Багшийг дурсахуй
Монгол улсад хүүхдийн цэцэрлэгийг анх шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан буянтай багш нараа дурсан Та бүхэнд энэхүү материалаа толилуулж байна.
1940 онд БНМАУ-д улс орноо хөгжүүлэх нэг жилийн төлөвлөгөө гарч, улс ардын аж ахуй, соёлоо төлөвлөгөөтэйгөөр хөгжүүлэх замд орж, олон арга хэмжээ авч байлаа. Эмэгтэйчүүдээс нийгмийн амьдралд оролцох боломж ч өсч байв. 1940 онд хуралдсан Улсын 8 дугаар их хурлаар хэлэлцсэн асуудалд хүүхдийн цэцэрлэгийг хөгжүүлэх чухал асуудал орсон бөгөөд тус их хурлын тогтоолд ” … эдүгээ ажиллаж буй хүүхдийн цэцэрлэг нь ард олны шаардлагыг хангаж чадахгүй буюу өсөлтгүй байгаа байдлыг харгалзан, ойрын цагт үй өргөтгөж, ариун цэвэр ба боловсон байдлаар хүүхдийг хүмүүжүүлэх хэрэгтэй болно. … Зарим цэцэрлэгийг аж ахуйн хангамжийн хувьд үйлдвэр аж ахуй, засаг захиргааны газарт хариуцуулж, сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагуудыг санхүүжүүлэх явдалд оролцож байх” гэсэн цоо шинэ бөгөөд чухал санаа орсон байлаа.
“Современное Монголия” (Орчин үеийн Монгол) сэтгүүлийн 1941 оны № 2-3-д Я.И.Певзнерийн бичсэн “Монгол улсын эрүүлийг хамгаалах талаар” гэсэн түүхийн эх сурвалжаас авч үзвэл Монголд 1928 онд анх хүүхдийн талаар зөвлөгөөн өгөх газар байгуулагджээ. Хүүхдийн зөвлөгөөн өгөх газар, эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх газар, ясли, сүүний газрыг хамруулан 1929 онд эх нялхсыг хамгаалах төв байгуулагдсан байна. 1932 он гэхэд Монгол улсад анхны ясли байгуулагдаж, 1941 он гэхэд хотод 2 ясли , Алтанбулаг, Хатгал, Баянтүмэн, Цэцэрлэг, Улаангомд ясли нээж үйл ажиллагаа явуулж байсан ажээ.
Мөн тус сэтгүүлд Гэгээрлийн яамны зөвлөх А.В.Русаковын бичсэн “Монгол улсын Ардын Гэгээрүүлэх яамны тухай” сэдэвт материалд дурдсанаар 1930 онд нийслэл хотод 30 хүүхэдтэй 4 багштай 1 цэцэрлэг, 1931 онд 356 хүүхэдтэй 30 багштай 12 цэцэрлэг, 1932 онд 405 хүүхэдтэй 34 багштай 14 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байсан байна. 1931 онд хөдөө орон нутагт 76 ажилчинтай 76 улаан гэр, 1932 онд 99 ажилчинтай 132 улаан гэр үйл ажиллагаа явуулж байсан гэж тэмдэглэгджээ. (Тэр үед зарим улаан гэрт цэцэрлэг байгуулах хөдөлгөөн өрнөж байсан гэж зарим эх сурвалжид тэмдэглэгдсэн байдаг Д.Н.) Дээрх хүмүүсийн бичсэнээс үзвэл Монгол улсад сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагууд 1930 оноос эхлэн эрчимтэйгээр байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэдэг нь харагдаж байна.
1940 оноос улсын их хурлын дээрх тогтоолын дагуу сургуулийн өмнөх насны хүүхдийг хүмүүжүүлэх байгууллагуудыг үйлдвэр аж ахуй, засаг захиргааны байгууллагуудад хариуцуулж, санхүүжүүлэх явдалд ч оролцож байхын чухлыг онцлон анхаарч, хүүхдийн ясли, цэцэрлэгийг улсын төсвөөс гадна томоохон үйлдвэр, аж ахуй, албан байгууллагууд санхүүжүүлж эхэлсэн байна. Ийнхүү өөрийн үйлдвэр, аж ахуйд ажиллаж байгаа ажилчид, албан хаагчдын хүүхдийг асран хүмүүжүүлэх ажилд байгууллагуудыг татан оролцуулж эхэлжээ.
Энэ үед Монгол улсын Гэгээрлийн яамны сайд Т.Машлай (1940-1946 он) хүүхдийн цэцэрлэгийг мэргэжлийн боловсон хүчнээр хангахад онцгой анхаарч, 1940 онд Гэгээрүүлэх яаманд хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг хариуцсан тасаг байгуулж, тасгийн эрхлэгчээр бага ангийн багш байсан орос хэлтэй Даваагийн Долгоржавыг (1941-1945 онуудад), мөн 1941-1947 оныг дуустал зөвлөхөөр нь тэр үеийн ЗХУ-ын мэргэжилтний гэр бүл болох сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэй Вера Фёдоровна Максаковаг Гэгээрлийн яамны сайдын 1941 оны 1 дүгээр сарын 18-ны 4 тоот тушаалаар томилон ажиллуулжээ.
Тэд Гэгээрүүлэх яамны зөвлөх Алексей Владимирович Русаков, заах аргач Андрей Васильевич Лесин нарын шууд удирдлагын дор хүүхдийн цэцэрлэгийг хөгжүүлэх ажлыг хийж эхэлжээ. Цэцэрлэгийн тасаг байгуулагдсан болохоор юуны өмнө цэцэрлэгтэй танилцах, судлах хэрэгтэй болсон байна. Гэтэл тэр үед унаа хөсөг байхгүй байсан тул тэр хоёр нэг хэсэг морин тэргээр явж цэцэрлэгүүдтэйгээ танилцах, судалгаа гаргах, шалгах, туслан зөвлөх ажлыг хийдэг байсан байна. Морин тэргээр хотын дундуур явж байхдаа Вера Фёдоровна морины жолоог барьж явдаг, Д.Долгоржав гуай ичдэг байсан тул ард нь сууж явдаг байсан гэж Д.Долгоржав гуай дурсаж байсан. Дараа нь тэр хоёрт эмэгтэй хүний унадаг дугуй, тасагт нь заах аргын захидал, зөвлөмжийг олшруулахад зориулсан радатор өгчээ.
Тэр үед улсын хэмжээгээр нийт 14 цэцэрлэг ажиллаж, цэцэрлэгийн эрхлэгчдийн ихэнх нь эрэгтэйчүүд байлаа. Хотод дараах 8 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байсан байна.
Үүнд:
1. Д.Сүхбаатрын нэрэмжит цэцэрлэг (3 бүлэгтэй), эрхлэгч нь Цэрэннадмид
2. Үйлдвэр комбинатын цэцэрлэг (2 бүлэгтэй) эрхлэгч нь Ринчин
3. Цэргийн Улаанхуарангийн цэцэрлэг (2 бүлэгтэй) эрхлэгч нь Лувсанжамц
4. Хоршоодын Холбооны цэцэрлэг (2 бүлэгтэй) эрхлэгч нь Магсар
5. Махкомбинатын цэцэрлэг (2 бүлэгтэй) эрхлэгч нь Бужмаа
6. Дотоод яамны цэцэрлэг (2 бүлэгтэй) эрхлэгч нь Зөвлөлтийн мэрэгжилтэн Гаврилова
7. Гар үйлдвэрийн цэцэрлэг ( 3 бүлэгтэй) эрхлэгч нь Норов
8. Багш нарын цэцэрлэг (3 бүлэгтэй) эрхлэгч нь Дэчин
Бусад нь хөдөө орон нутагт буюу Сэлэнгэ, Завхан, Дорнод, Архангай, Өвөрхангай, Хэнтий аймагт тус бүр нэг нэг цэцэрлэг ажиллаж байжээ. Цэцэрлэгүүд материалаг баазын хувьд маш хүнд байлаа. Цэцэрлэгт төхөөрөмж хэрэгсэл, тоглоом наадгай гэх зүйл байхгүй байв.
В.Ф.Максакова, Д.Долгоржав нар ажлаа хүлээж аваад юуны өмнө төр засгийн шийдвэрээр цэцэрлэг олноор байгуулах шаардлагатай байсан тул шинээр цэцэрлэг нээх, цэцэрлэг нээх байр орон сууцыг очиж шалгах, орон тоо батлуулах, эд аж ахуйг захиалж хийлгэх, тэдгээрийг цэцэрлэгт авч өгөх, цэцэрлэгийн төсөв хийж батлуулах зэрэг олон ажлыг гүйцэлдүүлж байв. Тэдэнд юуны өмнө цэцэрлэгийн дотоод төхөөрөмж хэрэгслийг хүүхдийн насны онцлогт тохируулан хийлгэх ажил тулгарч байжээ.
В.Ф.Максакова багш цэцэрлэгийн насны хүүхдийн эрүүл ахуй, нас зүйн онцлог, аюулгүй байх шаардлагыг хатуу мөрдөж, заавал модон материал байх шаардлага тавин сандал, ширээ, хувцасны шүүгээ, эвхдэг ор, материал хадгалах шүүгээ, тоглоомын тавиур, алчуурын өлгүүр, хувцасны шүүгээ зэргийн эскиз зургийг гарган орон нутгийн цэцэрлэгүүдэд хүргэж, гар үйлдвэрт захиалан хийлгүүлж, цэцэрлэгүүдийг модоор хийсэн тавилга төхөөрөмжөөр хангаж эхэлжээ. Эдгээр төхөөрөмжийн загварыг гаргахдаа гэрийн нөхцөлд, байнга нүүдэллэн байдаг онцлогийг мөн харгалзсан байна. Цэцэрлэгүүдэд тоглоом наадгай байхгүй байсан тул В.Ф.Максаковагийн оролцоотойгоор Гэгээрүүлэх яамны цэцэрлэгийн тасгаас шууд Орос улсад тоглоомын захиалга өгч, ирсэн тоглоомыг цэцэрлэгүүдэд хуваарилж өгдөг байв. Үүнээс гадна цэцэрлэг дээр шагай цуглуулж ашиглах, мод, давуугар тоглоом хийх ажлыг өрнүүлж байв. Үүний үндсэн дээр цэцэрлэгт тоглоомын булангууд бий болгож цэцэрлэгийн хүмүүжил сургалтын ажил явуулах материалаг баазын суурь тавигдаж, түүнийгээ бэхжүүлсээр байсан байна.
1941 онд ЗХУ-д Гитлерийн фашистууд довтолж зөвлөлтийн ард түмэн эх орноо хамгаалахад хүчээ зориулж байлаа. Энэ үед Орост хүүхдийн цэцэрлэгт хоол хүнсний зүйл ховордсоноос болж цэцэрлэгүүдийг хааж, зарим газар нүүдлийн байдалтай ажиллаж, мөн олон хүүхэд өнчирч, тэр хүүхдүүдэд зориулан асрамжийн газрууд байгуулагдаж байлаа.
Дайны тэр хүнд жилүүдэд манай оронд ч нэлээд бэрхшээл тулгарч байлаа. Хүүхдийн цэцэрлэгүүдэд хоол хүнсний зүйл ховордож байсан. В.Ф.Максакова, Д.Долгоржав багш нар бэлэн мөнгөөр (тэр үед цэцэрлэгийн эрхлэгч нарын гар дээр төсөв мөнгийг нь өгдөг байв) мэргэжилтний тусгай 18 дугаар дэлгүүрээс будаа, хатсан жимс зэрэг ховор хүнсний зүйлийг авч цэцэрлэгүүдэд хуваарилан өгдөг байлаа. Олон төрлийн хоолоор үйлчлэх, цэцэрлэгийн хүүхдийн хоолны чанарыг сайжруулах зорилгоор хотын хүүхдийн цэцэрлэгүүдийг ногооны талбайтай болгох, түүн дээрээ хүнсний ногоо тарьж туслах аж ахуйтай болох, хурааж авсан ургацыг хэрхэн боловсруулах, хадгалах, түүгээр хоол хийх арга, байгалийн халиар, жимс, мөөг зэргийг түүж ашиглах талаар В.Ф.Максакова багш байнга ухуулж сурталчилдаг байсны дээр мөөг, байцаа, ногоо даршлах, ногоогоор хоол хийх, жимсээр чанамал хийх үзүүлэх сургалтыг тогоочдын дунд явуулдаг байв.
Цэцэрлэгүүдэд туслах аж ахуйг бий болгох, хөгжүүлэх талаар нэлээд анхаарсны үр дүнд зарим, жишээ нь Сүхбаатрын нэрэмжит 1 дүгээр цэцэрлэг, Улаанхуарангийн цэцэрлэг, Махкомбинатын цэцэрлэг ногооны талбайтай болж, ногоо тарьдаг, мөн гахай, тахиа үржүүлж тэжээдэг, зарим цэцэрлэг саалийн үнээтэй байх болсон ба ийнхүү хоолны төрөл зүйлийг нэмэгдүүлж байжээ. Хотын зарим цэцэрлэг хоол хүнс, мод, нүүрсээ зөөх, жимс, мөөгөнд явах, хүүхдийг зусланд гаргах зэрэг аж ахуйн ажлаа амжуулах зорилгоор өөрийн гэсэн морин тэрэгтэй, эсвэл мотоциклтэй, түүгээр ч барахгүй ачааны машинтай байх тохиолдол ч байв.
Хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжил сургалтын ажлыг шинжлэх ухааны үндэстэй явуулахын тулд цэцэрлэгийн зорилгыг тодорхойлох, хүмүүжил сургалтын агуулгыг тогтоох зэрэг асуудал чухал байсан. Энэ үед цэцэрлэгийн хүмүүжил сургалтыг явуулахад удирдамж материал, заах аргын гарын авлага байхгүй байв. 1940 оноос өмнө Ардын Гэгээрлийн яаманд цэцэрлэгийн асуудлыг сургуулийн хэлтсийн мэргэжилтэн Лобова хариуцаж байжээ.
Сургагч В.Ф.Максакова 1941-1947 онуудад сургуулийн өмнөх насны хүүхдийн хүмүүжил сургалттай холбоотой дараах удирдамж, зөвлөмжийг гардан боловсруулж гаргажээ. Үүнд:
· “Хүүхдийн цэцэрлэгийн дүрэм”
· “Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн жилийн ажлын төлөвлөлгөөний загвар”
· “Эцэг эхээс хоолны хөлсийг хураах заавар”
· “Цэцэрлэгийн ариун цэврийн дүрэм”
· ”Цэцэрлэгийн хүүхдийн дунд зохиох хүмүүжлийн ажлыг төлөвлөх, хичээлийн үлгэрчилсэн конспект”
· ”Хүүхдийн цэцэрлэгт явагдах хичээлийн товч агуулга”
· “Цаас, модоор тоглоом хийх загвар”
· “Талбайн төхөрөмжийн (морь, гулгуур, тэнцвэрийн вандан, завь, ачааны иашин, онгоц г.м.) загвар”
· “Хүүхдийн хоолны нэрс ба тэдгээрийг хийх аргачилал”
· ”Өглөөлөг өдөрлөгийн программ”
· “Хүүхдийн зуны талбайн заавар”
· “24 цагийн ажиллагаатай цэцэрлэгийн үйл ажиллагааны зөвлөмж”
· “Экскурс зугаалга явуулах зөвлөмж”
· “Бүлэг тус бүрийн өглөөний гинастикийн дасгалын жагсаалт”
· “Цэцэрлэгийн дотоод төхөөрөмжийн үндсэн хэмжээ”
· “Цэцэрлэгийн эрхлэгчээс өдөр бүр хийж байх хяналт шалгалтын ажил”
· “Цэцэрлэгийн байр болон орчныг цэвэр тохилог байлгах тухай”
· “Хүүхдийн цэцэрлэгт явагдах хичээл”
· “Хүүхдийн цэцэрлэгийн бага бүлэгт зургийн хичээл яаж заах вэ?”
· “Хүүхдийн цэцэрлэгийн өглөөний гимнастикийн нэгдсэн дасгал”
Энэ үеэс эхлэн манай улсын хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжил сургалтын агуулга тогтож, сургуулийн өмнөх байгууллагыг шинжлэх ухааны үндэстэй удирдан явуулж эхэлжээ. Үүнээс гадна тус хэлтэст 1940 оноос эхлэн Зөвлөлтийн хэвлэл болох “Дошкольное воспитание” сэтгүүлийг захиалж, уул сэтгүүлийг шууд орчуулан цэцэрлэгийн үйл ажиллагаанд нэвтрүүлж байсан байна. Боловсруулан гаргасан материал бүхнийг хувилж олшруулан цэцэрлэг нэг бүрт хүргүүлэх, эдгээр материалыг цэцэрлэгийн ажилтан бүрт таниулах, хэрэгжүүлэх талаар В.Ф.Максакова багш уйгагүй зөвлөж, тайлбарлаж ажиллаж байжээ. В.Ф.Максакова багшийн бичиж боловсруулсан зүйлсийг Д.Долгоржав багш орчуулж зарим хэвлэлд нийтэлдэг байв.
1942 онд гарсан “Багш нарт тусламж“ сэтгүүлийн ¹3-д “Багачуудын хүмүүжилд” буланд хэвлэгдсэн “Хүүхдийн цэцэрлэг ба гэрийн газар хүүхэд багачуудыг хэрхэн хүмүүжүүлэх вэ?” гэсэн өгүүллэгт цэцэрлэгийн насны хүүхдийн өсөлт хөгжилт, мөрдөх өдрийн дэглэм, хооллох, унтуулахын ач холбогдол, ариун цэврийн дадал олгох, хувцсыг зөв тохируулах зэрэг асуудлаар тодорхой зөвлөмж өгчээ.
В.Ф.Максакова багш Улаанбаатар хотын цэцэрлэгийн эрхлэгч, хүмүүжүүлэгч нэг бүрийн мэргэжил боловсролыг дээшлүүлэх зорилгоор 1943 онд “Эрхлэгч ба цэцэрлэгийн бусад ажилтны үүрэг, зорилго” гэсэн сэдвээр бага хурал явуулж, хотод цэцэрлэгийн хүмүүжил сургалтын ажлын талаарх сургалт семинарыг 7 хоног бүр тогтмол зохиодог байлаа. Энэ сургалт семинар дээр хүмүүжил сургалтын ажлыг төлөвлөх, тоглоом наадгай, үзүүлэн хийх, хөдөлгөөнт тоглоом тоглуулж сургах, дуу заах арга, хөгжмийг пянзнаас сонсгох аргыг зааж (Монголд сууж байсан Зөвлөлтийн элчин сайдын яамнаас мэргэжилтэн урьж дуу ритмийг заалгадаг) мөн бусад хичээлийг явуулах арга барилыг биечлэн зааж үзүүлж, цэцэрлэгийн багш нарыг сургадаг байв. Түүнээс гадна цэцэрлэгийн тогоочдын курс зохиож, нийт тогооч (20 хүн)-ид хүүхдийн хоол хийх технологи, байгалийн нөөц болох жимсийг ашиглан чанамал хийх, мөөг, байцаа давслах аргад сургаж байжээ.
Багш нарын мэргэжил боловсролыг дээшлүүлэхэд тэргүүний хүмүүжүүлэгчдийн туршлагыг судалж дэлгэрүүлэх ажил нэлээд зохиож, хүмүүжүүлэгч нарын бүтээлийн самбар, булан гаргаж сурталчилдаг байв. В.Ф.Максакова багш 1941 оноос цэцэрлэгийн боловсон хүчнийг бэлтгэх 1 сарын курс зохион явуулж, хүмүүжүүлэгчдийг бэлтгэж эхэлсэн ба 1943-1944 онуудад анх удаа цэцэрлэгийн хүмүүжүүлэгчдийг 3 сарын курсээр бэлтгэж, цэцэрлэгийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ажлыг гардан гүйцэтгэжээ.
В.Ф.Максакова багш баяр бүрээр цэцэрлэг дээр өглөөлгийн программ өөрөө биечлэн гаргаж, хүүхдийн хувцас оёх, өглөөлөг өдөрлөгт биеэрээ оролцох, өөрөө хичээл зааж үзүүлэх зэрэг ажил зохиодог байжээ. Жил бүр Улс хувьсгалын баяраар наадмын талбай дахь /яармагт/ Гэгээрлийн яамны үзэсгэлэнд “Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагын ажлаас” булан гаргаж, цэцэрлэг, хүмүүжүүлэгчдийн сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаанаас сурталчилдаг байсан байна. Мөн тэр үзэсгэлэнгийн дэргэд 24 цагийн үйл ажиллагаатай хүүхдийн цэцэрлэг, хүүхэд саатуулах зуны талбай байгуулан 7 хоногийн турш В.Ф.Максакова багш, Д.Долгоржав багш нар (тэндээ 1 өрөөтэй байсан) цэцэрлэгийн багш, хүүхэдтэй хамтран ажиллаж, хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагааг сурталчилдаг байжээ.
Тэр үед Ардын Гэгээрүүлэх яамнаас наадмаар цэцэрлэг ажиллуулахад зориулан бэлэн мөнгө өгдөг байсан тул Д.Долгоржав багш уул мөнгийг өвөртөлж яваад л амьд хонь, сүү, цагаан идээ авч хүүхдүүдэд өгдөг байжээ. Мөн наадмын үед цэцэрлэгийн хүүхдийг гоё цэвэр байлгахын тулд В.Ф.Максакова хүүхдийн гоёлын хувцасны загвар гаргаж, тэр хувцсыг Д.Долгоржав багш ажилчдын хамт оёж, хүүхдийг хуцаслаж ард түмний дунд өглөөлөг, өдөрлөг, концерт тоглон үзүүлдэг байсан байна.
1941-1947 онуудад цэцэрлэгүүд бүтэн жилээр ажиллаж, засвар хийх үед аль нэгэн цэцэрлэг дээр нийлж хамт ажилладаг эсвэл зусланд (Зайсан, Амгалангийн хойно гэрт) гардаг байжээ. Энэ онуудад цэцэрлэгийн бүтцийг авч үзвэл голдуу 1-2 бүлэгтэй байсан аж. Мөн тэр үед Дотоод яамны цэцэрлэгт Зөвлөлтийн мэргэжилтний хүүхдийг авдаг орос бүлэг нэг, Багш нарын цэцэрлэгийн дэргэд фронтод явсан хүмүүсийн хүүхдийг хүмүүжүүлэх орос бүлэг нэг ажилладаг байв. Энэ үед сургуулийн өмнөх насны байгууллагад хүмүүжүүлэгчээр Бадамцэрэн, Шагдар, Сономжав, Долгор, Цэрэннадмид, эрхлэгч Долгоржав (одон орон судлалын Нинжбадгарын ээж), Магсар, Лувсанцэрэн, Бужмаа, Гаваа, Норов, Ринчин нар ажиллаж байсан.
В.Ф.Максакова багш Монгол улсын сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагын хүмүүжил сургалтын ажлыг шинжлэх ухааны үндэстэй явуулах суурийг тавихад үнэтэй хувь нэмэр оруулсан. Тэрээр хүмүүжил сургалтын ажлын агуулга тогтоох, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, цэцэрлэгийн дотоод тавилга болон бусад материалаг баазыг бий болгох, цэцэрлэгийн боловсон хүчнийг бэлтгэх, багш нарын мэргэжил боловсролыг дээшлүүлэх, багш нарын гарын авлага боловсруулан гаргаж, гарт нь өгөх зэрэг олон талт ажлыг хийж байсны дээр цэцэрлэгийн хүүхдэд биечлэн хичээл заах, хөдөлгөөнт ба сэдэвт тоглоом тоглуулах, дүрслэх урлагын хичээл заах, багш нартай хамтран экскурс, зугаалга явуулж үзүүлэх, гэр ахуйн хичээл заах зэргээр цэцэрлэгийн хүмүүжил сургалтын үйл ажиллагааг өөрөө үлгэрлэн зааж үзүүлж байлаа.
В.Ф.Максакова багш манай улсад хэд хэдэн удаа ирж, 1951-1953 онд Багшийн сургууль дээр дунд боловсролтой цэцэрлэгийн анхны 17 багшийг бэлтгэн гаргахад Э.Карма багшийн хамт ажиллаж байжээ. Анхны цэцэрлэгийн багш Ч.Гаасүрэн “Вера Федоровна Максакова багш бидний төлөө байнга анхаарч санаа тавьж, хичээл заахдаа үзүүлэнгээ өөрөө авчирч хичээл зааж үзүүлдэг, хэрэв бид нарын аль нэг маань өвдвөл эмнэлэгт эргэх, хоол талх, жимс өгч явуулдаг байлаа” хэмээн дурсан ярьж байсан. Тэр үед ажиллаж байсан 1 дүгээр цэцэрлэгийн хүмүүжүүлэгч Б.Шагдар “Максакова багш дуу хөгжимд их сайн, “яблочка” бүжиг зааж өгч, хүүхдийн хувцас, ариун цэврийг сайжруулах талаар их зөвлөж, янз бүрийн тоглоом наадгай хийх, эцэг эхэд зориулан самбар гаргах, хувцасны эсгүүр гаргах зэрэгт сургадаг байсан” гэж байв.
1959-1962 онд надтай хамт (Д.Нонна) Улаанбаатар хотын Багшийн сургуульд цэцэрлэгийн багш бэлтгэхэд биечлэн оролцож, дээрх багш нарыг дагалдуулан сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн болгоход сургаж байлаа. Ийнхүү В.Ф.Максакова багш бол сургуулийн өмнөх байгууллагын боловсон хүчин бэлтгэхэд үнэлшгүй хувь нэмрээ оруулсан гавьяатай хүн байсныг бид мартаж болохгүй юм.
В.Ф.Максакова багш Багшийн сургуулийн цэцэрлэгийн ангид заах хичээлийн конспектыг балын харандаагаар маш томоор бичсэн дэвтрээ урьд өдөр нь авч ирээд дагалдагч багш нартаа тайлбарлан хэлж өгч, түүнийг нь тэдгээр дагалдагч багш нар шөнөжин сууж орчуулж, бичиж ирээд оюутнуудад заадаг байсан. Дагалдагч багш зургийн болон наамал, баримал, зохион бүтээх хичээл, тоглоомын гээд заах хичээлтэй холбоотой бүх үзүүлэн, загварыг хийж ирнэ, мөн хүүхдийн майк, богино дотуур өмд, хүүхдийн плать зэргийг оёж ирээд эсгүүрийг яаж хийх, яаж оёх, яаж дүрс хайчлахыг оюутнуудад зааж, оюутнуудаар өөрсдөөр нь бүгдийг хийлгэдэг байсан юм.
В.Ф.Максакова багш ажилч хичээнгүй, өмнөө тодорхой зорилго тавьж биелүүлдэг, хүнийг уйгагүй сургадаг, хүүхдийн сайн сайхны төлөө сэтгэл санаагаа өгсөн, өөрийн эрхэлсэн ажилдаа маш их дуртай, хүнд тусархаг зэрэг сайхан чанаруудыг хадгалсан үлгэр жишээч хүн байлаа.
Ахмад багш, АБТА, Боловсрол судлалын магистр, зөвлөх багш Д.Нонна
Ашигласан баримт материал:
- 1940 онд хуралдсан Улсын 8-р их хурлын материал
- 1940-1946 онуудад Гэгээрүүлэх яаманд сайд байсан Т.Машлайн дурьдатгалаас
- Современное Монголия” сэтгүүл, 1941 оны № 2-3
- Гэгээрлийн яамны архивын материал
- “Багш нарт тусламж “ сэтгүүл, 1941-1946 онуудын дугаараас
- “20 жилийн өмнө, хойно”, В.Ф.Максакова, “Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл, 1962 оны № 2
Энэхүү түүхийг дээрх материалуудаас гадна ахмад багш Д.Долгоржавын дурьдатгал мөн В.Ф.Максакова багштай Монголд хамт ажиллах үед, Оросод буцаж очоод Малаховка тосгонд амьдарч байхад нь очиж, хэд хэдэн удаа биеэрээ уулзаж хийсэн ярилцлага дээр тулгуурлан боловсрууллаа.