“Долоодой”-гоор тоглонгоо хөгжих боломж

Долоодой нь олон улсад “танграм” гэж нэрлэгдэх бөгөөд эртний Хятадаас үүсэлтэй эвлүүлдэг тоглоом юм. Судлаачид үүнийг 19 дүгээр зууны хамгийн алдартай тоглоомуудын нэгд тооцсон байдаг. Монголчууд эрт цагаас энэ тоглоомоор үр хүүхдээ тоглуулж, оюун ухааныг нь хөгжүүлж иржээ. Зохиогч А.Намсрай  Танграм (IQ хөгжүүлэх  хөгжилтэй долоон дүрс) номдоо хүүхдийн сэтгэлгээг хөгжүүлэх, долоон дүрсээр тоглох, дүрсүүдийг харьцуулах, эвлүүлэх хувилбарууд гаргасныг судлан өөрийн бүлгийн 4-5 насны хүүхдэд зориулан тоглонгоо хөгжих аргачлал боловсруулан ажиллаж байна.

Хүүхдийн тоглох үйл ажиллагаанд долоодой дүрсийг олон хувилбараар бэлтгэн ашиглаж байна. Дүрсүүдийг харьцуулах, нийлүүлэн зохиомжит бүтээл хийх, дүрсийг  эвлүүлж бүтээх, биет дүрс хийж, тоглох нь хүүхдүүдээ дэмжин ажилладаг. Тоглоомын  хэрэглэгдэхүүнийг хүүхдэд сонирхолтойгоор усан самбарт нааж тоглох, соронзон долоодойг самбарт байрлуулах,  долоодойн биет том дүрсээр бүтээл хийх, олон дүрсээр зохиомжит эвлүүлэг хийж тоглох боломжийг бүрдүүлсэн.

Долоодой  дүрсээр тоглох явцад хүүхэд бүрийн  тоолох, өнгө, дүрс ялгах, бүлэглэх,  ангилах, хэмжих, орон зайн байрлалыг тодорхойлох, хийж буй ажлаа төлөвлөх,  шинэ боломжийг эрж олох,  гарсан үр дүнд үнэлэлт дүгнэлт өгөх, аливаад тэвчээртэй, бүтээлч сэтгэлгээгээр хандах, хөгжилтэй байдлаар хамтарч ажиллах боломжтой байгааг туршин ажиллаж байна.  

 

Долоодойтой танилцъя

Зорилго:

-          Дүрсүүдийг тоолж, яагаад “Долоодой” гэж нэрлэснийг мэднэ.

-          Долоодойн дүрсүүдийг өнгө, хэлбэр дүрсээр нь ялгана.

-          Долоодойг хайрцагт нь эвлүүлж хурааж сурна.  

 Хэрэглэгдэхүүн:   Хайрцагтай “Долоодой”  

Аргачлал:

•       Хүүхдэд  хайрцагтай “Долоодой” өгнө.

•       Долоодойг хайрцагнаас нь гаргаж тавина.

•       Хүүхэд бүгд хэдэн дүрс байгааг оноож тоолно.  

•       Яагаад энэ тоглоомыг “Долоодой” гэж нэрлэснийг асууна.

•       Долоон дүрсийн өнгийг ялгаж нэрлэнэ.  

•       Ямар хэлбэртэй дүрс  хэд байгааг нэрлэж тоолно.   

 

•       Хүүхэд хайрцагт буй долоон дүрсийг хэрхэн байрлуулж багтааж болохыг туршиж үзнэ. Шаардлагатай тохиолдолд багш дэмжлэг үзүүлнэ.

•       Долоон дүрсийг хамгийн түрүүнд хайрцагт нь багтааж эвлүүлсэн хүүхдэд баяр хүргэнэ.   

 

                  

 

Шоон дээрх дүрс эвлүүлье

Тоглоомын зорилго

-          Шоон дээрх долоодойгоор бүтсэн дүрсийг хурдан шалмаг эвлүүлнэ.

-          Тоглоомд хожиж, хожигдож сурна. 

Хэрэглэгдэхүүн:  Хүүхэд бүрт хайрцагтай “Долоодой”,  6 талдаа “Долоодой”-н 7 дүрсээр эвлүүлсэн зурагтай шоо

 

 Аргачлал

Хүүхдүүд 6-8-уулаа нэг баг болон тоглоомд оролцоно. Багийн  гишүүд шоог хэн эхлэн орхиж, тоглоом эхлэхийг шодож шийднэ. Шоог орхиход шооны дээш харсан хэсэгт юуны зураг байгааг хүүхэд бүр долоодойгоороо  эвлүүлнэ. Тухайн дүрсийг эвлүүлж чадалгүй хамгийн сүүлд үлдсэн хүүхэд тоглоомоос хасагдана. Багш хасагдсан хүүхдэд дараагийн удаа сайн тоглоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлнэ. Шоог ээлжлэн орхиж, тоглоом цааш үргэлжилнэ. Шоог орхиход өмнө нь эвлүүлсэн дүрс буувал тэрхүү дүрсийг эвлүүлэлгүй дараагийн хүүхэд шоог орхино. Дүрс бүрийг амжилттайгаар түргэн эвлүүлж, тоглоомоос хасагдалгүй үлдсэн хүүхэд хожно.  

 

 

Зохиомжит дүрс эвлүүлэг

Зорилго

-          Бүтээлчээр сэтгэж, шинэ боломжуудыг эрж олон долоодойн дүрсүүдээр янз бүрийн зүйлс бүтээнэ.

-          Бүтээсэн зүйлээ тайлбарлан ярина.

 Хэрэглэгдэхүүн:  Долоодойн дүрсүүд

Аргачлал

Хүүхэд ямар зүйл зохиомжлон дүрслэх гэж байгаагаас шалтгаалан долоодойн дүрсүүдийг сонгож, өөрийн санаачлагаар зохиомжлон бүтээнэ. Юуг яаж бүтээснээ тайлбарлан ярина.  

 

Үргэлжлэл бий.

 

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын цэцэрлэгийн багш Н.Зэсмаа