Хөгжмийн сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх

Хүүхэд бүрийг хөгжүүлэх үзэл санаа, “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр, “Авъяас”,  “Ном” хөтөлбөр, “СӨБ-ын сургалтын талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүүхдийн хэрэгцээ сонирхолд  нийцсэн сургалтын орчин бүрдүүлэх, хэрэглэгдэхүүнийг хангаж бэлтгэх, сургалтын хөтөлбөрөө оновчтой сайн боловсруулан хөгжмийн сургалтыг өгөөжтэй явуулахад анхаарч ажиллаж байна.

Хүүхэд бүрийн онцлогыг илрүүлэх, хүүхдийг дуу хуур, бүжиг тоглоомонд дуртай болгох, сонирхлыг өдөөн дэмжихийн тулд бүлгүүдийн дунд “Урлагийн бага наадам”, ”Үлгэрийн баатрууд амилсан нь” үйл ажиллагааг зохион байгуулах, энгийн хөгжмийн зэмсгийн “Хөгжилтэй хөгжимчид”, бүжгийн энгийн хөдөлгөөний “Бид биелнэ” дугуйлангуудыг ажиллуулах, дуу болон бүжгийн тэмцээн зохион байгуулах, аймаг орон нутагт зохион байгуулагдаж байгаа урлагийн арга хэмжээнүүдэд хүүхэд бүрийг  оролцуулан авьяасыг нээн хөгжүүлэх ажлыг уламжлал болгосон.   

Эдгээр ажилд сургалтын орчин, хэрэглэгдэхүүн сайтай байх нь чухал байдаг. Та бүхэнтэй сургалтын хэрэглэгдэхүүнийг хэрхэн бэлтгэж, сургалтад ашиглан үр дүнд хүрч байгаа туршлагаасаа хуваалцъя.

Олдоц ихтэй, төрөл бүрийн материалыг ашиглан хүүхдэд аюулгүй, өнгө үзэмжтэй, хэрэгцээ сонирхолд нь нийцсэн янз бүрийн амьтдын баг, тоглоом, энгийн хөгжмийн зэмсгийг хийж ашигласнаар байгалийн дуу чимээтэй танилцуулах, хэмжээ хэмнэлийг мэдрүүлэх, хүүхдийн хөдөлгөөний эвслийг сайжруулах, сонирхлыг өдөөх, тэднийг баясгах өргөн боломжтой. Хөгжимт тоглоом, хөдөлгөөн, бүжигт  тохирох хэрэглэгдэхүүн, баг тоглоомыг өдөр бүр бэлтгэж хэрэглэх нь сургалтын чанарт сайнаар нөлөөлж байна. 

Баг тоглоомыг хийх аргачлал

Баг тоглоом нь хүүхдийн сонирхлыг татах, тоглох сэдэл төрүүлэх, баяр баясгалантай болох, хөдөлгөөний эвсэл сайжрах, бие биедээ найрсгаар хандах, сонсгол, гар хурууны хөдөлгөөнийг дэмжихэд сайнаар нөлөөлдөг. Хүүхэд баг тоглоомыг ашиглан олон янзын дүрийг бүтээж тоглодог. Үүнийг хөгжимт тоглоом, бүжигт ашиглахаас гадна мөн бусад сургалтын чиглэлүүдээр ашиглах боломжтой. Янз бүрийн өнгө, хэлбэртэй  савнуудыг ашиглаж байгаа ч хийх арга нь  ерөнхийдөө адилхан юм. Хийж буй материал нь цаас биш учраас эдэлгээ сайтай, угааж ариутгахад тохиромжтой.

Баг тоглоомыг хийхэд дараах зураг дээрх сав, материал болон багаж хэрэгслүүд шаардлагатай.

Хийх гэж буй тухайн амьтны зүснээс шалтгаалан тохирох өнгөтэй, зөөлөвтөр материалтай савыг сонгоно. Хайч, цаас үдэгч, өнгө бүрийн хуулга, резин зэргийг бэлтгэнэ. Савны өнгийг амьтны зүсэнд тохируулан сонгосноор  хуулгаар наах зүйл багасна.

а) Тахианы баг хийх

Хэрэглэгдэхүүн

Кетчупны улаан өнгөтэй сав, шампунь болон аяга таваг угаагчийн цагаан өнгөтөй, зөөлөн сав, резин, цаас үдэгч, ногоон, хар, цагаан өнгийн хуулга

Хийх аргачлал

1. Кетчупны сав болон аяга, таваг угаах шингэний савны амсрын нарийн хэсэг болон ёроолыг нь хайчилж аваад, зөвхөн их биеийн хэсгийг үлдээж, хайчилж дэлгэнэ. Саван дээр байгаа бичиг буюу цаасан хаяг, наалт зэргийг угааж, үрж арилгана.

 

2. Хайчилж бэлтгэсэн хавтгай дөрвөлжин хэсгүүд дээрээ нойтон даавуу тавьж, халуун индүүгээр сайтар индүүднэ. Ингэхэд уг материал тэнийж, мөн зөөлөрч, ажиллахад илүү тохиромжтой болно.

 

3.  Тахианы залаа, хошууг улаан, толгойн хэсгийг цагаан өнгийн  материалаар  хийнэ. (Хийх гэж байгаа амьтныхаа загварыг картон цаасаар гаргаж,  бэлтгэсэн материал дээрээ тавьж зураад хайчилж авна.)

  

 

4. Бэлтгэсэн залаа, толгой, хошууг цаас үдэгчээр үднэ. Үдэхдээ үдээсний хоёр үзүүрийг гадагш харуулна. Дараа нь жижиг алхаар сайн давтаж цохиж өгнө. Ингэснээр хүүхдийн нүүр гар урах, хувцас, эд зүйлд тээглэхээс сэргийлнэ.

 

5. Хуулгаар нүдийг  хайчилж, тахианы толгойн хэсэгт байрлалыг олж наана.

 

6. Хүүхдийн толгойн хэмжээгээр таслан авсан резиний хоёр үзүүрийг багандаа  барьж цаас үдэгчээр мөн гадагш харуулж үдээд, алхаар цохиж давтаж өгнө. Энэ аргаар азарган тахианы нэлээд том баг нэгийг, дэгдээхийний багыг олноор хийнэ.

 

б) Туулайн баг хийх

Хэрэглэгдэхүүн

Белизнагийн савыг сайтар угааж бэлтгэнэ. Хайч, резин, цаас үдэгч, хар, ногоон , цагаан өнгийн хуулга, будаг шингэлэгч юм уу ацетон, хөвөн эсвэл даавууны өөдөс

Хийх аргачлал

1. Белизнагийн савыг сайтар угааж цэвэрлээд амсрын хэсэг, ёроолыг хайчилж авна. Саваа хайчилж дэлгээд дээрх бичгийг нь будаг шингэлэгч юм уу хумсны лак арилгагчаар хөвөн буюу даавуунд шингээж арчиж арилгана.

 

2. Бэлтгэсэн хэсэг дээрээ нойтон даавуу тавьж, халуун индүүгээр сайтар индүүднэ. Ингэхэд зөөлөн, тэгш хавтгай болно.

 

3. Картон цаасаар туулайн дүрсний загвар гаргаад, бэлтгэсэн материалынхаа дээр тавьж зураад, хайчилж авна.

 

4. Нүд,  хамар, сахал зэргийг  хуулгаар хайчилж,  баг дээрээ наана.

 

5. Хүүхдийн  толгойн хэмжээнд тааруулан, нүдийг таглахгүйгээр резинэн уяаг цаас үдэгчээр үзүүрийг нь гадагш харуулан үднэ. Дараа нь үдээсийг алхаар сайн давтаж өгнө.

 

 

Бусад амьтдын багыг хийх аргачлал ижил учраас эрхэм багш Та өөрийн уран сэтгэмж, гарын ур дүйгээ ашиглан баяжуулж хийх боломжтой.

Анхаарах зүйлс

  1. Савнуудын үндсэн өнгө нь тухайн амьтны зүстэй ижил байж, дагалдах чимэглэлүүдийг тохирох өнгөөр хийнэ. Жишээ нь: Цэнхэр өнгийн саваар ишиг, ногоон өнгийн саваар мэлхий, цагаан цайвар өнгөөр туулай хийх гэх мэт.
  2. Баг тоглоомыг урлаж бүтээхдээ аль болох хүүхдүүдээ оролцуулан хамтарч хийнэ.

 

“Тэнгис ба загаснууд” тоглоомын хэрэглэгдэхүүн хийх

 

Хэрэглэгдэхүүн

Загасны өнгөтэй төстэй лидрин, доторлох нимгэн даавуу, хар, цагаан өнгийн хуулга, хар өнгийн тодруулагч, хайч, оёдлын машин

Хийх аргачлал

  1. Хүүхдийн гарын хэмжээнээс  арай том хос бээлийний эсгүүр гаргаж, лидрин дээрээ тавьж хос бээлий эсгэнэ.
  2. Дотор  нь барьж оёх хэсгийг нимгэн хуучин даавуу ашиглан эсгэж болно.
  3. Бээлийгээ дотортой нь барьж гаднаас нь тойруулан машиндаж оёно.
  4. Бээлийний лидрин тал нь гадна талдаа гарах бөгөөд түүн дээр загасны нүд, хайрсыг хар хуулгаар нааж өгнө. Хайрсыг геометрийн дүрсээр хийвэл хүүхдийн хэлбэр дүрсний ойлголтыг  бататгах ач холбогдолтой. Хар өнгийн арилдаггүй тодруулагчаар сэлүүр болон толгойн хэсгийг зурж өгнө.

 

 

Аварга загасыг ватум цаасаар хайчилж, хуулгаар их биеийг наагаад, дээр нь нүд, ам, шүд гаргаж зургийн дагуу хосоор нь хийж ард нь өргөн резин барьж үдээсний машинаар үднэ. Хоёр гараа резиний араар оруулан өргөн, алгаа нийлүүлэн хавсарч сэлэх хөдөлгөөн хийхэд бэлэн болгоно. Олон хүүхэд оролцуулахад  аварга загасны 2 зулзагыг энэ аргаар хийж, аварга загас зулзагтайгаа сэлж байна, жижиг загаснууд ойртон ирлээ гэж тоглож болно.

Баг тоглоомуудыг бусад үйл ажиллагаанд ашиглах нь

Баг тоглоомуудыг  бусад хөгжүүлэх үйл ажиллагаанд  ашиглаж  болно.  

  • Хөдөлгөөн, хөгжим: “Азарган тахиа ба эм тахианууд”, “Тахиачин ба дэгдээхийнүүд” зэрэг хөгжимт тоглоомд ашиглах.
  • Хэл яриа: Тахиа ба дэгдээхийтэй холбогдсон үлгэр, өгүүллэгийг уншиж өгөөд дараа нь жүжиглэн тоглоход ашиглах.
  • Математик, дүрслэх урлаг:  Өнгө, хэлбэр дүрс, том жижгийг ялгах, олон цөөнийг ялгах, тоолуулах, азарган тахиа хэд байна, дэгдээхий хэд байна гэх мэтээр тоолуулахад ашиглах.
  • Хөдөлгөөн, эрүүл мэнд:  Өглөөний дасгал, мөн хөдөлгөөнт тоглоомд хэрэглэх Жишээ нь:”Туулай” дасгал, ”Бор туулай нүүрээ угааж байна”, “Тахианы зодоон” хөдөлгөөнт тоглоомд.
  • Зан чанар, харилцаа: Тахиа, дэгдээхий болж тоглоход эх тахиа дэгдээхийгээ хайрлах, дэгдээхийнүүд эвтэй найртай байх зэргээр амьтад ч бас эвтэй найртай, бие биеэ хайрладаг тухай холбож болно. 

Янз бүрийн  амьтдын баг тоглоомыг хийхдээ өнгө, харьцааг сайтар олж, хүүхдийн сонирхол татахуйц байдлаар зурж бэлтгэнэ. Хэрэглэгдэхүүн сайтай байхад хүүхдийн оролцох, сурах идэвх  маш сайн өрнөдөг.

Жишээ нь: Алчууртай бүжигт алчуур, “Шувууд” хөгжимт тоглоом тоглоход  хүүхдийн хуруунд тохирсон шувууны  хошуу, “Навчис” тоглоомд хос навч, “Дарцагтай дасгал”-д өнгө өнгийн хос дарцаг бэлтгэнэ. Хүүхдүүд хэрэглэгдэхүүнтэй тоглож наадан, бүжиглэхэд дүрдээ итгэлтэй, сонирхолтой, ямар дүрд тоглохоо өөрөө сонгодог. Энэ нь тэдэнд илүү итгэл өгдөг ба хөгжлийн түвшинд нь ахиц өөрчлөлт  гарахад  хүүхэд,  эцэг эх сэтгэл хангалуун байдаг.   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Баг тоглоомыг хүүхэд өөрийн санаачилгаар баяжуулан багштай хамтран хийнэ. Энэ нь тоглоом, хэрэглэгдэхүүн дутагддаг асуудлыг шийдэхэд үр дүнгээ өгч байна. Хүүхдүүд баг тоглоомыг өмсөж  тоглохдоо сэтгэл хангалуун, тухайн амьтны дүрд итгэлтэй тоглохын зэрэгцээ амьтны хөдөлгөөн, дуу хоолойг дуурайж, амьтны тухай  ойлголт , мэдлэг төсөөллөө бататгадаг. Мөн хүүхдийн хөдөлгөөний эвсэл, сонсгол, хэмнэлийн мэдрэмж, танин мэдэхүй нь хөгждөг сайн талтай. Ийнхүү хөгжмийн сургалтын чанар, үр дүн сайжирч байна.

 

Дуу хөгжмийн зал - “Хүүхэд хөгжлийн төв”  болсон

 

Урлагийн хувцсыг эхний жилүүдэд хөгжмийн багш өөрөө урлан  хийдэг байсан. Харин сүүлийн жилүүдэд хэрэгцээг дагаад багш, ажилтан, эцэг эхийн оролцоотой  оёж бүтээдэг болсон.

“Яргуй” наадам

Хэнтий аймагт 2 жилд 1 удаа  хүүхдийн урлагийн “Яргуй” наадам явагддаг уламжлалтай. Энэ наадамд манай хүүхдүүд тасралтгүй оролцож, 3 удаа тэргүүн байранд шалгарсан.  

  

2014 оны хүүхдийн урлагийн “Яргуй” наадмын хөгжмийн хамтлаг

 

Бүжгийн хамтлаг

 

Металофон, кислофон цохилуур хөгжмийн хамтлаг

 

Манай цэцэрлэгийн хүүхдүүд 2014 оны “Яргуй” наадмаар “Балчир насны аялгуу” нэртэй Хэнтий аймгийн бүх сумдын цэцэрлэгүүдийн 500 хүүхдийн цохивор хөгжмийн тоглолтод оролцсон.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Энхжин” 1 дүгээр цэцэрлэгийн хөгжмийн багш М.Ганцэцэг