Цэцэрлэгийн багш ямар үүрэгтэй вэ? (төгсгөл)

АЖИГЛАЛТ ба БАРИМТЖУУЛАЛТ

Сургалтын агуулгыг тогтоож, хэрэгжүүлэх ажлын гарааны цэг нь хүүхдүүдийн тавьж буй асуулт, сонирхол, сэдэж буй сэдвийг мэдэрч хүлээж авах явдал юм. Хүүхдээс ирж буй мэдээлэл нь тэдний суралцах сонирхлын илэрхийлэл бөгөөд чухамдаа үүнээс л тэдэнтэй явуулах үйл ажиллагааны эх үүсвэр тавигдана. Тэгэхээр хүүхдийн асуулт, сонирхож, сэдэж буй зүйл нь багшийн зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөлтөд голлох байрыг эзэлнэ. Иймээс аль ч сургалтын үйл ажиллагааны суурь дэвсгэр нь хүүхдийг системтэйгээр ажиглах, тэднийг ойлгож мэдрэхэд оршино.

Ажиглалт нь сургалтын чиглэл бүрээр хүүхдүүдийн хүчтэй болон сул тал, тэд багшаас өгсөн санаа сэдлийг хэрхэн хүлээж авч байгаа, түүний дагуу хэрхэн ажиллаж байгааг илрүүлэх зорилготой байдаг. Суралцах үйлд нь зөвхөн түлхэц үзүүлж (энэ нь “зоригжуулах” байдлаар хүүхдэд нөлөөлнө гэсэн үг), дараагийн судлах ажилд нь урам өгөх байдлаар л багш хүүхдэд нөлөөлнө.

Өгсөн санаа, өдөөлтийн дагуу хүүхэд хэрхэн туршлага хуримтлуулж байгааг ажиглалтаар олж мэддэг тул ажиглалт нь хүүхдийн хөгжлийн үйл явцыг баримтжуулах ажлын нэг хэсэг нь болно. Өөр хоорондоо ялгаатай, дараалан явагддаг ийм баримтжуулалтын дүнд хүүхдийн хөгжил хэрхэн явагдаж байгааг олж харж, ойлгож болдог. Үүний зэрэгцээ ажиглалтын тэмдэглэл (баримтжуулалт) нь эцэг эхтэй ярилцлага хийх баттай суурь дэвсгэр болж өгдөг.

Сэдвийн цаана оршин буй сэдэв

Хүүхдийн суралцах үйл явцыг дагаж, идэвхжүүлэхэд багш (мэргэжлийн хүмүүс)-аас зайлшгүй сурган хүмүүжүүлэх зониуч занг шаардана.
Хүүхэд тус бүрийн өөрийнх нь суралцах арга замыг олж мэдэх, өвөрмөц сонирхолд нь нийцүүлэхийн тулд багш бол “судлаач сурган хүмүүжүүлэгч” байна. Яагаад гэвэл багш тухайн хүүхэд юуг сонирхон оролдож байдаг, юу хийхдээ дуртай эсвэл дургүйг мэддэг байх ёстой. Энэ явцад багш тухайн хүүхдийн харилцаа ба амьдралдаа амсаж мэдсэн зүйлийнх нь талаарх ойлголтоо тэлж, хүүхдийн сул талыг нь дэмжих, хүчтэй талыг нь батжуулах чармайлт гаргаж байдаг. 

 

Ажиглалт нь хэзээ ч хүүхдийн зөвхөн сул талыг олж харахад чиглэхгүй.

Ажиглалт нь хэзээ ч зөвхөн хүүхдийн сул талыг олж харахад чиглэхгүй, мөн ажиглалтаар гадуурхах өнгө аястай дүгнэлт гаргахгүй байхад анхаарна. Ажиглалт нь тухайн хүүхдийн ерөнхий байдлыг олж мэдэх, түүнтэй яаж ажиллавал илүү үр дүнтэй байх арга барилыг тодруулахад л чиглэнэ. Ажиглалт нь хүүхдийн сэдсэн “сэдэв”-ийг тэдний хуримтлуулах туршлага болгон хувиргахад зориулагдана. Хүүхэд тухайн үед юу хийж оролдож байгаа нь түүний эзэмших шаардлагатай зүйлийг тэр бүр илэрхийлээд байдаггүй. Иймд “Сэдвийн цаана ямар сэдэв оршиж байгааг” олж харах шаардлагатай. Ажиглалтад хүний субьектив мэдрэмж ямар нэг хэмжээгээр агуулагдаж байдаг тул мэдэрч тусгаж авсан зүйлээ мэргэжил нэгтнүүдтэйгээ хуваалцаж, юунд нь онцгой ач холбогдол өгөх, цаашдаа ямар сэдэв дээр илүү төвлөрч ажиллахаа ярилцвал зохино. Үүний зэрэгцээ аль нэг хүүхэд болон бүлгийнхээ хэмжээнд яагаад, юун дээр нь цаашид ажиглалт явуулахаа мөн товлоно.

 

Мэдрэх, тусгаж авах

Энд “мэдрэх, тусгаж авах” гэж юу болохыг нэгэн жишээн дээр тодруулъя.
Цэцэрлэгийн нэгэн бүлэгт ахлах насны хөвгүүд хэдэн сарын өмнөөс байнга цагдаа болж тоглосон нь хүмүүжүүлэгч багшийн дургүйцлийг төрүүлэхэд хүрчээ. Багш тэдний тоглоомыг хэрхэн ажигласнаа багш нарын зөвлөлгөөн (манайхны Заах аргын нэгдлийн ажил) дээр нэг бүрчлэн танилцуулсан байна: Хөвгүүдийн нэг хэсэг нь нөгөөдүүлээ мөшгөн хөөж, дээрэмчинг баривчилж тоглодог байж. Багш хүүхдүүдтэй ярилцсаны эцэст “Цагдаа” гэсэн сэдэв дээр ажиллахаар болжээ. Тэгэхээр энэ сэдвийн дор ямар үйл ажиллагаа өрнөх нь тодорхой.

Багш энэ сэдэв дээр маш нарийн, мэргэжлийн ажилласан байна: Цагдаатай холбоотой ном, өгүүллэг цуглуулж, цагдаагийн тухай ярилцлага хийж, цагдаагийн ажлын байран дээр очих аялал зохион байгуулжээ. Ийм идэвхтэй үйл ажиллагаа 3 сарын турш явагдсан аж.

Үүний үр дүнд хөвгүүдийн тоглоомын агуулга өөрчлөгдөх байх гэж багш найдаж байлаа. Гэтэл тэгсэнгүй. Тэд мөрдөн мөшгөх, баривчлах, хорьж цагдах үйлээ цааш нь үргэлжлүүлсээр байлаа. Аргаа барсан, урам нь хугарсан багш энэ тоглоомыг тэр дороо хориглохоор шийджээ. 

Тэгээд юу болсон гэж санана? Цэцэрлэгээс цагдаагийн “жинхэнэ” хувцсыг гаргаж шатаах зэргээр “цагдаа” тоглоомыг хориглосны дараа дахин нэгэн “шинэ” (зөвшөөрөгдсөн) тоглоом бий болжээ: Хөвгүүдийн нэг хэсэг нь зэрлэг амьтад болж, нөгөөдүүл нь тэднийг мөшгөн хөөж барьж аваад, нүх рүү чирч аваачин хорино. Ийм тохиолдолд магадгүй та жуумалзах вий.

Багш нарын ярилцлагаар хөвгүүдийн тоглоом дээр тулгуурлан “цагдаа” сэдвээр дахин ажиллах шаардлагатай нь тодорхой болсон. Тэгээд нэг хэсэг нь нөгөөдүүлээ хөөж баривчилна, харин баривчлагдсан нь тоглоомд оролцохгүй. Саваа модыг тоглоомын материал болгон ашиглана. Ингэж тоглоход “Цагдаа дээрэмчинг барьсан нь” гэсэн сэдвээр ажиллах нь илүү ойр байсан. Энэ сэдэв илүү тохиромжтой болов уу гэсэн нь зарим хөвгүүд таашааж байснаар батлагдаж байсан.

Тэгэхээр томчууд энэхүү тоглоомд ажил мэргэжлийн талын агуулгыг түлхүү харж, анхаарч байсан байна. Харин тоглоомд хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөнтэй холбогдох агуулга ор тас орхигдсон байжээ. Хүүхдүүдтэй тэдний сэтгэл санаа, сэдлийн талаар ер ярилцаагүй, түүнийг нь мөн ажиглах зүйлдээ ч оруулаагүй байсан байна. Үүнтэй холбогдуулан тоглоом бүр ажил үйлтэй холбоотой агуулгаас гадна сэтгэл хөдлөлийн элементүүд агуулж байдаг гэдгийг анхаарах нь бидэнд хамгийн чухал юм. Энэ 2 талын аль алиныг нь ажиглалтдаа багтаан оруулж байх шаардлагатай.

Дахин нэг жишээ дурдъя. Забине 6 настай, түүний үүдэн шүд нь унасан аж. Кай мөн 6 настай, бас үүдэн шүд нь унасан байна. Забине бусдад миний шүд унасан, одоо удахгүй сургуульд орно гэж бахархан ярина. Харин Кай шүдээ унаснаас хойш өөртөө итгэлгүй, нэг их ярихгүй болсон бөгөөд тэрээр нэг удаа ярилцлагын явцад “юм ярихад агаар амнаас эвгүй гардаг, тэгэхээр юм ярихад хэцүү, айдаг" гэжээ. Тэгэхээр багш энэ хоёр хүүхэдтэй шүд солигдолтын тухай ярилцаж, мэдлэг олгож болно. Харин сэтгэл санаа, сэтгэл хөдлөлд нь нөлөөлөх зүйлийг орхигдуулж болохгүй. 

Ажиглалт явуулах арга

Ажиглалтыг ерөнхийдөө хоёр хэлбэрээр явуулдаг:

1.    Тухайн байдлын ажиглалт (тохиолдлын үйл явдлууд)
2.    Системтэй ажиглалт (жишээлбэл, хүүхдийн ерөнхий хөгжлийн ахиц эсвэл тодорхой чадвар, мөн ажиллаж буй сэдвүүд дээрх, тодорхой үйл явдал, үйл ажиллагаан дахь ажиглалт)

Системтэй ажиглалт нь хүүхдийн хөгжлийг тогтооход чиглэдэг бөгөөд тодорхой цаг хугацааны давтамжтайгаар стандартчилагдсан байдлаар явагддаг. Үүнийг тодруулан авч үзье.

Ажиглалтаар ахицыг тодорхойлохдоо янз бүрийн арга хэрэглэдэг. Жишээлбэл, социограмм, протокол, бөглөх хуудас (тохиолдлын давтамжийг тооцох), ажиглалтын хуудас, гэрэл зургийн цомог, асуулгын хуудас, багийн ярилцлага, өдрийн тэмдэглэл, видео болон кассетын бичлэг. Ажиглалтаа багаараа хэлэлцэж дүгнэнэ, үүнд мөн хүүхэд болон эцэг эхийг оролцуулна. Шаардлагатай үед эцэг эх зөвшөөрсний үндсэн дээр өөр хүмүүс (Зөвлөгөө өгөх төвийн ажилтан, СӨБ-ын мэргэжилтэн гэх мэт)-ийг оролцуулна.

Тогтмол хийгддэг баримтжуулалт (плакат, мэдээллийн хуудас, хүүхдийн бүтээлүүд, үзэсгэлэн, хүүрнэл яриа, тайлан) нь хүүхдийн болон тухайн ангийн боловсрол эзэмших үйл явцын замналыг харуулна. Багш ажигласан, тусгаж авсан зүйлээ, түүнчлэн дүгнэлтээ төрөл бүрийн мэдээллийн хэрэгслийг ашиглан эцэг эхчүүдэд ойлгомжтой болгоно. Хүүхдийн зурсан зураг, техт (хэлсэн, ярьсан зүйл), бүтээсэн эд зүйлсээс жишээ болгон цуглуулсан зүйлээрээ багш хүүхдийг суралцах үйлд нь зоригжуулна. Эдгээр цуглуулга, үзүүлж харуулах зүйлдээ багш он, сар, өдрийг нь ямагт тавьж байна. Ингээд тэдгээр баримжуулсан материалаа эцэг эхэд нь хүлээлгэн өгнө. 

Чанарыг хангах

Багш өөрийнхөө ажлыг сурган хүмүүжүүлэх үүрэг, зорилгынхоо хүрээнд авч үзэж, үнэлж дүгнэнэ. Үнэлгээ нь чанарын шаардлагыг хангахад чиглэх бөгөөд бүх талыг хамарсан мөн үр өгөөжтэй байх ёстой. Үнэлгээ нь тодорхой хугацаанд давтагдан явагддаг өөрийн болон хөндлөн (эцэг эхийн)-гийн үнэлгээгээр хийгдэнэ. Өөрийн болон хөндлөнгийн үнэлгээг хооронд нь харьцуулан авч үзэх нь хамтран ажиллагсдынхаа дунд өөрийн байр сууриа олох мөн эцэг эхтэй хамтран ажиллах баттай суурь дэсгэр болдог. Үнэлгээний үр дүн нь багшид ажлынхаа чанарыг цаашид сайжруулахад хамгийн сайн боломж олгож, түлхэц өгдөг.

Орчуулсан: Н.Норжхорлоо

Ном зүй:

Beobachtung und Dokumentation, s.22-23, Kindergarten Heute, Konzepte entwickeln-Bildung planen, Herder Verlag, Kundenservice-Center, Hermann-Herder-Strasse 4, 79104 Freiburg