"СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхэд юуг анхаарах вэ?

“Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр” батлагдан гарч, 2015-2016 оны хичээлийн жилээс улсын хэмжээний нийт цэцэрлэгт хэрэгжинэ. Үүний бэлтгэл ажлын хүрээнд 2015 оны 8 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар, Боловсролын хэлтсийн СӨБ-ын мэргэжилтнүүдийн сургалт-семинар нийслэлд боллоо.

Сургалт-семинарт БСШУЯ, Боловсролын хүрээлэн, БМДИ-ийн холбогдох хүмүүс, хэрэгжилтийн багийн гишүүд оролцов. Сургалт-семинараар оролцогчид шинэ мэдлэг, мэдээлэл авахаасаа илүүтэй сургалтын цөм хөтөлбөрийг туршин хэрэгжүүлсэн туршлагаа хуваалцан, ойлголтоо нэгтгэж, цаашид хэрэгжүүлэх арга замаа тодотголоо. Өнгөрсөн хичээлийн жилд албан ёсоор аймаг, нийслэлийн 12 цэцэрлэг, өөрсдийнхөө санаачилгаар 60 гаруй цэцэрлэг уг хөтөлбөрийг туршсан бөгөөд улсын хэмжээний нийт цэцэрлэгийн багш нар СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөрийн сургалтад хамрагдсан юм.    

            Сургалт-семинарын агуулга бүрээр хамтдаа ярилцаж гаргасан шийдэл, анхаарах зүйлсийг дор сийрүүллээ.

 

  1. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх цэцэрлэгийн үзэл баримтлал

 

  • Энэ бол сургалтын үзэл баримтлал  (Хүүхэд хөгжүүлэх үзэл баримтлал)
  • Шинэ зүйл биш. Агуулга, арга зүй нээлттэй болсон үеэс энэ ойлголт, үг хэллэг эхлэн гарсан. Яагаад гэвэл өмнөх хөтөлбөрүүдэд бүлэг тус бүрийн хүүхдэд хэдийд, юуг, ямар аргаар эзэмшүүлэхийг нэг бүрчлэн зааж өгдөг байсан. Гэтэл агуулга, арга зүй нээлттэй болсноор цэцэрлэгүүдэд хүүхэд бүрийг хэрхэн хөгжүүлэх арга замаа өөрсдөө тодорхойлох шаардлага тулгарсан. (2007 онд батлагдсан “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлогод “Сургалтын хөтөлбөр нь СӨБ-ын стандарт, тухайн цэцэрлэгийн  үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд чиглэнэ” гэсэн заалт бий.)
  •  
  • Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх цэцэрлэгийн үзэл баримтлал нь  дараах бүтэц, бүрэлдэхүүнтэй байна.

а) Эрхэмлэх зүйлс

б) Үйл ажиллагааны зохион байгуулалт  (Жишээ нь: Анги зохион байгуулалт, сургалтын хөтөлбөр ямар байх, Гадаад дотоод орчноо хэрхэн бүрдүүлэх гэх мэт)

в) Баг хамт олон хэрхэн үр дүнтэйгээр хамтран ажиллах

г) Эцэг эх, бусад байгууллага, хүмүүстэй хамтран ажиллах

  • “Эрхэмлэх зүйлс” гэж томьёолно, “Эрхэм зорилго” гэхгүй.
  • Нэг онол, үзэл санааг дагасан, хэрэгжүүлэхэд чиглэсэн үзэл баримтлал байж болно, эсвэл цэцэрлэгүүд өөрсдийн боломж, нөхцөл, туршлагад тулгуурлан хэд хэдэн үзэл санаанд тулгуурлан үзэл баримтлалаа боловсруулж болно.
  • “Эрхэмлэх зүйлс” нь тухайн байгууллагын туршлага + онцлог + нөхцөл + онол, үзэл санаанд үндэслэн гарч ирнэ.  
  • Цэцэрлэгүүд “Эрхэмлэх зүйлс”-ээ багцлан нэг өгүүлбэрээр томьёолж, түүнийгээ цааш нь задлан тодруулж болно. Эсвэл “Эрхэмлэх зүйлс”-д орох санаануудаа цувуулан бичиж болно.
  • Цэцэрлэгийн удирдлага, багш нар үзэл баримтлалаа боловсруулах, мэргэжилтнүүд цэцэрлэгүүдээ чиглүүлэх, тухайн байгууллагад тусалж дэмжихийн тулд холбогдох материалуудыг уншиж судлах шаардлагатай. Тухайлбал, өмнө нь гарсан ном материал, монгол хэл дээрх вэбсайт, гадаадын вэбсайтуудаас санаа, сэдэл авах.  

 

  1. Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр

 

  • Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр нь “СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөр”, тухайн цэцэрлэгийн “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үзэл баримтлал” дээр тулгуурлан боловсруулагдана.
  • Цэцэрлэгийн хөтөлбөр ямар байхыг тухайн цэцэрлэгийн хамт олон өөрсдөө шийднэ. Тухайлбал, Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийн зорилго, агуулгыг хэрхэн томьёолох, хөтөлбөрөө хэр дэлгэрэнгүй, товч боловсруулах, ямар сэдвээр ажиллах, өдөр тутмын үйл ажиллагааны төлөвлөлт, хөгжүүлэх үйл ажиллагаа бүрийн боловсруулалт ямар байх гэх мэт. Харин шийдлээ “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх цэцэрлэгийн үзэл баримтлал”-даа тусгана.
  • Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийн нийтлэг зорилго, агуулгыг шаардлагатай гэж үзвэл газар нутаг, байгууллагынхаа онцлог, орчин нөхцөлтэй уялдуулан дараах байрдлаар тодорхойлж болно.

а) Зорилгыг: Сургалтын чиглэл бүрээр I, II, III түвшингээр "СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөр"-өөс авах.

б) Агуулгыг : Сургалтын чиглэл бүрээр I, II, III түвшингээр өөрсдөө тодорхойлох.

  • Сэдвийн боловсруулалт:

а) Сэдвийн хүрээнд өдөр тутам явагдах хөгжүүлэх үйл ажиллагаа (зориуд зохион байгуулах сургалтын үйл ажиллагаа)-ны аргачлал\технологи нь тодорхой боловсруулагдсан  байна.  

б) Сэдвийн хүрээнд зориуд зохион байгуулагдах хөгжүүлэх үйл ажиллагаа  нь өдөртөө 1 удаа явагдана. (Хуучнаар “хичээл”)  

в) Багш бүр сэдвийн хүрээний хөгжүүлэх үйл ажиллагааныхаа 14 хоногийн календарчилсан төлөвлөгөө гаргаж, түүнийгээ ил тод байршуулна.  (“Хоолны цэс” шиг)  

г) Хүүхдээ мэдэрч, дагаж ажиллана. 

 

  1. Хүүхэд нэг бүрийн хөгжлийн ахицын үнэлгээ

 

  • Үнэлгээний арга хэрэгслүүдийг бүтээлчээр ашиглаж, туршлагуудыг бий болгоно.
  • Хүүхдийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч, бодитой үнэлэх, ажиглалтын хуудсын мэдээллийг багшийн ажлын үр дүнгийн үнэлгээнд авч үзэхгүй байх.
  • Хандлагаа өөрчлөх:

а) Хүүхэд бүр давуу талтай.

б) Ижил насны хүүхэд ч ялгаатай.

в) Бага насны хүүхэд хаа сайгүй “өөрөө суралцаж” байдаг.

г) Үнэлгээний мэдээллийг хүүхэд, багш нарт туслахад ашиглана.

  • Хүүхдийн сонирхол, сайн талыг илрүүлэхэд анхаарна.
  • Хүүхдийн хөгжлийн ахицын үнэлгээ нь багшид ачаалал дарамт багатай байхад анхаарна. (Зарим газар харилцах дэвтэр, ажиглалтын дэвтэр ашигладаг, тодорхой тооны хүүхдийг өглөөнөөс орой хүртэл ажигладаг гэдгээ эргэн харах.)
  • Багш бүр бага насны хүүхдийн хөгжлийн улсын дундажийг тогтооход хувь нэмрээ оруулна. Программыг ашиглахад суралцана.

 

  1. Үр дүнтэйгээр хэрэгжүүлэх арга зам

 

  • Зөвлөн туслах үйлчилгээ авч, орон нутгийн багийг чадваржуулах
  • Бие биенээс суралцах, туршлагаа хуваалцах (Аймаг, нийслэлийн Боловсролын газар, хэлтэс болон цэцэрлэгүүдийн туршлагаас)
  • Орон нутагтаа түшиц цэцэрлэгүүдтэй болох, чадваржуулах
  • Үе шаттай сургалтууд, хэлэлцүүлэг хийх (Сайн арга зүй, туршлага дээр тулгуурлан)
  • Төлөвлөлтийг бодитой сайн хийх, менежментийг сайжруулах
  • Мэдээллэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг сайн ашиглах
  • Багш солилцооны хөтөлбөр зохион байгуулах
  • Улсын хэмжээний сайн хичээл, үйл ажиллагааны зөвлөгөөний шат бүрийг бэлтгэл зохион байгуулалт сайтай, хүүхдийнхээ хөгжлийн судалгаанд тулгуурлан, үр өгөөжтэйгээр зохион байгуулах.
  • Эцэг эх, олон нийтийн оролцоог сайжруулах, дэмжлэгийг авах боломжит бүх ажлуудыг зохион байгуулах гэх мэт.

 

  1. Анхаарах зүйлс

 

  • “СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх асуудлыг хүндээр хүлээж авахгүй, өөрсдөө хүндрүүлэхгүй байх.
  • Хамгийн гол нь мэргэжилтнүүд өөрөөсөө эхлэн эрхлэгч, арга зүйч, багш, ажилтнуудын хандлагыг өөрчлөхөд анхаарах.
  • Цэцэрлэг, багш нарт итгэл өгөх, бие даан, бүтээлчээр ажиллах боломж олгох. 
  • Яаж ажиллавал багшид ачаалал дарамт багатай, хүүхдэд өгөөжтэй байх вэ? гэдэг өнцгөөс харах.

    • Багш өөртэй итгэлтэй, баяр баясгалантай бол хүүхэд мөн тийм.
    • Багш дарамттай бол хүүхэд мөн дарамттай.
  • Бүү туйлшир. Сайн гэсэн зүйлээ цааш нь аваад яв. Юуг сайжруулах вэ гэдгээ л олж харах.
  • Багшийн үйл ажиллагааг үнэлэхдээ дараах 2 өнцгөөс харах.

    •           Хүүхдийн хөгжлийн ахиц
    •           Багшийн хүүхэдтэй ажиллаж буй арга барил
  • Эцэг эхийг ачааллаар дарахгүй байх. Хүүхэдтэйгээ л сайн ажилла, хүүхдийнхээ ахиц өөрчлөлтийг мэдэрвэл эцэг эх өөрсдөө санаачилгаараа оролцоно. 
  • Мэргэжилтнүүд цэцэрлэгийн удирдлага, багш нартай хамтарч, манлайлан ажиллах.
  • Хүүхдийн төлөвшилд түлхүү анхаарах. (Үйл ажиллагаа бүрт, өдөр тутмын цэцэрлэгийн амьдралын явцад)

 

Сургалт-семинарын явцаас:

 

Дадлага ажил - Үзэл баримтлалын “Эрхэмлэх зүйлс”

 

“Эрхэмлэх зүйлс”- ээ танилцуулъя

 

Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрт юу багтах вэ?

 

Дадлага ажил – Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр

 

Хүүхдийн хөгжлийн ахицын үнэлгээ

 

Ажиглалтын хуудсын програмчлал

 

Үр дүнтэйгээр хэрэгжүүлэх арга зам

 

Саналаа хэлье

 

Бидний туршлага

 

Анхаарах зүйлс

 

 

Бэлтгэсэн: Н.Норжхорлоо