Гавьяатгүй гавьяат багш Ц.Үдэрпил
Монгол улсын хүүхдийн цэцэрлэгийн боловсон хүчнийг бэлтгэхэд насан туршид зүрх сэтгэл, хүч хөдөлмөрөө зориулсан, цэцэрлэгийн бүх багш нарын хүндэтгэлийг хүлээж байсан гавьяатгүй гавьяат Цагааны Удэрпил багшийн тухай (1927-2002 он)
Цагааны Үдэрпил нь 1927 онд Завхан аймгийн Чандмань суманд төрсөн. Бага насандаа эцэг эхийн гар дээр өсөж, сургуульд орж суралцсан байна.
Тэрээр 1943 оны 5 дугаар сарын 15-нд Эрүүлийг хамгаалах яамны халдвартын институтад лобарантаар ажлын гараагаа эхэлжээ.
1948 оны 8 дугаар сарын 1-нд Улаанбаатар хотын Багшийн сургуульд орж суралцаж,
1951 оны 6 дугаар сарын 16-нд Багшийн сургуулиа бага ангийн багшийн мэргэжлээр төгссөн байна.
1951 оны 9 дүгээр сарын 1-нээс 1955 оны 6 дугаар сарын 29-нд Зөвлөлт Холбоот Улсын Москва хотын Лениний нэрэмжит Багшийн их сургуульд суралцаж, сургуулийн өмнөх насны сурган сэтгэл судлал, заах аргын багшаар төгсөж иржээ.
Ц.Үдэрпил багшийг Гэгээрлийн яамны сайдын 1955 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 136 дугаар тушаалаар Багшийн сургуульд багшаар томилон ажиллуулсан байна.
Гэгээрлийн яамны сайдын 1958 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 28 тоот тушаалаар түүнийг Гэгээрлийн яамны мэдэлд шилжүүлэн 1958 оны 10 дугаар сарын 1-ээс Гэгээрлийн яамны цэцэрлэгийн хэлтсийн эрхлэгчээр томилон ажиллуулжээ.
Тэрээр Гэгээрлийн яамны сайдын 1962 оны 4 дүгээр сарын 14-ны 108 тоот тушаалаар 1962 оны 5 дугаар сарын 1-нээс Цэцэрлэгийн багшийн сургуульд багшаар томилогдон ажилласан байна.
1962-1964 онуудад Цэцэрлэгийн багш бэлтгэх сургуулийн хичээлийн эрхлэгчээр, 1964 оноос цэцэрлэгийн багш бэлтгэх сургуулийн дадлага хариуцан мэргэжилтнээр ажиллаж байхын зэрэгцээ судалгаа туршилтын ажлыг хийж байв. Судалгааны ажлаар гадаадад хэд хэдэн удаа явж мэргэжил дээшлүүлсэнн бөгөөд Цэцэрлэгийн багшийн сургуульд ирж ажиллаж байсан гадаадын зарим мэргэжилтнүүдийг дагалдан орчуулга хийхийн зэрэгцээ мэргэжлийн хичээлээ зааж байлаа.
Ц.Удэрпил багш сургуулийн өмнөх насны сурган, сэтгэл судлал ба арга зүйчээр Москва хотын В.И.Лениний нэрэмжит Багш бэлтгэх дээд сургуулийг төгссөн Монголдоо анхны төгсөгч нь байсан. Тэрээр гадаадад төгссөн өндөр боловсролтой боловсон хүчний хувьд Улаанбаатар хотын Багшийн сургуулийн цэцэрлэгийн багшийн ангид сургуулийн өмнөх сурган, сэтгэл судлал, тоо заах арга, дүрслэх урлаг заах арга, цэцэрлэгийн насны хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх арга зүй зэрэг бүх мэргэжлийн хичээлийг заадаг байсан. 1962-1963 оны хичээлийн жилээс Багшийн сургуулиас “Цэцэрлэгийн багш нарыг бэлтгэх тусгай дунд сургууль” бие дааж байгуулагдахад захирлаар нь Д.Цэнджав анхны хичээлийн эрхлэгчээр нь Ц.Удэрпил багш томилогдон ажилласан билээ. Ийнхүү Ц.Үдэрпил багш өнөөгийн цэцэрлэгийн багш нарыг бэлтгэж буй сургуулийн анхны суурийг тавилцаж явсан сурган хүмүүжүүлэгч юм.
Ц.Үдэрпил багш 30 гаруй жил Багшийн сургууль, Гэгээрлийн яам, Цэцэрлэгийн багш нарыг бэлтгэх тусгай дунд сургууль, Улсын багшийн дээд сургуулийн цэцэрлэгийн дээд боловсролтой багш нарыг бэлтгэх ангид багшлан ажилласан. Энэ хугацаандаа цэцэрлэгийн багш бэлтгэх сургуулийн мэргэжлийн сургалтын агуулгыг боловсронгуй болгох, цэцэрлэгийн боловсон хүчнийг чанартай бэлтгэх, цэцэрлэг дээр хийж байгаа дадлагын чанарыг сайжруулж, төгсөгчдөд цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн эзэмшүүлэхэд нөр их хөдөлмөр зарцуулан олон хүмүүжүүлэгч, арга зүйч, эрхлэгчийг бэлтгэж гаргахад хувь нэмрээ оруулж байсан гавьяатай багш юм. Багшийн ажлын хажуугаар аймаг орон нутгийн цэцэрлэгийн үйл ажиллагааг шалгах, туслан зөвлөх, багш нарын бага хуралд оролцож яамны зорилтуудыг сурталчлах, үзүүлэх хичээл, тоглоом зааж цэцэрлэгийн багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд ихээхэн зүтгэл гарган санаа тавин ажиллаж байлаа. Энэ талаар зарим шавь нарынх нь дурдатгал, дурсамжаас толилуулахад:
1950-аад онд Багшийн сургуулийн цэцэрлэгийн багшийн анги төгссөн Ө.Баяраагийн дурдатгалаас: “Бяцхан охин миний бие 1953-1954 оны хичээлийн жилд багш болох хүсэлдээ хөтлөгдөн Улаанбаатар хотын Багшийн сургуульд элсэн орох зөвшөөрөл олдож, туйлын их баярлаж алгебр, зохион бичлэг хоёр хичээлээр шалгалт өгч тэнцэн тус сургуулийн цэцэрлэгийн ангид хуваарилагдан орсон билээ. Тэр үед манай ангийг багш З.Долгорсүрэн гэдэг намбалаг сайхан багш хариуцан авлаа. Нэг удаа хичээл эхлээд хэд хонож байтал ангийн багш өөр нэг багштай хамт орж ирээд “За та нарт жинхэнэ мэргэжлийн сурган хүмүүжүүлэх ухаан заах багш чинь энэ хүн, сайн бичиж тэмдэглэж анхааралтай сурцгаа” гэж хэлээд гарав. “За, хүүхдүүдээ урьдаар танилцъя” гээд урд талын эгнээнээс эхлээд хүүхэд нэг бүрийн нэрийг асууж аль аймгаас ирсэн, хэний хэн болохыг яриулав. Ц.Удэрпил багш хичээл заахаас гадна охидын ариун цэвэр, зан ааш, ирээдүйн хань нөхрөө зөв сонгох, үерхэл нөхөрлөлийн талаар сэтгэлийн угаасаа үнэтэй сургамж зөвлөгөө өгдөг байв.
1959-1960 оны хичээлийн жилд би Москва хотын Сурган хүмүүжүүлэх ухааны дээд сургуульд суралцахаар Гэгээрлийн Яамны сургуулийн газрын байцаагчийн албанаас чөлөөлөгдөхөд миний ажлыг яамны шийдвэрээр Ц.Удэрпил багш маань хүлээн авсан юм. 1962 онд Гэгээрлийн Яамны төлөөлөгчид Москва хотод ажлаар очиход Ц.Удэрпил багш бүрэлдэхүүнд нь очоод над руу утастаж зочид буудалд нь хоёулаа маш баяртай уулзаж яамны хамт олны ажил амьдрал, оюутан бидний сурлага амьдралаасаа ярилцаж хамт хооллож, зургаа авхуулж сайхан уулзаж билээ. Намайг сургуулиа төгсөөд ирэхэд Ц.Үдэрпил багш маань Цэцэрлэгийн багш бэлтгэх сургуулийн хичээлийн эрхлэгчийн ажлаас чөлөөлөгдөөд “чамайг ирэхийг хүлээж байлаа, чамайг төгсөж ирэхэд яам энэ ажилд томилон байх гэж би бодож байсан ёсоор боллоо” гэж билээ. Ингээд 4 жил багш маань миний удирдлагад ажиллаж байлаа.
Цэцэрлэгийн багш бэлтгэх сургуульд он удаан жил багшаар, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан, өмнө Гэгээрлийн яаманд цэцэрлэгийн хэлтэст Э.Кармын хамт ажиллаж байсан, ахмад багш П.Бямбадорж дурсахдаа: “Ц.Удэрпил багш Улаанбаатар хотын Багшийн сургуулийг 1953 онд төгссөн, 1956 онд Москва хот дахь Багш бэлтгэх дээд сургуулийн сургуулийн өмнөх насны сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлал, арга зүйч мэргэжлээр төгсөж ирээд Улаанбаатар хотын Багшийн сургуулийн цэцэрлэгийн багш бэлтгэх ангид багшаар ажиллаж эхэлсэн. Тэр үед цэцэрлэгийн мэргэжлийн багш байхгүй байсан тул цэцэрлэгийн багш бэлтгэх ангид бүх хичээлийг заадаг байсан гэж өөрөө ярьдаг байлаа. Цэцэрлэгийн багш нарын хэрэгцээ нэмэгдэх үед 1962 онд биеэ даасан “Цэцэрлэгийн багш бэлтгэх сургууль” болон байгуулагдсан.
1962-1964 онуудад Ц.Удэрпил багш тус сургуулийн хичээлийн эрхлэгчээр ажиллаж сургалтын төлөвлөгөө хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах ажил хийж сургалтын төлөвлөгөөг тухайн үеийн Гэгээрлийн яамаар батлуулан ажиллаж байсан.
Ц.Удэрпил багш 1964-1983 оныг хүртэл сургуульдаа багшилж, оюутны сурган хүмүүжүүлэх дадлагыг хариуцах, судалгаа шинжилгээний ажил хийх зэргээр 30 гаруй жил улсад ажилласан. Энэ сургуульд ажиллах хугацаандаа “Ясли цэцэрлэгийн эрүүл ахуй”, “Сургуулийн өмнөх насны хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх арга зүйн” номын зарим бүлгийг бичиж бусад хүмүүстэй хамтран хэвлүүлсэн. 1982 онд “Монгол ардын тоглоомын сурган хүмүүжүүлэх үндэс” нэг сэдэвт
бүтээлээр сурган хүмүүжүүлэх ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалснаар манай улсад сургуулийн өмнөх боловсролыг хөгжүүлэх үйл хэрэгт чухал хувь нэмэр оруулсан анхны эрдэмтэн хүн болсон юм. Энэ бүтээлээ ном болгон хэвлүүлж нийтийн хүртэл болгосон.
Багш Ц.Удэрпил нь ажиллах хугацаандаа хүүхдийн цэцэрлэгийн сургалт хүмүүжлийн хөтөлбөрийг удаа дараа шинэчлэн боловсруулах ажилд биечлэн оролцож, ялангуяа хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх хичээлийн хөтөлбөр, зөвлөмж боловсруулах ажилд тогтмол оролцож байлаа.
Би Ц.Удэрпил багштай 20 гаруй жил хамтран ажиллах хугацаанд оюутныг сайн багш болгож бэлтгэхэд сурган хүмүүжүүлэх дадлагын чанарыг сайжруулах, хичээлүүдийн хөтөлбөр, сургалтын төлөвлөгөөг боловсронгуй болгох талаар түүний олон жилийн ажлын туршлагаас ихээхэн зүйлийг сурч байсан гэж боддог.
Би 1968 оноос тус сургуулийн хичээлийн эрхлэгчээр ажиллаж эхэлсэн. Ц.Удэрпил багш минь тухайн үеийн залуу багш бидэнтэй өөрийн туршлагаас харамгүй хуваалцаж , нөхөрсөг, хөгжилтэй , сэргэлэн ухаалаг, ажилсаг, соёлтой хүн байсныг бид эргэн дурсахад таатай байдаг юм” гэж хуучилж байв.
Өмнөговь аймагт олон жил цэцэрлэгийн эрхлэгчээр ажилласан одоо тэтгэвэртээ байгаа С.Цэрэндулам оюутан цагаа ийнхүү дурсав: “Багшаа дурсан суудаг С.Цэрэндулам би бээр Багш нарыг бэлтгэх сургуульд цэцэрлэгийн багш бэлтгэх ангид 1958-1962 онд суралцан цэцэрлэгийн багшийн мэргэжил эзэмшсэн нэгэн билээ. Иймд бага залуу насны алтан үеийнхээ эрдэмт багш нараа дурсан ярих, бичих, санах нь нэгэн насны маань бахархал юм. Зөвлөлт Холбоот улсад суралцаж ирсэн хүүхдийн цэцэрлэгийн анхны мэргэжлийн багш Ц.Удэрпил багшийн дүр төрх эдүгээ миний ой санамжид мөнхрөн үлджээ. 1961-1962 оны хичээлийн жил эхлэхэд манай ангид нарийхан гоолиг цагаан хүүхэн орж ирээд сургуулийн өмнөх сурган хүмүүжүүлэх ухааны хичээл заахаар орж ирж мэндэлж байсансан. Багш минь цэвэр цэмцгэрхэн маш гоё хувцасласан, намбалаг уян хөдөлгөөнтэй, төлөв даруухан, уянгалаг намуухан дуугаараа биднийхээ анхаарлыг бүрнээ төвлөрүүлж чаддаг нэгэн байсандаа. Багш минь эмэгтэй хүний эрхэм нандин зүйлийг бидэндээ дотночлон ярьж, бидний анхаарлыг соронзон лугаа адил татан төвлөрүүлж хичээлээ заадаг байлаа. Ийм л дууриа лалтай сайхан монголжингоо хайрт багш Ц.Удэрпил агссанаа дурсах мөчид сэтгэлд ургасан онгодын хэдэн мөр юүгээ өргөн дэлгэ юу гэлээ:
Шавийн дурдатгал
Нартай сайхан үгс чинь
Чихэн ээ үүрд хоногшин
Намбалаг сайхан төрх тань
Сэтгэлд байнга үлдэж
Цэмцгэр ганган хувцаслалт тань
Насан туршийн дууриалал болж
Сэтгэлд мөнхрөн үлдэж дээ
Олон зуун шавь нараа
Ар араас нь дагуулан
Од шиг гялалзан явсан
Багш та бол гавъяатан
Цэцэрлэг гэгдэх өнөр бүлийн
Анхны нь мэргэжилтэн билээ та
Цэцэг шиг дэлгэрсэн монгол үрсийн
Хүндэт багш нь мөнөөсөө мөн
Багш хүний алдар нь мөнх
Барагдашгүй ундрах оюуны далай
Говьалтай аймгийн төвийн цэцэрлэгт олон жил ажилласан эдүгээ тэтгэвэрт байгаа Л.Хандсүрэн оюутан байсан үеэ дурсан: “Би 1963-1966 онуудад цэцэрлэгийн багш бэлтгэх сургуульд суралцаж байв. Ц.Удэрпил багш өглөө бүр эрт сургууль дээрээ ирсэн оюутан сурагчдын ирцийг шалгаж сургуулийн дотоод ажилд байнгын хяналт шалгалтыг тавьж, цагийг хатуу баримталдаг байсан. Анги танхимаар явж сурагчдын дунд зохион явуулж байгаа соёл хүмүүжлийн ажилд өөрийн биеэр тогтмол оролцож заавар зөвлөгөөн өгч, төлөв даруу зантай зөөлхөн намуухан алхдаг, цэмцгэр гоё хувцасласан , үсээ гоё овгор самнаж, тааралдах болгонд инээмсэглэж явдаг сайхан ааш зантай багш байлаа. Би Ц.Удэрпил багшийг их дууриах хүсэлтэй байсан санагдах юмаа. Манай сургуульд хичээлээ сайхан ойлгомжтой заадаг багш байсан юм. Үлгэр дууриа лалтай үлгэр жишээч онцгой гоё олон багш байдаг байв. Үүнд Ц. Удэрпил, Тамараа , П.Бямбадорж, П.Дулмаа, Ц.Жодвон гэх мэт багш нар байв.
Ц.Удэрпил багш сургуулийн өмнөх сурганы хичээлийг маш сайхан сонирхолтой, ойлгомжтой заадаг мөн цэцэрлэгүүд дээр дадлагын ажлыг хариуцаж явуулдаг байв. Ц.Удэрпил багшийн заасан бүхнийг би ажилдаа хэрэгжүүлж, өнөөдөр хүртэл ажил, амьдралд минь ач тусаа өгсөөр байдаг.
Миний амьдралд нэгэн хөгтэй явдал болсон. Төгсөх жилдээ улсын шалгалт (сурган)-аа яаж өгснөө дурдмаар санагдана. Би билетээ сугалаад гурван асуултын хоёрыг нь онц хариулаад гурав дахь асуултыг муухан мэддэг сэдэв байв. Тэгээд цунхэн дотроо “будаа идэх” гээд холоос хараад уншихаар томоор бичсэн материал байснаа урьд ширээн дээр суусан ангийнхаа найз охинд хэлээд өөрөө хараад хариулж билээ. Ц.Удэрпил багш доошоо хараад толгой дохиод сууж байсан. Би баригдалгүй “будаа идэж” Ц.Удэрпил багшдаа загнуулаагүй дээ баярлаж байсан даа.
Ц.Удэрпил багш зарчимч хүн байсан. Удэрпил багш хүзүүндээ байнга гоё гоё урт алчуур тохож явдаг маш ганган багш байв. Багш маань миний сэтгэлд их тод, онцгой сайхан дурсамжтайгаар үлдсэн юм” гэж дурсан өгүүлжээ.
Ц.Удэрпил багш сургуулийн өмнөх боловсролын асуудлаар олон улсын семинарт хэд хэдэн удаа оролцож, Монгол улсын хүүхдийн цэцэрлэгийн талаар анхны илтгэлийг 1959 онд Москва хотод тавьж байсан түүхтэй. Энэ илтгэл нь 1959 оны олон улсын сургуулийн өмнөх боловсролын тухай номд орос хэл дээр байдаг билээ.
Ц.Үдэрпил багш цэцэрлэгийн мэргэжлийн бүх хичээлийг заахын хажуугаар цэцэрлэгийн эрүүл ахуйн хичээлийг заах, багш нарын дунд мэргэжил дээшлүүлэх, “Дошкольное воспитание” сэтгүүлээс багш нарт мэдээлэл өгөх, цэцэрлэгийн багш нарт зориулан гарын авлага боловсруулах, аймаг орон нутагт явж цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж туршлагыг нь судалж нэгтгэн дүгнэж нэвтрүүлэх, цэцэрлэгийн багш нарт зөвлөн туслах, хөдөө орон нутагт цэцэрлэгийн багш нарын дунд сургалт зохион байгуулах үйл ажиллагаануудыг идэвхтэй явуулж байлаа.
1970 -аад оны үед би Ц.Удэрпил багшийн хамт Төв аймгийн Гэгээрлийн хэлтсийн дарга Гаваа багшийн урилгын дагуу 10 хоногийн сургалт явуулав. Бид хоёр хэл заах арга зүй , математик заах арга, дүрслэх урлаг заах арга, дуу хөгжим, хөдөлгөөнт тоглоом, өглөөний гимнастик, байгаль заах арга гээд бүх төрлийн хичээлийг өглөөний 8.00 цагаас оройн 24.00 цаг хүртэл зааж, багш нарыг ядрааж байсан тухай хоёулаа ярьж инээдэгсэн.
Ц.Үдэрпил багш хичээл заахын зэрэгцээ монгол ардын хүүхдийн тоглоом сэдвээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийсний үр дүнд 1981 онд дэд докторын цолыг хамгаалсан билээ. Ц.Удэрпил багш Гэгээрлийн яамны хэлтсийн дарга Э.Кармын боловсруулсан “Хүүхдийн цэцэрлэгийн хичээлийн программ”, Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнгээс боловсруулж байсан “Хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжил сургалтын программ” (1976 он), “Сургуулийн өмнөх насны хүүхдийн хүмүүжил сургалтын программ” (1985 он), мөн 1991 онд гарсан “Хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжил сургалтын хөтөлбөр” зэрэг программуудыг боловсруулахад оролцож, үнэтэй санал оруулж ялангуяа тоглоом, хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх, хүүхдийг уран зохиолтой танилцуулах, эрүүл мэнд, өдрийн хуваарь зэрэг агуулгад өөрийн санаа бодлоо оруулж зөвлөгөө өгч тусалдаг байснаас гадна программын зарим хэсгийг өөрөө боловсруулан оруулж байсан.
Ц.Удэрпил багш “Монгол ардын тоглоомын сурган хүмүүжүүлэх үндэс” номоо цэцэрлэгийн багш нарт зориулан гаргаж хэвлүүлсэн юм. Уг ном нь одоо хүртэл цэцэрлэгийн багш бэлтгэх сургуульд хэрэглэгдэж байгаа бөгөөд хамгийн ховор номд тооцогддог байна.
Ном нь дотроо 3 бүлэгтэй. Үүнд:
Нэгдүгээр бүлэг
Тоглоомын түүх ба онол
1. Алдарт сурган хүмүүжүүлэгчдээс ардын тоглоомын талаар гаргасан санаа бодлын тойм
2. Монгол ардын тоглоомын түүхэн хөгжилт ба уламжлал
Хоёрдугаар бүлэг
1. Монгол ардын тоглоомын хэлбэр ба агуулгад задлан шинжилгээ хийж сонгон авах нь
2. Монгол ардын тоглоомын бүрэлдэхүүн хэсэг
Гуравдугаар бүлэг
Монгол ардын тоглоомыг хүүхдийн цэцэрлэгт явуулах арга зүй ба зохион байгуулах
1. Монгол ардын тоглоомын талаар хүүхдийн мэдцийг урьдчилан судлах
2. Ардын тоглоомыг явуулахад хэрэглэгдэх зүйлийг бэлтгэх тухай
3. Ардын тоглоомыг хүүхдийн сургалт хүмүүжилд хэрэглэсэн туршилтын ажлын явц ба үр дүн.
Дүгнэлт
Ашиглаж болох ардын зарим тоглоом
Тулгуур сурвалж бичгүүд
Хавсралтууд гэсэн хэсгүүдээс бүтсэн бүтээл.
Энэ гарын авлагад монгол үндэсний олон тоглоомоос сургуулийн өмнөх насны хүүхдийн нас зүйн онцлог, хүүхдэд тохирсон агуулга, тоглох арга, хэрэглэх хэрэгсэл зэргийг маш нарийн сонгон туршсаны эцэст бага насны хүүхэд тоглож болох тоглоомуудыг түүвэрлэж түүний сурган хүмүүжүүлэх ач холбогдлыг тодорхой гаргаж өгсөн бүтээл юм.
Ц.Удэрпил багш 1962 оноос эхлэн ардын тоглоомыг судлан цуглуулж түүний дотроос нь цэцэрлэгийн бага, дунд, ахлах насны хүүхдэд тохирох ба сонгож авсан тоглоомын хүмүүжлийн нөлөөг олж судлах нь чухал байв.
Тэрээр ардын тоглоомоос заримыг нь сонгохдоо сургуулийн өмнөх насны хүүхдийн сэтгэхүй, хэл ярианы онцлогийг харгалзан тал бүрийн хөгжил хүмүүжил олгож болохыг нотолж өгсөн байдаг.
Ц. Удэрпил багш багшлахын зэрэгцээ олон өгүүллэг зөвлөмж боловсруулан нийтэлсэн юм. Үүнд:
1. Ц.Удэрпил “Сургуулийн өмнөх насны хүүхдийн эрүүл ахуй” сурах бичиг ном 1959 он. Энэ ном хоёр ч удаа дахин хэвлэгдсэн.
Энэ гарын авлага нь цэцэрлэгийн хүүхдийг халдварт өвчнөөс хэрхэн сэргийлж хамгаалах, хүүхдийн халдварт өвчний тухай, хүүхдийн цэцэрлэгийн дотоод ариун цэвэр, гадаа орчны ариун цэвэр, хүүхдийн сандал ширээ, орны эрүүл ахуй, хэмжээ, хүүхдийн хоол хүнсний талаар тусгасан тэр үедээ хүүхдийн цэцэрлэгийн удирдлагуудын хамгийн чухал гарын авлага байлаа.
2. Ц.Удэрпил “Хүүхдийн цэцэрлэгийн гадаад талбай дээр тоглох тоглоом” зөвлөмж “Бага сургууль” сэтгүүлийн 1960 оны № 6, хуудас 64. Энэ нь гадаа талбайд хүүхэдтэй тоглох хөдөлгөөнт тоглоомуудыг тусгасан багш нарын чухал гарын авлага байв.
3. Ц. Удэрпил “Цэвэрч боловсон байдлыг цэцэрлэгийн наснаас нь эхлэн олгоё” зөвлөмж “Бага сургууль”сэтгүүлийн 1960 оны №1. Цэцэрлэгийн насны хүүхдэд эрүүл ахуйн дадал хэвшил эзэмшүүлэх талаар тусгасан материал.
4. Ц.Удэрпил “Хүүхдийн зохиолын сайн талын баатруудыг дэвшүүлэн гаргацгаая” өгүүллэг, “Үнэн” сонины 1960 оны №143 тэргүүн. Энэ нь эцэг эх, хүүхдийн цэцэрлэгийн багш ба нийт хүмүүст хүүхдийн зохиолчдын зохиолоос танилцуулж, зохиолыг зөв сонгож авах талаар асуудал дэвшүүлсэн чухал материал байв.
5. Ц.Удэрпил “Тоглоомыг хүүхдэд сонгон авч өгөх” зөвлөмж “Сурган хүмүүжүүлэгч сэтгүүлийн 1961 оны №1. Цэцэрлэгийн багш нарт зориулан хэвлүүлсэн.
6. Ц.Удэрпил “ Сургах тоглоом” зөвлөмж “Хүмүүжүүлэгч эцэг эхчүүдэд зөвлөгөө” товхимлын 1963 оны № 1.
7. Ц.Удэрпил “Хүүхдийн тоглоом” өгүүллэг, “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүл 1963 он.
8. Ц.Удэрпил “Хүүхдийн тоглоомыг сонгон авах тухай” зөвлөмж, “Монголын эмэгтэйчүүд” 1963 оны №3.
9. Ц.Удэрпил , Н.Дорж “Хүүхдийн эрүүл мэндэд хүмүүжлийн ач холбогдол” өгүүллэг “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлийн 1964 оны №1.
10. Ц.Удэрпил “Тоо бодлого ба унадаг дугуй” өгүүллэг “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлийн 1965 оны №2.
11. Ц.Удэрпил “Сүүдэр жүжгийн тоглолт” зөвлөмж, 1963 он. Энэ жижиг ном нь хүүхдэд зориулсан үлгэрийг сүүдэр жүжгээр яаж тоглож үзүүлж болохыг багш нарт зөвлөсөн зөвлөмж байсан юм.
12. Д.Нонна , Ц. Удэрпил “Сургах тоглоом” ном 1971 онд хэвлэгдэн гарсан. Энэ ном нь дараах бүлгүүдээс бүтсэн бүтээл юм. Үүнд:
• Сургах тоглоомын сурган хүмүүжүүлэх ач холбогдол.
• Цэцэрлэгийн бага бүлгийн сургах тоглоом. Энэ бүлэгт “Авиаг зөв дуудуулах, үгийн баялгийг нэмэгдүүлэх, ярианы дадлагыг сайжруулахад зориулсан 15 сургах тоглоом”, “Байгаль ба орчны юмс үзэгдлийн чанар байдал, хэлбэр дүрс, тоо хэмжээ, орон зайн тухай ойлголтыг бататгахад зориулсан” 20 сургах тоглоом оруулсан.
• “Цэцэрлэгийн дунд бүлгийн сургах тоглоом”. Үүнд: “Авиаг зөв дуудуулах, үгийн баялаг нэмэгдүүлэх, ярианы дадлагын сайжруулахад зориулсан“ 8 сургах тоглоом, “Байгаль ба орчны юмс үзэгдлийн чанар ,байдал, хэлбэр дүрс, өнгө, тоо хэмжээ, орон зайн тухай ойлголтыг бататгахад зориулсан“ 8 сургах тоглоом оруулсан бүтээл болсон юм.
Бид хоёр эдгээр тоглоомын заримыг нь орос номоос орчуулж, заримыг нь хүүхэд дээр туршиж өөрсдөө зохиож ба мөн ардын тоглоомоос оруулан нэгтгэн бүтээл болгон гаргасан. Тэр үед цэцэрлэгийн хичээл бүр дээр сургах тоглоом ашиглах талаар илүү зөвлөж, багш нарын дунд тоглоомоор тоглох дасгал хийлгэн багш нарыг сургаж байсан билээ. Мөн өмнө үзсэн сэдвийг нь бататгах зорилгоор хүүхдүүдийг хичээлийн бусад цагаар, зугаалгаар сургах тоглоомоор тоглуулдаг байв.
13. Ц.Удэрпил “ Монгол ардын тоглоом” өгүүллэг “Хүүхдийн хүмүүжил” сэтгүүлийн 1972 оны № 5.
14. Ц.Удэрпил “3-7 насны хүүхдэд хөдөлмөрийн хүмүүжил олгоё” өгүүллэг “Монголын эмэгтэчүүд” сэтгүүлийн 1971 оны №1
15. Ц.Удэрпил, С.Цэнд “Наадмыг удирдах арга зүй” зөвлөмж УБ, 1991 он
16. Д.Нонна, Ц.Удэрпил, Д.Пунцаг, Т.Гомбосүрэн, Ө.Ванчиг нарын “Сургуулийн өмнөх насны хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх арга зүй” цэцэрлэгийн багш бэлтгэх сургуулийн оюутнуудад зориулсан анхны сурах бичиг ном 1985 онд хэвлэгдсэн.
17. Ц.Удэрпил “Ясли, цэцэрлэгийн эрүүл ахуй” сурах бичиг ном.
18. Ц.Удэрпил “Тоолол зааж арга зүй” зөвлөмж.
19. Ц. Удэрпил “Өглөөний гимнастик” зэрэг зөвлөмжүүдийг хэвлүүлж байсан байна.
Ц.Удэрпил багшийн бичсэн дээрхи гарын авлага, ном, зөвлөмжүүд нь одоо ч гэсэн багш нарт эрэлттэйгээр ашиглагдан хамгийн ховор бүтээлүүд болж үлдсэн байна.
Ц.Удэрпил багш цэцэрлэгийн багш нарын ажилд тус болох хэрэгцээтэй бүтээл үлдээхийг маш их чухалчлан тэмүүлж байсны зэрэгцээ олон багш нарт монгол үндэсний тоглоомыг тоглуулах дадлага ажил явуулж, цэцэрлэг дээр монгол үндэсний тоглоомын булан байгуулах, багш нарт тоглоомын хэрэгсэл хийх ажлыг хот, аймаг орон нутгийн цэцэрлэг дээр хэрэгжүүлэх ажил зохиож байлаа.
Ц.Удэрпил багш зөвхөн монгол үндэсний тоглоомоос гадна цэцэрлэг дээр уран зохиол, үлгэрээр хурууны хүүхэлдэй, ширээний театр, сүүдэр жүжиг, жүжигчилсэн тоглолтыг хөгжүүлэх талаар ч ажиллаж багш нарыг сургаж тоглуулах дадлага хийх, цэцэрлэгийн багш бэлтгэх сургуулийн оюутнууд цэцэрлэг дээр дадлага хийхэд заавал эдгээр тоглолт хийхийг шаарддаг байв.
Ц.Удэрпил багш цэцэрлэгийн багш нарт эрүүл ахуйн хичээл заах, цэцэрлэг дээр дадлага хийхдээ багш нарт мөн орон нутагт ажлаар явахдаа цэцэрлэгийн дотор байгаа төхөөрөмж хэрэгсэл, мөн цэцэрлэгийн гадна байгаа хүүхдийн тоглоомын талбайн тохижилт зэрэгт сургуулийн өмнөх насны хүүхдэд тохирсон эрүүл ахуйн шаардлага, стандартын дагуу байгаа эсэхийг үзэх, хүүхдэд олгож байгаа эрүүл ахуйн дадал хэвшил суулгасан байдлыг үзэж багш нарт зөвлөн тусалж явсан багш юм.
Ц.Удэрпил багш хамгийн даруу, хамгийн цэмцгэр, оюутан багш нартай харьцахдаа хамгийн энэрэнгүй халамжтай, хичээл заах болон биеэ авч явахдаа залуу багш бидэнд үлгэр жишээ болж явсан хүн.
Манай улсын сургуулийн өмнөх боловсролын мэргэжлийн анхдагч, сургуулийн өмнөх боловсролын боловсон хүчнийг бэлтгэх ажлын суурийг тавилцаж, үүнд насаараа хүч хөдөлмөр, оюун ухаанаа зориулан ажиллаж, Монгол улсын сургуулийн өмнөх боловсролыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн ийм хүнээ хэзээ ч мартахгүй дурсаж, бүтээл түүхийг нь санаж бахархаж явдаг баймаар байна. Хүн болгон хөгширдөг, хүн болгон тэтгэвэрт гардаг, өмнөх хүнээ хүндэтгэж, хийсэн бүтээсэн зүйлийг нь дурсаж, залуучуудад ярьж танилцуулж баймаар байна. Зөвхөн багш бэлтгэж явсан хүний тухайд бус хүүхдийн цэцэрлэгийн анхдагч нараа хүндэтгэж, тэдний бүтээсэн ажлыг дурсаж, мөнхжүүлж, тэднээр бахархаж сурмаар байна шүү.
АБТА, Боловсрол судлалын магистр, “Зөвлөх” багш, ахмад багш Д.Нонна