12 жилийг нэрлэе
Бага насныханд ойлгуулж, тогтоолгоход хүндрэлтэй байдаг зүйлсийн нэг нь 12 жил. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар цэцэрлэгийн арга зүйч С.Цасчихэрийн хүүхдэд 12 жилийн нэрийг дарааллаар нь хялбар тогтоолгох нэгэн аргачлалтай танилцана уу. Энэхүү аргачлалыг ээж, аав нар ч ашиглан хүүхдээ 12 жилтэй танилцуулж болно.
Зорилго
- Арван хоёр жилийг дарааллын дагуу нэрлэж сурна.
- Дэс тооны тухай ойлголттой болно.
Нас: 5 настнууд
Хэрэглэгдэхүүн
- 12 жилийн амьтдын дүрстэй тоглоом
- 12 жилийн амьтдын зураг
- 1-ээс 12-ийн цифр
1 дүгээр үйл ажиллагаа
Арван хоёр жилийн амьтдын дүрстэй тоглоомыг нэрлэнэ, дууг нь таана, дуурайн дуугарна. “Ямар амьтан дуугарав?” Жишээ нь: Хулгана, үхэр, бар, луу, морь, хонь, тахиа, нохой, гахай. Хөдөлгөөнөөр нь амьтдыг таана, хөгжмийн аянд дуурайн хөдөлгөөн хийнэ. Жишээ нь: туулай, могой, мич, морь.
2 дугаар үйл ажиллагаа
Амьтдын зургийг ижилсүүлнэ, нэрлэнэ.
“Хэн хамгийн олон зураг ижилсүүлэх вэ?”
2-3 хүүхэд хамтдаа тоглоно. Бүх зургийг холиод доош нь харуулж тавина. Хэн нь эхэлж зураг сөхөхөө шодох, хуруудах, шоо хаях зэргээр шийднэ. Хүүхдүүд ээлж дараагаар 2 зураг зэрэг сөхөж, адилхан 2 зураг байвал өөртөө авч, адил биш бол буцааж доош нь харуулж тавина.
Энэ бол анхаарал шаардсан, эгзэгтэй мөч. Хаана ямар зураг сөхөгдсөнийг ажиглаж харсан нь хамгийн олон зураг ижилсүүлдэг. Хүүхэд бүр ижилсүүлсэн зургаа тоолж, хамгийн олон зураг ижилсүүлсэн нь хожно.
3 дугаар үйл ажиллагаа
1-ээс 12-ийн цифрийг дарааллын дагуу байрлуулна.
Ижил 2 цифрийг олно, нэрлэнэ.
“Хэн олон цифр ижилсүүлэх вэ?” Хоёр хүүхэд тоглоно. Хүүхдүүд багш (ээж, аав)-ийн дохиогоор зэрэг эхэлж, ижил цифрүүдийг өмнөө байрлуулна. Олон цифр ижилсүүлсэн хүүхэд хожно.
4 дүгээр үйл ажиллагаа
Дараалуулан тавьсан цифрийн дагуу 12 жилийн амьтдыг нэг нэгээр нь оноож байрлуулна.
Хүүхэд амьтны нэр, тооны нэрийг хэлнэ. Жишээ нь: хулгана 1 жил, үхэр 2 жил гэх мэт.
Багш Нэгдүгээрт (тавдугаарт, есдүгээрт гэх мэт) ямар амьтан байна вэ? гэж цифрийг харуулан асуухад, хүүхэд тухайн цифрийн дор буй амьтныг нэрлэнэ.
Мөн хүүхэд цагийн тоонуудад амьтдыг оноон байрлуулж, нэрлэж болно.
5 дугаар үйл ажиллагаа
1-ээс 12-ийн цифрийг багш энд тэндээс нь нэрлэнэ, хүүхдүүд нэрлэсэн цифрийг өмнөө тавьж, тохирох амьтны дүрстэй наадгай буюу зургийг доод талд нь байрлуулна.
Хүүхдийн тоглож буй явцаас
Хэрвээ энэхүү үйл ажиллагаа явагдаж байх үетэй намар ба хавар хийгддэг ажиглалтын хуудсын дагуух үнэлгээ таарвал багш хүүхдүүдийг дараах асуултын дагуу ажиглаж болох юм.
2.1.1. Шинэ дасгал даалгаврыг хийж үзэхдээ итгэлтэй байна
3.1.7. 2-оос цөөнгүй үйлдэл шаардах зааварчилгааг дагаж биелүүлнэ.
4.2.8. Тоглосон, хэрэглэсэн зүйлээ буцааж байранд нь хураана.
5.1.2. 10-ын дотор эд зүйлсийг оноон тоож, дүн тоог хэлнэ.
5.1.6. Юмсыг тоолоод тохирох цифртэй холбоно.
5.2.8. Биет ба хавтгай дүрсийг ялгана.
5.2.12. Уламжлалт тоолол, хэмжүүр ашиглана. Ж: төө ,сөөм, 12 жил/
7.2.6. Хөгжмийн хэмнэлд тохируулан хөдөлгөөн хийнэ.
7.2.8. Дүрд хувирч тоглоно.
Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 2 дугаар
цэцэрлэгийн арга зүйч С.Цасчихэр