Сургуулийн өмнөх боловсрол Монголд
Монгол улсад сургуулийн өмнөх боловсрол хөгжиж ирсэн он тоолол
Монгол улсад сургуулийн өмнөх боловсрол хэрхэн хөгжиж, ямар ямар асуудлыг шийдэж ирсэн тухай товч тоймлов. Үүнд:
- Ардын Хувьсгалын эхэн үе буюу 1924 онд хуралдсан улсын анхдугаар хуралд Гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьян Ардыг Гэгээрүүлэх яамны ажлын тухай, илтгэлдээ "Балчир хүүхдийг сурган хүмүүжүүлэх цэнгэлдэх цэцэрлэг байгуулах. Үүнд: Манай Ардыг гэгээрүүлэх яамнаас…хэрхэн бага балчруудыг асрамжлан хүмүүжүүлж өсгөх тухай дэвтэр зүйлийг зохиох, хэвлэх ба нийслэл хүрээ мэт газрын хүүхдийг хуралдуулан цэнгэлдүүлж удирдан боловсруулснаар сургуулийн насанд хүргэх аргыг сүвэгчлэх" гэжээ. (Ардыг гэгээрүүлэх яамны архив, 1924 он, 7 дугаар тал)
- 1928 оны 10 дугаар сарын 23-нд хуралдсан МАХН-ын 7 дугаар Их хурлын тогтоолын "Эмэгтэйчүүдийн тухай" гэсэн хэсэгт "Эцэг эхгүй өнчин ядуу хүүхдийг асран хамгаалж боловсон байдлаар хүмүүжүүлэх явдлыг чухалчилж, ялангуяа харанхуй эндүүрлийн харгаагаар зарим этгээд нялх үр хүүхдийг хөсөрдүүлэн хүрдэнд тавих зэргийн муу гэмийг эсэргүүцэж устгах явдлыг эмэгтэйчүүдийн хэлтсээс чухалчилж нялхас өнчнийг тэтгэн хүмүүжүүлэх тусгай газар байгуулах аргыг эрэлхийлбэл зохино" гэж тэмдэглэсэн нь анхны ясли байгуулах суурь болжээ.
- Монгол улсын Гэгээрлийн яамны анхны сайдаар ажиллаж байсан Эрдэнэ Батхаан (1924-1929) сургууль соёл эрдмийг хүн бүр эрхлэн сурах тухай ухуулсан бичигтээ: “Сурган хүмүүжүүлэх 4 зүйлийн сургууль байвал зохино гээд үүнд:
- Нялх хүүхдийн эхийн сургууль
- 7 наснаас дээш, 13 наснаас доош ардын сургууль … гэх мэт сургуулиудыг ангилжээ. Үүнээс үзэхэд бага насны хүүхдийг багаас нь хөгжүүлж, хүмүүжүүлэхийг онцолжээ.
- Альмедингин-Тумим Наталья Алексеевна (1883-1943)-гийн "Сургуулийн насанд хүрээгүй багачуудыг боловсруулах хэмээх юу вэ?" номыг Б.Ишдорж 1919 (1929) онд орчуулан гаргасан нь Монгол улсад хүүхдийн цэцэрлэг байгуулах анхны үндэс суурь болж, орон нутагт хүүхдийн цэцэрлэгүүдийг нээж эхэлсэн байна.
- Э.Чимидцэрэн "БНМАУ-д эмэгтэйчүүдийг нийгмийн дарлалаас чөлөөлсөн түүхэн туршлага" (1973 он) номондоо "1929 онд Ардыг Гэгээрүүлэх яамнаас хүүхдийн цэцэрлэг, эх нялхсыг хамгаалах газрыг байгуулан орон нутагт улаан гэрүүдийг байгуулсан гэж тэмдэглэсэн байна. Манай оронд 1930-аад оноос хүүхдийн цэцэрлэг, хүүхэд саатуулах газрыг улсын хөрөнгөөр байгуулах ажлыг анх эхлүүлж, цаашид олшруулсан байна” гэж тэмдэглэжээ.
- Л. Балжир 1921 (31) онд "Хөдөө байгуулах хүүхдийн цэцэрлэгийн тухай" номондоо Оршил. Орон нутгийн газар сургуулийн нас хүрээгүй багачуудыг хүмүүжүүлэх газруудыг байгуулах тухай. Хүүхдийн цэцэрлэгийг хэрхэн ямар газар байгуулах тухай. Хүүхдийн цэцэрлэг байгуулах орон сууц. Хүүхдийн цэцэрлэгийг байгуулахад хэрэглэгдэх хэрэгсэл. Хүүхдийн цэцэрлэгийн ажил хийх цаг хэмжээ, хоол ундны тухай. Цэцэрлэгт авах хүүхдийн нас, албан хаагчдын тухай. Цэцэрлэгээс хөдөө ард түмний дунд гүйцэтгэх ажлын арга маяг. Цэцэрлэгийн ажилчдаас орон нутгийн ба төв газруудын улс төрийн газруудад лугаа харилцах тухай. Хамтралын газрууд лугаа хэрхэн холбоотой байх тухай. Эмэгтэйчүүдийн салбар хэлтэс буюу эмэгтэйчүүдийн төлөөлөгч нар лугаа харилцан ажиллах тухай. ХЗЭ лугаа хэрхэн ямар хэлхээ холбоотой байвал зохимой зэрэг гарчгуудын дор хүүхдийн цэцэрлэг яаж байгуулж ажиллуулах талаар тодорхой зөвлөмж гаргасан байна.
- Дамдины Сүхбаатарын гэргий Нэмэндэйн Янжмаа Күтвийн улс төрийн дээд сургууль төгсөж ирээд 1930 онд Нийслэлийн хүүхдийн цэцэрлэг байгуулах ажилд томилогдсон байна. Н.Янжмаа Эрдэнэ жонон вангийн хашаанд хүүхдийн цэцэрлэг байгуулж, түүний эрхлэгчээр нэг хэсэг ажиллажээ. (“Эгшигт ээж” номын 21 дугаар тал, 1994 он)
- 1929 онд Баянхонгор аймгийн Баянзүрх уулын хошуу гэдэг газарт улаан гэрт анхны цэцэрлэгийг 30 хүүхэдтэйгээр байгуулсан тухай ахмад багш П. Цэрмаагийн дуртгалдаа өгүүлсэн байдаг.
- 1929 онд …Эх нялхсын төв анх байгуулагдсан байна.
- 1930 онд Улаанбаатар хотод Д.Сүхбаатарын нэрэмжит коммуны дэргэд анхны цэцэрлэгийг З0 хүүхэдтэйгээр байгуулжээ. (Р.Л.Балдааев "Народное образование в МНР" изд, Наука. М. 1971г)
- 1921\31) онд сургуулийн өмнөх насны хүүхдийг хүмүүжүүлэх ажилчны түр сургууль байгуулж, 30 хүнийг бэлтгэсэн болой" ("Ажилчин Эмэгтэй" сэтгүүл 1932 оны №6)
- 1931 онд анх удаа "Соёлын тэмцэл” сэтгүүлд "Сургуулийн өмнөх хүмүүжил ба олон нийтийн ажлаар оролдогч багшийн үүрэг" гэсэн өгүүллэг нийтлэгджээ. (“Соёлын тэмцэл” сэтгүүлийн 1931 оны 1, 2 дугаар, 6-12-р тал)
- 1931 онд Дорнодын Баянтүмэн, Хэнтийн Өндөрхаан, Төвийн Тариалан ба Сүхбаатарын нэрийн дор байгуулагдсан коммун, Хөвсгөлийн Хатгал, Тариалан аймгийн Алтанбулаг, Архангайн Цэцэрлэг, Завханы Улиастай Ховдын төвд, Алтайн Лениний нэрийн дор байгуулагдсан коммун, Өвөрхангай төвийн Ламын гэгээний хийд, Улаанбаатарт хоёрын зэрэг газарт хүүхдийн цэцэрлэг шинээр нэмж байгуулагджээ. (Ардыг гэгээрүүлэх яамны тайлан, 1935 он)
- Н.Янжмаа Эрүүлийг Хамгаалах яамны Эх нялхсын хэлтсийн даргаар 1931-1932 онд ажиллаж байсан байна.
- 1940 онд Ардыг Гэгээрүүлэх яаманд анх удаа Хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг эрхэлсэн тасаг байгуулагдаж, тасгийн эрхлэгчээр Даваагийн Долгоржав, сургагчаар нь Вера Фёдоровна Максакова (1940-1947, 1950-1955, 1959-1963 онуудад гэр бүлийн хамт Монголд ажиллаж байсан) нар ажиллаж байв.
- 1941 онд анх удаа цэцэрлэгийн хүмүүжүүлэгч, эрхлэгчийн богино хугацааны семинар курсыг явуулж эхэлсэн. ("Ардыг Гэгээрүүлэх яамны 30 жилийн хөгжилт" Ц.Шаравнямбуугийн илтгэлээс)
- Улаанбаатар хотын Багшийн сургууль 1941-1950 онд 164 хүмүүжүүлэгчийг 1 жилийн курсээр бэлтгэсэн (Багш нарын сэтгүүл № 2, 1951он)
- 1942 оны 5 дугаар сард “Хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэх багачуудын хоолны зардлыг эцэг эхээс гаргуулах тухай” Сайд нарын зөвлөлийн 20 дугаар тогтоол гарчээ.
- 1943 онд "Тус Монгол улсаас улаан цэрэгт татагдсан Зөвлөлтийн харьяат нарын хүүхдийн цэцэрлэг нээж байгуулах тухай” 58 дугаар тогтоол гарч, орос хэлний сургалттай цэцэрлэг бий болжээ.
- 1946 онд "Сургууль ба сургуулийн өмнөх насны багачуудыг хүмүүжүүлэх ажлын тухай" Сайд нарын зөвлөл ба Намын Төв хорооны хамтарсан 41/17 дугаар тогтоол гарч, уг тогтоолд цэцэрлэгийн хүмүүжил сургалтыг сайжруулах, цэцэрлэгийг олноор байгуулах, хүүхдийн цэцэрлэгийг тоглоом, номоор хангах, боловсон хүчнийг чанаржуулах тухай заажээ.
- 1947 онд "Шинээр байгуулагдах сургууль, цэцэрлэгүүдийн гэрийн бүрээсэнд ноос олгох тухай" Сайд нарын зөвлөлийн 32 дугаар тогтоол гарч, хүүхдийн цэцэрлэгүүд гэрийн бүрээсээ өөрсдөө ноосоор хийж, дулаалдаг байв.
- 1947 онд анх "Хүүхдийн цэцэрлэгийн дүрэм" гарч, түүнийг цэцэрлэгүүд мөрдөх болов. ("Багш" сэтгүүл №2, 1947 он)
- БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1948 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 47 дугаар тогтоолоор “БНМАУ-ын аймгийн Гэгээрлийн хэлтсийн дүрэм”-д хүүхдийн цэцэрлэгийн дотоод ажлыг тодорхой тусгаж оруулжээ.
- 1948 онд Э.Кармын “Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нарт гарын авлага” ном гарсан нь тэр үедээ хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нарын чухал гарын авлага болж байлаа.
- 1951 оноос Улаанбаатар хотын Багшийн сургууль дээр цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багш нарыг 3 жилээр бэлтгэж эхлэв.
- 1954 онд анхны дунд мэргэжлийн цэцэрлэгийн хүмүүжүүлэг багш 17 хүн төгссөн. Тэдэнд зөвлөлтийн мэргэжилтэн В.Ф.Максакова багш, Э.Карма орчуулагч багшаар ажиллан, хамтдаа мэргэжлийн хичээл зааж байв. Мөн би В.Ф.Максакова багшийг дагалдан, багшаар хамт ажиллаж байсан.
- Улаанбаатар хотын Багшийн сургууль 1951-1962 онуудад цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багшийг 3 жилээр сургаж, 223 хүмүүжүүлэгч багшийг бэлтгэсэн. (Д.Нонна)
- 1952 оноос анх удаа сургуулийн өмнөх сурганы дээд боловсролоор боловсон хүчнийг ЗХУ-д бэлтгэж эхлэв. 1956 онд Ц.Үдэрпил багш төгсөж ирсэн.
- 1953-1957 онуудад Солонгосын өнчин 3-6 насны 200 хүүхэд ирж, манай улсын хүүхдийн цэцэрлэг, сургуульд хүмүүжиж байгаад нутаг буцсан. Энэ үед Улаанбаатар хотын Багшийн сургуулийн цэцэрлэгийн багшийн анхны ангиас С.Жалам, Д.Цэнд-Аюуш, П.Жүрмэд, С.Бүжинлхам, Ж.Гарамханд зэрэг сурагчдыг томилон цэцэрлэгийн хүүхдүүдтэй ажиллуулж байсан байна.
- "1954 оны 7 дугаар сард цэцэрлэгийн эрхлэгчдийн 10 хоногийн семинар явуулж, нийт 62 эрхлэгчид сургуулийн өмнөх насны хүүхдийг хүмүүжүүлэх арга барилын талаар 64 цагийн онолын хичээл, 4 цагийн практикийн хичээл заав. Мөн хүүхдийн цэцэрлэгт заавал явагдах хэл бичиг, тооны хичээлийн программыг гаргаж өгөв" гэжээ. (1954 оны Гэгээрлийн яамны Хүүхдийн цэцэрлэгийн хэлтсийн тайлан)
- 1956 оноос Орос улсад мөрдөгдөж байсан "Хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжүүлэгч нарт удирдамж"-аас түүвэрлэн орчуулсан (С.Цэвэгмид, УБ, 1956 он) хөтөлбөрөөр БНМАУ-ын хүүхдийн цэцэрлэгүүд хүмүүжил сургалтын ажлаа явуулж эхэлсэн.
- 1958 онд Э.Карма багш цэцэрлэгийн эрхлэгч нарт зориулсан “Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нарт гарын авлага” гэсэн номыг эмхтгэн гаргажээ.
- 1959 онд мэргэжлийн багш Ц.Үдэрпил анх удаа сургуулийн өмнөх боловсролын асуудлаар Москва хотод Олон улсын семинарт оролцож, Монгол улсын хүүхдийн цэцэрлэгийн асуудлаар илтгэл тавьжээ.
- 1962-1963 оны хичээлийн жилээс “Цэцэрлэгийн багш нарыг бэлтгэх тусгай дунд сургууль” бие даан байгуулагдсан
- 1964 онд “Хүүхдийн цэцэрлэгийн хичээлийн хөтөлбөр”, 1968 онд “Цэцэрлэгийн хүмүүжлийн программ” гарсан.
- 1970 онд Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнд сургуулийн өмнөх боловсролын орон тооны эрдэм шинжилгээний ажилтан ажиллах болсон.
- 1971 онд Ардын боловсролын яамнаас “Яслитай цэцэрлэгийн дүрэм” гаргасан.
- 1974 онд “Сургуулийн өмнөх насны хүүхдийг сургуульд бэлтгэх зарим арга хэмжээний тухай” СнЗ-ийн 20 дугаар тогтоол гарч цэцэрлэгт хамрагдаагүй 7-8 настай хүүхдийг ЕБС-ийн дэргэд бэлтгэл бүлэгт 5 сарын 1-нээс 6 сарын 1 хүртэл сургуульд элсэх бэлтгэлийг хангуулдаг болсон.
- 1976 онд Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнгээс “Хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжил, сургалтын программ” гаргасан.
- 1983 онд “Монгол улсын Боловсролын тухай хууль” гарч түүнд сургуулийн өмнөх боловсролын тухай тусгай бүлэг орсон.
- 1986 онд “Сургуулийн өмнөх 0-8 насны хүүхдийн хүмүүжил сургалтын хөтөлбөр гарч, улсын хэмжээний ясли цэцэрлэгт 1991 он хүртэл мөрдсөн.
- 1986 онд “Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагын талаар авах арга хэмжээний тухай” 421 дугаар тогтоол гарч, хүүхдийн цэцэрлэгийг олшруулах, албан газрын хөрөнгөөр цэцэрлэг байгуулах, хүүхдийн хамралтыг нэмэгдүүлэх, хүүхдийг сургуульд бэлтгэх асуудлыг чанаржуулах, дээд боловсролтой удирдах ажилтан бэлтгэх зэрэг асуудлуудыг тусгасан.
- 1990 он мөн 1991 онд дахин сайжруулж, “Хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжил сургалтын хөтөлбөр” гарсан.
- 1995 онд Засгийн газрын 46 дугаар тогтоолоор “Сургуулийн өмнөх боловсрол хөтөлбөр” (1995-2000 он) батлагдан гарч, нийгэм, эдийн засгийн шинэчлэлтэй холбогдсон бэрхшээлүүдийг сааруулж, сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, хүмүүжил сургалтын ажлын агуулга, арга зүйг боловсронгуй болгох, байгууллага, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээ авсан.
(Үргэлжлэл бий)