Бид хүүхдэдээ ямар сайн зуршлуудыг эзэмшүүлэх вэ?
Хүүхдэд амьдралд нь хэрэгтэй сайн зуршил эзэмшүүлж хэвшүүлэхгүй бол өсч томрох үед нь тэдний хандлага, зан үйл, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс хүүхдэдээ бага байхад нь сайн зуршлуудтай болоход туслах нь маш чухал юм. Ингэснээр бид хүүхдийг насан туршдаа амжилтад хүрэхэд бэлтгэнэ. Өөрөөр хэлбэл, бага насандаа эзэмшсэн сайн зуршил нь тэдэнд насан туршид нь хэрэг болно.
Зуршил гэж олон дахин давтан үйлдсэний үр дүнд хүний аяндаа, бараг ухамсаргүйгээр гүйцэтгэдэг болсон үйл. Хэрэв хүн ойролцоо нөхцөл байдалтай байнга тулгарвал гүйцэтгэх шаардлагатай үйлдлүүдийн дараалал өөрт нь тогтож, тэрхүү тогтсон дэгийнхээ дагуу үйлийг илүү итгэлтэйгээр, илүү хурдан, амжилттай гүйцэтгэдэг болдог. Сайн зуршил гэж хүний амьдрал, ажил хөдөлмөр, зан харилцаанд эерэгээр нөлөөлдөг хэвшсэн үйлүүд юм. Энэ нь ихэвчлэн өндөр сахилга бат, өөрийгөө хянах чадвартай холбоотой байдаг.
Хүүхдэд зуршил ямар ач холбогдолтой вэ?
Cuemath.com-ын хамт олон “Нэг сайн зуршил нь амьдралын нэг маш чухал чадамжтай адил юм” гээд сайн зуршлын ач холбогдлыг дараах байдлаар тодорхойлжээ.
-
Зуршил бол - та хэн бэ гэдгийг харуулна: Хүний зуршил бол зан чанарыг нь тодорхойлдог.
-
Сайн зуршил нь зорилгодоо хүрэх боломжийг олгодог: Амжилтанд хүрэх эхний алхам бол өөртөө сайн зуршил бий болгох явдал юм.
-
Зуршил нь амьдралын үндэс суурийг тавьдаг: Таны бага насандаа бий болгосон дадал зуршил нь ирээдүйд хийх зүйлийн үндэс суурийг тавьдаг.
-
Зуршил нь зохистой амьдрахад тусалдаг: Цөөхөн хэдэн зуршлыг бий болгоод бусдыг нь үл тоомсорловол хожим асуудал үүсдэг.
-
Аз жаргалтай амьдрах түлхүүр: Сайн зуршил нь амьдралынхаа туршид аз жаргалтай байхад тусалдаг. Энэ нь таныг урам зоригтой байхад тусалж, үргэлж сайн зүйл хийхэд нөлөөлнө.
Хүүхдэд ямар зуршлуудыг эзэмшүүлэх вэ?
Хүүхдэд эзэмшүүлэх зуршил нь тэдний өдөр тутмын амьдрал, үйл ажиллагааны бүхий л хүрээтэй холбоотой байна. Энд хүүхдэд эзэмшүүлэх шаардлагатай зарим нийтлэг зуршлийг авч үзлээ. Үргэлжлүүлэн бие бялдар, эрүүл мэндтэй холбогдох зарим зуршлийг нийтлэх болно. Эцэг эх, багш нар хамтран ажилласнаар хүүхдэд эдгээр зуршлийг бат бөх суулгаж болно.
Нийтлэг зуршил
Өмнө нийтэлсэн хүүхдэд багаас нь өвлүүлэн зуршил болгох сайн зан чанарууд бол нийтлэг зуршлууд юм. Түүн дээр нэмж зарим сайн зуршлийг дурдъя.
1. Унтах цагаа баримтлах
Унтаснаар хүний бие махбод, оюун санаа амарч, сэргэдэг. Биеийн булчингууд тайвширна, биеийн дархлааны тогтолцоо идэвхжиж, эсэргүүцэл сайжирна. Өсөлтийн даавар үүснэ, бодисын солилцооны нөлөөгөөр хэрэггүй зүйлс гадагшлахад бэлтгэгдэнэ, жингээ зохистойгоор барихад тусална. Тухайн өдрийн мэдээлэл, сэтгэгдлийг боловсруулах, сэтгэл хөдлөлөө хянахад тархины үйл ажиллагаа дэмжигдэнэ. Судлаачид хүүхэд тогтмол цагт унтах нь тэдний оюуны хөгжил, суралцах чадварыг сайжруулахаас гадна зан харилцаанд сайнаар нөлөөлдөгийг тогтоосон байдаг.
2. Гэрийн ажил хийх
Хүүхэд гэрийн ажилд оролцоход хэзээ ч багададгүй. Бага байх тусмаа тэд аливаад оролцох, гүйцэтгэх сонирхолтой, идэвхтэй байдаг. Тэднийг хэрэглэсэн зүйлээ хураах, орчноо эмх цэгцтэй байлгах, цэвэрлэгээ, хоол унд хийх зэрэг олон ажилд оролцуулах буюу бие даалган хийлгэж болно. Энэхүү зуршил нь тэдэнд аливаа зүйлийг хурдан сурах, бие даах, хариуцлага хүлээхэд тустай. Миннесотагийн их сургуулиас хийсэн судалгаагаар эрт гэрийн ажилд оролцож, хийж эхэлсэн хүүхэд найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ сайн харилцаатай байхаас гадна сурлагын амжилт, цаашилбал ажилдаа амжилт гаргах магадлал өндөр байдгийг тогтоосон байдаг (University of Minnesota.2002)
3. Өдөр бүр ном унших
Хэрэв хүүхдийг бага байхад нь ном унших дуртай болгож чадвал түүнд асар их ач тусыг өгнө. Хүүхдэд ном уншиж өгөх нь тэдний сонсох, унших чадварыг хөгжүүлэх, үгсийн санг нэмэгдүүлэх, дүрслэн бодохуйг сайжруулах, түүнчлэн зан чанар, харилцааны ур чадварт суралцахад тустай. Багачуудын хувьд ном уншиж өгөх тогтсон цаг (жишээлбэл, орой унтахын өмнө үлгэр ярих эсвэл үлгэр, өгүүллэг унших)-тай байвал ном унших зуршил суухад илүү үр дүнтэй. Сурагчдын хувьд тогтмол ном унших нь сурлагын амжилтад нөлөөлнө.
4. Хариуцлага хүлээх
Хүүхэд өөрийн сонголт, шийдвэр, үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээж сурах нь тэдний сургуульд суралцах болон цаашдын ажил, амьдралд сайнаар нөлөөлнө. Хүүхэд өөрсдийн туршлагаас амьдралынхаа чухал сургамжийг авдаг тул яалт ч үгүй алдаа гаргах тохиолдолд тэднийг буруутгах шаардлагагүй. Харин энэ тохиолдолд тэд холбогдох хүмүүс (эцэг эх, багш гэх мэт)-ээс уучлалт гуйдаг байх нь зөв. Ийнхүү хариуцлага нь бас харилцааны ур чадвартай холбогдоно. Хүүхэд өөртөө болон бусдын өмнө хариуцлага хүлээхээс гадна амьтан, ургамалд хор хөнөөл учруулахгүй байх зэргээр байгальд хариуцлагатай хандахад суралцах шаардлагатай.
5. Хуваалцах
"Бүх зүйл минийх" гэдэг нь балчир насныханы хэвийн, ердийн хандлага. Хуваалцах нь хүүхэд хөгжлийнхөө үйл явцад олж авдаг харилцааны ур чадвар юм. Хүүхдийн хуваалцахад суралцах тохиромжтой үе нь хоёр наснаас сургуульд элсэх хүртэл, түүнээс хойшхи үе. Хүүхэд бусадтай хуваалцаж сурснаар найз нөхөдтэй болж, нөхөрлөх; хамтран тоглох, ээлжлэн тоглох, тохиролцох, буулт хийх; урам хугарах үеэ даван туулах боломжтой болдог. Хүүхдэд хуваалцах нь яагаад чухал болохыг “Бусдын төлөө сайн зүйл хийвэл сайхан санагддаг.”, “Хэрэв чи ямар нэг зүйлээ хуваалцвал бусад хүн ч бас чамд дуртай зүйлийг чинь өгч хуваалцах болно.” гэх мэтээр тайлбарлаж болох юм.
6.Бусдыг халамжлах
Хүүхэд бусдыг анхаарч, ойлгон, санаа тавьж, шаардлагатай туслалцаа дэмжлэг үзүүлэхэд суралцах нь бусадтай харилцаагаа хадгалах, сайжруулах, итгэлцэхэд нөлөөлнө. Мөн хэн нэгний эрэлт хэрэгцээ, сэтгэлийг мэдэрснээр бусдыг өрөвдөн хайрлах сэтгэлтэй болоход тустай. Энэхүү зуршил нь мөн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлдэг.
7. Хог хамаагүй хаяхгүй байх
Хүүхэд ойр орчноо цэвэр, эмх цэгцтэй, бохирдуулахгүй байлгаж хэвших нь тэдний бие даасан байдал, хариуцлага хүлээх чадвар, мөн сэтгэл санаанд нь ч сайнаар нөлөөлнө. Хүүхдэд хогны байгальд учруулах хор нөлөө, хогийг яагаад дахин ашиглах шаардлагатай, эх дэлхийгээ хамгаалахад хүн бүр хувь нэмэр оруулах ёстой гэдгийг ойлгуулж, хогийг зориулалтын бус газарт хаяхгүй байх зуршил суулгаснаар тэднийг үрэлгэн бус байх, хог бага гаргах, энгийн хэрэглээнд сургахад нөлөөлж болно.
Үргэлжлэл бий.
Н.Норжхорлоо
Эх сурвалж:
1. Cuemath.com. 30 Good Habits for Kids. https://www.cuemath.com/learn/good-habits-for-kids/
2. University of Minnesota. 2002. Involving Children in Household Tasks: It is Worth the Effort?