүй байгаа нь дадлага хийх явцад ажиглагдаж байгаа. Хүүхдийн хэл ярианы хөгжил сул байгаагийн нэг шалтгаан нь эцэг эхчүүд хүүхдээ зурагт их үзүүлж байгаатай холбоотой. Хүүхэд зурагт үзэхэд харж, сонсоно уу гэхээс биш ярих дадлага хийх боломжгүй байдаг. Ер нь зурагт, компьютер, гар утас гэх мэт мэдээллийн хэрэгслүүдтэй хэрхэн зохистой харилцах талаарх асуудал гарч ирсэн тул бид мэдээллийн сурган хүмүүжүүлэх ухаан (Medienpaedagogik) гэсэн хичээлийг оруулах болсон хэмээн тэрбээр тайлбарлаж байв.
Багшийн мэргэжил дээшлүүлэлт
Тухайн цэцэрлэгийг үүсгэн байгуулсан байгууллага (Орон нутаг, шашны байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод гэх мэт) нь багш нарынхаа мэргэжил дээшлүүлэх асуудлыг хариуцдаг. Жишээлбэл, Монтессорийн цэцэрлэгт ажилладаг багш нарын мэргэжил дээшлүүлэх ажлыг “Монтессорийн холбоо” хариуцдаг. БНАГУ (хуучнаар)-д цэцэрлэгийн багшийн мэргэжил эзэмшсэн хүмүүсийг улсаас 120 цагийн нэмэлт сургалтад хамруулж сертификат олгодог байна. Мөн орон нутагт ажилладаг Хүүхэд, залуучуудын байгууллага-Jugendamt (манайхаар аймгуудын Боловсролын газар болон Хүүхдийн төлөө газартай ойролцоо үүрэг гүйцэтгэдэг байгууллага) багш нарын мэргэжил дээшлүүлэх ажилд оролцдог.
Мэргэжил дээшлүүлэхийн зэрэгцээ давтан сургах ажил бас явагдана. Жишээлбэл, цэцэрлэгийн багш хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах чиглэлээр сургалтад хамрагдан шинээр үнэмлэх авч, өөр байгууллагад ажиллаж болдог.
Мэргэжлийн анхан шатны сургууль төгссөн “хүүхэд асрагч” нар цааш үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй бол 2 жил ажиллаад, цэцэрлэгийн багшийн мэргэжлээр үргэлжлүүлэн суралцдаг байна.
Б.Оюунгэрэл,
Н.Норжхорлоо