Хамт олны таагүй зан үйл, харилцааг даван туулах нь
Цэцэрлэгийн багш, ажилтнууд бие биеийнхээ таагүй (хөндүүр) зан үйл, харилцааг шууд хэлэхээсээ дөлдөг тал бий. Нэгэн эрхлэгч эл асуудлыг хамт олонтойгоо авч үзэж, практик үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэн арга барилаасаа хуваалцсантай танилцана уу.
Эрхлэгчийн гүйцэтгэсэн ажлыг дор сийрүүллээ.
Би хамгийн чухал нь яаж таагүй зан үйл, харилцаа үүсгэхгүй байх вэ гэдэгт анхаарсан. Үүнтэй холбогдуулан бид дараах гол асуултуудыг авч үзсэн.
- Цэцэрлэгт ямар таагүй зан үйл, харилцаа байж болох вэ?
- Таагүй харилцаанаас ямар үр дагавар үүсэх вэ?
- Таагүй зан үйл, харилцаа руу яаж орж ажиллах вэ?
- Урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч болох вэ?
Эхний үе шатанд би багийн гишүүн бүрд өөрт нь тохиолдсон ямар нэг таагүй зан үйлийг сануулж, түүнд хариу үйлдэл үзүүлэх хүсэл эрмэлзэл, оролцоог нэмэгдүүлэхийг зорьсон. Арга зүйн хувьд ганцаарчлан, хэсэг бүлгээрээ, нийтээр хэлэлцэх асуултуудыг бэлтгэсэн. Асуудал хэчнээн хэцүү болохыг бид мэдэж байсан тул юун түрүүнд харилцаандаа болон бие биедээ хэрхэн харилцан нөлөөлөх дүрмийг тохиролцсон. Ийм байдлаар бид хоорондоо нээлттэй харилцах, хувийн хандлагаа чөлөөтэй илэрхийлэх боломжийг бий болгосон.
Бид дүрд тоглон тухайн сэдэв рүү нэвтрэн орж, сэтгэл зүйн хувьд бэлтгэгдсэн
Бид "сурган хүмүүжүүлэгчдийн таагүй харилцаа" сэдэв рүү орохын тулд практик дээр тулгардаг асуудлуудыг зохиомлоор бий болгож тоглоцгоосон. Оролцогчдын мэдрэмж, хэрэгцээг илрүүлэхийн тулд таагүй зан үйл бүхий үйл явцад багийн гишүүд өөр өөр дүр (нөлөөлөлд өртсөн хүүхэд, бусад хүүхэд, багш)-д шилжин тоглосон. Энэхүү үйлээ гүнзгийрүүлэхийн тулд би асуултаа тухайн хувь хүнд чиглүүлэн тавьж, өөрийгөө эргэцүүлэн бодохыг өдөөсөн. Би асуултуудаа өөрийнхөө хүүхэд насны туршлагатай холбон томьёолж байсан. Ийм байдлаар өдөөсөн сэтгэл хөдлөл нь хувь хүнийг тухайн сэдэвтэй холбоход нөлөөлсөн.
Үүний зэрэгцээ багийн гишүүд өөрийн сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаандаа шүүмжлэлтэй хандахыг хүссэн. Таагүй зан авир, харилцааг авч үзсэнээр хүн бүр илүү тодорхой бодол санаатай болж, зөвшилцөхөд бэлэн болсон. Дараагийн алхамд бид багийн гишүүн бүрт санал бодлоо илэрхийлэх боломжийг олгож, хувь хүний үзэл бодлыг сонсож ярилцсан. Энэхүү үзэл бодлын солилцоо нь маш их оролцоотой, талархууштай байсан тул бид энэ үндсэн дээр таагүй зан үйлийн нийтлэг тодорхойлолтыг гаргаж чадсан. Бид таагүй зан үйл, харилцааны хэлбэр, үр дагаврыг хэлэлцэн нэгтгэж, танилцуулга байдлаар бэлтгэн, онолын чухал зарчмуудыг мөн авч үзсэн. Дараа нь бид нийтийн хэлэлцүүлэг дээр оюуны довтолгооны аргаар шалтгааны судалгаа хийсэн. Ийм байдлаар бид янз бүрийн өнцгөөс санаанууд цуглуулж, дараа нь урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулах ажилд шилжиж чадсан.
Урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулахдаа жижиг бүлгүүдээр ажилласан бөгөөд хүн бүрт өөрийн туршлага, мэдлэгээ ашиглан хувь нэмэр оруулах боломжийг олгосон. Оролцогчид тухайн жижиг бүлэг дотроо саналаа нэгтгэж, нэгдсэн саналд хүрсэн. Бид бүлгүүдийн үр дүнг метакарт дээр тэмдэглэж, нийтийн хэлэлцүүлэгт танилцуулсан. Үүний үндсэн дээр бид цэцэрлэгийн хүүхдүүдэд таагүй зан үйл гаргахгүй байх янз бүрийн хувилбар, арга хэмжээг боловсруулсан.
Бид таагүй зан үйл, харилцааг нэрлэж, түүнээс зайлсхийхэд бие биедээ тусалдаг
Хамт олны өдөрлөгийн ил тод, оролцоотой арга барил нь анхнаасаа энэхүү эмзэг сэдвийг хүлээн зөвшөөрч, нээлттэй хандахад нөлөөлсөн. Үүний үр дүнд бид санал хүсэлтээ чөлөөтэй хэлдэг зоригтой болсон. Эргэх холбоо үнэ цэнэтэй бөгөөд манай цэцэрлэгийн хувьд “амьд” санал хүсэлтийн соёлын үндэс болох тул багаараа оройн цагаар "шилдэг туршлага"-аа хуваалцдаг. Үүнд "Тусламж санал болгох", "Тусламжийг хүлээн авах", "Тусламж хүсэх" гэсэн цэгүүдийг нэвтрүүлсэн. Энэ нь амархан сонсогдож байгаа боловч практик дээр багийн гишүүдийн чадвар, хэр хэмжээг сайн мэддэг байхаас гадна асуудалтай нөхцөлд хамт ажиллагсдынхаа ажил үйл, харилцааг өөрчлөхөд нээлттэй байхыг шаарддаг. Ялангуяа эгзэгтэй үед зөв мөч, аяыг олох нь чухал. Өдөр тутмын ажил нь хүн бүрийн хувьд хүнд дарамт болдог тул заримдаа хэцүү байсан ч талархалтай харилцах нь энд гол түлхүүр юм. Багийн гишүүд үүнийг мэдэж байсан бөгөөд цаашид "таагүй зан үйл, харилцаа" сэдвээр сургалт, мэдээлэл тогтмол авах хүсэлтэй байгаагаа аль хэдийн илэрхийлсэн бөгөөд энд удирдлага гол үүрэг гүйцэтгэнэ. Хамгийн тохиромжтой нь энэ сэдвийг өөрөө санаачлах юм уу эсвэл анхнаасаа л эн тэргүүнд тавина. Удирдлага хүүхдүүдтэй харилцахдаа үлгэр дууриал болж, бүх ажилтныхаа хүүхдийн сайн сайхныг хамгаалах ажлыг тууштай дэмжинэ.
Удирдлагын зорилго бол мэдрэмжтэй, "өөртөө итгэлтэй" багийг бүрдүүлэх бөгөөд нээлттэй байдал, итгэлцлээр дүүрэн уур амьсгалд ажиллах. Сурган хүмүүжүүлэгчид таагүй зан үйл, харилцааг мэдэж байх нь алдаа гаргахгүй ажиллахад дөхөм болдог. Гэсэн хэдий ч удирдлага хүлээн зөвшөөрөгдөөгүй зан үйл ажиглагдахад тэр даруй, тууштай хариу үйлдэл үзүүлэх чадвартай байх ёстой. Үүнд багаасаа хүлээх хүлээлтээ тодорхой томьёолж, түүнийгээ шаардаж, өөрөө үлгэр жишээ үзүүлдэг, шийдэмгий, сайн бэлтгэгдсэн байх хэрэгтэй.
Дүгнэлт: Бид асуудалтай тулгардаг ч түүнээс ашиг хүртдэг
"Сурган хүмүүжүүлэгчийн таагүй зан чанар, харилцаа"-ны асуудлыг хамтран шийдвэрлэх арга зам нь ихэвчлэн саад бэрхшээлтэй тулгардаг бөгөөд удирдлага, хамт олонд шинэ сорилтуудыг байнга авч ирдэг. Гэсэн хэдий ч хүчтэй хүсэл зориг, сайн хамт олон, чадварлаг удирдлагатай бол ихэнх бэрхшээлийг даван туулж чадна. Үр дүнд нь тухайн баг хамт олон мэргэжлийн болон хувь хүний хувьд өсөж дэвждэг. Үүнээс хүүхдүүд үүнээс хамгийн их ашиг хүртдэг. Амжилтад хүрэх баталгаа байхгүй ч таагүй зан үйл, харилцаанаас үр дүнтэй урьдчилан сэргийлэх нь мэргэжлийн үйл ажиллагааг бусдад мэдрүүлэх боломжийг нээж өгдөг. Сурган хүмүүжүүлэгчид нуух бус, энэ талаар ярилцаж байж л таагүй зан үйл, харилцаанаас урьдчилан сэргийлэх боломжтой.
Орчуулсан Н.Норжхорлоо
Эх сурвалж: Kindergarten heute. Das Leitungsheft. 2023 (16 . Jg.). 2_2023