Бидний загас сэлж байна

Бид хүүхдүүдтэйгээ хамт “Байгаль, нийгмийн орчин”-ы агуулгын хүрээнд янз бүрийн энгийн туршилт хийж байна. Туршилт хийх нь хүүхдэд сонирхолтойн дээр санамсаргүй үр дүнд нь баясаж, тэдний юмс, үзэгдлийн учрыг олох, өөрөөр хэлбэл суралцах сэдэв тэмүүлэлд сайнаар нөлөөлдөг.  Энэхүү туршилтыг багш нараас гадна ээж аав нар мөн ах, эгч нар дүүтэйгээ хамтдаа хийж үзэж болох юм.

Туршилтын зорилго

  1. Загас хөдөлгөөнд орж байгааг анзаарч баясах, учир шалтгааныг нь олохыг эрмэлзэх
  2. Дүрсийг зураасны дагуу хайчлах
  3. Өгсөн заавар дарааллын дагуу үйлдлүүдийг гүйцэтгэх

 

Хэрэглэгдэхүүн: Картон цаас, сав, угаагч шингэн, хайч, ус

Үйлдлийн дараалал

1. Картон цаасан дээр загас зураад хайчилж авна.

 

2. Загасны сүүл хэсгээс толгой тийш суваг гарган зурж, төгсгөлд нь их биеийн гол хэсэгт дугуй дүрс зурна. Зураасны дагуу хайчилж авна.

 

3. Саванд ус хийж бэлтгэнэ.

 

4.Загасаа савтай усанд тавина.

 

5. Загасны голд гаргасан дугуй дүрс дотор угаалгын шингэнээсээ дусаана.

 

6. Загас хөдөлж байгаа эсэхийг ажиглана. (Загас хөдөлж, усан дотор урагш явна.)

 

7. Яагаад загас  хөдөлж урагш явж байгаа юм бол? Асуултын дагуу хүүхдүүд таамаглал дэвшүүлнэ.

8. Төгсгөлд нь багш, хүүхдүүдтэй дараах дүгнэлтэд хүрнэ.

Угаагч шингэн усны гадаргуу дээр тарна. Зүг бүр рүү тарахгүй, зөвхөн дугуй дүрсний арын хайчилсан хэсэг рүү тарна. Энэ нь картон цаасанд  (загасанд) түлхэлт  өгч, загасыг хөдөлгөөнд оруулна.

Багшид өгөх зөвлөмж:

  1. Энэхүү туршилтыг хүүхдээр  хийлгэхийн өмнө багш өөрөө заавал туршиж үзсэн байх.
  2. Энэ туршилтыг зөвхөн нэг удаа л хийх боломжтойг санах.
  3. Картон цаасныхаа сонголтонд анхаарах.\Амархан норж живэхгүй байх\
  4. Угаалгын шингэнийг хүүхэд нүүр болон нүд, амандаа ойртуулахгүй байх.
  5. Картоныг хайчлахад төвөгтэй тул шаардлагатай үед багш дэмжлэг үзүүлэх, хүүхдийг хайчтай зөв харьцахыг сануулах.

 

Үргэлжлэл бий.

 

Өмнөговь аймаг, Цогтцэций сумын “Мөрөөдөл”  7 дугаар цэцэрлэгийн багш  Б.Бат-Орших