Боловсролоор хэрхэн Израилын гайхамшигийг бүтээсэн ТҮҮХ

Хүн төрөлхтний эдийн засгийн амьдрал ан агнуур, тээвэр, газар тариалан мал аж ахуй, худалдаа, аж үйлдвэрийн эдийн засгаас өнөөдөр мэдлэгийн эдийн засаг гэсэн цоо шинэ эдийн засгийн соёл иргэншил рүү шилжиж эхэлж байна.

Мэдлэгийн эдийн засгийн соёл иргэншил нь дэлхийн тэргүүний шинжлэх ухааны хөгжлөөр дамжиж, цоо шинэ мэдлэгийг бөөнөөр нь үйлдвэрлэж, энэ их мэдлэгийг мөнгө болгон хувиргаж, хуваарилах соёл иргэншил юм. Шинжлэх ухаан нь мөнгийг мэдлэг болгодог, инноваци нь мэдлэгийг мөнгө болгодог соёл иргэншил гэж тодорхойлогдож байна.

Дэлхийн дахинд мэдлэгийн эдийн засгийг хамгийн эрчтэй хөгжүүлж байгаа хүн ам цөөхөн, газар шороо багатай, байгалийн баялаггүй Израиль Улс дэлхийд мэдлэгийн эдийн засгаар тэргүүлж байгаа учир дэлхийн бүх улс Израилийн мэдлэгийн эдийн засгийг хэрхэн хэрэгжүүлж буй туршлагаас суралцан, эзэмших давлагаа аль хэдийн үүсээд байна.

Үүний нэг жишээ бол хүн ам нь 1.4 тэрбум, газар нутгийн хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт, эдийн засгийн чансаагаараа дэлхийд хоёрдугаарт орох болсон БНХАУ таван жилийн хөгжлийн төлөвлөгөө болох 13 дахь таван жилийн төлөвлөгөөгөө боловсруулах эрдэмтдийн баг болон өндөр технологийн салбарын бизнесменүүдийн төлөөллөөс бүрдсэн 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр Израиль улсад мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлж буй бодит туршлага, сургамжаас суралцахаар очсон тухай энэ нийтлэлд өгүүлье.

Хүн төрөлхтний хөгжлийн түүх, түүний ололт амжилтыг харвал бусдын амжилтаас суралцаж, бүтэл муутай үйл хэргээс сургамж авах нь зүйн хэрэг ажээ.

Израиль улс өнгөрсөн хэдэн жилд Стартап Үндэстэн (Startup Nation) буюу Инновацийн Үндэстэн гэх ном хэвлэж, өөрийн улс орноо дэлхий дахинд сурталчлахаас гадна мэдлэгийн эдийн засгийн хөгжлөөрөө хэрхэн тэргүүлж буй үндэсний бахархал болсон ололт амжилтаа дэлхий нийтэд хуваалцсан юм.

Энэ үйл хэргийг Case Study (Бодит Судалгаа) болгож, Монгол хүн, Монгол Улс яаж өөрийн 3 сая хүний нөөцийг хөгжлийн тулгуур болгож, дэлхийн хүн төрөлхтний нөөцөд дөрөөлж, мэдлэгийн эдийн засгийн тэргүүлэх орон болж хөгжихөд түлхэц болох үүднээс дараах орчуулгын нийтлэлийг хүргэж байна.

Бээжин Их сургуулийн дэргэдэх Хятад Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн доктор профессор Жу Чи Рэн Шанхайд зохион байгуулагдсан “13 дахь таван жилийн төлөвлөгөөг боловсруулах мэргэжилтнүүдийн хуралдаан”-д оролцож, тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэе.

 

ИЗРАИЛЬ ХҮН БОЛГОН ИННОВАЦ ХИЙДЭГ ҮҮ?

Саяхан миний бие Жу Чи Рэн Хятад улсын өмнөө барьдаг өндөр технологийн компанийн 30 гаруй удирдагчдын хамтаар Израильд ажлын айлчлал хийлээ. Тус айлчлалаар би өөрийн юу ч мэдэхгүйгээ мэдэж, үнэхээр нүүрээ хийх газаргүй боллоо. Миний ахалж явсан айлчлалын баг өдөрт цагийн хуваарийн дагуу айлчлалаа хийж, орой нь буудалдаа буцаж, хүн тус бүр өөрийн ойлголт, ухаарлын тухай ярилцаж, дүгнэлт хийдэг байлаа. Багийнхандаа би дараах асуултыг тавьсан юм.

Старт ап үндэстэн буюу инновацийн үндэстэн гэх хүндэтгэлийг хүлээсэн Израиль улсад ирээд ямар шинэ зүйлийг олж мэдэв?

Энэ асуултад бидний зарим нөхөд ийн хариуллаа. Бүх еврей хүний гэр орон, ажиллаж байгаа албан байгууллагын үүдний босгон дээр Еврей үндэстний Библи дэх тарнийг хийсэн уут байдгийг олж харлаа гэв. Хариуд нь би “Хятадад бас ийм төрлийн тарни хийсэн шившлэг байдаг шүү дээ. Энэ бол шашин шүтдэг хүмүүсийн шившлэг юм. Шашингүй хүнд ийм зүйл байхгүй биз ээ” гэлээ.

Манай багийн зарим нөхөд ийн ажиглажээ. Израилийн гаалиар гаалийн маягт бөглөхгүй шууд нэвтэрдэг болохыг анзаарчээ. Аюулгүй байдлын эрсдэл өндөртэй Израильтай адил орон виза-г маш хатуу шалгах байтал виза авсан ямар ч хүн төвөггүй нутаг дэвсгэрт нь нэвтэрч байгаагаас харвал Еврей нар өөрийн улс орны мэдээллийн технологи болон аюулгүй байдлаа хангах технологид маш итгэлтэй байгаа нь тодорхой байна гэв.

Манай багийн зарим нөхөд ийн ажиглажээ. Израилийн гаалиар гаалийн маягт бөглөхгүй шууд нэвтэрдэг болохыг анзаарчээ. Аюулгүй байдлын эрсдэл өндөртэй Израиль адил орон визаг маш хатуу шалгах байтал виза авсан ямар ч хүн төвөггүй нутаг дэвсгэрт нь нэвтэрч байгаагаас харвал Еврей нар өөрийн улс орны мэдээллийн технологи болон аюулгүй байдлаа хангах технологид маш итгэлтэй байгаа нь тодорхой байна гэв.

Үүнээс өөр ямар сонин сайхан зүйл олж харав гэж би дахин асуулаа.

Израильд орчин үеийн тансаг трамвайгаар зорчиход трамвайн жолоочийн үйлчилгээ үзүүлж байгаа соёл нь манай Хятад орноос ямар ялгаатай байна? Ариун хот гэж нэрлэгдэх Иерусалимын гудамжаар дүүрэн гудамжны худалдаа байгаа нь Хятадынхаас ямар ялгаа байна? Худалдаа хийж буй эрчүүд нь бараагаа дэлгэж тавин, худалдан авагчийг урин дуудаж, шаагилдаж байгаа нь Хятадаас ямар ялгаатай байна? Тэл Авив дахь бидний буусан буудал нь Хятад болон бусад улсынхаас ямар шинэлэг, давуу зүйлсийг агуулсан байна? гэж асуулаа.

Буудал нь даруухан, хэт тансаг зүйл ажиглагдсангүй. Энгийн нүдээр харахад инновацийн үндэстэн гэгдэх ямар ч онцлог зүйл олж харсангүй. Израильд дэлхийн улс орнуудаас онцгойрсон, хүний нүдийг хужирлаж, гайхшруулсан зүйл харагдахгүй байна. Израильчууд бусад улсын хүмүүсийн амьдарч буй хэв маягтай яг л адилаар иргэд нь амьдрахын төлөө хийх ёстой зүйлээ л хийн амьдардаг юм байна гэж дүгнэлтэд хүрсэн юм.

Гэтэл бидний дүгнэлт андуурал байсныг хэдэн жишээгээр татан харуулъя.

Израилийн хүн ам нь 8 сая хүрэхгүй. Шанхай хотын хүн амын дөнгөж гуравны нэгтэй тэнцэнэ. Гэтэл Израильд 38000 докторын цол зэрэгтэй, эрдэм шинжилгээний түвшний хөдөлмөр эрхлэгчтэй байгаа нь бүр хачирхалтай!

Израилийн газар нутгийн хэмжээ Бээжин хотоос жижиг. Гэхдээ өндөр технологийн аж үйлдвэрийн салбар нь нийт Израиль улсын ажлын байрны 10 хувийг хангадаг, эдийн засгийн нийт чадавхын 15 хувийг эзэлдэг, экспортын 50% гаруйг эзэлдэг. Шинжлэх ухаан технологийн судалгаанд оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ нь ДНБ-ний 4.2% эзэлдэг нь дэлхийн хамгийн өндөр хөрөнгө оруулалтын үзүүлэлттэй улс болгож байна. Инноваци буюу шинэ технологийг аж үйлдвэр болгох явцад оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ ДНБ-ний 16%-г эзэлдгээрээ дэлхийд тэргүүлдэг.

Старт ап компанийн тоо, VC хөрөнгө оруулалт, АНУ-ийн NASDAQ хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаж байгаа компанийн тоогоороо дэлхийд тэргүүлдэг.

Хамгийн гайхамшигтай нь ямар ч эрдэм шинжилгээний байгууллагад очсон тэнд ажиллаж байсан хүмүүс нэг хуудас тайлан гаргаж, дэлхийг орвонгоор нь өөрчилж болохуйц технологийн хэдэн хувь нь Израилийн эрдэм шинжилгээний байгууллагууд, Израилийн старт-ап компаниуд эзэлдэг тухай маш их бахархалтай ярьж байлаа.

Би хамт явсан өндөр технологийн компанийн захирлуудаас яг юуг инноваци гэж ойлгох вэ гэх асуулт тавьсан юм.

Тэд зүйл бүрээр өөрийн санааг хэлж байлаа. Бид ярилцсаны эцэст инновац гэдгийг чинь цөөхөн хүн л хийдэг юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Шинэ санаа олон хүнээс гардаггүй, нэг хоёрхон гойд онцгойрох санаанаас л инноваци амьдрал болдог юм байна.

Ихэнх хүмүүсийн өдөр тутмын амьдрал нь уламжлал, зуршил болсон хэв маягаар явагддаг учир инновациас тасарчихсан, олон хүмүүсийн амьдралын хэв маяг нь инновацийн эсрэг, инновацийг үгүйсгэдэг.

Энэ нь инноваци хийхэд тулгардаг хамгийн хүнд бэрхшээл болохыг Израилийн жишээнээс бид ойлгосон юм.

Тэгвэл ямар нөхцөлийг бүрдүүлсэн үед бүхэл бүтэн үндэстэн, цаашлаад улс орныг хүчирхэг болгодог вэ?

Израилийн туршлагаас харвал инновацийг эрхэмлэн бойжуулж, үндэстний чадавх болгодог хүчин зүйлүүдийн тогтолцоо байна. Энэ үед нийт иргэдийн түгээмэл хүлээн зөвшөөрсөн соёл болж төлөвшөөгүй, шинэ санаа олонхын эсэргүүцлийг үл тоомсорлон эрсдэл хийж, старт ап компани болгон удирдан авч явдаг бизнесийн удирдагчдын тоо нь тодорхой хэмжээнд хүрсэн цагт л инноваци үндэсний хөгжлийн чадавх, бахархал болдгийг олж мэдлээ.

Гэхдээ инновацийг хөгжүүлдэг хүчин зүйлийн тогтолцоог төлөвшүүлж, дэлхийн ертөнцийг орвонгоор эргүүлж чадах гайхамшгийг бүтээж байгаа тэр бүлэг хүмүүс "жирийн" амьдралтай хүмүүстэй ололт амжилтынхаа үр шимийг хуваалцах амьдралын хэв маяг болон соёлыг бүрдүүлэхээс гадна тэдгээр жирийн ард иргэдэд түүнийг байнга мэдрүүлж байх хэрэгтэй.

Тухайлбал, Израилийн үсчид Хятадын үсчдээс хамаагүй их орлоготой байдаг. Тэгвэл Израилийн үсчид яагаад ийм их орлоготой байдаг вэ гэсэн асуулт гарч ирэв.

Израилийн шинжлэх ухаан технологийн хөгжил, инновацийн хөгжлийн үр шимийг Израилийн үсчин хүртэл хүртэж байна гэж олон хүн тайлбарласан.

Израилийн өндөр технологийн бизнесийн удирдагч болоод шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний салбарт ажиллаж байгаа эрдэмтдийн ололт амжилт нь дэлхийд зүйрлэхийн аргагүй хүчирхэг байдаг.

Гэтэл эдгээр хүмүүс нь хэдийгээр цөөхөн боловч дэлхийн гайхамшгийг бүтээж чадаж байгаа. Үнэхээр биширмээр юм.

Израильд шинжлэх ухааны салбарын хөгжил, инновацийн хөгжлөөс гарч байгаа үр шимийг хүртдэггүй аж үйлдвэрийн салбар, хувь хүн, гэр бүл, нийгмийн давхарга гэж нэг ч байхгүй. Хүн төрөлхтний мэдлэгийн хөгжлийн түүхээс харвал Израилийг инновацийн үндэстэн гэж нэрлэж байгаа нь эцэстээ шинжлэх ухаан, инновацийн хөгжлөөс Израиль улс бүх нийтээрээ шимийг хүртэж байгааг нотолж байна гэж бид үзсэн юм.

Хүн төрөлхтний хэний ч хамаагүй бүтээсэн шинэ мэдлэгийн үр шимийг Хятад хүн болгон хүртсээр ирсэн, хүртсээр байгаа, хүртсээр ч байх болно, цаашид үүнийг үндэсний соёл болгон төлөвшүүлэх шаардлагатай байгааг сайтар ухаарсан юм.

Хятадууд бид, Ньютоны бүтээсэн мэдлэгийн үр шимийг өнөөдөр хүртэл хүртсээр байна. Цаашид ч хүртэнэ. Бид Эйнштейний бүтээсэн мэдлэгийн шимийг бас л хүртсээр байх болно. Хятад үндэстэн хэдийгээр нэхмэлийн машин, уурын хөдөлгүүр, төмөр зам, онгоц, телеграмм, телефон утас, интернетийг шууд бүтээгээгүй боловч тэдгээрийн үр шимийг маргаангүй хүртэж байгаа.

Аливаа үндэстэн хөгжин дэвжихийн тулд шинэ мэдлэгийг үйлдвэрлэх, түүнийг ажлын байр, цалин орлого, эрүүл мэнд нийгмийн даатгал, цаашлаад үндэсний эдийн засгийн суурь болгож хөгжүүлэх инновацийн иж бүрэн хүчин зүйл байхгүй бол бий болгож, байвал хөгжүүлж, тогтолцооны түвшинд цогцлоон байгуулах явдлыг үндэстний соёл болгох хэрэгтэй юм.

Ингэхдээ инновацийн үр өгөөжийг үндэсний эдийн засгийн хөгжлийн тогтолцооны хөдөлгүүр буюу амин сүнс болгох хэрэгтэй. Үүний үр дүнд цэвэрлэгч, үсчин, хэн ч байсан инновацийн үр шимийг хүртэх нь тодорхой бөгөөд тэдгээр инноваци хийж байгаа хүмүүсээ дэмжиж, уг соёлыг үндэсний ухамсар болгох хэрэгтэй гэдийг ухаарсан юм.

Өнөөдөр дэлхий дахинд Еврей үндэстний хийж бүтээсэн гайхамшгийг магтан дуулж, хүлээн зөвшөөрч, тэдгээр Еврей хүмүүсийн бүтээсэн гайхамшгийн үр шимийг хүртэж яваадаа баярлаж байна.

Еврей үндэстэн түүхэндээ байнгын бусдаар хүндлүүлж яваагүй. Дэлхийн 2-р дайны үед 6 сая еврей хүн хүний ёсноос гажууд аргаар хядуулсан. Өнөөдрийн Израилийн олсон амжилтыг эргэцүүлж үзвэл, Израилийг үүсгэн байгуулах анхны санаа нь Еврейн Ционизм буюу Еврейн эрх чөлөөний өчүүхэн нэг санаанаас л эхэлсэн. Тэр нь юу байсан бэ гэвэл Еврей хүмүүс өөрийн гэсэн төрт улсаа байгуулж, өөрийн газар шороон дээр эрх чөлөөтэй амьдрах гэсэн санаа байсан.

Израилийн төр байгуулагдсаны дараа цөөхөн хэдэн төр, нийгэм, бизнес, шинжлэх ухааны удирдагчид, амьдралаа авч явж чадахааргүй болсон өөрийн ахан дүүсээ гэр оронтой, хүн шиг амьдрах амьдралтай, хийж бүтээх зүйлтэй болгох хүсэл эрмэлзлээ биелүүлснээс өнөөдрийн дэлхийн гайхамшиг бий болсон старт ап үндэстэн буюу инновацийн үндэстнийг бүтээж чадсан.

Үүнээс үзвэл, нэг үндэстэн, ард иргэд ч нэгдсэн хүслээ тодорхойлж, хамтдаа сайн сайхныг эдлэх эрмэлзлээр нэгдэж, бүгд хамтдаа хүчин чармайваас хүн төрөлхтний гайхамшгийг бүтээж болдог. Энэ нь мөн адил АНУ-гийн Силикон Валлэйд тодоор ажиглагддаг.

 

БОЛОВСРОЛЫН НУУЦ

Инновацийг хүн л хийдэг. Тийм чадвартай хүмүүсийг бэлтгэх боловсролын тогтолцооны талаар?

Израиль үндэстэн инноваци хийх гарамгай чадвартай байгаа нь хүнийг хэн болгох, ямар хүн болгох вэ гэсэн боловсролын нууцад нь байна.

Израилийн боловсролын тогтолцоо нь бусад улсуудын боловсролын тогтолцоотой тэнгэр газар шиг зөрүүтэй байдаг гэдгийг энэ удаагийн айлчлалаар ухамсарлалаа.

Бидний ажлын айлчлалын баг IDC гэдэг бизнесийн сургууль дээр очиход, тус сургууль нь өндөр цол зэрэгтэй раббиг (Еврей шашны санваартан) лекц уншсан юм. Энэ раббигийн тавьсан илтгэлийн нэр нь “Боловсрол хэрхэн Израилийн түүхэн гайхамшгийг бүтээсэн бэ?” гэсэн сэдэв байлаа. Энэ рабби цөөхөн хэдэн слайд бэлдэн ирж, бидэнд илтгэлээ тавьсан юм.

Тэр Еврей шашны санваартан хэлэхдээ, Еврей хүн болж төрсөн хэн ч бай нялх балчир цагаас нь эхлүүлж хоёр номын хүмүүжлийг заавал өгсөн байдаг. Нэг нь Хэбрү хэлэн дээрх Toрa, нөгөө нь Taлмуд юм. Талмуд нь 2000 гаруй жил, үеэс үед рабби Еврей хүн болгонд зааж сургадаг эд. Тус ном нь 2 сая 500 мянган үгтэй маш зузаан ном. Үүнд Еврей үндэстний оюуны охийг үлгэр домгийн хэлбэрээр бичиж үлдээсэн байдаг.

Тэр санваартан хэлэхдээ, Еврей хүн бүр нялх балчир цагаасаа л дээрх хоёр номыг өөрийн биеэс салгахгүй нэг насаараа дахин давтан байнга санан суралцдаг.

Тэрээр хэлэхдээ, Еврей ээжүүдийн нэгдүгээр хариуцлага бол хүүхдээ сайн боловсролтой болгох, эмэг эх нар нь ч ач зээ нарынхаа боловсролд анхаарах ариун үүрэгтэй гэж үздэг байна.

Тиймээс боловсрол Еврей эмэгтэйчүүдийн хамгийн тэнгэрлэг, татгалзаж болохгүй үндсэн хөдөлмөр байдаг. Еврей гэр бүлийн боловсрол ямар ч түүхийн нугалаанд зогсож, тасраагүй үргэлжилсээр ирсэн. Тэгвэл нэг настай Еврей хүүхдийг яаж боловсролтой болгодог вэ гэхээр, Torah болон Talmud гэсэн хоёр номыг ээж, эмээ нь ээлжлэн ярьж өгч, хүүхдийнхээ гүн оюун санаанд нь тултал тайлбарлаж өгдөг.

Еврей хүүхэд нэгээс таван насны хооронд энэ хоёр номон дахь бүх үлгэрийг сонсож дуусгаад, өөрөө ярьж бусдад тайлбарлаж, давхар өөрийн бодол санаагаа ч илэрхийлж чадах чадвартай болгон хүмүүжүүлдэг байна. Үүний дараа 5 настай охид, хөвгүүдийг раббид хүргэж өгч тус хоёр номыг үргэлжлүүлэн улам гүнзгийрүүлэн суралцуулдаг байна. Раббигийн гарт ирсэн анхны өдөр хүүхэд бүр хамгийн шинэ хувцсаа өмсөж ирсэн байх ёстой бөгөөд рабби нарын сургалт эхэлсэн эхний өдөр хүүхдэд “Суралцана гэдэг жаргал  шүү” гэдгийг л ойлгуулдаг. Раббигийн сургалтад анх ирсэн таван настай хүүхдүүдийг бусад хүүхэд халуун дотноор хүлээн авч, хамтдаа шинийг олж мэдэж, суралцаж, шинэ мэдлэгийг мэдэж авснаар жаргалд хүрнэ гэдгийг ойлгуулдаг.

Түүний дараа эхний хичээлд хүүхдүүдэд цагаан толгой заадаг. Ингэхдээ цэвэрхэн чулуун хавтан дээр зөгийн балаар бичиж эхэлдэг. Тэгээд бичиж буй балаа хүүхдүүд эргээд долоож, идэж ч болдог. Эсвэл цагаан толгойгоо бичиж эхлэхээс нь өмнө чихэр өгдөг.

Үүгээрээ юуг хүүхдүүдэд ойлгуулж байна вэ гэвэл суралцана гэдэг зөгийн бал шиг дэндүү амттай юм гэдгийг ойлгуулах, төлөвшүүлэх зорилготой аж.

Рабби үргэлжлүүлэн ярихдаа, цагаан толгой сурч, түүнийгээ холбож өгүүлбэр бичиж чадах хүртэл нь үргэлжлүүлэн чихэр өгдөг ба үүний дараа Еврей хүүхдүүдэд тэгш эрхтэйгээр суралцахын чухлыг ойлгуулдаг.

Жишээ нь нэг хүүхдийн уншсан зүйлийг өөр хүүхэд тайлбарлах замаар харилцан нэгнээ хүлээцтэй сонсож, хамтдаа санал бодлоо солилцон тухайн зүйлээ гүнзгий ойлгож авдаг байна. Үүнээс гадна рабби нар хүүхдүүдийг Ехүват (Еврейн Тэнгэр) болон Библид хэрхэн асуулт тавьж, бүх зүйлд нухацтай хандан, шүүмжлэлийг зөв дэвшүүлэх ухамсрыг хөгжүүлдэг.

Еврей хүмүүс үүгээр дамжин зөв шүүмжлэлийн соёлд суралцан, боловсролтой болж, уг соёлыг бага наснаас нь төлөвшүүлдэг байна. Рабби нар хэлэхдээ, рабби нарын хэлсэн бүхэн үнэн биш, тухайн үгс, сургаал номлолыг шууд цээжилж болохгүй гэж уг чанараас нь нухацтай ханддаг ухамсартай байхыг хүүхдүүдэд ахин дахин сургадаг. Еврей хүний оюуны гайхамшиг бол бага балчир наснаас суурь хүмүүжил болгон төлөвшүүлж, зөв талаас шүүмжлэлтэйгээр асуудалд хандах ухамсарт байдаг гэж тус Рабби бидэнд тавьсан илтгэлээ дуусгасан.

Бидэнд илтгэл тавьсан хоёр дахь хүн бол 2004 онд химийн салбарт Нобелийн шагнал авсан Aaron Ciechanover байлаа. Тэр хүн илтгэлээ ийн эхлүүлсэн юм.

Миний ээж намайг нялх байх цагаас сургасан зүйл бол “Урсаж байгаа голд орвол хүү минь чи нэг бол урсгал дагаад явна, нэг бол урсгал сөрөн давшина. Гэвч миний хүү урсгалыг ямагт сөрж, давшиж явах хэрэгтэй” гэж хэлдэг байсан. Энэ хүмүүжлийн үгс миний нэг насны амьдралын соёл, ухамсар болж төлөвшсөн. Ээжийн хоёр дахь сургаал нь “хүмүүсийн болохгүй гэсэн зүйлийг огоорч, чи өөрөө болгоно гээд хийж чадаж байвал харин ч эсрэгээрээ амар байдаг” гэж хэлдэг байсан.

Намайг сургуулиа тараад гэртээ харих замд, ээж маань надаас сургууль дээр нь юу заасан, юу сурсан, онц авсан уу гэж хэзээ ч асуудаггүй байсан. Харин ээж минь “өнөөдөр чи ямар асуулт багшдаа тавьсан , өөрт үр өгөөжтэй асуулт тавьж чадав уу” гэж байнга асуудаг байсан. Энэ хоёр асуулт бол миний амьдралд юугаар ч сольж болохгүй үнэт эрдэнэ мэт заавар байсан юм.

Еврей хүний боловсрол, үндсэн хүмүүжил нь хүүхдэд бага балчир үеэсээ өөрөө ухамсарлан, өөрийн оюунаа хөгжүүлэх идэвхтэй байх талаар нь хүмүүжил олгох хэрэгтэй болохоос, хүчээр шахалт дарамт үзүүлж хий хоосон мэдлэгт цээжлүүлэн суралцуулах нь буруу гэж үздэг.

Еврей хүүхдийг юманд сониуч байх, асуултад автомат, цээжээр хариулт өгөхөөс илүүтэй асуулт дэвшүүлж сурах нь цаашдаа цэцэн цэлмэг хүн болж төлөвших нууц юм гэж сургадаг. Еврей хүний үеийн үедээ баримталдаг нэгэн зарчим байдаг аж. “Эх орны чинь хүн дээрэмдэж авч болно. Эд хөрөнгө, алт, мөнгийг чинь ч хүн аваад явчхаж болно. Харин чиний толгойдоо хийж эзэмшсэн мэдлэгийг чинь хэн ч чамаас булаан авч чадахгүй, чамаас аваад явчхаж чаддаггүй юм” гэж хүн бүхэнд бага балчир цагаас нь зааж, хүмүүжүүлдэг байна.

Еврей хүний бас нэгэн боловсролын нууц бол ямар ч капиталаар хүний капиталыг (Human Capital) сольж болохгүй. Хүн капитал бол яаж ч халдаж болдоггүй мөн юугаар ч сольж болохгүй капитал байдаг гэдгийг бага наснаас нь сурган хүмүүжүүлдэгт байдаг хэмээн тэрээр илтгэлээ дуусгасан билээ.

 

Б.Мөнхбат

 

Эх сурвалж: https://gogo.mn/r/7wlo4