Мөхөөлдөс урлаж, тоглоё

Өөрсдийн урласан тоглоом үнэ цэнэтэй бөгөөд урлаж бүтээх явцдаа хүүхэд тал бүрээр хөгжиж байдаг.  Хүүхдүүд төрөл бүрийн хээтэй зузаан цаас ашиглан мөхөөлдөс урлаж, түүгээрээ олон хувилбараар тоглож болно. Мөхөөлдөс урлах амархан, үүнд их цаг хугацаа зарцуулахгүй.

Хэрэглэгдэх зүйлс

  1. Хайч
  2. Харандаа
  3. Савх мод
  4. Хээтэй зузаан цаас
  5. Өнгийн цаас
  6. Цавуу
  7. Загвар хийх жижиг картонон цаас

 

 

Хийх аргачлал

Эхлээд жижиг картонон цаасан дээр мөхөөлдөсний хэлбэр гарган зураад, хайчилж загвар гаргаж авна.

 

Загвараа мөхөөлдөс хийх цаасан дээрээ тавиад хүрээг нь тойруулан зурна. Зураасны дагуу хайчилж мөхөөлдөсний дүрс гаргаж авна.

 

Нийтдээ 10 төрлийн мөхөөлдөс хийх бөгөөд түүнд 10 янзын хээтэй цаас хэрэглэгдэнэ.

 

Мөхөөлдөс тус бүрийг хоёр хийнэ.

 

Мөхөөлдөс бүрийн ар тал ижил өнгөтэй байх тул аль нэг өнгийн цаас сонгоно.  Жишээлбэл, цэнхэр өнгийн цаас сонгож, дээр нь загвараа тавьж зураад, 20 ширхэг мөхөөлдөсний дүрс хайчилж авна.

 

Мөхөөлдөсний ар талд цавуу түрхээд савх модоо наана. Савх модны наасан хэсэг болон мөхөөлдөсний ар талыг нилэнхийд нь цавуудаад цэнхэр өнгийн цаасаа давхарлан тавьж наана.

 

Дээрх байдлар бүх мөхөөлдөснийхээ ар талд бариул болон цэнхэр өнгийн цаасыг наана. Нийтдээ 20 удаа. Сайн наалдуулахын тулд цэнхэр цаасан дээрээ алгаараа дарж өгнө.

Гэхдээ цөөн төрлийн мөхөөлдөс хийж болно. 

 

Бүх мөхөөлдсөө дэлгэн тавьж, сайтар хатаана.

 

Урласан мөхөөлдсөөрөө янз бүрийн тоглоом зохион тоглож болно. Жишээлбэл, мөхөөлдсийг ээлж дараагаар эргүүлж, ижилссэн бол өмнөө тавьж, хамгийн түрүүнд олон ижил мөхөөлдөстэй нь хожих, мөхөөлдсөө хөзөр тоглож байгаа мэт хувааж аваад, сондгойгоо дараагийн хүн рүү нүүлгэж ижилсүүлэх, мөхөөлдөсний төрлийг нэрлэж олж авах гэх мэт.

 

Мөхөөлдсийг мөн нэг төрлийн суурин дээр ижил хээ, дүрс гарган будах, наах зэргээр хос хосоор нь бүтээж болно.

 

П.Жаргал

 

Эх сурвалж:

http://www.babykindundmeer.de/lifestyle/do-it-yourself/eis-am-stiel-memory/