Савхыг сургалтын чиглэл бүрээр ашиглах нь
Хүүхэд бүрт хүртээмжтэй, сонирхолтой сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэн оновчтой, олон хувилбараар ашиглах нь тэд аливаа зүйлийн мөн чанар, учир шалтгаан, уялдаа холбоог таньж мэдэх болон шинэ зүйлийг сэдэж хийх, зохион бүтээх сэдэл, тэмүүлэлтэй болоход тустай.
Савхны давуу тал, ач холбогдол
Савхыг сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглах нь дараах давуу тал, ач холбогдолтой.
- Эрүүл ахуйн шаардлага хангасан, байгалийн гаралтай аюулгүй материал.
- Хүүхдүүд өөрсдөө цуглуулах боломжтой, эдийн засгийн хэмнэлттэй хэрэглэгдэхүүн.
- Овор хэмжээ багатай.
- Багшид ачаалалгүй, сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэхэд зориуд цаг зарцуулаад байдаггүй.
- Сургалтын чиглэл бүрээр, олон хувилбараар ашиглах боломжтой.
- Дараагийн үйл ажиллагааны хэрэглэгдэхүүнээ хүүхдүүдтэйгээ хамтарч хийж болдог.
- Хүүхдүүд хийсэн бүтээлдээ хайртай байдаг учраас эвдэж гэмтээхгүй дараагийн үйл ажиллагаандаа үргэлжлүүлэн хэрэглэдэг.
- Багш, хүүхдүүд хамтдаа өөрсдийн хэрэгцээтэй сургалтын хэрэглэгдэхүүн хийснээр хоорондоо ойртон дотносдог.
- Хүүхэд “би чадлаа” гэсэн мэдрэмж авч, өөртэй итгэлтэй, баяр баясгалантай, аз жаргалтай байхад нөлөөлдөг.
Хүүхдүүдийн бүтээсэн сургалтын хэрэглэгдэхүүн
Дүрслэх урлагийн үйл ажиллагаагаар хүүхдүүд бусад сургалтын чиглэлээр ашиглах хэрэглэгдэхүүнээ бэлтгэдэг. Энэ явцад тэдний зурах, будах, урлан бүтээх чадвар нь сайжирсаар байдаг.
Том, жижиг савхыг өнгө ялган будах
Савхан хавчаар зохион бүтээх
Шагшуур хөгжим хийх
Аман хуур хийх
Бугуйвч чимэглэх
Шувууны хоол тэжээлийн сав хийх
Олон хувилбарт хэрэглээ
Хүүхдүүдийн савхаар хийсэн бүтээлүүдийг сургалтын аль ч чиглэлээр ашиглаж болно. Зарим жишээг харуулъя.
Өнгөөр ялгая
Хүүхэд савхны өнгөтэй ижил өнгийн бөмбөлөгийг чимхэн авч зүүнээс баруун тийш өрж байрлуулана. Энэ нь хүүхдийн гар, хурууны хөдөлгөөний эвсэл сайжрах мөн өнгө ялгаж сурахад тустай.
Савхан давтамж
Улаан, ногоон, шар, хөх өнгөтэй савх, савхаар хийсэн хүрээ, давтамжийг харуулсан зурагт хуудас, резин бэлтгэнэ.
Хүүхэд резинээ савхан хүрээнд тогтооно. Зурагт хуудсаас нэгийг сонгож аваад зурагт үзүүлсэн өнгө, давтамжийн дагуу савхыг нэг нэгээр резинд бэхэлнэ. Бүгдийг хийж дуусаад ажиглана, зурагтай ижил байгаа эсэхийг шалгана. Хамгийн эхэлж тавьсан савхнаас эхлэн нэг нэгээр нь сугалж авна. Дахин өөр зураг сонгон авч дээрхийн адил тоглоно.
Нүх шахах
Савхны үзүүрүүдэд янз бүрийн өнгө, хэлбэртэй дүрсүүд наасан байна. Хүүхэд савхан дээрх ижил дүрсүүдийг олж нийлүүлж тавина. Мөн савхыг ижил өнгөөр нь тавина.
Ижил өнгө, тоо
Өнгө өнгийн савхнууд, 1-10 хүртэл цифр бүхий суурь бэлтгэсэн байна. Хүүхэд цифртэй ижил өнгөтэй савхыг сонгоод тохирох тоогоор нь сууринд хийнэ.
Алиалагчид
Сэтгэлийн хөдөлгөөнийг харуулсан зурагт хуудас, савхаар хийсэн жааз бэлтгэнэ. Хүүхэд бүр нэг жааз авч, нүүрнийхээ өмнө барина. Багш сэтгэлийн хөдөлгөөн харуулсан зургийг нэг нэгээр нь өргөж ажиглуулна. Хүүхдүүд тухайн зурагт тохирсон нүүрний хувирал үзүүлнэ. Мөн өөд өөдөөсөө харж суугаад ярилцах, нүүрний хувирал үзүүлээд таалцах зэргээр тоглож болно.
Хөгжимчид
Хүүхдүүд өөрсдийн бүтээсэн шагшуур, аман хуур, гитар, хонх зэрэг хөгжмийн зэмсгээр өмнө сурсан дууныхаа хэмнэлийг илэрхийлж хөгжимдөн дуулна. Мөн багш хөгжмийг нэрлэхэд тухайн хөгжимтэй хүүхэд хөгжимдөнө. Жишээлбэл, дуут шагшуур “шаг шаг шаг”, жингэнүүр хонх “жин жин жин”...
Бугуйвч яаж хийх вэ?
Хүүхдүүд савхыг яаж дугуйруулж болохыг туршиж үзнэ. Савтай усанд савхнууд хийгээд зөөлөн болж дэвттэл нь хүлээнэ. Үе үе барьж үзнэ. Зөөлөрсний дараа савхаа жимсний чанамалын 7 см-ын диаметртэй шилэн саванд хийж байлгана. Дугуй хэлбэртэй болсон савхыг дуртай өнгөөрөө будаж бугуйвч хийнэ.
Эвлүүлэх тоглоом, сүлжээс
Савхнууд дээд зураг зурах буюу наагаад эвлүүлэх, мөн савхан раамыг ашиглан сүлжээс, нэхээс хийх зэргээр ашиглаж болно.
Шувуу тэжээе
Савхаар хийсэн шувууны хоол тэжээлийн саванд шар, цагаан будаа, талх, боорцог зэрэг янз бүрийн тэжээлийг ээлжлэн хийж тавина. Хүүхдүүд ажиглаад алийг нь дуртай идэж байгааг олж тогтооно.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Маршалын багачууд”
цэцэрлэгийн багш А.Дагийсүрэн