Зуурмаг хийх жор, арга, зуурмагаар урлан бүтээх
Баримлын шавар худалдаж авахгүйгээр, аав ээжүүд мөн багш нар өөрсдөө хялбар аргаар, гэртээ байгаа хүнсний зүйлсээ ашиглан зуурмаг бэлтгэж, түүгээр хүүхэд тань тоглоом наадгай, бэлэг дурсгал, чимэглэлийн зүйлсийг бүтээлчээр урлан бүтээж болно. Мөн давсан зуурмаг нь хийхэд амархан бөгөөд урлан бүтээхэд тохиромжтой сайн материал.
Үүний гол давуу тал нь та уг материал дотор юу байгааг мэдэж байгаа болохоор “Үүнийг юугаар хийсэн бол? Хортой юу?” гэж эргэлзэх зүйлгүй. Энд зуурмаг бэлтгэх зарим жор, арга [1], тэдгээрээр юу юу урлаж болох талаар зарим санааг харууллаа. Та эдгээрээс туршаад үзээрэй. Урлан бүтээсэн зүйлийнхээ зургийг ирүүлбэл бид талархан хүлээж авч, сайтдаа байршуулж нийтийн хүртээл болгох болно.
Харин Та хүнсний будаг эсвэл янз бүрийн өнгөтэй жимс (аньс, нэрс, цацаргана), хүрэн манжин зэргээс өнгө гарган авч ашиглаарай.
Давсан зуурмаг бэлтгэх
Давсан зуурмагийн жор:
- Хоёр аяга гурил
- Нэг аяга давс
- Нэг аяга ус
- Нэг жижиг халбага тос
- Хүнсний будаг - өөрийн хүссэн өнгөөр
Зуурмагаа хэвлэж эсвэл өөрсдийн хүссэнээр хэлбэр дүрс гаргаж урлаад цахилгаан зуухны 150°C хэмд 30-40 минут болгоно. Дараа нь түүн дээрээ зурна, будна.
Баримлын шавар бэлтгэх
Баримлын шаврыг дараах орцоор бэлтгэнэ. Эдгээрийн сүүлчийн хоёр орц олдомжгүй бол та орлуулаад хийгээд үзээрэй. Жишээлбэл, жимснээс өнгө гаргаж аваад дээрээс нь желатин нэмж, мөн цөцгий дээрээ крахмал хольж.
- 100 гр давс
- 200 гр гурил
- 1 жижиг уут жимсээр өнгө оруулсан желатин (Götterspeise)
- 1 жижиг уут цөцгий бэхжүүлэгч (Sahnesteif)
Эдгээрийг хольж хутгаад, дээрээс нь
- 125 мл халуун ус
- 2 хоолны халбага тос хийж, сайтар нухаж өгнө.
Өөр хувилбар:
- 400 гр гурил
- 130 гр давс
- 2 хоолны халбага лемоны шүүс
- 400 мл буцламж халуун ус
- 4-6 хоолны халбага тос (Тос их байх тусмаа улам уян зөөлөн болно.)
- Өнгө - өөрийн сонирхлоор (байгалийн гаралтай)
Ийнхүү бэлтгэсэн баримлын шаврыг агаар орохооргүй битүү боогоод хөргөгчинд хадгалбал 6 сарын турш хэрэглэж болно.
Мөн идэж болдог баримлын шавар [2] бэлтгэж болно. Үүний орц нь:
- 250 гр гурил
- 130 гр сахарны пудер
- 100 гр хуурай сүү
- 1-5 жижиг уут ванелийн сахар (өөрийн хүссэнээр)
- 1/2 - 1 ширхэг жижиг шилтэй лемоны шүүс (Zitronen-Aroma)
- 10 хоолны халбага тос (30 гр)
- 100 мл ус
- 75 - 150 гр крахмал (цардуул)
- Хүнсний будаг
Бэлтгэсэн зуурмагаа хэвлээд, жигнэж болгоно.
Давсан зуурмагаар урлах зарим санаа
Эх сурвалж: https://www.pinterest.com/pin/745768019514988942/
Эх сурвалж: https://www.pinterest.com/pin/328410997818681760/
Эх сурвалж: https://www.pinterest.de/pin/793900240532460937/
Эх сурвалж: https://www.pinterest.de/pin/486248090998143403/
Н.Норжхорлоо
Эх сурвалж:
2. http://knete-selbstgemacht.de/essbare-knete-selbermachen/essbare-knete-rezept-ohne-vollei.htm