Чадамжид суурилсан боловсрол ямар онцлогтой вэ?

Чадамж (competency)-д суурилсан боловсрол нь орчин үеийн болон ирээдүйн нийгэм дэх бодит ажил үүргийн хэрэгцээний шинжилгээнээс үүдсэн хувь хүний эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, үнэт зүйл, хандлага бүхий сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг, олон талт үйлийн гүйцэтгэлээр суралцагчийн ахиц дэвшлийг үнэлж баталгаажуулдаг үр дүнд суурилсан боловсролын нэгэн чиглэл юм.

Чадамжид суурилсан боловсролыг Рисман (Riesman, D., 1979) “Орчин үеийн эсвэл ирээдүйн нийгэм дэх бодит ажил үүргийн хэрэгцээний шинжилгээнээс сургалтын хөтөлбөрийг боловсруулж, олон талаар харуулсан гүйцэтгэлийн үндсэн дээр суралцагчийн ахиц дэвшлийг баталгаажуулдаг боловсролын нэг хэлбэр” гэжээ. Мөн Гервайс (Gervais, J., 2016) “Тухайн түвшинд эрэл хайгуул хийхэд шаардагдах мэдлэг, ур чадвар, хандлага, үнэ цэн, зан төлөвийг харуулах багшлах, суралцах арга, гүйцэтгэлийн үнэлгээг багтаасан боловсролын үр дүнд суурилсан арга” гэж тодорхойлсон байна.

Боловсролын уламжлалт тогтолцоонд сургалтын хөтөлбөрийн агуулгыг урьдчилан тодорхойлж, түүнийгээ суралцагчдад хүргэх арга барилаа төлөвлөн, сургалтын хөтөлбөрт байгаа хичээл болон бусад үйл ажиллагааны агуулгаар дамжуулан суралцагчдад тодорхой мэдлэг, чадвар, хандлага эзэмшүүлдэг оролтод суурилсан суралцахуйг дэмждэг. Чадамжид суурилсан сургалт нь суралцагчийн чадамжийг урьдчилан тодорхойлж, түүнд хэрхэн хүрэх сурах арга барилыг суралцагчийн оролцоотой төлөвлөн, хичээлийн агуулгаас гадна бие даасан бодит үйл ажиллагаагаар дамжуулан чадамж эзэмшүүлдэг гаралт (үр дүн)-д суурилсан өөрийн удирдлагатай суралцахуйг дэмждэг.

Чадамжид суурилсан сургалтын онцлогийг Швейцарь улсын Кантон Базелын Боловсролын газар (Erzeihungsdepartment. 2015)-ын чадамжид суурилсан “Сургалтын хөтөлбөр-21”-ийг хэрэгжүүлэх арга зүйн удирдамж болон Австри улсын Холбооны Боловсрол, урлаг, соёлын яам (BMUKK. 2012)-ны Мэргэжлийн сургуулийн чадамжид суурилсан сургалтын “Үндсэн баримт бичиг”-ийн мэдээлэлд суурилан авч үзлээ.

Суралцагч төвтэй сургалт

Чадамжид суурилсан сургалтаар суралцагчдын сонирхол, хэрэгцээг анхаарлын төвд байлгаж, оролцоог бүрэн дүүрэн хангаж ажилладаг. Чадамжид чиглэсэн сургалт нь суралцагч бүрд урьд өмнөхөөс илүү төвлөрнө. Багш нь суралцагч бүрийн суралцах хэрэгцээ, хөгжлийн боломжид анхаарлаа хандуулна. Суралцагч өөрийнхөө тухайн үед байгаа чадамжийн түвшинд тохирсон үүрэг даалгавар биелүүлж, тусламж дэмжлэг авсан тохиолдолд л сургалтын үйл ажиллагаа оновчтой явагдана. Үүнийг хэрэгжүүлэхдээ багш хүнд, хөнгөнөөрөө харилцан адилгүй үйл (даалгавар)-ийг суралцагчдад тохируулан ашиглана. Ийнхүү чадамжийг хөгжүүлэхэд суралцагчдад илүү чөлөөт орон зай олгож, хувь хүнийх нь хэрэгцээнд нийцсэн дэмжлэг үзүүлж, өөртэй итгэх итгэлийг нэмэгдүүлж, суралцагч бүрийн ахиц дэвшилд төвлөрөн ажиллана.

Багш мэдлэг, чадварын түвшнээс гадна суралцагч бүрийг хувь хүн талаас нь дотоод ертөнц, зан төлөв, байгаа байдлыг мэдэрч, ойлгохыг хичээнэ. Ингэснээр тухайн суралцагчид илүү тохирсон, үр дүнтэй дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ. Цаашилбал суралцагчид төвлөрсөн хандлага нь тэдний оролцоог хангахад оршино. Суралцагчдын оролцоо нь хамтдаа үйл ажиллагаа гүйцэтгэх, хэн ч ялгаагүйгээр тухайн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах, төлөвлөлт хийх, шийдвэр гаргахад санаа бодлоо илэрхийлэх, хамтдаа ярилцах зэргээр илэрнэ (BMUKK. 2011).

Хэрэглээг эрхэмлэсэн сургалт

Чадамжид суурилсан сургалтын нэг гол онцлог нь хэрэглээг байнга чиг баримжаа болгодогт оршино. Сурагчид ямар нэг зүйлийг мэдээд зогсохгүй, тэр мэдлэгээ хэрэглэн ямар нэгэн зүйл хийж чаддаг байхад анхаарна. Хэрэглээнд чиглэнэ гэдэг нь зөвхөн практик үйл гүйцэтгээд зогсохгүй, мэдлэгээ ашиглан даалгавар гүйцэтгэхийг хэлнэ. Энэ нь хүнд, хөнгөн янз бүрийн түвшний даалгавар гүйцэтгэн суралцах, дадлагажих цогц үйл ажиллагаа. Ийнхүү мэдлэгийг даалгавар, асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн ялгаатай, дараалсан практик болон сэтгэхүйн үйлүүд гүйцэтгэснээр олж авна. Даалгавар нь хөнгөнөөс хүнд рүү дараалалтай байна. Жишээлбэл, практик ажил хийх, асуудлыг өөрөө бие даан болон бусадтай хамтран шийдэх, чөлөөт тоглоом тоглох, илтгэл бичих, дүрд тоглох сургуулилалт хийх, туршилт хийж уялдаа холбоо буюу зүй тогтлыг олж илрүүлэх, олж авсан нарийн төвөгтэй даалгавар гүйцэтгэх мэдлэг, ур чадвараа ижил төстэй эсвэл шинэ нөхцөл байдалд шилжүүлэх хэрэглэх, ямар нэгэн зүйлийг өөр өөр аргаар хийж үзэх, өөрөө ямар нэгэн зүйл сэдэж олох, зааварчилгагүйгээр ямар нэгэн зүйлийг чөлөөтэй туршиж үзээд, туршлага хуримтлуулах, ажлын бүтээгдэхүүнээ сайжруулах гэх мэт (Erziehungsdepartement des Kantons Basel. 2015). Ийнхүү мэдлэгийг «хэрэгтэй үед нь» хэрэглэнэ гээд хуримтлуулаад орхилгүй, мэдлэг нь хэрэглээ болж ашиглагддаг, суралцагчид мэдлэг, чадвар, харилцаа, хандлагыг үйл гүйцэтгэх явцдаа эзэмшиж байдгаараа бидний өмнөх практикаас ялгаатай. Амьдрал, үйл ажиллагаандаа хэрэглэхгүй л бол хэчнээн их зүйлийг сонсож, мэдээд ач холбогдолгүй.

Чадамж эзэмших нь нийлмэл үйл явц

Чадамж нь тухайн боловсролын түвшний төгсгөлд суралцагчид юу хийж чаддаг болсон, хэр зэрэг төлөвшсөн байх ёстойг харьцангуй ерөнхий тодорхойлогдсон байдаг. Иймд чадамж бүрийг юун түрүүнд сургалтын түвшинд буулгаж, тухайн чадамжийг эзэмшихэд ямар мэдлэг, чадвар, эерэг хандлага, зан чанар шаардагдахыг тодруулна.

Чадамж эзэмшүүлэхэд зөвхөн мэдлэг, чадвар, хандлага шаардагдаад зогсохгүй тэр мэдлэг, чадвар, хандлагыг хувь хүнд баттай хэвшүүлэх шаардлагатай байдаг. Энэ нь их ч цаг хугацаа шаарддаг. Нэгж хичээл бүр, СӨБ-ын хувьд аль нэг сэдвийн хүрэх үр дүнд суралцагчийн эзэмших мэдлэг, чадвараас гадна ёс суртахууны үнэт зүйлс, хандлага, харилцаа, бие даасан байдал, хамтын ажиллагаа, бүтээлч байдал, идэвх, санаачилга гэх мэт бүх чадамжид хамааралтай хувийн болон нийгэмшихүйн чадамжийн шаардлага шингэж, өдөр тутмын хичээл, үйл ажиллагаа руу бууж, тусгалаа олно гэсэн үг. Үүнд тодорхой сэдвээр ажиллах, нэгж хичээл, төсөлт ажил зэрэг аль болох урт хугацаанд нэг зүйл дээр тогтож ажиллах нь илүү үр дүн өгдөг.

Сургалт нь ихэвчлэн хэд хэдэн чадамж эзэмших, түүнд дадлагажуулах байдлаар нэгж хичээлээс, СӨБ-ын хувьд аль нэг сэдэв буюу төсөлт ажлын хүрээнд явагдах хичээл болон бусад үйл ажиллагаанаас бүрдэх бөгөөд энэ нь мэдлэг олж авахад зориулсан хэсгээс гадна тэрхүү мэдлэгийн хэрэглээний тохиромжтой дарааллыг агуулна. Тэрхүү хичээл болон бусад үйл ажиллагаагаар мэдлэг, чадвар, хандлагын элементүүдийг хооронд нь холбон нэгтгэж өгнө. Суралцагч бүр өөрийн сурах хурд, туршлагынхаа хэр хэмжээгээр ажиглагдахуйц дадал, "чадамжид” төвлөрч түүнийг эзэмших хүртэл үргэлжлүүлэн суралцана. Эзэмшсэн чадварууд нь батлагдахын хэрээр суралцагчид ахиц дэвшил гардаг. Сэдэв, агуулга, тэдгээрийн доторх даалгаврыг сонгохдоо аль болох суралцагчдын өдөр тутмын амьдралтай холбоно. Сургалтын явцад туршилт, эрэл хайгуул хийх, асуудал шийдвэрлэхэд ач холбогдол өгнө.

Цогц үнэлгээ

Чадамж нь нийлмэл зүйл учраас аль нэг мэдлэг, чадварыг үнэлснээр илрэхгүй. Чадамжийг үнэлэхэд тухайн хүүхэд мэддэг, чаддаг болсон зүйлээ хэрхэн амьдрал, үйл ажиллагаандаа ашиглаж байгаа, түүний гаргаж буй хүчин чармайлт, сонирхол, сэдэл гэх мэт олон зүйлийг харж илрүүлэх шаардлага тавигдана. Иймд чадамжийг ямар нэг үйлийн гүйцэтгэл (аль болох ямар нэг сорилт, бэрхшээлийг даван гарах)-ээр олон арга, хэрэгслийг хослуулан ашиглаж үнэлнэ. Бага насны хүүхдийн чадамжийг хэрхэн үнэлэхийг 5 дугаар бүлэгт буй “Үр дүнгийн үнэлгээ” сэдвээс харна уу. Хүүхдийн бусадтай харилцах харилцаа, хандлага, эзэмшсэн дадал зуршил болон дотоод ертөнц (сонирхол, сэдэл гэх мэт)-ийг дахин давтан ажиглаж байж л илрүүлнэ. Тэгэхээр багагүй цаг хугацаа зарцуулж байж тухайн суралцагч чадамж эзэмшихдээ ахиц дэвшил гаргаж байгаа, эсэхийг үйлийн гүйцэтгэлээр нь ажиглалт, илтгэл, төсөл, бүтээл, шинэ санаа, санаачилга, хувийн хавтас дахь баримтжуулалт зэрэг олон арга, хэлбэр, хэрэгслээр үнэлнэ. 

Чадамжид суурилсан боловсрол бол цоо шинэ зүйл биш бөгөөд энэ нь бид боловсролдоо нарийн дүн шинжилгээ хийж, хэрэгтэй зүйлсээ өвлөн авч явдаггүй, хэтэрхий савладаг, бусдыг даган дуурайдгаас улбаалан шинэ зүйл мэт болсон байна. 

 

Н.Норжхорлоо 

 

Эх сурвалж:

1. Riesman, D. (1979). On  competence. A critical analysis of competence based reforms in higher education. https://www.worldcat.org/title/on-competence-a-critical-analysis-of-competence-based-reforms-in-higher-education/oclc/4990164

2. Gervais, J. (2016):The operational definition of competency-based education. SocialWork­Department. University­ Wisconsin-River­ Falls, ­River­Falls,­WI,­USA, https://onlinelibrary.wiley.com/doi/pdf/10.1002/cbe2.1011

3. Erzeihungsdepartment. (2015).Kompetenzorientiert fördern und beurteilen, Erziehungsdepartement des Kantons Basel-Stadt. Volksschulen. pdf. Schweiz

4. BMUKK. (2012). Bundesministerium fuer Untericht, Kunst und Kultur. 01-2012- BMUKK. News. pdf. maz.bmukk.gv.at. Oesterreich

Нүүр зураг: https://www.edumaxi.com