Ижил өнгө, ижил буулт

Манай цэцэрлэг Ардын сурган хүмүүжүүлэх ухаанд суурилан хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үзэл баримтлалаа боловсруулсан. Иймд бид ихэнхдээ ардын тоглоом наадмын аргачлалыг хүүхдийнхээ хөгжлийн түвшинд тохируулан хялбаршуулан боловсруулж, хүүхдүүдээ тоглуулдаг. Шагайгаар тоглох нэгэн тоглоомыг танилцуулъя.

Хувилбар – 1

4 хүртэлх  насны хүүхдэд

Зорилго:

  1. Малын шагайны 4 талын буултыг ялган танина.
  2. Өнгүүдийг таньж, нэрлэнэ.
  3. Шагайг өнгө, буултаар нь харьцуулж ижилсүүлнэ. 

 

Хэрэглэгдэхүүн:

  • Улаан, шар, ногоон, хөх өнгөөр будсан шагайнуудыг сагсанд хийж тавина.
  • Шагайны буултыг илэрхийлсэн өнгөт карт бэлтгэнэ.

 

Аргачлал:

        1.  4-6 хүүхэд тоглож болно.

        2.  Хүүхэд бүр нэг карт сонгон авч, сайтар ажиглана.

       3.   Картан дээр ямар ямар өнгөтэй шагайны зураг байгааг нэрлэнэ.

       4. “Анхаар эхэл“ гэсэн дохиогоор хүүхдүүд сагстай шагайнаас авч, картан дээр байгаа зурагтай өнгөөр нь ижилсүүлж доор нь байрлуулна. (Эсвэл картан дээр ижилсүүлж тавьж болно.)

       5.  Түрүүлж шагайнуудаа картан дээрх бүх зурагтай өнгөөр нь ижилсүүлэн тавьж, картаа бөглөж дуусгасан хүүхдэд баяр хүргэнэ.

 

Дараа нь тоглоомыг бага зэрэг хүндрүүлж, картан дээр байгаа морь, хонь, тэмээ, ямааны буултаар хүүхдүүд шагайгаа ижилсүүлж өрнө.

 

Хувилбар - 2

Нас : 5-6 хүртэлх  насны хүүхэд

Зорилго:

  1. Шагайны 4 талын буултыг ялгаж танина, нэрлэнэ.
  2. Картан дээрх шагайны буултын зурагтай орхисон шагайнаасаа ижилсүүлж байрлуулна.
  3. Шагайг орхихдоо өөрийн ээлжийг хүлээж, бусадтай хамтран тоглоно.

 

Хэрэглэгдэхүүн:

  • Өнгийн шагайнуудыг сансанд хийж тавина.
  • Шагайны буултыг илэрхийлсэн өнгөт карт байна.

 

Аргачлал:

  1. Хүүхдүүд картыг сонгон авна, сайтар ажиглана.
  2. Картан дээр ямар ямар буулттай шагай (морь, хонь, тэмээ, ямаа)  байгааг нэрлэнэ.
  3. Ээлжлэн 4 бэрх орхино.
  4. Дөрвөн  бэрх орхиход картан дээрх шагайны буулттай ижил шагай буувал сагснаас авч, картан дээр тавина.

  1. Хүүхдүүд дүрмээ баримтлан, ээлжилж шагайгаа орхино.
  2. Тэд ээлжлэн картаа бөглөж дуустал шагайгаа орхино.
  3. Бусдаас түрүүлж картаа бөглөсөн хүүхэд тоглоомын ялагч болно.

 

 

Баянхонгор аймгийн “Одод” 4 дүгээр цэцэрлэгийн багш Д.Нарантогтох