"Үлэг гүрвэл" сэдвээр ажилласан нь
Сэдвийн санаа
Манай ангийн хүүхдүүд Динозаврын “Хас” паркад зугаалгаар явж байхдаа үлэг гүрвэлийн тухай сонирхон бие биедээ асуулт тавин ярилцаж байсан.
- Гүрвэлийн хумс нь яагаад ийм урт байдаг юм бэ?
- Багш аа энэ гүрвэл мангас тийм ээ?
- Гүрвэл хаана амьдардаг вэ? гэх мэт. Ийнхүү “Гүрвэл”-ийн тухай үзэж судлах санааг хүүхдүүд өөрсдөө гаргаж ирсэн юм.
Анх сэдвийг сонгоод ажиллах үед мэдэхгүй асуудлууд их тулгарч байсан ч хүүхдүүдийн тавьсан асуулт, тэдний ярианаас зорилгоо томьёолон сэдвийн боловсруулалт хийж, үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Энэ сэдвээр 2014 онд, дараа нь 2016 онд дахин ажилласан болно.
Зорилго
- Үлэг гүрвэл, түүний амьдарч байсан орчин, хоол тэжээл, үр төлийн тухай мэдэх
- Өвсөн тэжээлтэн ба махчин гүрвэлийн ялгааг мэдэх, ангилах
- Үлэг гүрвэл зурах, янз бүрийн аргаар бүтээх
- Сэдвийн хүрээнд хамтарсан бүтээл хийх, ангийн орчноо чимэглэх
- Зурах, урлан бүтээхдээ багаж хэрэгслээ зөв хэрэглэх, байранд нь хураах
- Сэдвийн дагуу таамаглал, төсөөллөө илэрхийлэх, тоглоом санаачлан зохиох
- Дүрэмтэй тоглоом зохиож тоглохдоо дүрмээ баримтлах
АГУУЛГЫН ЗАДАРГАА (интеграцчилал)
Хэл яриа
- Үлэг гүрвэлийн талаарх өмнөх мэдээллийг цуглуулах, ярилцах
- Ямар гүрвэл догшин, ямар гүрвэл номхон болох, тэдгээртэй яаж харилцах талаар ярилцах
- Өвсөн тэжээлтэн ба махчин гүрвэлийг ялгах
- Усны гүрвэл, нисдэг (жигүүртэн) гүрвэлийн талаар ярилцах, үлгэр зохиох
- Үлэг гүрвэлийн талаар оньсого таавар, түргэн хэллэг зохиох
- Үлэг гүрвэлийн хүрээлэнд аялах, гүрвэлийн баримлыг ажиглах, ярилцах
Математикийн энгийн төсөөлөл
Үлэг гүрвэлийг дараах онцлогоор нь зурах, дүрслэн бүтээх, ангилах, давтамж үүсгэх
- Том, жижиг гүрвэл
- Өндөр, нам гүрвэл
- Урт, богино хүзүүтэй гүрвэл
- Урт, богино сүүлтэй гүрвэл
- Өөр өөр өнгө зүстэй гүрвэл
Дүрслэх урлаг, хөгжим
- Үлэг гүрвэлийн баримал, зургийг ажиглан өөрийн төсөөллөөр зурж дүрслэх
- Энгийн аргаар гүрвэл барих
- Номхон, догшин гүрвэлийн ялгааг гаргаж зурах
- Өнгийн цаасаар гүрвэл хайчлах, наамал хийх
- Бүтээлээрээ үлэг гүрвэлийн орчин бүрдүүлэх
- Хөгжмийн ая, хэмнэлд тохируулан үлэг гүрвэл болж дуулах, бүжиглэх
- “Үлэг гүрвэлийн гэр бүл” жүжигчилсэн тоглолт хийх
Байгаль, нийгмийн орчин
- Энэ дэлхий дээр үлэг гүрвэл байгаа юу? таамаглал дэвшүүлэн ярилцах
- Үлэг гүрвэл байгаа бол бидний амьдралд ямар нөлөө үзүүлэх байсан тухай төсөөлөх, төсөөллөө илэрхийлэн ярих
- Үлэг гүрвэл нь өөр хоорондоо болон бусад амьтдаас юугаараа онцлог ялгаатай байгааг ажиглан ярилцах
- Өөрсдийн үзсэн жижиг гүрвэлээс үлэг гүрвэл юугаараа ялгаатай, юугаараа адил төстэйг олж ярилцах
- Зугаалгаар үлэг гүрвэлийн орчинг цэвэрлэх (цаас, чулуу зэргийг түүх)
Хөдөлгөөн, эрүүл мэнд
- Үлэг гүрвэл болж явах, гүйх, харайх, авирах
- “Үлэг гүрвэл” нэгдсэн дасгал хийх
- Сэдэвтэй холбогдох хөдөлгөөнт тоглоом тоглох
- Сэдвийн дагуу хөдөлгөөнт тоглоом зохиох, тоглох
Энэ сэдвийн хүрээнд явуулсан өдөр тутам үйл ажиллагааны заримаас танилцуулъя.
Үлэг гүрвэлээс зугтаарай (Хүүхдийн зохиосон тоглоом)
Зорилго
- Үлэг гүрвэлээс аль болох хурдан зугтааж гүйх
- Зугтаахдаа бие биедээ саад болохгүй, нэгнийгээ түлхэхгүй байх
- Баригдсан бол тоглоомоос шударгаар хасагдах
Хэрэглэгдэхүүн: Гүрвэл, туулайн баг, дөрвөлжин, гурвалжин дүрс, шохой (Хас паркын талбайд тоглоно.)
Аргачлал:
Багш хүүхдүүдээс дөрвөлжин, гурвалжин дүрсийг тараан тавьсан газраас нь сонгон авахыг хүснэ. Хүүхэд бүр нэг дүрс сонгосны дараа багш дөрвөлжин дүрс авсан хүүхдүүдэд, та нар бол “бүжин” гэдгийг хэлж бүжингийн баг өмсгөнө. Бүжингүүд шохойгоор зурсан том тойрог буюу үүр дотор орно. Гурвалжин дүрс авсан хүүхдүүд тойргын гадна зогсох бөгөөд тэд “гүрвэл”. Гүрвэлүүд багаа өмсөнө.
Багшийн дохиогоор тоглоом эхэлнэ. “Бүжин хооллохоор гарлаа” гэхэд бүжингүүд үүрнээс гарна. “Гүрвэл ирлээ” гэхэд бүжингүүд үүрэндээ зугтан орж нуугдана. Үүрэндээ орж чадаагүй бүжинг гүрвэл барина. Баригдсан хүүхэд тоглоомоос хасагдах ба гүрвэл тэднийг үүрэндээ авч ирнэ.
Жимсэнд дуртай гүрвэл
Зорилго
- Байг онож шидэх
- Ээлжээ хүлээж тоглох
- Өнгийг ялгаж нэрлэх
- Багийнхаа хожлын төлөө чармайлт гаргах
Хэрэглэгдэхүүн: Гүрвэлийн толгойны баг, хайрцаг, өнгийн цаасны хаягдал, скоч
Аргачлал
Ангийн хананд үлэг гүрвэлийн толгойны баг байрлуулсан байна. Хүүхдүүд 2 баг болон цуваагаар зогсоно. Багийн эхний хүүхэд өнгийн бөмбөгнүүдээс нэгийг (жимс) авч гүрвэлийн ам руу шиднэ. Шидэхдээ хүүхэд ямар өнгийн жимс гүрвэлд өгч байгаагаа бусдадаа бүтэн өгүүлбэрээр хэлнэ. Жишээ нь: “Би гүрвэлд улаан өнгийн жимс өгч байна.” Жимсээ гүрвэлийн ам дотор оноож шидэж чадаагүй бол тоглоомоос хасагдана. Оноож шидэж чадсан бол багийнхаа цувааны ард очиж зогсоно. Ингээд нөгөө багийн эхний хүүхэд дээрх байдлаар гүрвэлийг хооллоно. Баг тус бүрээс нэг нэг хүүхэд ээлжлэн ийнхүү гүрвэлийг хооллож тоглоом үргэлжилнэ. Бүх хүүхэд нь тоглоомоос хасагдсан баг хожигдож, нөгөө баг нь түрүүлнэ.
Өөрийн өнгийг ол
Зорилго
- Өнгө таних, ялгах
- Тоглох явцдаа бие биендээ саад болохгүй байх
Хэрэглэгдэхүүн: 3-4 ширхэг өөр өөр өнгийн гүрвэлийн зураг, өнгийн цаас
Аргачлал
Ангид 3-4 өөр өнгийн гүрвэлийн зураг байрлуулна. Хүүхдүүд талбайд байрлуулсан гүрвэлийн өнгөтэй ижил өнгийн цааснуудаас аль нэгийг нь сонгож авна. Хүүхдүүд талбайд тарж зогсоно. Багш “Өөрийн өнгийг олоорой” гэж дохио өгөхөд хүүхдүүд гүйж талбайд байрлуулсан өөрийн өнгөтэй ижил өнгийн гүрвэлийн хажууд очиж зогсоно. Хүүхдүүд өөрийн өнгөө зөв олсон, эсэхийг харилцан хянана. Ийнхүү 4-5 удаа тоглосны дараа талбайд байрлуулсан гүрвэлийн өнгийг сольж тавиад, тоглоом үргэлжилнэ.
Экскурс
Байгалийн музейд Тарбозавр буюу Махчин гүрвэлийн араг яс үзэж танилцсан.
Зулзагатай гүрвэл
Зорилго
- Дууны үгийг тогтоож, зөв хэлж дуулах
- Дуулахдаа зэрэг эхлэх, төгсгөх
- Харилцан дуулах
Зулзагатай гүрвэл хаачих нь вэ?
Гүрвэлийн хөндийг туулъя даа
Хөндий туулаад яах нь вэ?
Ундармал булаг хүрье дээ
Харз булгаар яах нь вэ?
Ханатлаа ууж авъя даа
Ус уугаад хаачих нь вэ?
Уудам говь хүрье дээ
Говь хүрээд яах нь вэ?
Зээр гөрөөс баръя даа
Зээр гөрөөсөөр яах нь вэ?
Гэдсээ цадтал хооллоё доо
Арвин махаар яах нь вэ?
Бяцхан гүрвэлээ хооллоё доо
Бяцхан гүрвэлээ яах нь вэ?
Өөр шигээ том Гүрвэл болгоё доо
Тоолъё
Зорилго:
- 10-ын дотор оноож тоолох
- 10-ын дотор урвуу тоолох
Нэг бяцхан
Хоёр бяцхан
Гурван бяцхан гүрвэл
Дөрвөн бяцхан
Таван бяцхан
Зургаан бяцхан гүрвэл
Долоон бяцхан
Найман бяцхан
Есөн бяцхан гүрвэл
Арван бяцхан махчин гүрвэл
Арван бяцхан
Есөн бяцхан
Найман бяцхан гүрвэл
Долоон бяцхан
Зургаан бяцхан
Таван бяцхан гүрвэл
Дөрвөн бяцхан
Гурван бяцхан
Хоёр бяцхан гүрвэл
Нэг бяцхан махчин гүрвэл
Өвсөн тэжээлтэн дийлсэн нь
(Хүүхдүүдийн багштайгаа хамтран зохиосон үлгэр)
Эрт урьдын цагт энэ дэлхий дээр аврага том биетэй үлэг гүрвэлүүд амьдардаг байжээ. Зарим нь мах идэх дуртай “Махчин гүрвэл”, зарим нь өвс идэх дуртай “Өвсөн тэжээлтэн гүрвэл” байдаг байж. Тэдний дотор нэгэн сайхан сэтгэлтэй бусдад гэм хийдэггүй “Өндөр хүзүүт” нэртэй өвсөн тэжээлтэн ээж гүрвэл гурван өндөгийнхөө хамт амьдардаг байжээ. Өндөр хүзүүт нэгэн өдөр амтат навч олж идэхээр ширэнгэн ойд, навч хайн явж байлаа. Тэгтэл түүний өмнө хайж байсан амтат навчтай өндөр мод харагдаж гэнэ. Өндөр хүзүүт маш их баярлан том, том алхсаар очтол модны цаанаас Махчин гүрвэл гарч ирээд, би ямар их азтай байн аа, гэдэс минь маш их өлсөж байсан юм. Одоо харин энэ том, зөөлөн мах миний өмнө өөрөө хүрээд ирлээ. Тийм болохоор би чамайг иднэ дээ гэв.
Харин өндөр хүзүүт түүнд учир байдлаа хэллээ. Махчин гүрвэл минь чи намайг битгий ид, би гурван өндөгтэй. Чи намайг идчихвэл гурван өндөг минь үгүй болно. Чи тэднийг минь өрөвдөөч гэхэд, тэр надад ямар хамаа байна. Би чамайг идэхдээ л иднэ гэв. Ингээд махчин гүрвэл түүнийг идэхээр дайрч гэнэ. Энэ үед Өндөр хүзүүт, за тэгвэл хоёулаа хүч чадлаа үзье. Дийлсэн нь хэн нэгнийхээ үгийг дагна шүү гэж хэлэхэд махчин гүрвэл зөвшөөрч гэнэ. Ингээд тэд холын газраас тоос татуулан харайсаар газрын хөрсийг хонхойтол довтолж гэнэ. Өндөр хүзүүт урт сүүлээрээ махчин гүрвэлийг ороолгоод авч гэнэ. Махчин гүрвэл газарт тэрийн уналаа. Уур нь хүрсэн махчин гүрвэл дахин хүчээ үзнэ гэсээр холын газраас хурд хүчээ гарган довтлоход Өндөр хүзүүт мөн л урт сүүлээрээ түүнийг ороолгоод авч гэнэ. Махчин гүрвэл Өндөр хүзүүтийг дийлэхгүй нь гэдгээ мэдээд за, за чи үнэхээр чадалтай юм. Би чамайг идэж чадахгүй бололтой. Би явж үнэг, чоно барьж идэхээс гэсээр цааш одлоо.
Хүүхдийн бүтээлээс
Баримлаар хийсэн “Гүрвэлийн хотхон”
“Өвсөн тэжээлтэн” ханын чимэглэл
Хүүхдүүд өнгийн цаас, ватум цаас ашиглан хамгийн өндөр “Өвсөн тэжээлтэн” гүрвэлийг ханан дээрээ зурж дүрсэлсэн.
Хүүхдүүд бэлэн зураг хайчлан хэл яриа хөгжүүлэх хэрэглэгдэхүүн хийлээ. Энэ зурагт үзүүлэн дээр хүүхдүүд богино хэмжээний эх, үлгэр зохион ярьж тоглодог.
Музейн тайлбарлагч хүүхдүүдэд амжилт хүсээд үлэг гүрвэлийн зурагтай танилцуулгууд өгсөн. Хүүхдүүд үүнийг уншуулж танилцаад, зурах хэсэгт нь дуурайлган зурж будсан.
Шигтгэмэл наамлын аргаар бүтээсэн хүүхдийн бүтээл
Хүүхдүүдийн дүрс зургийг баримлын шавраар бүрж будсан бүтээл
“Шигтгэмэл наамал”-аас гадна манай ангийн хүүхдүүд өөрсдийн үнэт зүйлээ ч бүтээж чадсан. Тухайлбал:
“Үлэг гүрвэл Махчин гүрвэл
Алаг гүрвэл Үлэг гүрвэл” түргэн хэллэг зохиосон.
Мөн 16 тоот өглөөний дасгалыг үлэг гүрвэлийн хөдөлгөөнд хувирган өөрчилж хийж сурсан
2016 оны хичээлийн жилийн 1 дүгээр улиралд Бэлтгэл бүлэгт энэ сэдвийг дахин сонгож ажилласан. Энэ удаа өмнөх сэдвийн боловсруулалтаа баяжуулан үйл ажиллагаагаа явуулсан бөгөөд өмнөхөөс өөрчлөгдсөн зүйлс бас бий. Жишээлбэл:
Үлэг гүрвэл барих
Зорилго
- Үлэг гүрвэлийн биеийн хэсгүүдийг мэдэх
- Баримал ашиглан хялбар аргаар үлэг гүрвэл барих
- Хамтын бүтээл хийж, өөрийн болон найз нөхдийнхөө бүтээлээр бахархах
Хэрэглэгдэхүүн: Баримлын шавар, хулдаас, баримлын хутга, үзүүлэн
Аргачлал
Үлэг гүрвэлийн гадаад онцлогийн талаар “Үлэг гүрвэл хэдэн хөлтэй юм бол?”,
“Сүүлтэй юм болов уу?” гэх мэтээр ярилцана. Дараах аргачлалын дагуу үлэг гүрвэл барина.
Дуут гүрвэл
Зорилго
- Авиаг ялгаж сонсох
- Багшийн авиаг анхааралтай сонсох
Хэрэглэгдэхүүн: Гүрвэлийн зураг, авиа
Аргачлал
Багш авиа хэлнэ. Хүүхдүүд багшийн хэлсэн авианаас “Ү” авиаг сонсоод алгаа нэг удаа ташина.
Дан авиа О – Ө – А – Ү – И – Э гэх мэтээр хэд хэдэн удаа бататган тоглоно. Тоглохдоо гүрвэлийн зурагны ам нь ангайхад ямар нэг авиаг хэлнэ.
Хувилбар
Энэ тоглоомыг өөрчлөн дараах хувилбаруудаар тоглож болно.
- Урт богино эгшигтэй үгийг ялгаж сонсох
- Ойролцоо дуудлагатай үгийг ялгаж сонсох
- Авиаг хүүхдүү дуурайж хэлэх гэх мэт.
Гүрвэл бүтээцгээе
Зорилго
- Шагайгаар хамтран зургийн дагуу гүрвэл бүтээх
- Шагайны буултыг таньж мэдэх
- Ээлжээ хүлээж шагайг орхих
Хэрэглэгдэхүүн: Шагай, нарийн скоч
Аргачлал
Багш ширдгэн дээр нарийн скоч ашиглан гүрвэлийн дүрс нааж өгнө. Багшийн гаргасан дүрсийг хүүхдүүд шагайны хонь буусан буултаар өрж гүрвэл бүтээнэ. Шагайны ямар буулт байсныг нэрлэнэ. Бүтээлээ яаж хийсэн тухайгаа ярилцана. Мөн шагайны ямаа, морь, тэмээний буултаар мөн зарим буултыг хослуулан өрж бүтээл хийж болно.
Гүрвэлийн сүүдэр
Зорилго
- Сүүдэр ашиглан бүтээл хийх
- Хамтын бүтээл хийх
Хэрэглэгдэхүүн: Зурагт карт, зургийн цаас, харандаа, будаг, сүүдэр үүсгэх гэрэл
Аргачлал
Ширээн дээр цаасаа тавиад, сүүдэр үүсгэх гүрвэлийн дүрсийг гэрлийн өмнө байрлуулна. Хүүхэд сүүдрийн хүрээг дагуулан зурна. Гүрвэлийн дүрсийг гаргасны дараа найз нартайгаа хамтран будаж, баяжуулж зурна. Бүтээлээ бусдад тайлбарлан ярилцана.
Орчинд гарсан өөрчлөлт
“Махчин гүрвэл” орчинд гарсан өөрчлөлт. Багш, хүүхдүүдийн хамтын бүтээл
Хэрэглэгдэхүүн:
ватум цаас, өнгийн цаас,
гуаш, тосон харандаа,
хүүхдүүдийн алганы даралтаар зурсан бүтээл
“Гүрвэлийн хотхон” ханын зураг
Хэрэглэгдэхүүн: Гуаш, багс, бийр, парлон
Аргачлал: Багш дүрс зургыг хүрээлэн зурж өгнө.
Хүүхдүүд дагуу зургийг хүрээнээс гаргалгүйгээр будна. Будах өнгөө ярилцаж сонгоно.
Эвхэж нугалах, хайчлах, баримал ашиглан бүтээсэн гүрвэлийн орчин
Хүүхдүүд багшийн зөвлөснөөр навч зурж хайчлан орчинд баяжуулалт хийсэн.
Бид ангидаа үлэг гүрвэлийн орчинг ийм байдлаар бүрдүүлсэн.
Дараа нь бид “Мазаалай” паркаар аялж, бас тоглолоо.
Дүгнэлт: Анх энэ сэдвээр ажиллаж эхлэхэд багшид үзүүлэн, хэрэглэгдэхүүн зэрэг материалууд байгаагүй ихээхэн хүндрэлтэй байсан. Харин бидэнд “Үлэг гүрвэл”- ийн зурагтай ганцхан буддаг ном байсан нь бидний үзүүлэн болж байлаа.
Сэдвийн явцад багш болон хүүхдүүд эрэл хайлт хийж, аймгийн Хүүхдийн номын сан, Байгалийн музей, Хас паркт аялан очиж гүрвэлийн тухай мэдээлэл цуглуулсан нь бидний үйл ажиллагааг өргөжүүлж өгсөн.
Үзэж танилцсан зүйл дээрээ тулгуурлан бүтээл хийх, бүтээлээ тайлбарлан ярилцах, өөрөөр яаж хийж болох тухай ярилцах зэргээр бид хамтдаа хөгжиж байлаа. Мөн хүүхдүүд эцэг эхээсээ мэдээлэл аваад түүнийгээ найз нартаа ярьж өгч байсан нь Багш-Хүүхэд-Эцэг эх бүгд л бие биеэсээ суралцсан сайхан үйл ажиллагаа болсон.
Ингээд сонсож мэдсэн, үзэж харсан зүйлс мөн төсөөллөөрөө ганцаарчилсан болон хамтын бүтээл хийж орчноо бүрдүүлж, сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглаж эцэг эх, багш, хүүхэд хамтарч “Гүрвэлийн шинэ жил” тоглолтоо хийдэг боллоо. Эндээс харахад хүүхдийн өөрсдийн сонирхож сонгосон сэдвээр дамжуулан үйл ажиллагаа явуулснаар тэдний урлан бүтээх, өөртөө итгэх, сэтгэх, бие даан хийх чадвар, оролцоо мэдэгдэхүйц сайжирч, тэд “Би чадаж байна.” гэсэн итгэлтэй, урамтай, баяр баясгалантай байцгаасан.
Баянхонгор аймгийн 9 дүгээр цэцэрлэгийн багш Б.Хишигжаргал